Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 142/ШШ2023/01332

 

 

 

 

 

                                        

 

 

 

     2023             10                18                                      142/ШШ2023/01332

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.Л-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ОАМСҮТ-д холбогдох,

тус төвийн захирлын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б\50 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ж.Л

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хувьтөгөлдөр нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Ж.Л нь хариуцагч ОАДМСҮТ холбогдуулан тус төвийн захирлын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б\50 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай гомдол гаргасан. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нь гомдлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

I. Нэхэмжлэгч Ж.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Л би миний бие МСҮТ-д анх 2018 оны 03 дугаар сард дотуур байр ашиглалтанд ороход анх ажилд орсон. 2020 оны 01 дүгээр сараас дотуур байрны жижүүр, дараа нь 2022 оны 02 сараас дотуур байрны багшаар томилж, ажлаас чөлөөлөх тушаал гарах хүртэл ажилласан. Миний эзэмшсэн боловсрол мэргэжил: 1984-1994 онд Ерөнхий боловсролын сургуулийн 10-р анги, 2001-2005 онд МУИС-ийг Бизнесийн удирдлага мэргэжпээр бакалавр, 2018-2019 онд ШУТИС-ийн үйлдвэрийн менежментийн магистр, 2019 онд хөдөлмөр, нийгэм хамгаалалын яамны мэргэжлийн боловсролын сургуулийн багшлах эрхийн сургалтанд хамрагдаж, багшлах эрх авсан. МСҮТ-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Төгсбаяр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйл 80.1.2 дахь заалт, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2023 оны 03 дугаар сарын 21 ний өдрийн А\114 тоот тушаал, Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 дугаар сарын 17 ны өдрийн ХЭГ\595 Чиглэл хүргүүлэх тухай, Орхон аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 28 ны 47 хариу ирүүлэх тухай чиглэлийн дагуу мэргэжил, мэргэшлийн\мэргэжлийн боловрсрл, сургалын байгууллагын дотруур байрны орчин, үйлчилгээ, Ерөнхий шаардлага MNS6890:2020 стандарт-Дотуур байрны багш нь багш, нийгмийн ажилтан байна хувьд Дотуур байрны багш-н албан тушаалын шаардалгыг хангахгүй байгаа тул Жамсрангийн Лхаасүрэн таныг 2023 ны 05 дугаар сарны 04 ны өдрөөс ажлаас чөлөөлөхийг мэдэгдье. Гэснийг 2023-04-04 ний өдөр өгөөд 30 дахь өдөр буюу 2023-05-04 ний өдөр Захирлын Б\50 дугаартай тушаалаар Ж.Л миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан шийдвэр гаргалаа. Б\50 дугаартай тушаалаар Дотуур байрны багш Ж.Л намайг ... мэргэжлийн хувьд мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын дотуур байрны орчин, үйлчилгээ MNS6890:2020 стандартын ерөнхий шаардалгын 6.3 дахь шаардалгыг хангахгүй байгаа тул 2023 оны 05 сарын 04 ний өдрөөс эхлэнэ хөдөлөр эрхлэлтийн харилцааг цуцалсугай. Гэсэн нь миний Монгол улсын Үндсэн хуульд зааасан хөдөлмөрлөх эрхийг хуулийн үндэслэл муутайгаар хууль зөрчиж, хөдөлмөр эрхлэлтийн хариулцааг дуусгавар болгож байгаа нь буруу юм. 2023 оны 04 сарын 04-ний өдөрийн мэдэгдэх хуудаст дурдсан ...Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2023 оны 03 дугаар сарын 21 ний өдрийн А\114 тоот тушаал, Монгол улсын засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 дугаар сарын 17 ны өдрийн ХЭГ\595 Чиглэл хүргүүлэх тухай Орхон аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2023 оны 03 сарын 28-ны 47 хариу ирүүлэх тухай чиглэлийн дагуу... гэсэн үйл баримтууд нь Н.Лхаасүрэн миний хөдөлмөрлөх эрхийн харилцааг дуусгавар болгоход хамааралгүй болно. Захирлын Б\50 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Н.Лхаасүрэн намайг дотуур байрны багшийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байгаа хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл олгохыг ажил олгогч МСҮТ-д даалгасан шийдвэр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

II. Нэхэмжлэгч “Ж.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би анхны дотуур байранд анхны дотуур байрны багшаар ороход тухайн ажилд тэнцэнэ гэж ажилд авсан. 2022 оны 09 дүгээр сард хичээлийн жил эхлэхэд сахилгын арга хэмжээ аваад шүүхээр ороход миний талд шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотой өшөө хорслоор намайг ажлаас халсан гэж үзэж байна. 2018 оны 03 дугаар сард дотуур байрны багшаар ажиллаад, 2020 онд дотуур байрны жижүүр болоход удирдлагуудын будлиантай шийдвэрээр манай няравыг тэтгэвэрт гарах хүртэл нь дотуур байр руу шилжүүлж ажиллуулах шаардлагатай гээд байр руу оруулсан. Захирал солигдоод Х.Төгсбаяр орж ирээд намайг эгүүлэн дотуур байрны багшаар томилсон. 9 сард хүүхдүүд тоглож байгаад цонх хагалаад, миний бүтэн жилийн үр дүн, урамшууллыг хассан. Энэ талаар мөн шүүхийн шийдвэр гарсан. Үүнээс болж захирал өшөө хорсол тээж эхэлсэн. Ажлын байрны тодорхойлолт огт байхгүй, танилцуулаагүй. Түр сургалт гэж яриад байгаа нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас явуулсан сургалтад сууж, сургах чадвар, сэтгэл судлал, судалгааны арга, сурган хүмүүжүүлэх үндэс зэргийг шалгаж үзээд ажиллах чадамжтай гэж үнэлээд багшлах эрх олгосон. Дотуур байранд хичээл заадаггүй, хүүхдийг хүмүүжүүлж, зөв хандлагатай болгоход чиглүүлж, ярилцаж, хичээл давтах, тухтай амрах орчныг бүрдүүлж, тухайн хүүхэдтэй хамтарч ажиллах тал дээр сургуулийнхаа бүх удирдлагуудтай хамтарч жилийн төлөвлөгөө гаргаж ажилладаг. 2022 оны 12 дугаар сарын хуралд аж үйлдвэрийн парк хөгжиж буйтай холбогдуулан манай сургууль сургалтын үйл ажиллагаагаа үйлчилгээ биш үйлдвэрлэлийн чиглэлээр түлхүү явуулах талаар мэргэжлийн багш нарыг оролцуулсан. Намайг тус хурлын өмнө дуудаж ажил мэргэжилд тэнцэхгүй, сурч боловсроод цааш яв гэж хэлэхэд нь би ажиллаж байх хугацаандаа Боловссролын ерөнхий газраас явуулсан дотуур байрны хүүхэд хамгааллын сургалтад хамрагдаж батламж авсан. Би өөрийгөө байнга хөгжүүлж, бакалавр, магистрын зэрэгтэй болсон. Бүгд сургуулийн үйл ажиллагаатай нягт холбоотой. Мөн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зохион байгуулсан багшийн хөгжлийн сургалтад хамрагдаж батламж авсан. Боловсролын яамнаас зохион байгуулсан 2021 оны сургалтад өмнөх бүх удирдлагуудайгаа Чадамжийн үнэлгээний ажилтан гэх модул 1, 2-т хамрагдсан. 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хурлаар Б.Тунгалаг багш Багш нь судалъя, удирдлагуудад хандъя гэдэг зүйл ярьсан. Хурлын дараа Б.Тунгалаг багштай уулзахад асуудлыг хүчээр хойшлуулсаар байгаад 2023 оны 04 дүгээр сарын 04-нд надад мэдэгдэх хуудас өгсөн. Мэдэгдэх хуудас, нөгөө талаараа шүүр ажиллагаа нь төрийн үйлчилгээний албан хаагчид хамаарахгүй, гэсэн боловч намайг хүчээр төрийн үйлчилгээний албанд оруулсан. Сургалтын менежер шүүр ажиллагаа-тай холбоотой ажлын байранд тэнцэхгүй гэж тогтоосон ажлын комисст ажилласан. Хэн, ямар шаардлагад тэнцэхгүй байгаа талаар дүрэм, хурлын протокол зэрэг нотлох баримт байхгүй, тухайн сургуулийн 60 гаруй багшийн амьдралыг шийдэж байж сургалтын менежер тус комисст байгаагүй. Би тус байгууллагад 6 дахь жилдээ хүүхдүүдтэй ажиллаж байна. Яригдаж байгаа стандарт нь 2022 оных ба би 2018 онд ажилд ороод, 2022 онд эгүүлэн багшаар томилогдсон. Одоогийн байдлаар та болохгүй байна гэсэн шаардлага тавьж байгаагүй байж өмнөх шүүх хуралдаантай холбогдуулж, мөн шүүр ажиллагаа-тай хавсран намайг унагаж байна. Шүүр ажиллагаа-аар надтай хамт ажлаас чөлөөлөгдсөн Даваадорж багшийг буцааж ажилд нь авсан. Ажилдаа дуртай, хөгжиж боловсорч байгаа хүнийг ажилдаа тэнцэхгүй гэж байгаа боловч хуулиар би ажлын байранд тавигдах шаардлагад тэнцэж байна. Тухайн ажиллагаанд байсан хүмүүс бүгд Авилгатай тэмцэх газраас шалгагдаж, ажлаас чөлөөлөгдсөн гэв.

III. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баасанжав шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ж.Л нь Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т багш мэргэжлээр их, дээд сургууль төгсөөгүй дээд боловсролтой төгсөгчид багшлах эрх олгох, сунгах шалгалтыг зохион байгуулна гэсний дагуу сургалтанд сууж багшлах эрхийн гэрчилгээ авсан. Дотуур байрны багшаар ажиллаж байхад сургуулийн захирал мэргэжлийн ур чадвар, ажлын гүйцэтгэлээр тэнцэхгүй байна гэж ажлаас халсан. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын багш тухайн мэргэжлийн чиглэлээр бакалавр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй, эсхүл үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт гурваас доошгүй жил ажилласан туршлагатай, мэргэшлийн өндөр ур чадвартай, багшлах эрхийн гэрчилгээтэй байна гэж заасан байдаг. Багшлах эрхийн гэрчилгээ Ж.Л нь авсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т зааснаар ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон шалтгаанаар ажлаас халах бол салбарын болон тухайн байгууллагын мэргэжилтэн ур чадварын түвшин тогтоох тухай мэргэжил, аттестатчиллын төрөл болон магадлал комиссын албан ёсны шийдвэр, дүгнэлт гарсан байх шаардлагатай. Тус хуульд заагаагүй бол дээд боловсролгүй гэх шалтгаан нь ажил олгогчоос ажилтныг мэргэжлийн ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажилд тэнцэхгүй гэж үзэх, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй гэж Улсын дээд шүүхээс тодорхой тайлбарласан байдаг. Иймд МСҮТ-ийн захирлын Б/50 тоот тушаал үндэслэлгүй байх тул Ж.Лг ажилд эгүүлэн томилж, эгүүлэн томилох хүртэлх хугацааны цалинг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Дээрээс өгсөн чиглэлээр ажилд орсон хүн гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэллээ. Та үүнийгээ тогтоогоод шүүр ажиллагаа нийтийн болон удирдах албан тушаалтнуудыг хамруулдаг болохоос биш үйлчилгээний албан хаагчдыг хамруулах нь гол ажиллагаа биш. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариу татгалзлаа нотлох үүрэгтэй байдаг. Нотлох баримтаар гаргаж өгөөгүй байж хүнийг гүтгэсэн байдлаар хандаж болохгүй. Мөн ашиг сонирхлын зөрчилтэй гэж хэлж байгаагаа мөн нотлох ёстой. Дотуур байрны багш хүн хүүхдүүдээс авилга авах уу, ямар ашиг сонирхлын зөрчилтэй гэж байгаа нь хуульч, өмгөөлөгч хүний үүднээс зохисгүй үг хэллээ гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлд ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхахыг хориглосон байдаг. Ж.Л нь Монгол ардын нам, Ардчилсан намд ажилладаг байх нь үндсэн ажилтай хамааралгүй, хуульд заасан үндэслэлийн дагуу ажлаас халж болно. Шүүр ажиллагаа-г нийтийн албанд танилын хүрээнд зүй бус нөлөөллөөр, хуульд заасан шаардлага хангаагүй этгээд томилогдохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх гэж заасан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч нотолсон, хариуцагч хариу тайлбараа нотлоогүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Орхон МСҮТ-ийн захирлын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/50 тоот тушаалыг хүчингүй болгуулах дараах үндэслэл байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, мөн Хөдөлмөрийн дотоод журмын 6.3.5.2 дахь заалтуудыг үндэслэж Ж.Лг ажлаас халсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т зааснаар ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон тохиолдолд ажилтныг ажлаас халах ёстой. Монгол улсын Дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 тоот тогтоолын 15.2-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно. Харин хуульд өөрөөр заагаагүй бол боловсролын үнэмлэхгүй буюу дээд боловсролгүй гэх зэрэг шалтгаан нь ажил олгогчоос ажилтныг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэх, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй гэж тайлбарласан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь заалтыг удирдлага болгон ажилтныг халахдаа заавал түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг шаардана. Эдгээрийг тогтоохгүйгээр ажлаас халж байгаа нь үндэслэл бүхий тушаал биш, Орхон аймгийн МСҮТ-ийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн мэдэгдэх хуудаст шүүр ажиллагаа-г явуулж, Ж.Лд мэдэгдсэн. Монгол улсын Боловсролын ерөнхий хууль 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж хэрэгжсэнтэй холбогдуулан Боловсролын тухай хууль хүчингүй болсон. Ж.Лгийн багшлах эрхийн гэрчилгээ одоог хүртэл хүчинтэй, Боловсролын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д дээд боловсролын сургалтын байгууллага магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр багшийг бэлтгэнэ. Багшаас бусад мэргэжилтэй иргэн багш бэлтгэх хувилбарт сургалтад хамрагдан багшаар ажиллаж болно гэж заасны дагуу дотуур байрны багшаар ажиллаж байгаа нь хууль, эрх зүйн хүрээнд хүлээн зөвшөөрөгдөж байна. Дотуур байрны багш нь хүүхдэд төрөлжсөн хичээл заадаггүй, багшлах эрхийн гэрчилгээтэй бол дотуур байрны багшаар ажиллах боломжтой гэж хуулиар заасан байдаг. Боловсролын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.9-д багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 8.5-д заасан багшлах эрхийг энэ хуулийн 12.8-д заасан багшлах эрхийн гэрчилгээтэйд тооцно гэж заасан байдаг. Мөн мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын багш тухайн мэргэжлийн чиглэлээр бакалавр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй, эсхүл үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт гурваас доошгүй жил ажилласан туршлагатай, мэргэшлийн өндөр ур чадвартай, багшлах эрхийн гэрчилгээтэй байна гэж хуульчилсан. Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т багш мэргэжлээр их, дээд сургууль төгсөөгүй дээд боловсролтой төгсөгчид багшлах эрх олгох, сунгах шалгалтыг зохион байгуулна гэж заасны дагуу багшлах эрхтэй болсон. Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн тушаалаар Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3.5-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговрыг тооцох аргачлалыг заасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэсний дагуу Ж.Лг ажилдаа эгүүлэн тогтоох хүртэлх хугацааны цалинг олгохыг даалгах нь хууль зүйн үндэслэл бүхий байна. Тус хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон нь ажил олгогчоос ажилтанд ажилласан хугацаанд нь олгох цалин хөлс, алданги, олговор, нөхөн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж заасан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар ажлын мэргэжил, мэргэшлийн ур чадвараар тэнцэхгүй байхыг нотлох баримт байхгүй байх тул Орхон аймгийн МСҮТ-д холбогдох МСҮТ-ийн захирлын Б/50 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, дотуур байрны багшийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах үндэслэлтэй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна гэв.

 

2. Хариуцагч ОАДМСҮТ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: МСҮТ-ийн захирал нь Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/114 тоот тушаал, Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 "Чиглэл хүргүүлэх тухай" албан бичиг, Орхон аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2023 оны 03 дугаар 28-ны 47 хариу ирүүлэх тухай чиглэлийн дагуу тус сургалтын байгууллагын багш, ажилтнуудын мэргэжил, мэргэшлийн байдалд дотоод хяналт, үнэлгээ хийх зорилго бүхий ажлын хэсгийг байгуулан ажилласан. Тус ажлын хэсгийн ахлагчаар Дотоод чанарын баталгаажилт, статистик хариуцсан ахлах ажилтан Д.Бүрэнжаргал, гишүүдэд: Хүний нөөц, гадаад харилцаа хариуцсан ажилтан М.Элбэгзаяа, Арга зүйч багш Б.Солонго, Захирлын туслах, бичиг хэрэг, архивын ажилтан М.Номин нар ажилласан ба дотуур байрны багш Ж.Л нь "Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын дотуур байрны орчин, үйлчилгээ, Ерөнхий шаардлага MNS6890:2020 стандарт-Дотуур байрны багш нь багш, нийгмийн ажилтан байна" гэсэн шаардлагыг хангахгүй байсан. Ийм учраас "Дотуур байрны багш"-ийн мэргэжил, ажлын байрны шаардлагыг хангахгүй байгаа тул Жамсрангийн Лхаасүрэн таныг 2023 оны 05 дугаар сарын 04-ны өдрөөс ажлаас чөлөөлөхийг мэдэгдье." гэсэн мэдэгдлийг 2023 оны 04 сарын 04-ний өдөр түүнд хүргүүлсэн. Энэ өдрөөс хойш 30 хоног болоход мэдэгдэлд заасан үндэслэлийн талаар Ж.Л нь сургуулийн захиргаанд ямар нэгэн тайлбар, баримт ирүүлээгүй тул 2023-05-04-ний өдөр Захирлын Б/50 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь заалтыг үндэслэл болгон түүнийг ажлаас чөлөөлсөн. 

Дотуур байр бол хүүхэд амьдрах, сурч хөгжих, хүмүүжих, боловсрол сургалтын байгууллагын онцгой орчин учраас тэнд бакалавраас доошгүй боловсролтой нийгмийн ажилтан юм уу эсвэл яг сурган хүмүүжүүлэх, заах арга судалсан багш гэсэн мэргэжилтэй хүнийг ажиллуулах шаардлагыг улсын хэмжээнд тавьж байгаа. Багш Лхаасүрэнд 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Захирлын зөвлөлийн хуралдаанаар тухайн ажлын байранд ажиллахад мэргэжил таарахгүй байгаа тул хөрвөн сурах саналыг тавьсан боловч одоо хүртэл хөрвөн суралцаагүй. 

Иймд Орхон аймгийн мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн захирлын Ж.Лг учир заалтын шаардлагыг дотуур байрны багшаас чөлөөлсөн Б/50 тоот тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн дахь 80 дугаар зүйлийн 80.1.2  дахь заалтын шаардлагыг хангасан учир Ж.Лгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу Шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцоно гэжээ.

3.  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Лгийн ажлын байранд багшийн мэргэжил шаарддаг, Боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан боловсролын туслах ажилтан биш, боловсролын үндсэн ажилтан. Ж.Л нь 2018 онд сонгон шалгаруулалтгүйгээр дээрээс өгсөн чиглэлийн дагуу МСҮТ-ийн дотуур байрны багшаар томилогдсон. Ажлын байрны шаардлагаар дотуур байрны жижүүр хийж байгаад буцаад дотуур байрны багшаар ажилласан. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т багшийн мэргэжлийн түвшинг хангасан байх ёстой гэсэн хуулийн шаардлага байдаг. Ж.Л нь бизнесийн удирлага чиглэлээр бакалавр, магистрийн дипломтой, эдийн засаг бизнесийн мэргэжилтэй хүн. Үүнээс хойш сургалт зүйн чадамж, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, дотуур байрны хүүхдийн хамгаалал, санхүүгийн тайлан гаргах зэрэг түр сургалтуудад хамрагдаж гэрчилгээ авсан. Энэ суралцсан сургалтууд нь Боловсролын тухай хууль болон Боловсролын ерөнхий газрын магадлан итгэмжлэлийн дүрмийн дагуу албан ёсны мэргэжил биш. Ажлын байранд тавигдаж байгаа шаардлагад тэнцэхгүй байгаа учраас 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр энэ талаар ярилцсан тэмдэглэл байдаг. Үүнд үндсэн мэргэжлээрээ буюу бизнесийн удирдлага чиглэлээр хичээл заах хөтөлбөр гарвал ажиллах боломжтой. Багшийн мэргэжил бол өөр зүйл, багшийн мэргэжил олгох сургуульд суралц гэж зөвлөөд, Ж.Л нь зөвлөлдөөд ажлаас гарсан. 2023 оны 04 дүгээр сарын 04-нд Ж.Лд таны хийж байгаа ажилд таны мэргэжил тэнцэхгүй байна, ажил мэргэжилд тохирохгүй хүнийг ажлаас чөлөөлөх чиглэл ирсэн байна гэх утгатай мэдэгдэл хүргүүлсэн. Энэ шаардлага хангагдаагүй учраас 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдөр МСҮТ-ийн захирлын Б/50 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т зааснаар ажлаас чөлөөлсөн. MNS 6890:2020 стандартын шаардлага нь дотуур байрны багш нь багш, нийгмийн ажилтан нь бакалаврын зэрэгтэй, хүүхэдтэй 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх шаардлагыг хангахгүй байна гэж үзээд тус тушаал гарсан. Туслах ажилтнаас бусад багш, удирдах албан тушаалтнуудад Төрийн албаны тухай хууль хамаардаг. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан ил тод байх, захирах, захирагдах ёсыг баримтлах зарчмын дагуу ажил мэргэжилд тохирохгүй байгаа 2 хүний тайланг гаргаж Боловсролын ерөнхий газарт хүргүүлсэн. Ж.Лг шууд үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй. Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/114 дугаартай тушаалд хууль тогтоомжийн шаардлага хангахгүй томилогдсон гэх агуулга байдаг. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд боловсролын стандартыг хангасан байхыг заасан, дотуур байрны багшийн хувьд MNS 6890:2020 гэх стандартыг хангах ёстой. Үүнийг хангахгүй байгаа нь ажлын байрны стандартыг хангахгүй байна гэсэн үг юм. Орхон политехникийн коллеж байгуулагдвал бизнесийн чиглэлээр багшлах боломжтой, дотуур байрны багшаар ажиллах боломжгүй. Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэгдсэнтэй холбоотой Орхон МСҮТ-ийн ажил олгогч, ажилчид хөдөлмөрийн гэрээгээ шинэчилж, хөдөлмөрийн дотоод журам өөрчлөгдсөн. Дотоод журмын 6.1.1-д ажлын байранд сул орон тоо гарсан тохиолдолд сонгон шалгаруулалт явуулж сонгон шалгаруулж авна гэж заасан, дотуур байрны багшийн ажлын байрны тодорхойлолтыг 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс дагаж мөрдөхөөр шинэчилсэн. Үүнийг Төрийн албаны зөвлөлийн загварын дагуу дотуур байрны багш нь бакалавр буюу түүнээс дээш мэргэжилтэй, нийгмийн ажилтнаар мэргэшсэн, боловсролын байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан байх шаардлага тавигдсан. Ж.Л нь дээд боловсролтой, магистрын зэрэгтэй хүн заавал дотуур байрны багшаар ажиллана гэж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй байна. Боловсролын тухай хууль, ажлын газрын тодорхойлолт, Хөдөлмөрийн тухай хуулийг Орхон МСҮТ-ийн захирлын Б/50 дугаартай тушаал нь зөрчөөгүй учраас Ж.Лг ажилд эгүүлэн тогтоох нь үндэслэлгүй байна. Сургалтын менежер Б.Тунгалаг нь захирлын ажлыг хавсран ажиллаж байгаа. Ж.Лг ажилд орох үед дотуур байрны багшийн ажилд сонгон шалгаруулалт зарлаагүй, ажилд орох өргөдөл байдаггүй. Багшлах эрх, багш мэргэжил 2 нь өөр зүйл. Багш гэдэг нь боловсрол, сургалтын чиглэлээр бакалавр, магадлан итгэмжлэлийн сургалтын хөтөлбөрийг хангаж суралцсан байх шаардлагатай. Багшлах эрх нь тухайн мэргэжлээрээ хэн ч багшлах эрх авч болно, харин багш мэргэжил өөр зүйл. Ж.Лг ур чадвар, ажлын шаардлагад тэнцэхгүй гэж ажлаас чөлөөлөөгүй, мэргэжлийн хувьд ажлын байрны шаардлага хангахгүй байна гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Монгол улсын Дээд шүүх нь Хөдөлмөрийн тухай хуучин хуулийг тайлбарласан, шинэ хуулийг тайлбарласан тайлбар байхгүй. Гэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэг нь хуучин хуультай адилхан. Тус тайлбарт бидний маргааныг тайлбарласан зүйл байхгүй. Багшлах эрхийг ямар ч мэргэжлийн хүн авч болно. Дотуур байрны багшид багшлах эрхийг шаардахгүй, багш мэргэжлийг шаардана. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч одоо ашиглагдаж буй хуулийг хэрэглэнэ гэж байна. Ж.Лгийн хувьд ажлаас чөлөөлөгдөх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэрэглэнэ. Гаргасан саналаа дэмжиж байна гэв.

4. Нэхэмжлэгч талаас: ОАДМСҮТийн 2023.04.04-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх” тухай мэдэгдэх хуудас, тус төвийн 2023.05.04-ний өдрийн Б/50 дугаартай “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаалын хуулбар, Баян-Өндөр сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хурлын 2023.06.13-ны өдрийн шийдвэр, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн болон МБС-1-19311/306 дугаартай Багшлах эрхийн үнэмлэх, 2019 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Мэргэжлийн боловсрол  сургалтын хангайн бүсийн арга зүйн төвөөс зохион байгуулсан “Сургах зүйн чадамж эзэмшүүлэх” сургалтанд хамрагдсан тухай МБС-01-19007 дугаартай гэрчилээ, нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийгмийн эрүүл мэндийн даатгалын үндэсний нийгэмлэгээс зохион байгуулсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт”-ад хамрагдсан тухай 2021.10.25-ны өдрийн 17/21 дугаартай сертификат, Боловсролын ерөнхий газраас зохион байгуулсан “Дотуур байран дахь хүүхэд хамгаалал” сургалтад хамрагдсан тухай 2022.10.10-ны өдрийн 0149 дугаартай батламж, D200515019 дугаартай бакалаврын диплом, ET001/2167 дугаартай магистрын диплом, өөрийн gmail хаягт ирсэн Төрийн албаны цалингийн нэгдсэн систем 5-р сарын 2-р хагасын цалингийн мэдээллийн хуулбар, 2022.10.04-ний өдрийн 58 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн Төрийн банк дахь харилцах дансны хуулга, тус шүүхийн 2023.02.28-ны өдрийн 142/ШШ2023/00313 дугаартай шийдвэрийн хуулбар, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.05.08-ны өдрийн 207/МА2023/00042 дугаартай магадлалын хуулбар, Төрийн үйлчилгээний нэгдсэн систем /ТҮЦ машин/-ээс 2023.06.27-ны өдөр гарган авсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт” зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн болно. (хх 3-17, 99-126 тал)

5. Хариуцагч талаас: Хариу тайлбар, ОАДМСҮТийн захирлын зөвлөлийн хуралдааны 2022.12.21-ний өдрийн тэмдэглэлийн хуулбар, Орхон аймаг дахь магадлан итгэмжлэгдсэн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн “Шүүр” ажиллагааны хүрээнд зохион байгуулсан ажлын тайлангийн хуулбар, Зөрчилтэй гэх албан хаагчийн талаарх тайлбар мэдээллийн хуулбар, ОАДМСҮТийн 2023.04.03-ны өдрийн 01/84 дугаартай албан бичгийн хуулбар, төлөөлөгч томилсон тухай мөн төвийн 2023.10.18-ны өдрийн 01/324 дугаартай албан бичиг, ОАДМСҮТийн 2023.04.04-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх” тухай мэдэгдэх хуудас, estandart.gov.mn гэх эх сурвалжаас 2023.10.18-ны өдөр хэвлэсэн Монгол улсын стандарт MNS 6890:2020 зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн болно. (хх 23-38, 142, 146-151 тал)

6. Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагч байгууллагаас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч нь 2023.07.21-ний өдрийн 01/237 дугаартай 2 албан бичгээр ОАДМСҮТийн 2023.05.04-ний өдрийн Б/50 дугаартай “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаал, Орхон аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2023.03.28-ны өдрийн 47 дугаартай албан бичгийн хуулбар, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023.03.17-ны ХЭТ/595 дугаартай “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгийн хуулбар, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023.03.21-ний А/114 дугаартай “Шүүр ажиллагааг зохион байгуулах тухай” тушаал, уг тушаалын 1 болон 4 дүгээр хавсралтын хуулбар, Ажлын байрны тодорхойлолт, “Хөдөлмөрийн дотоод журам”-ын хуулбарыг тус тус ирүүлсэн болно. (хх 45-93 тал)

Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч Орхон аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс тус төвд 2023 оны 04 сард хийсэн чанарын үнэлгээний шалгалтын үнэлгээ, дүгнэлт зэргийг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч хариуцагч нь уг үнэлгээ, дүгнэлт ирээгүй гэсэн тайлбар ирүүлсэн. Нэхэмжлэгч нь дахин уг баримтыг Боловсролын ерөнхий газраас гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүх хангаж тус газарт захирамжийг албан бичгээр Боловсролын ерөнхий газарт хүргүүлсэн боловч хариу ирээгүй бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал уг нотлох баримтыг гаргуулах хүсэлтээсээ татгалзсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ж.Л нь тус шүүхэд хариуцагч ОАДМСҮТ холбогдуулан тус төвийн захирлын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б\50 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай гомдлыг гаргажээ.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон ба нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “...Намайг ажилдаа тэнцэхгүй гэж байгаа боловч хуулиар би ажлын байранд тавигдах шаардлагад тэнцэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-ыг удирдлага болгон ажилтныг халахдаа заавал түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг шаардана. Эдгээрийг тогтоохгүйгээр ажлаас халж байгаа нь үндэслэл бүхий тушаал биш. Ажил мэргэжил, мэргэшлийн ур чадвараар тэнцэхгүй гэсэн нотлох баримт хэрэгт байхгүй тул МСҮТ-ийн захирлын Б/50 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, дотуур байрны багшийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах үндэслэлтэй...” гэж тайлбарладаг.  

Хариуцагч байгууллагын төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалздаг бөгөөд татгалзлын үндэслэлээ “...Дотуур байрны багшид багшлах эрхийг шаардахгүй, багш мэргэжлийг шаардана. MNS 6890:2020 стандартын шаардлага нь дотуур байрны багш нь багш, нийгмийн ажилтан нь бакалаврын зэрэгтэй, хүүхэдтэй 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх шаардлагыг хангахгүй байна гэж үзээд тус тушаал гарсан. Ж.Лг ур чадвар, ажлын шаардлагад тэнцэхгүй гэж ажлаас чөлөөлөөгүй, мэргэжлийн хувьд ажлын байрны шаардлага хангахгүй байна гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Боловсролын тухай хууль, ажлын газрын тодорхойлолт, Хөдөлмөрийн тухай хуулийг Орхон МСҮТ-ийн захирлын Б/50 дугаартай тушаал нь зөрчөөгүй учраас Ж.Лг ажилд эгүүлэн тогтоох нь үндэслэлгүй...” гэж тайлбарлан маргадаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 154.8-д зааснаар ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй, тус хорооноос гарсан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй ба нэхэмжлэгч Ж.Л нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчийн 2023 оны 05 дугаар сарын 04ий өдрийн Б/50 дугаартай тушаалд хуульд заасан хугацаанд гомдлоо гаргажээ.

Нэхэмжлэгч Ж.Л нь 2018 оны 03 дугаар сард ОАДМСҮТ дотуур байрны багшаар томилогдон ажиллаж эхэлсэн байх бөгөөд уг албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-д зааснаар төрийн үйлчилгээний албан тушаалтанд хамаарахаар байна.

Ажил олгогч буюу ОАДМСҮТийн захирал Х.Төгсбаяр нь ажилтан буюу дотуур байрны багш Ж.Лтэй 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “Хөдөлмөрийн гэрээ” байгуулсан байх ба тэдний хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ. (хх 104-105 тал)

Гэвч түүнийг ОАДМСҮТийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Төгсбаяр 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/50 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 40.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 6.3.5.2 дахь заалтыг тус тус үндэслэл болгож дотуур байрны багш Ж.Лг мэргэжлийн хувьд “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын дотуур байрны орчин, үйлчилгээ” MNS 6890:2020 стандартын ерөнхий шаардлагын 6.3 дахь шаардлагыг хангахгүй байна гэж 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалжээ. (хх 46 тал)

Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах явдал ажилтны хүсэл зоригоос гадуур хийгддэг тул ажил олгогчийн шийдвэрт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах болсон шалтгаан, хууль зүйн үндэслэл зайлшгүй тусгагдсан байх шаардлагатай.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.2-т зааснаар ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох бөгөөд үүний тулд энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байхаар хуульчилсан байна.

Мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т “Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй” гэж зааснаар ажил олгогч ОАДМСҮТ нь ажилтан Ж.Лд 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр “Ажлаас чөлөөлөх” тухай мэдэгдэх хуудсыг өгсөн байна. Дээрх үйл баримтуудын талаар талууд маргадаггүй.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч нь нэхэмжлэгч Ж.Лг ур чадвар, ажлын шаардлагад тэнцэхгүй гэж ажлаас чөлөөлөөгүй, харин мэргэжлийн хувьд ажлын байрны шаардлага хангахгүй байна гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж тайлбарладаг.

Энэ тохиолдолд ажилтан мэргэжлийн хувьд ажлын байрны шаардлага хангахгүй болсон нь мөн мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болсон нь салбарын болон тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг шаардана.

Гэвч хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар нэхэмжлэгч Ж.Лг мэргэжлийн хувьд ажлын байрны шаардлага хангахгүй, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болсныг тогтоосон салбарын болон тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэрэгт авагдсан ОАДМСҮТийн захирлын зөвлөлийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн тэмдэглэл, Орхон аймаг дахь магадлан итгэмжлэгдсэн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн “Шүүр” ажиллагааны хүрээнд зохион байгуулсан ажлын тайлан, Орхон аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 47 дугаартай албан бичиг, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны ХЭТ/595 дугаартай “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгийн хуулбар, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023.03.21-ний А/114 дугаартай “Шүүр ажиллагааг зохион байгуулах тухай” тушаал, “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын дотуур байрны орчин, үйлчилгээ” MNS 6890:2020 стандарт гэх баримтуудыг нэхэмжлэгч Ж.Лгийн талаар гаргасан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй, мэргэжлийн хувьд ажлын байрны шаардлага хангахгүй болсныг тогтоосон салбарын болон тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр байна гэж үзэх үндэслэлгүй байна.

“Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын дотуур байрны орчин, үйлчилгээ” MNS 6890:2020 стандарт нь 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн хүчинтэй болсон байх бөгөөд уг стандартын 6.3-д “Багш нь нийгмийн ажилтан эсвэл багш мэргэжилтэй, хүүхэд, өсвөр үе, залуучуудтай 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай; тэдэнтэй ярилцах, ойлголцох, харилцах ур чадвартай байна” гэж тусгасан байгаа хэдий ч үүнийг мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болсныг тогтоосон салбарын болон тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гэж үзэхгүй.

Ажилтан Ж.Лг мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй, мэргэжлийн хувьд ажлын байрны шаардлага хангахгүй болсон нь тогтоогдоогүй байхад ажил олгогч ОАДМСҮТ нь түүнийг мэргэжлийн хувьд ажлын байрны шаардлага хангахгүй болсон гэж үзэж 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/50 тоот тушаал гаргаж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасантай нийцээгүй байна.

Иймд нэхэмжлэгч Ж.Лг ОАДМСҮТийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх нэхэмжлэгч Ж.Лг ажлаас нь чөлөөлсөн хариуцагчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэх үндэслэлээр түүнийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж дүгнэсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцон нөхөн гаргуулах зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс шүүх хуралдаан болох өдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөр дуусгавар болгон тооцох нь зүйтэй байх бөгөөд хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн Төрийн үйлчилгээний нэгдсэн систем /ТҮЦ машин/-ээс 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гарган авсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт”-оос үзвэл нэхэмжлэгч Ж.Л нь 2023 оны 2-4 саруудад буюу сүүлийн гурван сард нийт 3,284,184 төгрөгийн цалин авч, ажиллажээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу дундаж цалинг тодорхойлох нь зүйтэй гэж үзэв.

Иймд нэхэмжлэгчийн ажилласан сүүлийн гурван сар буюу 2023 оны 2-4 саруудад авсан нийт цалин хөлсний нийлбэр 3,284,184 төгрөгийг 3 сард хуваахад нэг сарын дундаж цалин хөлс 1,094,728 төгрөг гарч байх бөгөөд үүнийг нэг сарын дундаж ажлын өдөр болох 21 өдрөөр тооцох /1,094,728 : 21/-од нэг өдрийн дундаж цалин хөлс 52,129,9 төгрөг байна.

Нэхэмжлэгчийн нэг өдрийн дундаж цалин хөлс болох 52,129,9 төгрөгийг түүний ажилгүй байсан бүх хугацаа буюу 2023 оны 05 дугаар сарын 04ий өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 18ы өдрийг дуусталх нийт 115 хоног /үүнд баяр ёслол болон бүх нийтээр амрах өдрүүд ороогүй/-оор тооцон, ажилгүй байсан бүх хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5,994,938.5 төгрөгийг хариуцагч ОАДМСҮТөөс гаргуулж нэхэмжлэгч Ж.Лд олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасны дагуу нэхэмжлэгчид олгох 5,994,938.5 төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутган нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамж төлснийг баталгаажуулахыг ОАДМСҮТийн санхүүд даалгах нь зүйтэй.

Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч ОАДМСҮТийн захирлын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/50 дугаартай “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай хэсгийг шүүх хангах боломжгүй байна.

Учир нь ажил олгогчийн дээрх шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй гарсан хэдий ч ажилтныг ажилд эгүүлэн тогтоох үндэслэлийг бий болгож буй хууль зүйн факт болж байгаа бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй учир шүүх дээрх Б/50 дугаар тушаалыг заавал хүчингүй болгох шаардлагагүй тул нэхэмжлэгчийн шаардлагаас энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ОАДМСҮТөөс ажлаас үндэслэлгүй халсан нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжинд 70,200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 110,869 төгрөг нийт 181,069 төгрөгийг гаргуулж Төсвийн орлогод оруулж шийдвэрлэв.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тунгалаг нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаантайгаар ирээгүй бөгөөд байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Р.Нямцэрэнг томилсон байх тул Д.Тунгалагийг шүүх хуралдаанаас чөлөөлж, түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Л-г ОАДМСҮТийн дотуур байрны багшийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5,994,938.5 /таван сая есөн зуун ерэн дөрвөн мянга есөн зуун гучин найман төгрөг таван мөнгө/ төгрөгийг хариуцагч ОАДМСҮТөөс гаргуулж нэхэмжлэгч Ж.Лд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас ОАДМСҮТийн захирлын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/50 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт олгох 5,994,938.5 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад шимтгэлүүдийг суутган холбогдох байгууллагад шилжүүлэн, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамж төлснийг баталгаажуулахыг хариуцагч ОАДМСҮТийн санхүүд үүрэг болгосугай.  

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.Л нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар хариуцагч ОАДМСҮТөөс улсын тэмдэгтийн хураамжид 181,069 /нэг зуун наян нэгэн мянга жаран ес/ төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, талууд хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ЖАРГАЛТУЯА