Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2024/00032

 

 

Л.Х-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2023/01332 дугаар шийдвэртэй,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 207/МА2023/00099 дүгээр магадлалтай,

Л.Х-гийн нэхэмжлэлтэй,

МС-ийн төвд холбогдох

МС-ийн төвийн захирлын 2023.05.04-ний өдрийн Б/50 дугаар тушаалыг хүчингүй болгож, дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А-ын гаргасан хяналтын гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Л.Х-

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А-, С.О

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Я

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Л.Х- МС-ийн төвд холбогдуулан тус газрын захирлын 2023.05.04-ний өдрийн Б/50 дугаар тушаалыг хүчингүй болгож дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.18-ны өдрийн 142/ШШ2023/01332 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Х-г Орхон аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны багшийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5,994,938.5 төгрөгийг хариуцагч Орхон аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс гаргуулж нэхэмжлэгч Л.Х-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Орхон аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2023.05.04-ний өдрийн Б/50 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт олгох 5,994,938.5 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад шимтгэлүүдийг суутган холбогдох байгууллагад шилжүүлэн, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамж төлснийг баталгаажуулахыг хариуцагч Орхон аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн санхүүд үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Л.Х- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар хариуцагч Орхон аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс улсын тэмдэгтийн хураамжил 181,069 төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.12.14-ний өдрийн 207/МА2023/00099 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.18-ны өдрийн 142/ШШ2023/01332 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч Л.Х-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч Д.Тунгалагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181,069 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А- хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

4.1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.12.14-ний өдрийн 207/МА2023/00099 дүгээр магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3-т заасан үндэслэлээр гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн. Тодруулбал, ажилтан мэргэжлийн хувьд ажлын байрны шаардлага хангахгүй, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болсон нь салбарын болон тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг шаардана. Гэвч хэрэгт авагдсан баримтаар Л.Х- мэргэжлийн хувьд ажлын байрны шаардлага хангахгүй, тэнцэхгүй болсныг тогтоосон салбарын болон тухайн байгууллагын комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэсэн.

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.11-т зааснаар Л.Х-гийн мэргэжлийн ур чадварыг Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тэнцэхгүй болохыг тогтоосон тохиолдолд ажлаас халах үндэслэлтэй гэж дүгнэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх “... Л.Х-г мэргэжлийн хувьд ажлын байрны шаардлага хангахгүй, тэнцэхгүй болсныг тогтоосон салбарын болон тухайн байгууллагын комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гаргахыг шаардана. Ийм шийдвэр гараагүй гэж дүгнэн Л.Х-г дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн хуульд нийцээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Мөн Л.Х-г MNS6890:2020 стандарт болон ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэрийг буруутгах боломжгүй байхад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй” гэж Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай болон Хөдөлмөрийн тухай хуулийг зөрүүтэй тайлбарласан.

Түүнчлэн, Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт “Багш мэргэжлээр их дээд сургууль төгсөөгүй дээд боловсролтой төгсөгчид багшлах эрх олгох, сунгах шалгалтыг зохион байгуулна” гэж заасны дагуу Л.Х- Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас зохион байгуулсан сургалтад сууж багшлах эрхийг авч MNS 6890:2020 стандарт заасан багш нь нийгмийн ажилтан эсвэл багш мэргэжилтэй, харилцах ур чадвартай байна гэсэн шаардлагыг хангасан байхад давж заалдах шатны шүүх дээрх хуулийг үнэлэхгүйгээр стандартыг баримтлан хуулийг буруу тайлбарлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон.

4.2. Монгол Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хуулийг тайлбарлан хэрэглэсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... Л.Х-г ажлаас халахдаа ур чадвар, ажлын шаардлагад тэнцэхгүй гэж ажлаас чөлөөлөөгүй. Харин мэргэжлийн хувьд ажлын байрны шаардлага хангахгүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн” гэж тайлбарласан. Л.Х- багшлах эрхийг зохих байгууллагаас авсан тул багш гэж үзнэ. Түүнийг МАН-ын гишүүн, урьд нь шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн талаар болон Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолыг тайлбарласан боловч давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолоос өөрөөр тайлбарласан. Мөн стандартыг Хөдөлмөрийн тухай хуулиас дээгүүр үнэлж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Улсын дээд шүүхийн тогтоолд ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэдгийг тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох, комисс, аттестачлалын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт гарсан байхыг ойлгоно. Харин хуульд өөрөөр заагаагүй бол боловсролын үнэмлэхгүй буюу дээд боловсролгүй нь ажил олгогчоос ажилтныг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэх, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй гэж тайлбарласан байхад давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг өөрөөр тайлбарласан. Иймд Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.12.14-ний өдрийн 99 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.18-ны өдрийн 142/ШШ2023/01332 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А-ын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.02.01-ний өдрийн 001/ШХТ2024/00196 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

7. Нэхэмжлэгч Л.Х- хариуцагч МС-ийн төвд холбогдуулан тус төвийн захирлын 2023.05.04-ний өдрийн Б/50 дугаар тушаалыг хүчингүй болгож дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд  өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ “... 2001-2005 онд МУИС-ийг Бизнесийн удирдлага мэргэжлээр бакалавр, 2018-2019 онд ШУТИС-ийг Үйлдвэрийн менежментийн магистр, 2019 онд Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны мэргэжлийн боловсролын сургуулийн багшлах эрхийн сургалтад хамрагдаж багшлах эрх авсан байхад ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 6.3.5.2-т заасныг үндэслэн Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын дотуур байрны орчин, үйлчилгээний ерөнхий шаардлага MNS 6890:2020 стандартад дотуур байрны багш нь “нийгмийн ажилтан эсвэл багш мэргэжилтэй” байна гэсэн шаардлагыг хангаагүй гэж ажлаас чөлөөлсөн. Боловсрол шинжлэх ухааны сайдын 2023.03.21-ний өдрийн А/114 дугаар тушаал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023.02.17-ны өдрийн ХЭГ/595 дугаар чиглэл хүргүүлэх тухай албан бичиг, Орхон аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2023.03.28-ны өдрийн 47 дугаар хариу ирүүлэх тухай албан бичиг нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлд хамаарахгүй” гэж тодорхойлсон,

Хариуцагч Орхон аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “... Л.Х- нь Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын дотуур байрны орчин, үйлчилгээний ерөнхий шаардлага MNS 6890:2020 стандартад заасан дотуур байрны багш нь нийгмийн ажилтан эсвэл багш мэргэжилтэй, хүүхэд, өсвөр үе, залуучуудтай 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байна гэсэн шаардлагыг хангаагүй... Л.Х-г ур чадвар, ажлын шаардлагад тэнцэхгүй гэж ажлаас чөлөөлөөгүй, мэргэжлийн хувьд ажлын байрны шаардлага хангахгүй гэсэн үндэслэлээр чөлөөлсөн Захирлын зөвлөлийн 2022.12.21-ний өдрийн хурлаар ажлын байрны шаардлагад нийцэж хөрвөн суралцах санал тавьсан боловч суралцаагүй. Багшлах эрх, багш мэргэжил 2 нь өөр зүйл. Багш гэдэг нь боловсрол сургалтын чиглэлээр бакалавр, магадлан итгэмжлэлийн сургалтын хөтөлбөрийг хангаж суралцсан байх шаардлагатай. Багшлах эрх нь тухайн мэргэжлээрээ хэн ч багшлах эрх авч болно.  Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасныг тус төвийн захирлын 2023.05.04-ний өдрийн Б/50 дугаар тушаал зөрчөөгүй, ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй ...” гэж тайлбарласан байна.  

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ: “...хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар Л.Х-г мэргэжлийн хувьд ажлын байрны шаардлага хангахгүй, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтэй тэнцэхгүй болсныг тогтоосон салбарын болон тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. ... тус төвийн захирлын зөвлөлийн хуралдааны 2022.12.21-ний өдрийн тэмдэглэл, “Шүүр” ажиллагааны хүрээнд зохион байгуулсан ажлын тайлан, Орхон аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2023.03.28-ны өдрийн 47 дугаар албан бичиг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023.03.17-ны ХЭТ/595 дугаар “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичиг, Боловсрол шинжлэх ухааны сайдын 2023.03.21-ний өдрийн А/114 дүгээр “Шүүр ажиллагааг зохион байгуулах тухай” тушаал, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын дотуур байрны орчин, үйлчилгээний ерөнхий шаардлага MNS 6890:2020 стандарт зэрэг баримтуудыг Л.Х-гийн талаар ... салбарын болон тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр үзэх үндэслэлгүй ... Л.Х- мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй, мэргэжлийн хувьд ажил байрны шаардлага хангахгүй болсон нь тогтоогдоогүй байхад хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасантай нийцээгүй...” гэсэн дүгнэлт хийсэн.

9. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...Хариуцагч байгууллага Л.Х-г ур чадвар, ажлын шаардлагад тэнцэхгүй гэж ажлаас чөлөөлөөгүй харин мэргэжлийн хувьд ажлын байрны шаардлага хангахгүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байхад анхан шатны шүүх ажилтан мэргэжлийн хувьд ажлын байрны шаардлага хангахгүй болсон, мөн мэргэжлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй нь салбарын болон байгууллагын мэргэжил ур чадварын түвшин тогтоох комиссын дүгнэлт гараагүй гэж Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарласан. Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын дотуур байрны орчин үйлчилгээ, ерөнхий шаардлага MNS 6890:2020 стандартын 6 дугаар зүйлийн 6.3-т “Дотуур байрны багш нь нийгмийн ажилтан эсвэл багш мэргэжилтэй, хүүхэд өсвөр үе, залуучуудтай 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай, тэдэнтэй ярилцах, ойлголцох, харилцах ур чадвартай байна” гэсэн шаардлага тавьсан. Л.Х-гийн 2019.09.30-ны өдрийн багшлах үнэмлэх, ХНХЯ-ны мэргэжлийн боловсрол сургалтын хангайн бүсийн арга зүйн төвөөс олгосон МБС-01-19007 дугаар гэрчилгээг мэргэжлийн боловсролын байгууллагын “Багш”-ийн үндсэн мэргэжил эзэмшсэн гэж үзэх үндэслэлгүй. MNS 6890:2020 стандарт болон ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй тул энэ үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэрийг буруутгах боломжгүй...” гэж үзжээ.

10. Анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан зохицуулалтыг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн тухай  нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын дагуу хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэл болсон.

11. Зохигчийн тайлбар, хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Л.Х- нь хариуцагч МС-ийн төвд 2020 оны 01 дүгээр сараас дотуур байрны жижүүрээр, 2022 оны 02 дугаар сараас дотуур байрны багшаар, 2020.10.04-ний өдрөөс дотуур байрны багшаар хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаад тус төвийн захирлын 2023.05.04-ний өдрийн Б/50 дугаар тушаалаар  ажлаас чөлөөлөгдсөн ба ажил олгогчийн уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, хөдөлмөрийн дотоод журмын 6.3.5.2-т заасныг үндэслэн Л.Х-г мэргэжлийн хувьд Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын дотуур байрын орчин, үйлчилгээ, ерөнхий шаардлага МNS 6890:2020 стандартын 6.3-т заасан шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр 2023.05.04-ний өдрөөс эхлэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалжээ.

12. Өмнө нь үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай (1999 оны) хуулийн 40 зүйлийн 40.1.2.-т зааснаар “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж болохоор зохицуулсан бөгөөд Улсын Дээд шүүхийн 2006.07.03-ны  өдрийн 33 дугаар тогтоолоор уг хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасан "ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон" гэдгийг “ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно” гэж тайлбарласан.

13. Харин 2021.07.02-ны өдөр батлагдаж, 2022.01.01-ний өдрөөс эхлэн даган мөрдөж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 80 дугаар зүйлийн 80.1.2-т зааснаар ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон бол ажил олгогч санаачилгаараа ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж болохоор зохицуулжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан дээрх зохицуулалт нь өмнө нь үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн ижил асуудлыг зохицуулсан хэм хэмжээнээс ялгаатай ба  “эрүүл мэндийн хувьд” гэдгийг нь хасч, харин өмнө нь байсан “мэргэжил, ур чадвар”-аас гадна шинээр “мэргэжил, мэргэшлийн түвшин, ажлын гүйцэтгэлийн хувьд”  гэсэн ойлголтууд шинээр нэмэгджээ. 

14. Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан эдгээр ойлголтууд нь ялгаатай буюу мэргэжлийн хувьд тухайн ажлын байрны шаардлагыг хангахгүй байгаа тохиолдолд заавал салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийг тогтоох комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг шаардахгүй талаар дүгнэсэн нь буруу биш боловч тухайн тохиолдолд уг зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүй байна.

14.1. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай (2009 оны) хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт “Багшийн мэргэжил эзэмшээгүй орон тооны багш нь сургалтын заах арга зүй эзэмшиж, багшлах эрхийн үнэмлэх авсан байна” гэж, Бага, дунд боловсролын тухай (2002 оны) хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт “Багш бус мэргэжлийн хүн заах арга зүйн сургалтад хамрагдсаны дараа багшлах эрх авна.” гэж тус тус заасан ба нэхэмжлэгч Л.Х- багшлах эрхийн гэрчилгээтэй байна.

14.2. Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт “Багш мэргэжлээр их, дээд сургууль төгсөөгүй дээд боловсролтой төгсөгчид багшлах эрх олгох, сунгах шалгалтыг зохион байгуулна” гэж заасан ба Л.Х- нь бизнесийн удирдлагын бакалавр, магистр зэрэгтэй Үйлдвэрийн менежмент мэргэжилтэй боловч 2019 онд Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны мэргэжлийн боловсролын сургуулийн багшлах эрхийн сургалтад хамрагдаж багшлах эрхтэй болсноос гадна 2019 онд Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш нарт зориулсан Сургах зүйн чадамж эзэмшүүлэх сургалтад, 2022 онд дотуур байрны багшийг чадавхжуулах сургалтад тус тус хамрагдаж гэрчилгээ авсан байна.

14.3. Түүнчлэн, 2023.07.07-ны өдөр батлагдсан Боловсролын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэгт зааснаар багшаас бусад мэргэжилтэй иргэн багш бэлтгэх хувилбарт сургалтад хамрагдан багшаар ажиллаж болохыг хуулиар зөвшөөрсөн  байна.

15. Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын дотуур байрны орчин үйлчилгээ, ерөнхий шаардлага MNS 6890:2020 стандартын 6 дугаар зүйлийн 6.3-т “Багш нь нийгмийн ажилтан эсвэл багш мэргэжилтэй, хүүхэд, өсвөр үе, залуучуудтай 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай, тэдэнтэй ярилцах, ойлголцох, харилцах ур чадвартай байна” гэж заасан боловч хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Л.Х-г дотуур байрны багшийн ажилд анх томилохдоо уг  шаардлагыг тавиагүй байна.

Өөрөөр хэлбэл, ажлын байранд тавигдах шаардлагыг тухайн ажилтан хангаж байгаа эсэхийг ажил олгогч түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажилд авах үед шалган тогтоох үүрэгтэй бөгөөд ажилтныг тухайн ажилд авч, хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсгэсний дараа дээрх шаардлагыг үндэслэн ажилтныг ажлаас халсан нь буруу юм.

16. Иймд давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан зохицуулалтыг тухайн тохиолдолд буюу хэргийн нөхцөл байдалд буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгов.

17. Анхан шатны шүүх “...захирлын зөвлөлийн хуралдааны 2022.12.21-ний өдрийн тэмдэглэл, “Шүүр” ажиллагааны хүрээнд зохион байгуулсан ажлын тайлан, Орхон аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2023.03.28-ны өдрийн 47 дугаар албан бичиг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023.03.17-ны ХЭТ/595 дугаар “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичиг, Боловсрол шинжлэх ухааны сайдын 2023.03.21-ний өдрийн А/114 дүгээр “Шүүр ажиллагааг зохион байгуулах тухай” тушаал... зэрэг баримтуудыг Л.Х-гийн талаар ... салбарын болон тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр үзэх үндэслэлгүй болохыг зөв  дүгнэсэн.  

Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан зохицуулалт нь өмнөх Хөдөлмөрийн хуулийн тухайн зохицуулалтаас ялгаатай байхад бүх тохиолдолд  мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын дүгнэлт гарсан байхыг шаардана гэсэн агуулгаар  дүгнэснийг  хяналтын шатны шүүхээс дээрх байдлаар залруулан дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байна.

18. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т ”... Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино“ гэж заасан.

МС-ийн төвийн Захирлын зөвлөлийн 2022.12.21-ний өдрийн хурлаар ....Л.Х- нь бизнесийн удирдлагын чиглэлээр  хичээл орох бол багшлах эрх нь үйлчилнэ, харин дотуур байрны багш нь заавал мэргэжлийн багш байх шаардлага тавигдаж байгаа ... талаар хэлэлцсэн байх боловч 2023.05.04-ний өдөр ажлаас чөлөөлснийг багш бус мэргэжлээс багш мэргэжлээр хөрвөн суралцах боломжит хугацаа олгосон гэж үзэхээргүй байгааг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 207/МА2023/00099 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2023/01332 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Л.Х- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТЧИМЭГ

    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                      Н.БАТЗОРИГ

                                                                      П.ЗОЛЗАЯА

                                                                        Д.ЦОЛМОН