Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2022/00014

 

“............... ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2021/01279 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 01469 дүгээр магадлалтай,

“............... ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Ц.Д, Ц.Э, Б.А нарт холбогдох

Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 1,462,858,667 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базар, Б.Амгаланбаатар нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базар, Б.Амгаланбаатар, хариуцагч Ц.Дамдан-Ядамын өмгөөлөгч О.Аззаяа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Маргад-Эрдэнэ, өмгөөлөгч Ц.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. “............... ББСБ” ХХК нь Ц.Д, Ц.Э, Б.А нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 1,462,858,667 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэл болгож, зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг заасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.Эд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

Хариуцагч Ц.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлд хариу тайлбар гаргахдаа “...үндсэн зээл 1,000,000,000 төгрөг, зээлийн хүү 2,322,582 төгрөг төлнө. Тохиролцоогүй тул нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй. Мөн нэмэгдүүлсэн хүүг зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш тооцох ёстой байтал хугацаа дуусаагүй байхад тооцсон. Зээлийн гэрээнд нэхэмжлэгчийг төлөөлж н.Батжав гарын үсэг зурсан эсэх нь эргэлзээтэй тул үүнийг тогтоосны дараа энэ хэргийг шийдвэрлэх нь зөв” гэж маргажээ.

Хариуцагч Б.А “...“............... ББСБ” ХХК болон Ц.Д нарын хооронд 2019.05.31-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 1 дүгээр байрны 29, 32 тоот хаягт байрлах өөрийн өмчлөлийн 1039.25 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалсан. Ц.Д нь зээлийн гэрээний дагуу төлбөрийг төлөөгүй тохиолдолд өөрийн өмчлөлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй.” гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З.Мандах “...Ц.Д болон З.Мандах нар “ОХС” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид байсан, тус компани барилгын төслийн санхүүжилтийг гаргах зорилгоор үл хөдлөх хөрөнгөө З.Мандах нь Ц.Дд түр шилжүүлэн өгсөн. Гэтэл Ц.Д нь мэдэгдэлгүйгээр “............... ББСБ” ХХК-д зээлийн гэрээний үүрэгт барьцаалж, улмаар захиран зарцуулах эрхийг “............... ББСБ” ХХК-ийн нэрлэсэн этгээдэд шилжүүлсэн байна. “............... ББСБ” ХХК нь Ц.Дд зээл олгохдоо барьцааны зүйлийг шалгаж судлаагүй, гуравдагч этгээдийн эдлэх эрх байгаа эсэхийг нягтлаагүй зээл олгосон тул гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгоно уу” гэжээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2021/01279 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Даас 1,374,858,667 /нэг тэрбум гурван зуун далан дөрвөн сая найман зуун тавин найман мянга зургаан зуун жаран долоо/ төгрөгийг гаргуулж “............... ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 88,000,000 /наян найман сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Ц.Эд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 1 дүгээр байрны 29, 32 тоот хаягт байршилтай, 1039.25 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “............... ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,016,800 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 7,032,243 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 01469 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2021/01279 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Даас 1,356,321,391 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “............... ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 106,637,276 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “............... ББСБ” ХХК-ийн хариуцагч Ц.Дд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 4 дэх заалтын “...7,032,243 төгрөг...” гэснийг “...6,939,559 төгрөг...” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 273,019 төгрөг, гуравдагч этгээдийн төлсөн 7,032,243 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базар, Б.Амгаланбаатар нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг буюу хариуцагч Ц.Даас гаргуулах зээлийн дүнг 18,637,276 төгрөгөөр бууруулсан хэсэг болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын хувьд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч, энэхүү гомдлыг гаргаж байна.

4.1. Зээлийн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн тухай: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1 дэх хэсэгт “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн;” гэж хяналтын журмаар гомдол гаргах үндэслэлийг заажээ. Энэхүү хэргийн хувьд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй байдлаар тайлбарласан бөгөөд давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ “Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэж дүгнэснээс харж болохоор байна. Тодруулбал, анхан шатны шүүхээс “...нэхэмжлэгч гэрээний дагуу шилжүүлсэн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.3, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт нийцсэн гэж үзнэ” гэж дүгнэсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 удаа нэмэгдүүлснийг Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн ... дэх хэсэгт “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасантай нийцсэн гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байдаг. Гэвч давж заалдах шатны шүүхээс “Нэхэмжлэгч нь 2020.09.14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, ...2019.05.31-ний өдөр байгуулсан гэрээг 2020.09.07-ны өдрөөс эхлэн цуцалж... 1,356,321,391 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлсэн байна. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг цуцлах эрхтэй. Гэрээг цуцлах эрхийг гэрээний талууд эдлэх тул талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг 2020.09.07-ны өдөр дуусгавар болсон гэж үзнэ. ...Зээлийн гэрээний хугацаа 2020.09.07-ны өдөр дуусгавар болсон тул Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасан нэмэлт үүрэг мөн хуулийн 240.1.5-д зааснаар дуусгавар болсон тул нэхэмжлэгч нь хариуцагчаас дээрх хугацаанаас хойших хугацаанд хамаарах зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй” гэж анхан шатны шүүхийн тайлбараас зөрүүтэйгээр тайлбарлажээ. Энэ нь, анхан болон давж заалдах шатны шүүх БЭБХЭМХТТЗҮАтХ-ийн ... дэх заалт болон Иргэний хуулийн 240.1.5 дахь заалтыг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн хэрэг юм. Анхан шатны шүүхийн зүгээс нэхэмжлэгчийн “зээлийн гэрээг цуцлах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Зээлийн гэрээг цуцалсан хэрэг гэж дүгнээгүй бол давж заалдах шатны шүүхийн зүгээс Иргэний хуулийн 240.1.5-д зааснаар зээлийн гэрээ дуусгавар болсон хэрэг гэж дүгнэлээ. Дээрхээс үзвэл анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг шийдвэрлэхдээ өөрөөр тайлбарлаж, холбогдох хуулийн заалтуудыг зөрүүтэй байдлаар тайлбарласан байна. Мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.02.20-ны өдрийн 339 дүгээр магадлалд “Нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн үүргийн шаардан шүүхэд 2018.05.29-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Шүүх энэ өдрөөс зээлийн гэрээг цуцалсан гэж дүгнэсэн нь зөв. Харин хариуцагч А.Б, Д.О нарын зээл төлөх үүргийг тодорхойлохдоо холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ. Учир нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Иймээс нэхэмжлэгч нь зээлдэгч А.Б, Д.О нараас 2018.12.28-ны өдрөөр зээлийн үүргийг шаардаж байгаа нь уг хуульд нийцнэ.” гэж тайлбарлан зээлийн гэрээг цуцалсан нь хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөхгүй гэх агуулгаар хуулийг тайлбарласан байна. Энэ нь манай хэргийн давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээнээс өөр, зөрүүтэй байна. Тодруулбал, давж заалдах шатны шүүх “............... ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ “шүүхэд хандан гэрээ цуцлах шаардлага гаргасан бол түүнээс хойших хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй” гэх агуулгаар дүгнэсэн нь адил нөхцөл байдал бүхий дээрх хэргийг шийдвэрлэсэн шийдвэрийн хууль хэрэглээний талаарх тайлбартай зөрчилдөж байна. Үүнээс үзэхэд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн хуулийг тайлбарласан тайлбар болон анхан шатны шүүхийн тайлбар зөрүүтэй байхаас гадна давж заалдах шатны шүүх ижил маргааныг өөрөөр тайлбарлаж буй нөхцөл байдлыг үүсгэж буй юм. Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилготой учир зөвхөн давж заалдах болон анхан шатны шүүхийн хоорондын хууль хэрэглээний зөрүүг арилгах бус давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах нь зүйтэй билээ. Тэгээгүй нөхцөлд давж заалдах шатанд хууль зөрүүтэй тайлбарлагдаж, хуулийн нэгдмэл бус хэрэглээ оршсоор байх болно. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Зээлийн гэрээг цуцлаагүй, харин Зээлийн гэрээг шүүхийн журмаар цуцлуулах шаардлага гаргасан билээ. Иймд үүгээр Зээлийн гэрээ дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй. Энэ талаар давж заалдах шатны шүүхийн зүгээс Улсын дээд шүүхийн 2016.09.05-ны өдрийн “Гэрээний зарим эрх зүйн маргааны хууль хэрэглээ болон гэрээг цуцлах, гэрээнээс татгалзахад анхаарах асуудал” 03 дугаартай Зөвлөмжөөс өөрөөр хуулийг тайлбарлалаа. Энэ нь хяналтын журмаар гомдол гаргах нэг үндэслэл болох “Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан” гэх үндэслэлд хамаарах юм. Тодруулбал, дээрх Зөвлөмжийн 2 дахь хэсэгт “Хэрэв шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө зээлийн гэрээг цуцалсан бол цуцалсан өдрөөр, харин шүүхэд гэрээг цуцлах шаардлагыг гаргасан бол цуцлах хүртэл хугацаанд гэрээний үүргийг хангуулах асуудал яригдана” гэснээс өөр тайлбарыг давж заалдах шатны шүүх хийлээ. Дээд шүүхийн энэхүү зөвлөмж нь гэрээг цуцлах шаардлагыг шүүхэд гаргах нь гэрээ цуцалж байгаагаас өөр гэдгийг тайлбарласан билээ. Энэ нөхцөлд шүүх гэрээг цуцалснаар гэрээ цуцлагдсанд тооцох учиртай болохыг дээд шүүх тайлбарласан. Иймд давж заалдах шатны шүүх энэ талаар гэрээ цуцлахтай холбоотой зохицуулалтыг Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлалаа. Түүнчлэн, Иргэний хуулийн 240.1.5-д “хууль буюу гэрээнд заасан бусад үндэслэл”-ээр гэрээ дуусгавар болох зохицуулалт нь гэрээг цуцалж дуусгавар болгохтой холбоогүй зохицуулалт билээ.

4.2. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй тайлбарласан тухайд: Нэхэмжлэгчийн гаргасан “Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 1 дүгээр байрны 29, 32 тоот хаягт байршилтай, 1039.25 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөөр хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхээс тус барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсний үндсэн дээр хангаж шийдвэрлэсэн байдаг. Гэвч давж заалдах шатны шүүхээс тус нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ “З.Мандах нь 2019.11.18-ны өдөр Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 1-р хэлтэст ...хүсэлт гаргаж, улмаар хэрэг бүртгэлтийн ...хэрэг нээсэн нь ...тогтоогджээ. ИХШХШтХ-ийн 65.1.8-д уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан тул нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүргийг барьцааны зүйлээр хангуулах шаардлагыг шүүх шийдвэрлэх боломжгүй” гэх үндэслэлээр тус шаардлагын хувьд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ нь анхан болон давж заалдах шатны шүүх ИХШХШтХ-ийн 65.1.8 болон Иргэний хуулийн 183.1 дэх заалтуудыг зөрүүтэй тайлбарласан хэрэг юм. Учир нь, давж заалдах шатны шүүхийн зүгээс ИХШХШтХ-ийн 65.1.8 дахь заалтыг тайлбарлахдаа “эрүүгийн журмаар шалгаж байгаа бүх тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэх агуулгаар тайлбарласан буюу тухайн эрүүгийн хэрэг нь энэхүү иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх шийдвэрийн хувьд нөлөө, ач холбогдол үзүүлэх эсэхээс үл хамааран хуулийн тус заалтыг хэрэглэх агуулгаар тайлбарлалаа. Харин анхан шатны шүүхийн зүгээс энэ талаар өөрөөр тайлбарласан. Тодруулбал, 2021.06.22- ны өдөр гуравдагч этгээдийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлтийг хангахгүй орхихдоо “М.Бямбадорж, Ц.Д нар нь хамтран З.Мандахын бүх хөрөнгүүдийг залилан мэхэлсэн гомдлын дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байгаа нь “............... ББСБ” ХХК, Ц.Д нарын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний үүрэг болон “............... ББСБ” ХХК, Б.А нарын хооронд байгуулагдсан Барьцааны гэрээний үүрэг нэхэмжилж буй хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралгүй” гэж дүгнэсэн байна. Түүнчлэн, анхан шатны шүүхийн зүгээс “эрүүгийн журмаар шалгаж байгаа тус хэргийг хэрэгсэхгүй болгох учиртай” гэх гуравдагч этгээдийн татгалзлыг дүгнэхдээ “Иргэний хуулийн 183.1-д зааснаар ...улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцогддог. Барьцааны гэрээ байгуулагдах үед уг зохицуулалтын дагуу Ц.Д өнөөдрийн байдлаар Б.А нар нь тус тус улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн байх бөгөөд бүртгэлийн талаар гомдол гаргаж уг бүртгэлийг хүчингүй болгоогүй байна” гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, “бид улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэлтэй этгээдтэй барьцааны гэрээ байгуулсан тул бүртгэл үнэн зөв байх зарчмын дагуу бидний эрх хамгаалагдана. Өмнөх өмчлөгч нарын хоорондын маргаанд энэхүү хэрэгт хамааралгүй” гэх бидний тайлбарыг хүлээж авсан. Бидний барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бол Б.Атэй байгуулсан Барьцааны гэрээ юм. Тус барьцааны гэрээг байгуулах үед Б.А нь хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэлтэй байсан. Иймд Иргэний хуулийн 183.1-д зааснаар улсын бүртгэл үнэн зөв гэж тооцогдох тул өмнөх өмчлөгчид нь маргаантай эсэхээс үл хамааран бидний хоорондын барьцааны гэрээ хүчин төгөлдөр байх юм. Мөн гуравдагч этгээдийн зүгээс тус барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргаагүй. Иймд Иргэний хуулийн 183.1 дэх заалтын дагуу эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэргээс үл хамааран бидний нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх учиртай билээ. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.08.05-ны өдрийн 01702 дугаар магадлалд “...Түүнчлэн барьцааны зүйл болох ...орон сууц нь ...нэг хүний өмч болох нь ...үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1, 183.3 дахь хэсэгт зааснаар улсын бүртгэл үнэн зөв байна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв юм” гэж дүгнэснээс үзвэл барьцаа хөрөнгийн өмчлөлийн хувьд Иргэний хуульд заасан улсын бүртгэл үнэн зөв байх зарчим үйлчлэх учиртай давж заалдах шатны шүүх хүлээн зөвшөөрсөн байна. Гэвч өмнөх өмчлөгчдийн хоорондын маргаантай холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа нь үүнийг няцаасан хэрэг юм. Учир нь, хэрэв шүүх тус зарчмыг хүлээн зөвшөөрч байвал Б.Аээс өмнөх өмчлөгчдийн хоорондын маргаанаас үл хамааран барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг шийдвэрлэх учиртай. Ийнхүү анхан болон давж заалдах шатны шүүх нь Иргэний хуулийн 183.1-т заасан “улсын бүртгэл үнэн зөв байх” зарчмын шинжтэй зохицуулалтыг өөрөөр тайлбарлалаа. Эрүүгийн хэргийг эрүүгийн хэргийн шүүх эсвэл прокурор шийдвэрлэхдээ “гэмт хэрэг мөн байна” гэж дүгнэж шийдсэн ч Иргэний хуулийн 183.1-т заасан “улсын бүртгэл үнэн зөв байх” зарчмын дагуу бидний Б.Атэй байгуулсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр байх тул тус эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нь энэхүү маргааны шийдэлд ач холбогдолгүй, нөлөөгүй байх юм. Тодруулбал, хөрөнгийн өмнөх өмчлөгч нь хөрөнгийн хууль бусаар олж авсан нь Иргэний хуулийн 183.1 дэх заалтын дагуу дараагийн өмчлөгч, барьцаалагчдын өмчлөх эрх, барьцааны эрхийг хүчингүй гэж үзэх, дуусгавар болгох үндэслэлд хамаарахгүй юм. Иймд давж заалдах шатны шүүх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын хувьд хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм. Түүнчлэн, ИХШХШтХ-ийн 65.1.8-д заасан “эрүүгийн журмаар шалгаж байгаа” гэх үндэслэлд эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг хамаарахгүй юм. Учир нь, ЭХХШтХ-ийн 30.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох зорилгоор гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авснаас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хүртэл явуулж байгаа энэ хуульд заасан ажиллагааг хэрэг бүртгэлт гэнэ.” гэж заажээ. Хэргийг эрүүгийн журмаар шалгах гэдэг нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсаныг буюу ЭХХШтХ-ийн 30.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүн, хуулийн этгээд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон, яллагдагчаар татах хүн, хуулийн этгээд хаана байгаа нь тодорхой бол мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлнэ.” гэж заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэснийг ойлгох юм. Иймд магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэсэн үндэслэлийг хангаж  байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021.12.03-ны өдрийн 001/ШХ2021/00910 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

7. Хариуцагч Ц.Даас гаргуулах зээлийн гэрээний үүргийн үнийн дүнг 18,637,276 төгрөгөөр бууруулж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа давж заалдах шатны шүүх Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргаагүй байна.

8. Анхан болон давж заалдах шатны шүүх “............... ББСБ” ХХК болон Ц.Д, Ц.Э нарын хооронд 2019.05.31-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр хариуцагч нар нь 1,000,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2.8 хувийн хүүтэй зээлсэн нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцааны шинжийг агуулсан, тухайн гэрээ хүчин төгөлдөр гэж үзсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т заасантай нийцжээ.

9. Энэхүү гэрээгээр банк болон бусад зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг, буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

10. Нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлж үүргээ биелүүлсэн, хариуцагч нар нь сар бүр зээлийн хүүг, зээл авснаас хойш 6 дахь сараас үндсэн зээлийн зохих хэсгийг тус тус төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс үүрэг зөрчигдсөн нь тогтоогджээ.

11. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хамтран хариуцагчаар зээлдэгч Ц.Эг татсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүнд холбогдох шаардлагаас татгалзсан байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэдэг. Мөн зүйлийн 242.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгүүлэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна. Иймд зээлийн үүргийг бүхэлд нь Ц.Даас шаардсан нь хууль зөрчихгүй.

12. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн биелүүлбэл зохих зээлийн гэрээний үүргийн хэмжээг үндэслэлтэй тодорхойлсон, ийнхүү тооцоо гаргахдаа Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 225 дугаар зүйлийн 225.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

12.1. Нэхэмжлэгч анх 2020.05.08-ны өдрийн байдлаар зээлийн биелэгдээгүй төлбөрт 412,668,466 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020.09.14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ “хариуцагч нар гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй ноцтой зөрчсөн гэж зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 1,000,000,000 төгрөг, зээлийн хүүд 337,636,288.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,685,103.01 төгрөг, нийт 1,356,321,391 төгрөг гаргуулах”-аар шаардсан байх тул давж заалдах шатны шүүх энэ шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг хангасан нь үндэслэл бүхий байна.

12.2. Өөрөөр хэлбэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч 2020.12.14-ний өдрийн байдлаар үндсэн зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийтдээ 1,462,858,667 төгрөг төлөх үүрэгтэй талаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулснаар нэхэмжлэгч уг гэрээг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагаа дахин нэмэгдүүлсэн байх бөгөөд давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нь анх хариуцагчийг гэрээний үүргээ зөрчсөн гэж гэрээг цуцалж, цуцлах хүртэл хугацааны гүйцэтгэвэл зохих үүргийг шаардсан атлаа нэмж зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т заасан “гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно”, 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т заасан “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтган үзнэ” гэснийг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлтэй байна. Тодруулбал, гэрээ цуцлагдаж дуусгавар болсон цаг хугацаанаас хойш нэхэмжлэгч нь гэрээний нэмэлт үүрэг болох зээлийн хүү, /банкны зээлийн хувьд зээлийн хүү нь үндсэн үүрэгт тооцогдохгүй/ нэмэгдүүлсэн хүү тооцон шаардах эрхгүй юм.

13. Анхан шатны шүүх энэ байдлыг анхаараагүй, нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэмж шаардаж байгаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.3, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт нийцсэн буюу “зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэсэн зохицуулалтын агуулгаар дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай болжээ. Учир нь анхан шатны шүүх зээлийн гэрээ хугацааны хувьд дуусгавар болоогүй, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй зөрчил гаргасны улмаас нэг талын санаачилгаар цуцалж дуусгавар болгосон эрх зүйн 2 ойлголт, түүний үр дагаврыг ялгаж дүгнээгүй байна. Иймд “зээлийн гэрээний үүргийн үнийн дүнг 18,637,276 төгрөгөөр бууруулсан нь үндэслэлгүй” гэсэн гомдлыг хангахгүй орхив.

14. Барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх уг нэхэмжлэлтэй хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхийн үндэслэл болгосон дээрх хуулийн зохицуулалтад “нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах бөгөөд энэ нөхцөл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж заасан, тус шүүх ийнхүү дүгнэлт хийхдээ барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хууль бусаар шилжүүлснийг шалгуулах З.Мандахын гомдолд хэрэг бүртгэлтийн ажиллагаа нээсэн тухай Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн мөрдөгчийн тогтоолыг заажээ.

15. Давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлт үндэслэл муутай байна. “Нэхэмжлэлтэй холбоотой” гэдгийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч хоёрын хоорондын харилцаанаас үүссэн маргаантай хамааралтай гэж ойлгож, тухайн асуудал нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй эсэхийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол энэ ажиллагаа дуусах хүртэл иргэний журмаар гаргасан нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэх боломжгүй гэж үзэх тохиолдол юм.

16. Хэргийн баримтаас үзвэл, зээлийн гэрээний үүргийг хангуулахаар нэхэмжлэгч “............... ББСБ” ХХК болон хариуцагч Ц.Д нарын хооронд 2019.06.03-ны өдөр барьцааны гэрээ байгуулагдсан, энэхүү гэрээгээр Ц.Дын өмчлөлд бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 1 дүгээр байрны 29, 32 тоот хаягт байршилтай, 1039.25 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан, уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Үл хөдлөх эд хөрөнгө нь Ц.Дд шилжихээс өмнө 2017.04.10-ны өдрийн байдлаар З.Мандахын өмчлөлд, түүнээс 2017.06.14-ны өдөр Ц.Энх-Амгаланд, 2017.06.22-ны өдөр М.Бямбадоржид, дараа нь мөн өдрөө А.Мөнхбаатарт тус тус шилжсэн баримт хэрэгт авагджээ.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцох ба мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д тухайн хөрөнгийг эзэмшиж байсан боловч барьцаалах эрхгүй этгээд нь эзэмших эрхийг гэрчилсэн баримт бичгийг шилжүүлэх замаар тухайн хөрөнгийг барьцаалуулсан тохиолдолд барьцаалагч нь барьцаалуулагчийн барьцаалах эрхгүй болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бол барьцаалагчийг шударга эзэмшигч гэж үзнэ гэж заасан байна.

17. Харин  энэ хугацаанд барьцааны  зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийг Ц.Д нь Б.Ад худалдсанаар барьцааны зүйлийн өмчлөгч өөрчлөгдсөн тухай баримт хэрэгт авагдсан ба өмчлөгч Ц.Дын хэлцэл хийх эрхийг хязгаарлах боломжгүй, тухайлбал, тэрээр ипотекийн зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийг ашиглах, бусдын өмчлөлд шилжүүлэх эрхтэй байна. Нөгөө талаас өмчлөгч өөрчлөгдсөн нь барьцаалагчийн барьцааны эрхэд нөлөөлөхгүй, тухайн эрх хэвээр үлдэнэ. Үүнээс гадна “............... ББСБ” ХХК болон Б.А нарын хооронд барьцааны гэрээ байгуулагдсанаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч тал нь Б.А болсон, тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ.

18. Түүнчлэн нэхэмжлэгч “............... ББСБ” ХХК нь М.Бямбадорж, Ц.Д, Б.А нарын барьцааны зүйлийн өмчлөх эрхийг олж авсан үйлдэлтэй холбоотой буюу барьцаалах эрхгүй болохыг мэдэж байсан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул барьцааны эрхийг шударгаар олж авсан гэж үзнэ.

19. Дээрхээс үзвэл, М.Бямбадорж, Ц.Д нар нь хамтран З.Мандахын бүх хөрөнгүүдийг залилан мэхэлсэн гомдлын дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байгаа нь “............... ББСБ” ХХК, Ц.Д нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг болон барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргахад саад болохгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна. Тодруулж хэлбэл, барьцааны зүйлийн өмчлөх эрхийг олж авсан өмнөх өмчлөгч нарын үйлдэлтэй холбоотой эрүүгийн хэрэг шалгаж байгаа нь хүчин төгөлдөр гэрээний үүргийг хангуулах нэхэмжлэгч “............... ББСБ” ХХК-ийн шаардлага гаргах эрхийг хязгаарлах боломжгүй. Иймд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн талаарх давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг эс зөвшөөрсөн гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв.

20. Дурдсан үндэслэлээр магадлалд зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлын зарим хэсгийг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 01469 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “............... ББСБ” ХХК-ийн хариуцагч Ц.Дд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж” гэснийг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч “............... ББСБ” ХХК-ийн /итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базар, Б.Амгаланбаатар нарын/ хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021.11.01-ний өдөр төлсөн 321,337 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАНЗРАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Д.ЦОЛМОН