Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/01468

 

2021 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/01468

 

 

 

Т Ф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2021/01279 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т Ф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Д Б.Анарт холбогдох зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 1 462 858 667 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амгаланбаатар, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Маргад-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Ц.Мөнхбат, Б.Нандин-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Д Ц.Э, нар Т Ф ББСБ ХХК-тай 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 1 000 000 000 төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдөр дуусна. Т Ф ББСБ ХХК зээлийн гэрээний дагуу 1 000 000 000 төгрөгийг ХААН банк ХХК дахь Ц.Д-ын эзэмшлийн 5032269913 тоот дансанд шилжүүлсэн. Гэтэл зээлдэгч Ц.Д- зээлийн гэрээний хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн. Зээлийн төлбөрөөс 88 000 000 төгрөгийн төлөлтийг хийсэн. Ц.Д-д зээл, зээлийн хүүг төлөхийг талаар удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн төлбөр тооцоо, мөнгөн хадгаламж, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан. Зээлийн гэрээний 2.1.6-т зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ үндсэн хүүгийн 20 хувь байна гэж заасан. Иймд зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү болон түүний хорин хувиар нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй. Зээлдэгч гэрээгээр тогтоосон хугацаанд зээлийн төлбөр төлөх үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээг цуцлах шаардлага гаргаж байна.

Ц.Д- нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээний 2.1 дэх хэсэгт тус өдрийн байдлаар зээлийн гэрээний үлдэгдэл дүнг тусгаж, тооцоо нийлсэн. Т Ф ББСБ ХХК хамтран үүрэг гүйцэтгэгчийн хэнээс нь ч бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй талаар гэрээнд заасан тул Ц.Э,гаас татгалзаж, Ц.Д-аас гэрээний үүргийг нэхэмжилж байна.

Т Ф ББСБ ХХК болон Б.Анар барьцааны гэрээ байгуулах үед үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ Б.Алтангэрэлийн нэр дээр байсан, Улсын бүртгэлийн газарт гэрчилгээний талаар ямар нэгэн байдлаар түдгэлзүүлсэн зүйл байгаагүй. Зээлийн гэрээг 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөр цуцлаж, зээлийн үндсэн төлбөрт 1 000 000 000 төгрөг, үндсэн хүүд 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 439 844 968 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 23 013 699 төгрөг, нийт 1 462 858 667 төгрөгийг Ц.Д-аас гаргуулах, барьцааны гэрээнд заасны дагуу Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 1 дүгээр байрны 29, 32 тоотод байршилтай Ц.Д-ын өмчлөлийн 1039,25 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Д- нь 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр тус ББСБ-аас 1 000 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2.8 хувийн хүүтэй, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахаар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 1 дүгээр байр 29, 32 тоот 1039.25 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр барьцааны гэрээ байгуулсан. Зээлдэгч үндсэн зээл 1 000 000 000 төгрөг, зээлийн хүү 2 322 582 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Зээлийн гэрээгээр нэмэгдүүлсэн хүү төлөх талаар тохиролцоогүй тул нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй. Мөн зээлийн нэмэгдүүлсэн хүүг зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш тооцох ёстой байтал хугацаа дуусаагүй байхад нэмэгдүүлсэн хүү тооцсон.

Зээлийн гэрээнд н.Батжавын гарын үсэг зурсан эсэх нь эргэлзээтэй байна. Ц.Д- ...гэрээ байгуулах үед н.Батжав байгаагүй... гэж хэлсэн. Мөн хэрэгт авагдсан баримтад байгаа н.Батжавын гарын үсэгүүд эргэлзээтэй тул аль гарын үсэг нь зөв гэдгийг тогтоосны дараа энэ хэргийг шийдвэрлэх нь зөв гэжээ.

Хариуцагч Б.Ашүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Т Ф ББСБ ХХК болон Ц.Д- нарын хооронд 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 1 дүгээр байр 29, 32 тоот хаягт байрлах өөрийн өмчлөлийн 1 039,25 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалсан. Ц.Д- нь зээлийн гэрээний дагуу төлбөрийг төлөөгүй тохиолдолд өөрийн өмчлөлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй. Уг хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд миний бие оролцохгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З.Мандах шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т Ф ББСБ ХХК болон Ц.Д- нар зээлийн гэрээг байгуулж, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 1 дүгээр байрны 29, 32 тоот хаягт байршилтай, 1039,25 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Ц.Д- болон З.Мандах нар ОХС ХХК-ийн хувьцаа эзэмшигчид байсан. ОХС ХХК нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Флора тауэр барилгын төслийн санхүүжилтийг гаргах зорилгоор дээрх үл хөдлөх хөрөнгийг З.Мандах нь Ц.Д-д түр шилжүүлэн өгсөн. Гэтэл Ц.Д- нь З.Мандахад мэдэгдэлгүйгээр Т Ф ББСБ ХХК-д зээлийн гэрээний үүрэгт барьцаалсныг Т Ф ББСБ ХХК-аас мэдсэн. Т Ф ББСБ ХХК-ийн төлөөлөлтэй уулзаж уг зээлийн гэрээний үүргийг З.Мандахад шилжүүлэх хүсэлт гаргахад зөвшөөрөөгүй. Ц.Д- нь Т Ф ББСБ ХХК-тай байгуулсан барьцааны гэрээг 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Ц.Д- нь барьцаанд байсан үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг Т Ф ББСБ ХХК-ийн нэрлэсэн этгээдэд шилжүүлсэн байна. Шилжүүлэхдээ 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 4201 дугаартай улсын байцаагчийн дүгнэлтээр уг үл хөдлөх эд хөрөнгөд З.Мандахын хүсэлтээр хийлгэсэн урьдчилсан тэмдэглэлийг хүчингүй болгомогц Ц.Д- нь үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлсэн. Шилжүүлж авсан этгээд нь одоо биднийг үл хөдлөх эд хөрөнгийг суллаж өгөхийг шаардаж байна. Зээлийн барьцаанд бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан шүүхийн шийдвэр гараагүй байхад хэрхэн гуравдагч этгээдэд шилжсэн нь ойлгомжгүй байна. М.Бямбадорж, Ц.Д- нар хуурамч нотлох баримт бүрдүүлэн З.Мандахын өмнөөс гаргасан хүсэлт, мэдүүлгийг хүлээн авч, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулж авсныг мэдээд, цаашлаад тус үл хөдлөх эд хөрөнгийг Т Ф ББСБ ХХК-д барьцаалсан талаар мэдэж Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ...эрхийн улсын бүртгэлийн Ү-2203000582 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 1 дүгээр байр, 29, 32 тоот хаягт байршилтай, 1 039.25 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн нотлох баримтыг хянахад З.Мандахад олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ нь хуурамч болох нь эрх бүхий байгууллагын тодорхойлолтоор тогтоогдсон гэх хариу өгсөн. Т Ф ББСБ ХХК нь Ц.Д-д зээл олгохдоо барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шалгаж судлаагүй, гуравдагч этгээдийн эдлэх эрх байгаа эсэхийг нягтлаагүйгээр шууд зээл олгосон байна. Барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл. Т Ф ББСБ ХХК болон С.Бат-Өлзийд 2020 оны 02 дугаар сард гүйцэтгэх захирлын эрх хэмжээнд гэрээ байгуулах итгэмжлэл олгосон байна. Мөн Ц.Д-аас итгэмжлэл аваад Б.Алтангэрэлтэй худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. 2 000 000 000 төгрөгийн үнэтэй хөрөнгийг 100 000 000 төгрөгөөр худалдсан талаар Ц.Д-д мэдэгдээгүй. Худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус тул барьцааны гэрээ мөн хүчин төгөлдөр бус байна. Иймд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл үндэслэлгүй. Хэрэгт авагдсан баримтад Т Ф ББСБ ХХК-ийн захирал н.Батжавын гарын үсэг өөр, өөр байна.

Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэлийн ажиллагаа нээж Ц.Д н.Бямбадорж нарыг шалгаж байгаа. Бусдыг залилан мэхлэх замаар хөрөнгө олж авсан гэдэг нь тогтоогдвол Б.Алтангэрэлтэй холбоотой асуудал шалгагдана. Иймд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага хангагдах үндэслэлгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Д-аас 1 374 858 667 /нэг тэрбум гурван зуун далан дөрвөн сая найман зуун тавин найман мянга зургаан зуун жаран долоо/ төгрөгийг гаргуулж Т Ф ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 88 000 000 /наян найман сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Ц.Э,д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 1 дүгээр байрны 29, 32 тоот хаягт байршилтай, 1 039,25 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т Ф ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 016 800 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 7 032 243 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.Д-ын өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч Ти-Финанс ББСБ ХХК нь зээлийн гэрээ болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр байхад 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Б.Алтангэрэлтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулан Ц.Д-ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг Б.Алтангэрэлийн өмчлөлд шилжүүлсэн болохыг Ц.Д- нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад улсын бүртгэлийн лавлагаа гаргуулснаар бусдад худалдан шилжүүлсэн болохыг мэдсэн. Зээлийн гэрээний барьцаа хөрөнгийг өмчлөгчид мэдэгдэлгүй бусдад 100 000 000 төгрөгөөр худалдсан, худалдсан үнийн дүнг Ц.Д-д өгөөгүй, зээлийн төлбөрөөс хасаагүй. Нэхэмжлэлийн шаардлагаа бусдад худалдсан эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гаргаж байгаа нь хууль бус, дүр үзүүлсэн хэлцэл гэж дүгнэх үндэслэл тогтоогдож байх тул хариуцагчийн зүгээс 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Т Ф ББСБ ХХК, Б.Аптангэрэл нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Ц.Д-ын өмчлөлд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 1 байр 29, 32 тоот, 1039,25 м.кв үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан боловч үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь буруу.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Ц.Д-аас 1 374 858 667 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор, хариуцагч Ц.Э-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч үүргийн гүйцэтгэлийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 1 байр 29, 32 тоот хаягт байрлах 1 039,25 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс шийдвэр гүйцэтгэлийн журмаар хангуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Б.Алтангэрэлийн эрх ашгийг зөрчсөн шийдвэр гэж дүгнэхээр байна. Б.Аптангэрэл нь 100 000 000 төгрөгөөр худалдан авсан Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 1 байр 29, 32 тоот хаягт байрлах, 1 039,25 м.кв үл хөдлөх эд хөрөнгөөр Ц.Д-ын 1 374 858 667 төгрөгийн зээлийн төлбөрийг төлөхөөр зөвшөөрч шийдвэр гаргуулж байгаа үйл баримт нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Шүүх ...Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй... гэж дүгнэсэн. 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээгээр талууд нэмэгдүүлсэн хүү төлөх талаар тохиролцоогүй байхад шүүх нэмэгдүүлсэн хүү 23 013 699 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн.

Талуудын хооронд байгуулсан 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний 2.1.6-т ...Нэмэгдүүлсэн хүү: Зээлийн хүүгийн 20 / хорин/ хувь байна. Нэмэгдүүлсэн хүүг Эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд тооцно... гэж заасан. Иргэний хуульд зааснаар нэмэгдүүлсэн хүүг хугацаа хэтэрсэн хүүгийн дүнгээс тооцно. Гэтэл зээлийн гэрээний 2.1.6-д үндсэн зээлийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд ногдох хүүг тооцохоор заасан нь хууль зөрчсөн.

Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр нэмэгдүүлсэн хүү тохиролцоогүй бөгөөд Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй тул хариуцагч Ц.Д-аас 1 374 858 667 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснээс нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 23 013 699 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан. Т Ф ББСБ ХХК нь Ц.Д Ц.Э, нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн гарын үсэг зурсан байна. Т Ф ББСБ ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 2361 дугаар албан бичгээр иргэний хэрэгт төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах итгэмжлэлийг Б.Билгүүнд 2 жилийн хугацаатай олгожээ. Тус албан бичигт Гүйцэтгэх захирлыг төлөөлж Э.Төрсуварга гарын үсэг зурсан байна. Тус итгэмжлэл нь иргэд хооронд олгосон бөгөөд хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтнаас тодорхой этгээдэд олгоогүй. Учир нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1 дэх хэсэгт болон Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй. Мөн Э.Төрсуваргад өгсөн итгэмжлэл, төлөөлөх эрхийг бусдад шилжүүлэх эрхгүй байхаар итгэмжлэлд тусгагджээ. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байсан. Т Ф ББСБ ХХК-ийн захирал Б.Батжаваас Э.Төрсуваргад Компанийн тухай хуульд заасан итгэмжпэл олгогдоогүй, Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-т заасан итгэмжлэл олгогдоогүй тул Э.Төрсуваргаас Б.Билгүүнд олгосон итгэмжлэл хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шинжээч томилуулах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-т зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргасан боловч шүүхээс хангахаас татгалзсан. Дээрх хүсэлтүүдийг хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь дэмжиж байсан.

Төлөөлөх эрхгүй этгээдийг оролцуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Нэхэмжлэгчийн гаргасан дараах баримтууд нь гарын үсэг нь зөрүүтэй. Т Ф ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батжавын гарын үсэг мөн эсэх нь эргэлзээтэй. Хавтаст хэрэгт авагдсан дараах баримтууд дээрх Т Ф ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батжавын гарын үсгүүд зөрүүтэй байх бөгөөд 7 өөр гарын үсэг байна. Дээрх гарын үсгийн зөрүүтэй итгэмжлэлүүдээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Отгончимэг, А.Базар, Б.Амгаланбаатар нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон шүүхээс дээрх итгэмжлэлүүдийг тодруулаагүй. Үүнд: Т Ф ББСБ ХХК-аас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхэд гаргасан итгэмжлэл, 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 2361 тоот албан бичиг, Т Ф ББСБ ХХК-аас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн гаргасан итгэмжлэл, 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 04/325 дугаар албан бичиг, Т Ф ББСБ ХХК-аас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхэд гаргасан итгэмжлэл, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 04/659 дугаар албан бичиг дэх гарын үсэг нь өөр байхаас гадна, гүйцэтгэх захирал Б.Батжавын гарын үсэг мөн эсэх нь тодорхойгүй байна. Тухайлбал, дараах баримтууд дээрх гарын үсгүүд бүгд өөр байна. Т Ф ББСБ ХХК-аас Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд гаргасан хүсэлт, 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 04/477 дугаар албан бичиг, Т Ф ББСБ ХХК-аас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, тодруулах тухай, 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 04/490 дугаар албан бичиг, Т Ф ББСБ ХХК-аас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхэд гаргасан хүсэлт, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 04/547 дугаар албан бичиг, Т Ф ББСБ ХХК-аас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага ихэсгэх, тодруулах, 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 04/548 тоот албан бичиг, Т Ф ББСБ ХХК болон Ц.Д- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн албан бичиг, Т Ф ББСБ ХХК болон Ц.Д- нарын хооронд байгуулсан барьцааны гэрээ, 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн албан бичиг, Т Ф ББСБ ХХК-ийн мэдэгдэх хуудас, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 010 дугаар албан бичиг, Т Ф ББСБ ХХК-ийн мэдэгдэх хуудас, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 010 дугаар албан бичиг, Т Ф ББСБ ХХК-ийн мэдэгдэх хуудас, 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 010 дугаар албан бичиг, Т Ф ББСБ ХХК-аас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхэд гаргасан хүсэлт, 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 04/387 дугаар албан бичиг, барьцааны гэрээ, 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн албан бичиг.

Хэргийн оролцогч мөн эсэх нь эргэлзээтэй этгээдтэй мэтгэлцүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүсэлтүүдийг хүлээн авч хэрэг маргаан хянан шийдвэрлэсэн.

Шүүгч нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуулт асуухдаа өөрийн үзэл бодлоо тулгасан. Энэ нь зохигчийн гаргасан нотлох баримтын талаар ямар нэгэн дүгнэлт өгөхгүй байх, нэг талын баримтыг нөгөө тал баримтаар үгүйсгэсэн байхад түүнийг нь үнэлэхгүй байх, эсрэг талаас үгүйсгэгдээгүй баримтыг шүүх өөрөө үгүйсгэх зэрэг нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчсөн.

Шүүх нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй, бодитой талаас нь үнэлээгүй.

Зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд гүйцэтгэх захирал Б.Батжавын гарын үсгийг нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн болон шүүхэд гаргаж өгсөн бусад баримт дахь Б.Батжавын гарын үсэгтэй харьцуулж үзээгүй, хавтас хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээнд Б.Батжав гарын үсэг зурсан эсэх нь эргэлзээтэй.

Хэргийн 12 дугаар талд байх Б.Батжавын зээлийн гэрээнд зурсан гарын үсэг нь хэргийн 106, 107 дугаар талд авагдсан Б.Батжавын С.Бат-Өлзий, Э.Төрсуварга нарт олгосон итгэмжлэл дээрх гарын үсэг зөрүүтэй байсныг шүүх үнэлээгүй, Б.Батжавын гарын үсэг мөн гэх байдлаар дүгнэсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ... Ц.Дамдин- Ядам нь зээлийн гэрээг байгуулахад Б.Батжав байгаагүй, өөр этгээд зурсан, энэ Б.Батжавын гарын үсэг биш... гэж тайлбарласан.

Ц.Д-тай Т Ф ББСБ ХХК-ийн байгуулсан зээлийн болон барьцааны гэрээнд тамга дарагдаагүйг шүүгч үнэлээгүй. Хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 11, 12 дугаар бүлэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр бүлэг, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр бүлэгт заасан журмын дагуу хуулиар зөвшөөрөгдсөн арга хэрэгсэл, хэлбэрээр гаргасан, цугларсан, бүрдсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжтой болно. Хуулиар зөвшөөрөгдөөгүй арга хэрэгслээр олж авсан, хуульд заасан хэлбэрээр бэхжүүлээгүй, гэрчлэгдээгүй баримтыг шүүх нотлох баримт гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгож болохгүй. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж заасныг шүүх хэрэглээгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй нотолгооны ач холбогдолтой дараах нотлох баримтыг үнэлээгүй.

Шүүх ... Т Ф ББСБ ХХК-ийн зээлдэгчийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөөгүй, хугацаа хэтэрч байх тул үндсэн зээл, хүүгийн хамт төлөхийг шаардаж 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 020 дугаар, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 010 дугаар, 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 010 дугаартай мэдэгдлүүдийг зээлдэгч Ц.Д-д хүргүүлсэн гэж дүгнэсэн. Т Ф ББСБ ХХК-ийн мэдэгдэх хуудаст зурагдсан Т Ф ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батжавын гарын үсэг, зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт болон хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн албан бичгүүд дэх гарын үсэгтэй харьцуулан эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.

Хууль буруу тайлбарлан хэрэглэсэн.

Иргэний хуулийн 451 дугээр зүйлийн 451.2, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шүүх Т Ф ББСБ ХХК нь Ц.Д Ц.Э, нар 1 000 000 000 төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлж, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцож, зээлийн гэрээ байгуулан Т Ф ББСБ ХХК нь 1 000 000 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн, Ц.Д- нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх тус тус хүлээж гэрээг бичгээр байгуулж, талууд гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ гэж дүгнэсэн. Зээлийн болон барьцааны гэрээнд зурсан гарын үсэг нь тус ББСБ-ын захирал Б.Батжавынх биш болох нь хэргийн 106, 107 дахь талд авагдсан итгэмжлэл дэх гарын үсэгтэй харьцуулахад нотлогдоно.

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулахаар заажээ. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээг бичгээр байгуулаагүй гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар өгсөн авснаа буцаах үндэслэлтэй.

Шинжээч томилуулах хүсэлтийг хангахаас татгалзсан нь буруу. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу гурав этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шинжээч томилуулах хүсэлтийг шүүхэд гаргасан. Энэ нь зайлшгүй ач холбогдолтой нотлох баримтыг үнэлэхтэй холбоотой хүсэлт болно. Шүүх шинжээч томилохгүй хэрэг маргааныг хянан шийдвэрлэх нь нотлох баримтыг зргэлзээгүй талаас нь дүгнэхэд учир дутагдалтай. Шүүх шинжээч томилохоос татгалзсан үйл баримтын талаар хариуцагч маргаагүй гэх боловч 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаан болон 2021 оны 6 дугаар сарын 22, 23-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч шинжээч томилох хүсэлтийг дэмжсэн.

Нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцааны зүйлээр хангуулах үндэслэлийг тодруулаагүй. Б.Ань шүүх хуралдаанд оролцохгүй талаар бичгээр мэдэгдсэн гэж дүгнэснээс өөр үндэслэлийг заагаагүй. Гуравдагч этгээдийн зүгээс Б.Ань Т Ф ББСБ ХХК-ийн ажилтан тул нийгмийн даатгалын дэвтрийн лавлагаа гаргуулах хүсэлтийг гаргасан боловч хүлээн аваагүй. Гэрч С.Бат-Өлзий ... Т Ф ББСБ ХХК-ийн нэрийн өмнөөс зээлээ төлөөгүй тул Б.Алтангэрэлд 100 000 000 төгрөгөөр худалдсан. Ц.Д-аас зөвшөөрөл аваагүй ... гэж мэдүүлсэн. Б.Ань ямар үндэслэлээр худалдан авсан, худалдан авсан төлбөрийг Ц.Д-д төлөөгүй зэргээс тус хэлцлийг хүчин төгөлдөр мөн эсэхэд шүүх дүгнэлт өгөөгүйгээр барьцаа хөрөнгөөс хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Барьцааны гэрээнд шүүхийн журмаар барьцаа хөрөнгийг шилжүүлнэ гэж заасан боловч нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгийг хангуулсан үйл баримтаа дараа нь шүүхээр зөвтгөх гэснийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Т Ф ББСБ ХХК нь хариуцагч Ц.Д Б.Анарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 462 858 667 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргаснаас хариуцагч Б.Абарьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг, хариуцагч Ц.Д- үндсэн зээл 1 000 000 000 төгрөг, зээлийн хүү 2 322 582 төгрөг, нийт 1 002 322 582 төгрөг төлөхийг зөвшөөрч бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 580 дугаар тушаалаар Домог инвест ББСБ ХХК-ийн оноосон нэрийг Т Ф ББСБ ХХК болгон өөрчилсөн байна. /1хав-8х/

Т Ф ББСБ ХХК нь Ц.Д Ц.Э, нартай 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 1032130101000049 дугаартай зээлийн гэрээг байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч Т Ф ББСБ ХХК нь 1 000 000 000 төгрөгийг зээлдэгч Ц.Д Ц.Э, нарт зээлэх, зээлдэгч нар 1 000 000 000 төгрөгийг 24 сарын хугацаанд нэг сарын 2,8 хувийн хүүгийн хамт гэрээний хавсралтаар тогтоосон хуваарийн дагуу төлөхөөр тохиролцжээ. Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт зааснаар гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Уг гэрээнд гэрээний талууд гарын үсэг зурсан тул Б.Батжавын гарын үсэг зурсан эсэх нь эргэлзээтэй гэх гуравдагч этгээдийн гомдол үндэслэлгүй. /1хав-10-13-х/

Талууд дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр барьцааны гэрээг байгуулж Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 1 дүгээр байр, 29, 32 тоот хаягт байрлах 1 039,25 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан байна. /1хав-14-16-х/

Зээлдүүлэгч Т Ф ББСБ ХХК нь зээлийн гэрээний дагуу 1 000 000 000 төгрөгийг зээлдэгч Ц.Д-д шилжүүлэн өгсөн болох нь ХААН банк ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй тул зээлийн төлбөрийг хариуцагч Ц.Д-аас шаардах эрхтэй.

Талууд гэрээний 2.1.6-д ...нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна... гэж тохиролцсон ба уг тохиролцоо Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ... зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчид нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасантай нийцсэн тул хариуцагч нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч Т Ф ББСБ ХХК нь 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Ц.Д-тай 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан гэрээг 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн цуцалж, үндсэн зээл 1 000 000 000 төгрөг, зээлийн хүүд 337 636 288,41 төгрөг, нэмэгдүүлсэн 18 685 103,01 төгрөг, нийт 1 356 321 391 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлсэн байна. /1хав-65-66/

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг цуцлах эрхтэй. Гэрээг цуцлах эрхийг гэрээний талууд эдлэх тул талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр дуусгавар болсон гэж үзнэ.

Т Ф ББСБ ХХК болон Ц.Д- нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр дуусгавар болсон тул Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасан нэмэлт үүрэг нь мөн хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-д зааснаар дуусгавар тул нэхэмжлэгч нь хариуцагчаас дээрх хугацааны хойшх хугацаанд хамаарах зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй.

Хариуцагч Ц.Д- нь зээлийн төлбөрт 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 10 000 000 төгрөг, мөн оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 28 000 000 төгрөг, 8 дугаар сарын 27-ны өдөр 10 000 000 төгрөг, 11 дүгээр сарын 20-ны өдөр 40 000 000 төгрөг, нийт 88 000 000 төгрөг төлсөн болох нь ХААН банк ХХК-ийн депозит дансны хуулгаар тогтоогдсон энэ талаар талууд маргаагүй байна. /1хав-147-150-х/

Зээлийн гэрээний үүрэгт Ц.Д-ын төлөх үүргийг тооцвол, хариуцагч нь 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл нийт 15 сар, 7 хоногийн хугацааны зээлийн төлбөрт 1 406 239 997 төгрөг төлөх үүрэг үүссэн гэж үзэв. /1 000 000 000 төгрөг х 2,8 хувь= 28 000 000 төгрөг /1 сарын хүү/, 28 000 000 төгрөг : 30 хоног= 933 333 төгрөг /1 өдрийн хүү/, 28 000 000 төгрөг х 15 сар= 420 000 000 төгрөг, 7 хоног х 933 333 төгрөг = 6 533 331 төгрөг, зээлийн хүүд /420 000 000 + 6 533 331 төгрөг/, нийт 426 533 331 төгрөг төлөхөөс хариуцагчийн төлсөн 88 000 000 төгрөгийг хасахад 338 533 331 төгрөгийн зээлийн хүү төлөх үүрэгтэй. Зээлдэгчийн төлөх үндсэн хүү 338 533 331 төгрөгөөс нэмэгдүүлсэн хүүг 20 хувиар тооцвол 67 706 666 төгрөг болно. Иймд хариуцагч нь үндсэн зээл 1 000 000 000 төгрөг, зээлийн хүүд 338 533 331 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67 706 666 төгрөг, нийт 1 406 239 997 төгрөг төлөх үүрэгтэй боловч нэхэмжлэгчийн шаардсан 1 356 321 391 төгрөгөөр зээлийн гэрээний үүргийг тооцох нь талуудын зарчимд нийцнэ.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлйин 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Д-аас 1 356 321 391 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т Ф ББСБ ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Т Ф ББСБ ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран зээлдэгч буюу хамтран хариуцагч Ц.Э,д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар баталж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

С.Бат-Өлзий Т Ф ББСБ ХХК-ийг төлөөлж 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Б.Алтангэрэлтэй худалдах, худалдан авах гэрээг байгуулж Т Ф ББСБ ХХК болон Ц.Д- нарын байгуулсан зээлийн гэрээний барьцааны зүйл болох Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 1 дүгээр байр, 29, 32 тоот хаягт байрлах 1 039,25 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан байна. /1хав-115-116-х/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад З.Мандах бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргаж улмаар анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШЗ2020/13061 дугаар захирамжаар түүнийг энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцуулсан байна. /1хав-85, 110-х/

З.Мандах нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 1 дүгээр байр, 29, 32 тоот хаягт байрлах 1 039,25 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хууль бусаар шилжүүлснийг шалгуулах хүсэлт гаргаж улмаар хэрэг бүртгэлийн 191002712 дугаартай хэрэг нээсэн болох нь мөрдөгчийн тогтоолоор тогтоогджээ. /2 хав-88-91х/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-т уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаар татгалзана гэж заасан тул нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүргийг барьцааны зүйлээр хангуулах шаардлагыг шүүх шийдвэрлэх боломжгүй гэж үзэв.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т Ф ББСБ ХХК-ийн хариуцагч Ц.Д-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо, Т Ф ББСБ ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд Б.Билгүүнд итгэмжлэл олгосон байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаагүй гэх гомдол үндэслэлгүй.

Учир нь Т Ф ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батжав болох нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Батжав 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Б.Билгүүнд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх эрхийг олгожээ. /1хав-5-6/ Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд гэж үзэх үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгч тал өөрийн төлөөлж буй этгээдийн талаар маргаагүй, төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа нь гуравдагч этгээдийн эрхийг зөрчөөгүй.

Түүнчлэн, гуравдагч этгээдийн өмгөөлөгч хэрэг авагдсан баримтад зурагдсан гарын үсэг нь Т Ф ББСБ ХХК-ийн захирал Б.Батжавын гарын үсэгтэй тохирч байгаа эсэхийг тодруулахаар шинжээч томилуулах хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШЗ2021/03322 дугаар захирамжаар хангахаас татгалзсаныг буруутгахгүй.

Гуравдагч этгээдийн нэрлэн зааж буй баримт дахь гарын үсэг Т Ф ББСБ ХХК-ийн захирал Б.Батжавын гарын үсэгтэй тохирохгүй байгаа нь Т Ф ББСБ ХХК болон Ц.Д-ын нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхтэй холбоотой маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй. Өөрөөр хэлбэл, гэрээний талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно. /2хав-25-26/

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2021/01279 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Д-аас 1 356 321 391 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т Ф ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 106 637 276 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т Ф ББСБ ХХК-ийн хариуцагч Ц.Д-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

4 дэх заалтын ...7 032 243 төгрөг... гэснийг ...6 939 559 төгрөг... гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 273 019 төгрөг, гуравдагч этгээдийн төлсөн 7 032 243 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

Д.БАЙГАЛМАА