Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2021/01279

 

 

 

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2021/01279

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Д

Хариуцагч: Ц.Э

Хариуцагч: Б.А нарт холбогдох

Зээлийн гэрээ цуцалж, гэрээний үүрэгт 1.462.858.667 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, Б.А, хариуцагч Ц.Д ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, түүний өмгөөлөгч Э.У, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, түүний өмгөөлөгч Ц.М, Б.Н, гэрч С., нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Ц.Д , Ц.Э  нар нь Домог инвест ББСБ ХХК /Санхүүгийн зохицуулах хорооны тогтоолоор нэрийг Т  ХХК болгож өөрчилсөн/-тай 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 1032130101000049 тоот Зээлийн гэрээ байгуулж 1,000,000,000 /нэг тэрбум/ төгрөгийг сарын 2,8%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авч, зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж барагдуулах үүрэг хүлээсэн. Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болно.

Банк бус санхүүгийн байгууллагын зүгээс гэрээний дагуу Зээлдэгч Ц.Д ын Хаан банкан дахь 5032269913 тоот дансанд зээлийн төлбөрийг шилжүүлсэн.

Гэтэл зээлдэгч Ц.Д , Ц.Э  нар нь Зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрөөс 88,000,000 төгрөгийн төлөлтийг хийсэн боловч өөр бусад зээлийн төлбөрийг огт хийгээгүй болно.

Зээлдэгчид зээл, зээлийн хүүг төлөх талаар удаа дараагийн шаардлага, төлөөгүй тохиолдолд шүүхэд хандах талаар хугацаатай мэдэгдлийг манай байгууллагаас өгч байсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн төлбөр тооцоо, мөнгөн хадгаламж, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан.

Бидний хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний 2.1.6 дах хэсэгт зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ үндсэн хүүгийн 20 хувь байх тухай заасан. Иймд бид зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү болон түүний хорин хувиар нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.

Хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн буюу гэрээгээр тогтоосон хугацаанд зээлийн төлбөр төлөх үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээг цуцлах шаардлага гаргаж байна.

Хариуцагч Ц.Д  нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгчтэй Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээний 2.1 дэх хэсэгт тус өдрийн байдлаарх Зээлийн гэрээний үлдэгдэл дүнг тусгаж, тооцоо нийлсэн, Дамдин-Ядам өөрөө гарын үсэг зурсан байна. Иймд нэхэмжлэгч нь тус төлбөрийг шаардах эрхтэй юм.

Т  ХХК нь талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний 5.1 -д Банк бус санхүүгийн байгууллагын эрх, 5.1.1-д Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, зохих ёсоор биелүүлэхийг зээлдэгчээс шаардах, 5.1.5-д зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол банк бус санхүүгийн байгууллага үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн хэнээс нь ч бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй байхаар зохицуулсан. Иймээс бид Ц.Э гаас татгалзаж, зөвхөн Ц.Д аас гэрээний үүргийг нэхэмжилж байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасныг үндэслэн зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж байна.

Т  ХХК болон Алтангэрэл нарыг барьцааны гэрээ байгуулах үед үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ Алтангэрэлийн нэр дээр байсан, Улсын бүртгэлийн газарт гэрчилгээний талаар ямар нэгэн байдлаар түдгэлзүүлсэн зүйл байгаагүй.

Одоо хариуцагчтай байгуулсан 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээг 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөр цуцлаж, зээлийн үндсэн төлбөрт 1.000.000.000 төгрөг, үндсэн хүүд 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 439.844.968 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 23.013.699 төгрөг, нийт 1.462.858.667 төгрөгийг хариуцагч Ц.Д аас гаргуулах, мөн талуудын хооронд байгуулсан 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн №1032130101000049-1 дугаартай Барьцааны гэрээнд заасны дагуу Ц.Д ын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 1 дүгээр байрны 29, 32 тоотод байршилтай 1039,25 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ц.Д , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хариуцагч Ц.Д  нь 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Домог инвенст ББСБ ХХК-иас 1.000.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2.8 хувийн хүүтэй үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахаар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 1 дүгээр байр 29, 32 тоот 1039.25 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьж 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Барьцааны гэрээ байгуулсан.

Хариуцагчийн зүгээс үндсэн зээл 1.000.000.000 төгрөг, хүү 2.322.582 төгрөгийг хүлээн зөвшөөрч үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талууд зээлийн гэрэзгээр нэмэгдүүлсэн хүү тохиролцоогүй тул нэхэмжпэгч нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж үзэж байна.

Шүүх хурлаас өмнө дээрх тайлбарыг өгч байсан нь үнэн. Тэр үед барьцаа хөрөнгө бусдад худалдагдсан байсныг мэдээгүй байсан. Барьцаанд байгаа хөрөнгийг бусдад худалдаж болохгүй. Зээлийн нэмэгдүүлсэн хүүг зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш тооцох ёстой байтал нэхэмжлэгч хугацаа дуусаагүй байхад нэмэгдүүлсэн хүү тооцсон байна.

Зээлийн гэрээн дээр зурсан Батжавын гарын үсэг эргэлзээтэй байна. Дамдин-Ядам хэлэхдээ гэрээ байгуулах үед Батжав ирээгүй гэж хэлдэг. Мөн хэрэгт байгаа Батжавын гарын үсэгүүд эргэлзээтэй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9-д зааснаар аль гарын үсэг нь зөв гэдгийг тогтоосны дараа энэ хэргийг шийдэх нь зөв байх гэв

 

Хариуцагч Б.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Б.А би Т  ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Д  болон надад холбогдох иргэний хэрэгт энэхүү тайлбарыг хүргүүлж байна.

Б.А миний бие Т  ХХК болон Ц.Д  нарын хооронд 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор өөрийн өмчлөлийн Ү-2203000582 улсын бүртгэлийн дугаартай, 000804233 гэрчилгээний дугаартай, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 1 дүгээр байр 29, 32 тоот хаягт байрлах 1039.25 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалсан.

Зээлдэгч Ц.Д  нь одоогоор зээлийн гэрээний төлбөрийг төлөөгүй тул нэхэмжлэгчийн зүгээс тус зээлийн төлбөрийг төлүүлж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан байна.

Зээлдэгч Ц.Д  нь зээлийн гэрээний дагуу төлбөрийг төлөөгүй тохиолдолд би өөрийн өмчлөлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татталзах зүйлгүй болно. Уг хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд би оролцохгүй тул миний эзгүйд шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Нэхэмлэгч Т , хариуцагч Ц.Д  нар 10321301000049 тоот зээлийн гэрээг байгуулахдаа Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 1 дүгээр байрны 29, 32 тоот хаягт байршилтай, 1039,25 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, улсын бүртгэлийн Ү2203000582 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.

Ц.Д  болон З.Мандах нар нь ОХС ХХК-ийн хувьцаа эзэмшигчид байсан. ОХС ХХК нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Флора тауэр барилгын төслийн ажлыг хийж гүйцэтгэж байсан. Уг төслийн санхүүжилтийг гаргах зорилгоор дээрх үл хөдлөх хөрөнгийг З.Мандах нь Ц.Д д түр шилжүүлэн өгсөн байсан.

Гэтэл Ц.Д  нь З.Мандахад мэдэгдэлгүйгээр Т -д зээлийн барьцаанд тавьсан байна. Энэ тухай Т  -аас мэдсэн. Ингээд Т -ын төлөөлөлтэй уулзаж уг зээлийн гэрээг З.Мандах руу шилжүүлж өгөх, З.Мандах уг зээлийг зээлийн гэрээний дагуу төлж барагдуулах боломжтой талаар хүсэлтээ гаргахад хүлээн зөвшөөрөөгүй.

Ц.Д  нь Т -тай байгуулсан барьцааны гэрээг 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Ц.Д  нь барьцаанд байсан үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг Ти финанс ХХК-ийн нэрлэсэн этгээдэд шилжүүлсэн байна.

Шилжүүлэхдээ 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 4201 дугаартай улсын байцаагчийн дүгнэлтээр уг үл хөдлөх эд хөрөнгөд З.Мандахын хүсэлтээр хийлгэсэн урьдчилсан тэмдэглэлийг хүчингүй болгомогц Ц.Д  нь үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлсэн. Шилжүүлж авсан этгээд нь одоо биднийг үл хөдлөх эд хөрөнгийг суллаж өгөхийг шаардаж байна.

Зээлийн барьцаанд бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан шүүхийн шийдвэр гараагүй байхад хэрхэн гуравдагч этгээдэд шилжсэн нь ойлгомжгүй байна.

Засгийн газрын ордны ард байрдах Флора цэцгийн дэлгүүрийг З.Мандах миний бие Флора цэцгийн сүлжээ дэлгүүрийг 30 дах жилдээ ажиллуулж, уг үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээслүүлэн ажиллуулж байгаа болно гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид Сүхбаатар дүүргийн 6-р хорооны 1 дүгээр байрны нэг давхарт байрлах 29 тоотыг засварлан шинэчилж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ.

2002 онд үйл ажиллагааныхаа орлогоор бид энэхүү нэг давхрын 29 тоотыг нэмж өргөтгөн ашиглаж эхэлсэн. 2005 оныг хүртэл 29 тоот болон түүний өргөтгөлд үйл ажиллагаа явуулж байгаад 2 давхарт байрлах 32 тоот, 3 давхарт байрлах 35 тоотыг нэмж нэгтгэн, улмаар өргөтгөж, нийт 1039.25 м.кв талбай бүхий ажлын байрыг 2006 онд өөрсдийн хөрөнгөөр барьж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Бид тус үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртэлийн байгууллагад бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авахыг хүссэн ч барилга байрлаж буй газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ байхгүй, түүний улмаас барилга байгууламжыг улсын комисст хүлээлгэн өгөх боломжгүй байсан учраас чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн.

Гагцхүү Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2006 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 307 дугаар тушаалаар батласанд №420-09-130/632 тоот Ажлын байрны дүгнэлтийг авснаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Арга буюу улсын бүртгэлийн байгууллагад Сүхбаатар дүүргийн 1 дүгээр байрны 29 болон 32 тоотуудыг нэмж нэгтгэх хүсэлт гаргасны дагуу Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/343 дугаартай тушаалын дагуу улсын бүртгэлийн Ү- 2203000582 дугаартай 119 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авсан.

Гэтэл иргэн М.Бямбадорж, Ц.Д  нар хуурамч нотлох баримт бүрдүүлэн З.Мандахын өмнөөс гаргасан хүсэлт, мэдүүлгийг хүлээн авч, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулж авсаныг мэдээд, цаашлаад тус үл хөдлөх эд хөрөнгийг Т  ХХК-д надад огт мэдэгдэлгүйгээр барьцаалсан байсныг олж мэдээд Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас уг гомдлын хариуг 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 8/3917 дугаартай албан бичгээр ирүүлсэн.

Уг албан бичигт ....эрхийн улсын бүртгэлийн Ү-2203000582 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 1 дүгээр байр, 29, 32 тоот хаягт байршилтай, 1039.25 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эдхөрөнгийн бүртгэлийн нотлох баримтыг хянахад З.Мандахад олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ нь хуурамч болох нь эрх бүхий байгууллагын тодорхойлолтоор тогтоогдсон гэж хариуг ирүүлсэн.

Үүнээс надад мэдэгдэлгүйгээр хууль зөрчиж эрхийн улсын бүртгэлийн Ү- 2203000582 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 1 дүгээр байр, 29, 32 тоот хаягт байршилтай, 1039.25 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авахдаа Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3, 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсэгт заасны дагуу бүртгэлийн байгууллага нь нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх гэж заасныг тус тус зөрчиж гаргуулан авсан байна.

Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийн хувийн хэрэгт ... хэрэв үл хөдлөх эд хөрөнгө бол улсын бүртгэлийн гэрчилгээ, түүнийг шалгасан баримт-ыг хавсаргахаар хуульчилсан. Гэвч Т  ХХК нь хариуцагч Ц.Д д зээл олгохдоо барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг бодит байдал дээр очиж шалгаагүй, судлаагүй, гуравдагч этгээдийн эдлэх эрх байгаа эсэхийг нягтлалгүйгээр шууд зээл олгосон байна.

  Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч Т  ХХК нь Зээлийн гэрээг цуцлаж, зээлийн гэрээний үүрэгт 1.462.858.667 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Ц.Д  нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Т  /Домог инвест ББСБ/ ХХК нь Ц.Д , Ц.Э  нарт 1.000.000.000 /нэг тэр бум/ төгрөгийг сарын 2,8%-ийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлдүүлж, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцож 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 1032130101000049 дугаартай Зээлийн гэрээ байгуулан Т  ХХК нь 1.000.000.000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэх, Ц.Д  нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх, үүрэг тус тус хүлээж, гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 451 дүгээр зүйлийн 451.1-т заасны дагуу хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ. /хх-ийн 10-13-р хуудас/

Зээлийн гэрээний 5.1.5-д Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол банк бус санхүүгийн байгууллага нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн хэнээс нь ч бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй гэж заасны дагуу дээрх зээлийн гэрээний үүргийг зээлдэгч Ц.Д аас нэхэмжилж байгааг буруутгах боломжгүй.

Нэхэмжлэгч Т  ХХК, хариуцагч Ц.Д  нарын хооронд 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан Зээлийн гэрээний барьцаанд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 1 дүгээр байрны 29,32 тоот хаягт байршилтай, 1039,25 м.кв талбайтай, Ц.Д ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр №1032130101000049-1 дугаартай Барьцааны гэрээ байгуулж мөн өдөртөө Улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэнээр талуудын хооронд байгуулсан Барьцааны гэрээ хүчин төгөлдөр болжээ. /1-р хх-ийн 14, 15-р хуудас/

Ц.Д ын 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр үйлдсэн 111445842 дугаартай Барьцаалбар нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.-т зааснаар мөн хуулийн 15.1-д заасан мэдээллийг бүрэн тусгасан хүчин төгөлдөр барьцаалбар байна. /1-р хх-ийн 16-р хуудас/

Талууд зээлийн дүн, эргэн төлөлтийн хуваарь, зээлийн болон барьцааны гэрээ, барьцаалбарын хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй болно.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч биелүүлэх үүрэгтэй.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх үүрэгтэй бөгөөд банкнаас зээл олгох гэрээгээр зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно.

Т  ХХК нь зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн дансанд гүйлгээ хийсэн, мөнгө зээлдэгчийн 5032269913 тоот дансанд 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр орсон байх тул 1032130101000049 дугаартай зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлжээ. /1-р хх-ийн 10-1375-р хуудас/

Зээлийн гэрээнд заасан үүргээ Т  ХХК биелүүлсэн учир зээлдэгчээс үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

Зээлдэгч Ц.Д  нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн тухай баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул нэхэмжлэгч гэрээний дагуу шилжүүлсэн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.3, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт нийцсэн гэж үзнэ.

Хариуцагч Ц.Д  нь зээлийн гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрч тэрээр зээлийг хүлээн авч, захиран зарцуулсан байна.

Т  ХХК нь зээлдэгчийг Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөөгүй, хугацаа хэтэрч байх тул үндсэн зээл, хүүгийн хамт төлөхийг шаардаж 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр №020, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр №010, 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр №010 дугаартай мэдэгдлүүдийг зээлдэгч Ц.Д д хүргүүлжээ. /1-р хх-ийн 43-45-р хуудас/

Зохигчид Зээлийн гэрээний хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.-т зааснаар төлөгдөөгүй хүүгийн үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцжээ.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.

Нэхэмжлэгч Т  ХХК, хариуцагч Ц.Д  нар нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх явцад буюу 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж 1032130101000049 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1.000.000.000 төгрөг, зээлийн үндсэн хүү 439.844.968 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23.013.699 төгрөг, нийт 1.462.858.667 төгрөгийг төлөх үүрэгтэй байгаа талаар тохиролцож талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ./1-хх-ийн 128-р хуудас/

Талуудын хооронд 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан №1032130101000049-НЗГ/01 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар зохигч маргаагүй болно.

Нэхэмжлэгч нь хариуцагч Ц.Д ыг зээлийн гэрээний үүрэгт 88.000.000 төгрөгийг төлсөн гэж байгаа боловч уг мөнгөн дүнгийн хэдийг нь зээлийн хүүд , хэдийг нь нэмэгдүүлсэн хүүд төлсөн талаарх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан үүргийнхээ дагуу өөрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, тайлбарлаагүй болно.

Талуудын хооронд 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан 1032130101000049 дугаартай зээлийн эргэн төлөлтийн хуваарь ёсоор зээлдэгч үндсэн зээлд 1.000.000.000 төгрөг, зээлийн хүүд 471.698.738,59 төгрөгийг төлөхөөр байхад, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулахдаа үндсэн зээлд 1.000.000.000 төгрөг, зээлийн үндсэн хүү 439.844.968 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23.013.699 төгрөг төлөхөөр тохиролцож байгаа нь зээлдэгчийн төлсөн гэх 88.000.000 төгрөгийг хэрхэн тооцож, хассан эсэх нь тодорхойгүй, баримтаар нотлогдохгүй байна. /хх-ийн 13, 128-р хуудас/

Иймд иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4.-т зааснаар үүрэг гүйцэтгэх дараалал буюу үндсэн үүрэг болох зээл, хүүгээс нь хасаж тооцох нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч Ц. Дамдин-Ядам нь зээлийн гэрээний дагуу төлөлт хийхдээ зээл эргэн төлөх хуваарьт заасан хугацаанд, тохиролцсон хэмжээгээр төлж байгаагүй байх тул Монгол банкны ерөнхийлөгчийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А-203 дугаартай тушаалаар баталсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журамд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү бодсон гэж үзнэ.

Дээрх бүхнээс дүгнэхэд хариуцагч /зээлдэгч/ Ц.Д  нь нэхэмжлэгч /зээлдүүлэгч/ Т  ХХК-д зээлийн гэрээний үүрэгт 1.000.000.000 төгрөг, зээлийн хүүд 351.844.968 төгрөг /439.844.968 -88.000.000=351844968/,нэмэгдүүлсэн хүү 23.013.699 төгрөг, нийт 1.374.858.667 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Иймд хариуцагч Ц.Д аас 1.374.858.667 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т  ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 88.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Хариуцагч Ц.Д  нь дээрх төлбөрийг сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцааны хөрөнгөөс хангуулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Т  ХХК нь Ц.Э г хариуцагчаар оролцуулахаас татгалзсан тул нэхэмжлэгчийг хариуцагч Ц.Э д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан гэж үзэн, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. /1-р хх-ийн 50 -р хуудас/

Нэхэмжлэгч Т  ХХК, хариуцагч Ц.Д  нарын хооронд 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан №1032130101000049-1 дугаартай Барьцааны гэрээний зүйл болох Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 1 дүгээр байрны 29, 32 тоот хаягт байршилтай, 1039,25 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө нь дээрх барьцааны гэрээ байгуулах үед буюу 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Ц.Д ын өмчлөлд бүртгэлтэй, 000609720 дугаарын Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээтэй байжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч нь шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа баримтаа өөрөө шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд талууд хүсвэл нотлох баримтыг шүүх бүрдүүлнэ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх Улсын бүртгэлийн ерөнхий газраас нотлох баримт гаргуулсан болно. /1 дүгээр х.х-ийн 110-117-р хуудас/

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт, зохигчийн тайлбар зэргээс үзэхэд:

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 1 дүгээр байрны 29, 32 тоот хаягт байршилтай, 1039,25 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Б.А улсын бүртгэлд бүртгэгдсэн, Ү-2203000582 дугаарын бүртгэл хүчинтэй болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцогддог байна.

Талууд барьцааны гэрээ байгуулах үед уг зохицуулалтын дагуу Ц.Д , өнөөдрийн байдлаар Б.А нар нь тус тус улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад З.Мандахын эзэмшиж буй гэх газар болон үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотойгоор түүний эрх ашиг хөндөгдөж байж болзошгүй гэж үзэн түүнийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг хүлээн авсан.

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 1 дүгээр байрны 35 тоот хаягт байршилтай, 37 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр З.Мандах улсын бүртгэлд бүртгэгдсэн 0034192 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээтэй байна./2-р хх-ийн 99-р хуудас/

Флора центр ХХК-ийн захирлын гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 1 дүгээр байрны 29, 32 тоот хаягт байршилтай, 1039,25 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Б.А-ийг бүртгэсэн, Ү-2203000582 дугаарын бүртгэлийн нотлох баримтыг Улсын бүртгэлийн ерөнхий газар хянаж Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 155,84 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай газрыг иргэн З.Мандахад эзэмшүүлэхээр олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ нь хуурамч болох нь тогтоогдсон тул Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5.-д заасны дагуу хяналтын улсын байцаагчийн 2021 оны 2892 дугаар дүгнэлтээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2203000582 дугаарын бүртгэлийг түдгэлзүүлж, хуурамч бичиг баримтаар эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн үйлдлийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байх бөгөөд энэ асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /2-р хх-ийн 96-98-р хуудас/

Хариуцагч Б.А нь Т  ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.Д  нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцохгүй өөрийн эзгүйд шийдвэрлэж болно гэсэн тайлбарыг гаргасан, нэхэмжлэгч түүнийг оролцуулах талаар хүсэлт гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1. дах хэсэгт зааснаар хариуцагч Ц.Д аас 1.374.858.667 /нэг тэр бум гурван зуун далан дөрвөн сая найман зуун тавин найман мянга зургаан зуун жаран долоо/ төгрөгийг гаргуулж Т  ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 88.000.000 /наян найман сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Ц.Э д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 1 дүгээр байрны 29, 32 тоот хаягт байршилтай, 1039,25 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө /орон сууц/ -ийн үнийн дүнгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ,56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8.016.800 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 7.032.243 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Ч.ИЧИНХОРЛОО