Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 208/МА2023/00057

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 148/ШШ2023/00619 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагч *******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гар утас худалдан авахаар шилжүүлсэн 37,500,000 төгрөг гаргуулах тухай

Хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунсүрэн, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1. ... Би Сена сена гэх фейсбүүк хаягтай хүнд Бүгд Найрамдах Солонгос улсаас Iphone 14 гар утас захиалж, худалдаж авахаар 37,500,000 төлөхөөр тохиролцсон. Уг мөнгийг хэрхэн шилжүүлэх талаар фейсбүүк хэрэглэгчээс асуухад, хариуцагч буюу *******гийн дансны дугаарыг өгсөн. *******гийн Хас банкны ******* тоот дансанд 37,500,000 төгрөгийг 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ******* Хас банкны *******, тоот данснаас нэг удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Мөнгийг шилжүүлэн авснаас 1 жилийн хугацаанд захиалсан утас ирээгүй. Захиалсан бараа ирээгүй тул мөнгөө буцаан авах хүсэлт тавьсан ч одоо болтол мөнгөө өгөхгүй намайг чирэгдүүлж байна. Иймд *******гээс 37,500,000 /Гучин долоон сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

1. ...Надтай мөнгөө шилжүүлэхдээ огт холбогдоогүй. Дээрээс нь утсаар ярьж, эсвэл чатаар холбогдоогүй нь миний гаргасан, өөрийнх нь гаргасан баримтаар ч нотлогдож байна. Эгч дүүс, найз нөхөд хоорондоо нэг нэгнийхээ бизнесийг дэмжиж, цааш нь түгээж тусалдаг. Энэ хүн миний тавьсан зарын дагуу, холбогдсон бол арай өөр асуудал байх байсан. Би мөнгийг нь шууд цааш нь дамжуулан өгсөн. Тухайн үедээ холбогдоогүй, маш их хугацаа өнгөрсний дараа ингэж орж ирж байгаа нь үндэслэлгүй. Надад энэ ямар ч хамааралгүй, өөртөө нэг төгрөг ч аваагүй... гэжээ.

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 148/ШШ2023/00619 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 193 дугаар зүйлийн 193.1, 211 дүгээр зүйлийн 211.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн хариуцагч *******д холбогдуулан гаргасан Гар утас худалдан авахаар шилжүүлсэн 37,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 345,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1622 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн дансны гүйлгээг битүүмжилсэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн өмгөөлөгч Б.Оюунсүрэн би Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 148/ШШ2023/00619 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар дараахь үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн үүсгэсэн иргэний хэргийн шаардлагыг шийдвэрлэлгүйгээр нэхэмжлэлийн хүсэл зориг, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж дүгнэлт гаргаж хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна. Энэхүү давж заалдах гомдлоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулахаар гомдлын үндэслэлээ тодорхойлж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд заасан иргэний эрх зүйн хамгаалалтын зорилгыг хангаагүй байна.

1.Миний үйлчлүүлэгч Ц.Бат-Эрдэнэ нь SeNa online shop Солонгос улсаас чанартай барааг шуурхай нийлүүлнэ, Бүх төрлийн барааг бөөнөөр зарах групп, SELENGEZAR, БНСУ-аас Брэнд барааг үйлдвэрийн үнээр гэсэн фэйсбүүкээр бараа бүтээгдэхүүн захиалаад, Хас банкны ******* *******гийн дансруу төлбөрөө 100% шилжүүлснээр захиалга баталгаажина гэсэн зарлалын дагуу Солонгос улсаас гар утаснууд захиалж, худалдаж авахаар дээрх фейсбүүкийн админ *******д 37,500,000 төгрөгийг 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр шилжүүлсэн байдаг. Гэтэл шүүх нэхэмжлэгч Ц.Бат-Эрдэнийг *******тэй тохиролцож, түүний хэлснээр *******д мөнгө шилжүүлсэн хэмээж, эдгээр хүмүүсийн хооронд харилцан тохиролцсон тухай хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт огт байхгүй байхад зөвхөн хариуцагчийн шүүх хурал дээр хэлсэн тайлбарыг үндэслэж, Ц.Бат-Эрдэнэ болон *******гийн хооронд Иргэний хуулийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ гэж дүгнээд хариуцагч *******г хүчээр хариуцлагаас чөлөөлсөн байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд асуудлыг шийдвэрлэх ёстой байтал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд огт хамааралгүй хүний нэрийг заан, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Мөн шүүхийн дүгнэлт бүхий шийдвэр нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд заасан иргэний эрх зүйн хамгаалалтын зорилгыг хангаагүй байна. Тодруулбал энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байдаг. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалт, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг үндэслэн шаардах эрхээ тодорхойлж нэхэмжлэл гаргасан буюу зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгчээс хариуцагч *******д 37,500,000 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогддог. Гэвч Иргэний хуульд заасан үүргийн буюу гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй. Нэгэнт хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй тул хариуцагчаас шилжүүлсэн мөнгийг буцаан шаардах эрхтэй юм.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж хуульчилсан байхад шүүх өөрийн шийдвэрт талуудын хүлээн зөвшөөрсөн тайлбар гэж бичиж байгаад тулган дүгнэлт хийсэн нь энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Нэхэмжлэгч Ц.Бат-Эрдэнэ, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт Хариуцагч гэж нэхэмжlэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж заасны дагуу *******г хариуцагчаар татаж, 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 37,500,000 төгрөгийг шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан.

Гэтэл шүүх нэхэмжлэгч нь *******тэй IPhone 14 маркийн гар утас авахаар тохиролцсон, ...гар утасны төлбөрийг *******гийн хэлсний дагуу хариуцагч *******гийн Хас банк дахь эзэмшлийн ******* дугаар данс руу 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ******* Хас банк дахь эзэмшлийн ******* данснаас шилжүүлсэн, хариуцагч ******* нь *******гийн Хаан банк дахь эзэмшлийн ******* дугаар данс руу 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 4 удаагийн гүйлгээгээр 20,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 4 удаагийн гүйлгээгээр 17,500,000 төгрөг нийт 37,500,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна гэх мэт дүгнэлтийг хийсэн. *******гийн шүүхэд баримтаар өгсөн дансны хуулга нь Хас банканд данс эзэмшигч *******гийн дансны гүйлгээний түүвэрлэсэн хуулга байдаг. Энэхүү 5 сая төгрөгөөр хэсэгчлэн орсон гүйлгээ нь ******* шилжүүлсэн 37,500,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт болохгүй юм. Гүйлгээний утга дээр тэмдэглэл байхгүй. Мөн түүнчлэн ...*******гийн дансруу мөнгөө шилжүүлчих.., ...авахаар тохиролцсон... гэх мэт харилцан яриа, тохироо, гэрээ баримт хавтаст хэрэгт байхгүй гэдгийг шүүх анхаарна уу.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байхтул Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 148/ШШ2023/00619 дугаар ший;вэрийг хүчингүй болгуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулахаар гомдол гаргаж байна гэв.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний төрсөн эгч ******* нь Солонгос улсаас онлайнаар бараа оруулж ирдэг бизнес эрхэлдэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь манай эгчтэй урьд нь харьцаж байсан гэсэн. Тэгээд хоорондоо гар утас авах талаар ярилцсан юм байна. Миний хувьд энэ хэлцэлд нь огт оролцоогүй. Эгч Хас банкны данс байна уу? гэхээр нь дансны дугаараа өгсөн. Гэтэл Бат-Эрдэнэ гэдэг хүнээс мөнгө орж ирсэн. Тэр 37.000.000 төгрөгийг эгч *******гийн ХААН банк дахь руу нь хуваагаад шилжүүлсэн. Нэхэмжлэгч Ц.Бат-Эрдэнэ болон түүний төлөөлөгч ******* нартай огт харьцаж байгаагүй мэдэхгүй. Надад үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зүйл огт байхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоогүй байсан. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байсан. Анхан шатны шүүхэд хэлэлцээгүй зүйлийг ярьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагчийг Саранхүү гэж тодорхойлсон. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасан хариуцагч гэж хэнийг хэлэх вэ гэдэг асуудал үүсэх ёстой. Хохирол учруулсан буюу нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. Бат-Эрдэнээс 37.500.000 төгрөг орж ирсэнд маргахгүй.

... Шүүх тал бүрээс нотлох баримтыг үнэлнэ, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж зааснаар шүүх үнэлсэн. Шүүх нэг талыг барьсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй *******ийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд түүний өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 3. Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 37,500,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар Саранхүү нь 37,500,000 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж тайлбарлажээ.

Хариуцагч ******* нь эгч ******* Хас банкны данс асуухаар нь дансаа өгсөн. Миний дансанд Ц.Бат-Эрдэнээс 37,500,000 төгрөг шилжүүлсэн байсныг эгч *******гийн хэлснээр түүний данс руу шилжүүлсэн тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан байх ба анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргажээ.

4. Нэхэмжлэгийн өмгөөлөгч давж заалдах гомдлын үндэслэлээ анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж тайлбарлажээ.

5. Хэргийг судлан үзвэл нэхэмжлэгч Ц.Бат-Эрдэнэ нь хариуцагчийн эгч *******тэй түүний цахим зарын дагуу Iphone-14 маркийн гар утас худалдан авахаар тохиролцож, гар утасны төлбөр 37,500,000 төгрөгийг *******гийн өгсөн *******гийн Хасбанк дах эзэмшлийн ******* данс руу өөрийн ******* Хасбанк дах эзэмшлийн ******* данснаас 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр шилжүүлсэн байх ба хариуцагч ******* нь дээрхи 37,500,000 төгрөгийг *******гийн Хаан банк дах эзэмшлийн ******* данс руу 2022 оны 09 сарын 08 ны өдөр 5,000,000 төгрөгөөр 4 удаагийн гүйлгээгээр, 2022 оны 09 сарын 09-ний өдөр 5,000,000 төгрөгөөр 3 удаа, 2,500,000 төгрөгөөр 1 удаа нийт 8 гүйлгээгээр 37,500,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан зохигчдын Хас банк дахь дансны хуулга болон зохигчдын шүүхэд гаргасан баримтаар тогтоогдож байна.

6. Дээрхи үйл баримтаар нэхэмжлэгч Ц.Бат-Эрдэнэ хариуцагч ******* нарын хооронд эрх зүйн ямар нэгэн харилцаа үүсээгүй байх ба хариуцагч нь нэхэмжлэгчээс бусадтай байгуулсан хэлцэлийн дагуу шилжүүлсэн мөнгийг зөвхөн дамжуулах хэлбэрээр оролцсон байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийг хэрэгжүүлэхийн тулд хариуцагчийн эд хөрөнгө нэмэгдсэн байхыг шаардана.

Хариуцагч нь бусдын хүсэлтээр Хас банк дахь өөрийн эзэмшлийн дансаа ашиглуулсан нэхэмжлэгчээс шилжүүлсэн 37,500,000 төгрөгийг түүний хэлцэл хийсэн этгээд болох *******д шилжүүлсэн байх тул уг мөнгийг шаардах боломжгүй юм.

7.Иймд нэгэнт гүйцэтгэгдсэн үүргийн гүйцэтгэлийг хариуцагч *******гээс гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлгүй, хуулиар хариуцагчид мөнгө төлөх үүрэг үүсэхгүй байна гэж шүүх дүгнэж, нэхэмжлэгч *******ийн хариуцагч *******д холбогдуулан гаргасан Гар утас худалдан авахаар шилжүүлсэн 37,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 148/ШШ2023/00619 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 345.450 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

  

  

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

Г.ДАВААРЕНЧИН