Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 207/МА2023/00099

 

2023 12 14 207/МА2023/000.....

 

 

Ж.Л-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч

О- үйлдвэрлэлийн

төвд холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.А, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2023/........ дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ж.Л-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О- төвд холбогдох,

Тус төвийн захирлын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б\.... дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н-ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Л нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н, нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ж.Л би миний бие М-д анх 2018 оны 03 дугаар сард дотуур байр ашиглалтанд ороход анх ажилд орсон. 2020 оны 01 дүгээр сараас дотуур байрны жижүүр, дараа нь 2022 оны 02 сараас дотуур байрны багшаар томилж, ажлаас чөлөөлөх тушаал гарах хүртэл ажилласан. Миний эзэмшсэн боловсрол мэргэжил: 1984-1994 онд Ерөнхий боловсролын сургуулийн 10-р анги, 2001-2005 онд М-ийг Бизнесийн удирдлага мэргэжпээр бакалавр, 2018-2019 онд ШУТИС-ийш үйлдвэрийн менежментийн магистр, 2019 онд хөдөлмөр, нийгэм хамгаалалын яамны мэргэжлийн боловсролын сургуулийн багшлах эрхийн сургалтанд хамрагдаж, багшлах эрх авсан. ...Б\.... дугаартай тушаалаар Дотуур байрны багш Ж.Л намайг ... мэргэжлийн хувьд мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын дотуур байрны орчин, үйлчилгээ MNS6890:2020 стандартын ерөнхий шаардалгын 6.3 дахь шаардалгыг хангахгүй байгаа тул 2023 оны 05 сарын 04 ний өдрөөс эхлэнэ хөдөлөр эрхлэлтийн харилцааг цуцалсугай. Гэсэн нь миний Монгол улсын Үндсэн хуульд зааасан хөдөлмөрлөх эрхийг хуулийн үндэслэл муутайгаар хууль зөрчиж, хөдөлмөр эрхлэлтийн хариулцааг дуусгавар болгож байгаа нь буруу юм. 2023 оны 04 сарын 04-ний өдөрийн мэдэгдэх хуудаст дурдсан ...Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2023 оны 03 дугаар сарын 21 ний өдрийн А/...... тоот тушаал, Монгол улсын засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 дугаар сарын 17 ны өдрийн ХЭГ/.... Чиглэл хүргүүлэх тухай Орхон аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2023 оны 03 сарын 28-ны ..... хариу ирүүлэх тухай чиглэлийн дагуу... гэсэн үйл баримтууд нь Н.Л миний хөдөлмөрлөх эрхийн харилцааг дуусгавар болгоход хамааралгүй болно. Захирлын Б\.... дугаартай тушаалыг хүчингүй болгож, Н.Л намайг дотуур байрны багшийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байгаа хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл олгохыг ажил олгогч М-д даалгасан шийдвэр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би анхны дотуур байранд анхны дотуур байрны багшаар ороход тухайн ажилд тэнцэнэ гэж ажилд авсан. 2022 оны 09 дүгээр сард хичээлийн жил эхлэхэд сахилгын арга хэмжээ аваад шүүхээр ороход миний талд шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотой өшөө хорслоор намайг ажлаас халсан гэж үзэж байна. ...Би өөрийгөө байнга хөгжүүлж, бакалавр, магистрын зэрэгтэй болсон. Бүгд сургуулийн үйл ажиллагаатай нягт холбоотой. Мөн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зохион байгуулсан багшийн хөгжлийн сургалтад хамрагдаж батламж авсан. Боловсролын яамнаас зохион байгуулсан 2021 оны сургалтад өмнөх бүх удирдлагуудайгаа Чадамжийн үнэлгээний ажилтан гэх модул 1, 2-т хамрагдсан. 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хурлаар Б.Т багш Багш нь судалъя, удирдлагуудад хандъя гэдэг зүйл ярьсан. Хурлын дараа Б.Т багштай уулзахад асуудлыг хүчээр хойшлуулсаар байгаад 2023 оны 04 дүгээр сарын 04-нд надад мэдэгдэх хуудас өгсөн. Мэдэгдэх хуудас, нөгөө талаараа шүүр ажиллагаа нь төрийн үйлчилгээний албан хаагчид хамаарахгүй, гэсэн боловч намайг хүчээр төрийн үйлчилгээний албанд оруулсан. Сургалтын менежер шүүр ажиллагаатай холбоотой ажлын байранд тэнцэхгүй гэж тогтоосон ажлын комисст ажилласан. Хэн, ямар шаардлагад тэнцэхгүй байгаа талаар дүрэм, хурлын протокол зэрэг нотлох баримт байхгүй, тухайн сургуулийн 60 гаруй багшийн амьдралыг шийдэж байж сургалтын менежер тус комисст байгаагүй. Би тус байгууллагад 6 дахь жилдээ хүүхдүүдтэй ажиллаж байна. Яригдаж байгаа стандарт нь 2022 оных ба би 2018 онд ажилд ороод, 2022 онд эгүүлэн багшаар томилогдсон. Одоогийн байдлаар та болохгүй байна гэсэн шаардлага тавьж байгаагүй байж өмнөх шүүх хуралдаантай холбогдуулж, мөн шүүр ажиллагаатай хавсран намайг унагаж байна. Шүүр ажиллагаааар надтай хамт ажлаас чөлөөлөгдсөн Д багшийг буцааж ажилд нь авсан. Ажилдаа дуртай, хөгжиж боловсорч байгаа хүнийг ажилдаа тэнцэхгүй гэж байгаа боловч хуулиар би ажлын байранд тавигдах шаардлагад тэнцэж байна. Тухайн ажиллагаанд байсан хүмүүс бүгд Авилгатай тэмцэх газраас шалгагдаж, ажлаас чөлөөлөгдсөн гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ж.Л нь Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т багш мэргэжлээр их, дээд сургууль төгсөөгүй дээд боловсролтой төгсөгчид багшлах эрх олгох, сунгах шалгалтыг зохион байгуулна гэсний дагуу сургалтанд сууж багшлах эрхийн гэрчилгээ авсан. Дотуур байрны багшаар ажиллаж байхад сургуулийн захирал мэргэжлийн ур чадвар, ажлын гүйцэтгэлээр тэнцэхгүй байна гэж ажлаас халсан. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын багш тухайн мэргэжлийн чиглэлээр бакалавр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй, эсхүл үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт гурваас доошгүй жил ажилласан туршлагатай, мэргэшлийн өндөр ур чадвартай, багшлах эрхийн гэрчилгээтэй байна гэж заасан байдаг. ... Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т зааснаар ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон шалтгаанаар ажлаас халах бол салбарын болон тухайн байгууллагын мэргэжилтэн ур чадварын түвшин тогтоох тухай мэргэжил, аттестатчиллын төрөл болон магадлал комиссын албан ёсны шийдвэр, дүгнэлт гарсан байх шаардлагатай. Тус хуульд заагаагүй бол дээд боловсролгүй гэх шалтгаан нь ажил олгогчоос ажилтныг мэргэжлийн ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажилд тэнцэхгүй гэж үзэх, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй гэж Улсын дээд шүүхээс тодорхой тайлбарласан байдаг. Иймд М-ийн захирлын Б/.... тоот тушаал үндэслэлгүй байх тул Ж.Л- ажилд эгүүлэн томилж, эгүүлэн томилох хүртэлх хугацааны цалинг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Дээрээс өгсөн чиглэлээр ажилд орсон хүн гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэллээ. Та үүнийгээ тогтоогоод шүүр ажиллагаа нийтийн болон удирдах албан тушаалтнуудыг хамруулдаг болохоос биш үйлчилгээний албан хаагчдыг хамруулах нь гол ажиллагаа биш. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариу татгалзлаа нотлох үүрэгтэй байдаг. ...Монгол улсын Боловсролын ерөнхий хууль 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж хэрэгжсэнтэй холбогдуулан Боловсролын тухай хууль хүчингүй болсон. Ж.Л-ийн багшлах эрхийн гэрчилгээ одоог хүртэл хүчинтэй, Боловсролын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д дээд боловсролын сургалтын байгууллага магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр багшийг бэлтгэнэ. Багшаас бусад мэргэжилтэй иргэн багш бэлтгэх хувилбарт сургалтад хамрагдан багшаар ажиллаж болно гэж заасны дагуу дотуур байрны багшаар ажиллаж байгаа нь хууль, эрх зүйн хүрээнд хүлээн зөвшөөрөгдөж байна. Дотуур байрны багш нь хүүхдэд төрөлжсөн хичээл заадаггүй, багшлах эрхийн гэрчилгээтэй бол дотуур байрны багшаар ажиллах боломжтой гэж хуулиар заасан байдаг. Боловсролын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.9-д багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 8.5-д заасан багшлах эрхийг энэ хуулийн 12.8-д заасан багшлах эрхийн гэрчилгээтэйд тооцно гэж заасан байдаг. Мөн мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговрыг тооцох аргачлалыг заасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэсний дагуу Ж.Л- ажилдаа эгүүлэн тогтоох хүртэлх хугацааны цалинг олгохыг даалгах нь хууль зүйн үндэслэл бүхий байна. Тус хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон нь ажил олгогчоос ажилтанд ажилласан хугацаанд нь олгох цалин хөлс, алданги, олговор, нөхөн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж заасан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар ажлын мэргэжил, мэргэшлийн ур чадвараар тэнцэхгүй байхыг нотлох баримт байхгүй байх тул Орхон аймгийн М-д холбогдох М-ийн захирлын Б/.... дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, дотуур байрны багшийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах үндэслэлтэй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна гэжээ.

Хариуцагч О- төв шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

М-ийн захирал нь Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/...... тоот тушаал, Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/.... "Чиглэл хүргүүлэх тухай" албан бичиг, Орхон аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2023 оны 03 дугаар 28-ны ..... хариу ирүүлэх тухай чиглэлийн дагуу тус сургалтын байгууллагын багш, ажилтнуудын мэргэжил, мэргэшлийн байдалд дотоод хяналт, үнэлгээ хийх зорилго бүхий ажлын хэсгийг байгуулан ажилласан. Тус ажлын хэсгийн ахлагчаар Дотоод чанарын баталгаажилт, статистик хариуцсан ахлах ажилтан Д.Бүрэнжаргал, гишүүдэд: Хүний нөөц, гадаад харилцаа хариуцсан ажилтан М.Э, Арга зүйч багш Б.С, Захирлын туслах, бичиг хэрэг, архивын ажилтан М.Н нар ажилласан ба дотуур байрны багш Ж.Л нь "Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын дотуур байрны орчин, үйлчилгээ, Ерөнхий шаардлага MNS6890:2020 стандарт-Дотуур байрны багш нь багш, нийгмийн ажилтан байна" гэсэн шаардлагыг хангахгүй байсан. Ийм учраас "Дотуур байрны багш"-ийн мэргэжил, ажлын байрны шаардлагыг хангахгүй байгаа тул Жамсрангийн Л-Д таныг 2023 оны 05 дугаар сарын 04-ны өдрөөс ажлаас чөлөөлөхийг мэдэгдье." гэсэн мэдэгдлийг 2023 оны 04 сарын 04-ний өдөр түүнд хүргүүлсэн. Энэ өдрөөс хойш 30 хоног болоход мэдэгдэлд заасан үндэслэлийн талаар Ж.Л нь сургуулийн захиргаанд ямар нэгэн тайлбар, баримт ирүүлээгүй тул 2023-05-04-ний өдөр Захирлын Б/.... дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь заалтыг үндэслэл болгон түүнийг ажлаас чөлөөлсөн. Дотуур байр бол хүүхэд амьдрах, сурч хөгжих, хүмүүжих, боловсрол сургалтын байгууллагын онцгой орчин учраас тэнд бакалавраас доошгүй боловсролтой нийгмийн ажилтан юм уу эсвэл яг сурган хүмүүжүүлэх, заах арга судалсан багш гэсэн мэргэжилтэй хүнийг ажиллуулах шаардлагыг улсын хэмжээнд тавьж байгаа. Багш Л-Дд 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Захирлын зөвлөлийн хуралдаанаар тухайн ажлын байранд ажиллахад мэргэжил таарахгүй байгаа тул хөрвөн сурах саналыг тавьсан боловч одоо хүртэл хөрвөн суралцаагүй. Иймд О-, үйлдвэрлэлийн захирлын Ж.Л- учир заалтын шаардлагыг дотуур байрны багшаас чөлөөлсөн Б/.... тоот тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн дахь 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь заалтын шаардлагыг хангасан учир Ж.Л-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу. Шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцоно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ж.Л-ийн ажлын байранд багшийн мэргэжил шаарддаг, Боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан боловсролын туслах ажилтан биш, боловсролын үндсэн ажилтан. Ж.Л нь 2018 онд сонгон шалгаруулалтгүйгээр дээрээс өгсөн чиглэлийн дагуу М-ийн дотуур байрны багшаар томилогдсон. Ажлын байрны шаардлагаар дотуур байрны жижүүр хийж байгаад буцаад дотуур байрны багшаар ажилласан. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т багшийн мэргэжлийн түвшинг хангасан байх ёстой гэсэн хуулийн шаардлага байдаг. Ж.Л нь бизнесийн удирлага чиглэлээр бакалавр, магистрийн дипломтой, эдийн засаг бизнесийн мэргэжилтэй хүн. Үүнээс хойш сургалт зүйн чадамж, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, дотуур байрны хүүхдийн хамгаалал, санхүүгийн тайлан гаргах зэрэг түр сургалтуудад хамрагдаж гэрчилгээ авсан. Энэ суралцсан сургалтууд нь Боловсролын тухай хууль болон Боловсролын ерөнхий газрын магадлан итгэмжлэлийн дүрмийн дагуу албан ёсны мэргэжил биш. Ажлын байранд тавигдаж байгаа шаардлагад тэнцэхгүй байгаа учраас 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр энэ талаар ярилцсан тэмдэглэл байдаг. Үүнд үндсэн мэргэжлээрээ буюу бизнесийн удирдлага чиглэлээр хичээл заах хөтөлбөр гарвал ажиллах боломжтой. Багшийн мэргэжил бол өөр зүйл, багшийн мэргэжил олгох сургуульд суралц гэж зөвлөөд, Ж.Л нь зөвлөлдөөд ажлаас гарсан. 2023 оны 04 дүгээр сарын 04-нд Ж.Лд таны хийж байгаа ажилд таны мэргэжил тэнцэхгүй байна, ажил мэргэжилд тохирохгүй хүнийг ажлаас чөлөөлөх чиглэл ирсэн байна гэх утгатай мэдэгдэл хүргүүлсэн. Энэ шаардлага хангагдаагүй учраас 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдөр М-ийн захирлын Б/.... дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т зааснаар ажлаас чөлөөлсөн. MNS 6890:2020 стандартын шаардлага нь дотуур байрны багш нь багш, нийгмийн ажилтан нь бакалаврын зэрэгтэй, хүүхэдтэй 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх шаардлагыг хангахгүй байна гэж үзээд тус тушаал гарсан. Туслах ажилтнаас бусад багш, удирдах албан тушаалтнуудад Төрийн албаны тухай хууль хамаардаг. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан ил тод байх, захирах, захирагдах ёсыг баримтлах зарчмын дагуу ажил мэргэжилд тохирохгүй байгаа 2 хүний тайланг гаргаж Боловсролын ерөнхий газарт хүргүүлсэн. Ж.Л- шууд үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй. Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/...... дугаартай тушаалд хууль тогтоомжийн шаардлага хангахгүй томилогдсон гэх агуулга байдаг. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд боловсролын стандартыг хангасан байхыг заасан, дотуур байрны багшийн хувьд MNS 6890:2020 гэх стандартыг хангах ёстой. Үүнийг хангахгүй байгаа нь ажлын байрны стандартыг хангахгүй байна гэсэн үг юм. Орхон политехникийн коллеж байгуулагдвал бизнесийн чиглэлээр багшлах боломжтой, дотуур байрны багшаар ажиллах боломжгүй. Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэгдсэнтэй холбоотой Орхон М-ийн ажил олгогч, ажилчид хөдөлмөрийн гэрээгээ шинэчилж, хөдөлмөрийн дотоод журам өөрчлөгдсөн. Дотоод журмын 6.1.1-д ажлын байранд сул орон тоо гарсан тохиолдолд сонгон шалгаруулалт явуулж сонгон шалгаруулж авна гэж заасан, дотуур байрны багшийн ажлын байрны тодорхойлолтыг 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс дагаж мөрдөхөөр шинэчилсэн. Үүнийг Төрийн албаны зөвлөлийн загварын дагуу дотуур байрны багш нь бакалавр буюу түүнээс дээш мэргэжилтэй, нийгмийн ажилтнаар мэргэшсэн, боловсролын байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан байх шаардлага тавигдсан. Ж.Л нь дээд боловсролтой, магистрын зэрэгтэй хүн заавал дотуур байрны багшаар ажиллана гэж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй байна. Боловсролын тухай хууль, ажлын газрын тодорхойлолт, Хөдөлмөрийн тухай хуулийг Орхон М-ийн захирлын Б/.... дугаартай тушаал нь зөрчөөгүй учраас Ж.Л- ажилд эгүүлэн тогтоох нь үндэслэлгүй байна. Сургалтын менежер Б.Т нь захирлын ажлыг хавсран ажиллаж байгаа. Ж.Л- ажилд орох үед дотуур байрны багшийн ажилд сонгон шалгаруулалт зарлаагүй, ажилд орох өргөдөл байдаггүй. Багшлах эрх, багш мэргэжил 2 нь өөр зүйл. Багш гэдэг нь боловсрол, сургалтын чиглэлээр бакалавр, магадлан итгэмжлэлийн сургалтын хөтөлбөрийг хангаж суралцсан байх шаардлагатай. Багшлах эрх нь тухайн мэргэжлээрээ хэн ч багшлах эрх авч болно, харин багш мэргэжил өөр зүйл. Ж.Л- ур чадвар, ажлын шаардлагад тэнцэхгүй гэж ажлаас чөлөөлөөгүй, мэргэжлийн хувьд ажлын байрны шаардлага хангахгүй байна гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Монгол улсын Дээд шүүх нь Хөдөлмөрийн тухай хуучин хуулийг тайлбарласан, шинэ хуулийг тайлбарласан тайлбар байхгүй. Гэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэг нь хуучин хуультай адилхан. Тус тайлбарт бидний маргааныг тайлбарласан зүйл байхгүй. Багшлах эрхийг ямар ч мэргэжлийн хүн авч болно. Дотуур байрны багшид багшлах эрхийг шаардахгүй, багш мэргэжлийг шаардана. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч одоо ашиглагдаж буй хуулийг хэрэглэнэ гэж байна. Ж.Л-ийн хувьд ажлаас чөлөөлөгдөх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэрэглэнэ. Гаргасан саналаа дэмжиж байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2023/........ дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Л- О- төвийн дотуур байрны багшийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5.994.938,5 төгрөгийг хариуцагч О- төвөөс гаргуулж нэхэмжлэгч Ж.Лд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас О- төвийн захирлын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/.... дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт олгох 5.994.938,5 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад шимтгэлүүдийг суутган холбогдох байгууллагад шилжүүлэн, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамж төлснийг баталгаажуулахыг хариуцагч О- төвийн санхүүд үүрэг болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагчийг хийх ёсгүй, тийм шаардлага байхгүй эс үйлдэхүйд буруутган нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь дараах байдлаар үндэслэлгүй байна. 1. Ж.Л нь анх О- үйлдвэрлэлийн төв/ М/-Д ажилд орохдоо болон түүнчлэн дотуур байрны багшийн ажлын байранд ажиллахдаа ямар ч өргөдөл хүсэлт, ажлын байрны сонгон шалгаруулалтгүй ажилласан байдаг. Тэрээр тус сургуульд ажиллахаасаа өмнө Орхон аймгийн МАН-ын хорооны аппаратад ажиллаж байсныг үзвэл улс төрийн нөлөөгөөр ажилд орсон гэж үзэх үндэслэлтэй. Ийм ч учраас Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яам, Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн " Шүүр" ажиллагааны шаардлагын хүрээнд Төрийн албаны тухай хуулийн захирах, захирагдах зарчмын дагуу түүнийг ажил, мэргэжлийн хувьд тохирохгүй гэдэг үндэслэлээр аймгийн Боловсролын газарттайлагнасан байдаг. Ажил олгогчийн энэ үйлдлийг хууль зүйн хувьд буруутгасан зүйл байхгүй. 2. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь Ж.Л- ажиллаж байх үед мөрдөж байсан Боловсролын тухай хуулийн 11.1-д зааснаар боловсролын байгууллага бөгөөд энэ хуулийн 11.2 дүгээр заалтаар боловсролын стандарт нь сургалтын орчинд тавигдах шаардлагыг тодорхойлно. Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар тэрхүү орчинд ажиллах багш нь боловсролын стандарт хангаж байх ёстой. Ийм ч учраас Стандарчлалын үндэсний зөвлөлөөс баталж мөрдүүлсэн "Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын дотуур байрны орчин, үйлчилгээ. Ерөнхий шаардлага [N5 6890:2020 стандарт"-ын 6 "Хүний нөөцөд тавих шаардлага" 6.3 "Багш нь багш эсвэл нийгмийн ажилтан мэргэжилтэй, хүүхэд, өсвөр үе, залуучуудтай 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай, тэдэнтэй ярилцах, ойлголцох. Харилцах ур чадвартай байна" гэж стандарт тогтоосон. Орхон аймгийн М-ийн 'Дотуур байрны багш"-ийн ажлын байрны тодорхойлолтод " багш, нийгмийн ажилтан мэргэжилтэй, нийгмийн ажилтнаар мэргэшсэн, мэргэжлээрээ боловсролын байгууллагд 5-аас доошгүй жил ажилласан байна" гэж ажлын байрны шаардлагыгтодорхойлсон. Энэхүү ажлын байрны стандарт, тодорхойолтыг хуүль бус гэж үзсэн эрх бүхий этгээдийн ямар нэгэн дүгнэлт байхгүй тохиолдолд энэхүү стандарт, дотоод хэм хэмжээ' ажил олгогч мөрдөх үүрэгтэй. 3. Шүүх Хөдөлмөрийнтухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь заалтыг илтэд буруу тайлбарлан хэрэглэсэн. Хуулийн энэ заалт нь ажилтан: Мэргэжлийн хувьд, Мэргэшлийн түвшиний хувьд, Ур чадварын хувьд, Ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтэй тэнцэхгүй болох нь тогтоогдсон гэсэн дөрвөн төрлийн диспозийг агуулж байгаа. О- үйлдвэрлэлийн төвийн түүнд хүргүүлсэн мэдэгдэл, түүнийг ажлаас чөлөөлсөн 2023 оны 05 сарын 04-ний Б/.... тоот тушаал нь Ж.Л- мэргэжлийн хувьд тэнцэхгүй гэдэг үндэслэлийг ямар ч хоёрдмол утгагүйгээр заасан. Тэнцэхгүй болох нь тогтоогдсон эсэх талаар дурдахад түүний мэргэжил нь 2005 онд М Орхон салбарт "Менежмент" мэргэжлээр бизнесийн удирдлагын бакалавр, 2009 онд ШУТИС-д "Үйлдвэрлэлийн менежмент" мэргэжлээр бизнесийн удирдлагын магистр зэрэг авсан баримтаа шүүхэд ирүүлсэн. Тэрээр 2019 оны 10 сарын 01-нд МБС-....................... тоот "МБС" баглах эрхийн үнэмлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас авсан байна. Мөн яамны сайдын 2021 оны 05 сарын 14-ний а/71 дүгээр тушаалаар баталсан "Багшлах эрх олгох, хасах журам"-ын 1.1, 3.1.2, 3.5-д журамласнаар "МБС"/Мэргэжлийн боловсролын сургууль/ багшлах эрх нь багшлах үйл ажиллагаанд чиглэсэн, үйлдвэрлэлийн зохих дадлага, туршлагатай хүнд олгох мэргэжлийн болон техникийн боловсролын багшид хамаарах эрх байна. Харин "Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын дотуур байрны орчин, үйлчилгээ. Ерөнхий шаардлага МЫ5 6890:2020 стандарт"-ын 6 "Хүний нөөцөд тавих шаардлага"-ын 6.3 дахь шаардлага нь өсвөр үе, хүүхэд, залуучуудтай ажиллах, багш болон нийгмийн ажилтан мэргэжлийг шаардсан байна. Дээр дурдсан ажил ологч М комисс гаргаад тогтоох боломжгүй, шүуд тогтоогдож, эрх зүйн зохих акт, бодит баримтаар баталгаажиж байгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40-4-т заасан "...нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй" зохицуулалтад хамаарч байгаа байдлыг шүүх илтэд буруу дүгнэж байна. Хэрэв Ж.Л- Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2-т заасан Мэргэшлийн түвшиний хувьд, Ур чадварын хувьд, Ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтэй тэнцэхгүй гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн бол шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болно. Гэтэл бодит байдал, маргааны үйл баримт, агуулга өөр байхад түүнийг чөлөөлсөн үндэслэлд хамаарахгүй ийм агуулгад холбогдуулан шүүх дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. 4. Ж.Лд ажлын байрны шаардлагад нийцэж хөрвөж ажиллах боломжийг ажил олгогч олгосон. Түүний мэргэжил одоо ажиллаж байгаа ажлын байрны шаардлагад тэнцэхгүй байгаа асуудлыг 2022 оны 12 сарын 21-нд М-ийн захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж түүнийг "Сэтгэл судлаач эсхүл нийгмийн ажилтнаар суралцах, зохих түвшний кредит цаг хангасан сургуульд элсэхийг зөвлөсөн байна. Ж.Л миний мэргэжил, багшлах эрх шаардлага хангана гэж маргаагүй, сурахаар эрэл хайгуул хийж байгаагаа хэлсэн байх ба тодорхой үр дүн гараагүй байна. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан шаардлагыг биелүүлсэн байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны 142/1111112023/........ тоот хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй шийдвэрийг хянан үзэж хүчингүй болгон Ж.Л-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоно гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр хянав.

Нэхэмжлэгч Ж.Л нь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны багшийн ажилд эргүүлэн тогтоолгох, тус төвийн захирлын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/.... дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дотуур байрны багшид тавигдах багш мэргэжилтэй эсвэл ........... ажилтан байна гэсэн шаардлагыг хангахгүй байгаа учраас ажлаас чөлөөлсөн гэсэн татгалзсан тайлбар гарган маргасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхэд нэхэмжлэгч Ж.Л нь анх 2018 оны 3 дугаар сард мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны жижүүрээр ажилд орсон ба 2022 оны 02 дугаар сараас дотуур байрны багшаар ажилласан, 2001-2005 онд М-ийн Бизнесийн удирдлагын мэргэжлээр бакалавр 2018-2019 онд ШУТИС-ийн үйлдвэрлэлийн менежментээр магистр, 2019 онд ХНХЯ-ны мэргэжлийн боловсролын сургуулийн багшлах эрхийн сургалтанд хамрагдаж багшлах эрх авсан, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дотуур байрны багшаар ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан, 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн М-ийн захирлын Б/.... дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1., 80.1.2., хөдөлмөрийн дотоод журмын 6.3.5.2. дахь заалтыг үндэслэн, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын дотуур байрны орчин үйлчилгээ MNS 6890:2020 стандартын ерөнхий шаардлагын 6.3. дахь заалтыг хангахгүй үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан зэрэг үйл баримт тогтоогджээ.

Хариуцагч Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь Боловсрол соёл шинжлэх ухааны яамны сайдын 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/...... тоот тушаал, Монгол улсын ЗГХЭГ-ын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/.... чиглэл хүргүүлэх тухай албан бичиг, Орхон аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хариу ирүүлэх чиглэл зэрэг албан бичгийн хүрээнд сургуулийн багш, ажилтнуудын мэргэжил мэргэшлийн байдалд дотоод хяналт, үнэлгээ хийх ажлын хэсгийн шалгалтаар дотуур байрны багш Ж.Л нь Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын дотуур байрны орчин үйлчилгээ ерөнхий шаардлага MNS6890:2020 стандартад заасан дотуур байрны багш нь багш эсвэл нийгмийн ажилтан байна гэсэн ерөнхий шаардлагыг хангаагүй тул ажлаас чөлөөлөхөөр 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Ж.Лд мэдэгдэл хүргүүлсэн ба 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2. дахь заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн захирлын зөвлөлийн хуралдаанаар тухайн ажлын байранд ажиллахад мэргэжил таарахгүй тул хөрвөн сурах санал тавьж байсан, нэхэмжлэгч Ж.Л нь 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дотуур байрны багшийн ажилд томилогдсон ба энэ үед буюу 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс MNS 6890:2020 стандарт хүчин төгөлдөр үйлчилж байсан болох нь тогтоогдсон байна. /хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/. Хариуцагч байгууллага нэхэмжлэгч Ж.Л- ур чадвар, ажлын шаардлагад тэнцэхгүй гэж ажлаас чөлөөлөөгүй харин мэргэжлийн хувьд ажлын байрны шаардлага хангахгүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэсэн тайлбар гаргаад байхад анхан шатны шүүх ажилтан мэргэжлийн хувьд ажлын байрны шаардлага хангахгүй болсон, мөн мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болсон нь салбарын болон тухайн байгууллагын мэргэжил ур чадварын түвшин тогтоох .... томилсон албан ёсны дүгнэлт дүгнэлт шийдвэр гаргахыг шаардана. Ийм шийдвэр гаргаагүй гэсэн дүгнэлт хийж Ж.Л- дотуур байрны багшийн ажилд эргүүлж тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Хариуцагч М нь Боловсролын тухай хуульд заасан боловсролын байдал, боловсролын байдалд тавигдах стандарт нөхцлийг баримталж ажиллах үүрэгтэй. Стандартчлалын үндэсний зөвлөлөөс баталж мөрдөж байгаа мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын дотуур байрны орчин, үнэлгээ, ерөнхий шаардлага MNS6890:2020 стандарт, хүний нөөцөд тавигдах шаардлага хэсгийн 6 дугаар зүйлийн 6.3-т дотуур байрны багш нь багш эсвэл нийгмийн ажилтан мэргэжилтэй, хүүхэд өсвөр үе залуучуудтай 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай, тэдэнтэй ярилцах ойлголцох харилцах ур чадвартай байна гэсэн шаардлага тавигдсан байна.

Мөн ажлын байрны тодорхойлолтын 3 албан тушаалд тавигдах тусгай шаардлага гэсэн хэсэгт дотуур байрны багш нь мэргэжил нь багш, мэргэшил нь нийгмийн ажилтан, мэргэжлээрээ боловсролын байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан байхыг шаардсан тусгай нөхцөлтэй байна. /ХХ-ийн 58-59/

Нэхэмжлэгч Ж.Л-ийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн багшлах эрхийн үнэмлэх, ХНХЯ-ны мэргэжлийн боловсрол сургалтын хангайн бүсийн арга зүйн төвөөс олгосон МБС-01-19007 дугаар гэрчилгээ зэрэг нь мэргэжлийн боловсролын байгууллагын багш-ийн үндсэн мэргэжил эзэмшсэн гэж үзэх үндэслэлгүй, MNS6890:2020 стандартад болон ажлын байрны тодорхойлолтонд заасан шаардлагыг хангахгүй тул энэ үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэрийг буруутгах боломжгүй юм.

Иймд Ж.Л-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2023/........ дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.Л-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч Д.Т-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181.069 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.А

ШҮҮГЧ С.У