Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2024/00035

 

“З О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 103/ШШ2023/00544 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2023/02036 дугаар магадлалтай,

“З О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Б” ХК-д холбогдох 

Зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 14,699,955,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ”З О” ХХК-аас хариуцагч “Б” ХК-д холбогдуулан Зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 14,699,955,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 5,100,000,000 төгрөгөөр багасгаж, үндсэн төлбөр 4,699,970,000 төгрөг, алданги 4,899,985,000 төгрөг, нийт 9,599,955,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч гэрээний төлбөр 9,799,970,000 төгрөгийг зөвшөөрч, үүнээс 5,100,000,000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл үндсэн төлбөрийг зөвшөөрнө, харин үлдэх хэсэг болох алдангийг эс зөвшөөрчээ. 

2. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 103/ШШ2023/00544 дүгээр шийдвэрээр: “З О” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Б” ХК-д холбогдох зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 14,699,955,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч “Б” ХК нь шаардлагаас 5,100,000,000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад биелүүлснийг дурдаж, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Б” ХК-аас 9,599,955,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “З О” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,657,725 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХК-аас 73,657,725 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “З О” ХХК-д олгож шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2023/02036 дугаар магадлалаар: Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 103/ШШ2023/00544 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б” ХК-аас 4,699,970,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “З О” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 4,899,985,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, 2 дахь заалтын ...73,657,725 төгрөг... гэснийг 23,657,800 төгрөг гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хэргийн материалд талуудын 2022.10.25-ны өдрийн гэрээ дүгнэсэн, тооцоо нийлсэн баримт огт байхгүй атал тус баримтыг байгаа мэтээр тайлбарлан хэрэглэж магадлалын гол үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Маргааны үйл баримтад Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт заасныг үндэслэлтэй тайлбарлаж хэрэглээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх ... Талууд 2022.10.25-ны өдөр дээрх гэрээг дүгнэж, төлбөрийн үлдэгдлийг 4,699,970,000 төгрөг гэж тооцоо нийлж, баталгаажуулжээ. Талууд ийнхүү төлөх төлбөрийн талаар тооцоо нийлсэн нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үүргийг үүсгэх бөгөөд үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч “Б” ХК нь уг тооцоонд дурдсан үүргийг үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч “З О” ХХК-д төлөх үүрэг үүссэн гэж үзнэ. Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт зааснаар Тооцоо нийлэх гэрээгээр талууд хоорондын ажил хэргийн харилцаанаас үүссэн шаардлагыг гэрээнд заасан хугацааны дотор харилцан тооцоо нийлэх замаар хаахаар тохиролцох бөгөөд тооцоо нийлэх хүртэл шаардлага гаргахгүй байх үүрэг хүлээнэ. Талууд дээрх 108/2022/БХК/01 дугаартай гэрээгээр алданги төлөхөөр тохиролцсон хэдий ч хожим үйлдсэн тооцоо нийлсэн баримтад хариуцагчийн алданги төлөх үүргийг тусгаагүй, энэ талаар тохиролцоогүй байна. Иймд хариуцагч мөнгөн төлбөрийн үүргээ зохих хугацаанд гүйцэтгээгүй бол нэхэмжлэгчид алданги төлөхөөр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар анзын гэрээг бичгээр байгуулаагүй гэж тооцох үндэслэлтэй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхгүй. ... гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагаас 4,899,985,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Тодруулбал, магадлалын хянавал хэсгийн 5-т Талууд 2022.10.25-ны өдөр дээрх гэрээг дүгнэж, төлбөрийн үлдэгдлийг 4,699,970,000 төгрөг гэж тооцоо нийлж, баталгаажуулжээ. гэсэн байдаг. Гэтэл хэргийн материалд 2022.10.25-ны өдрийн гэрээ дүгнэсэн, тооцоо нийлсэн баримт огт байхгүй. Хэргийн материалд байхгүй баримтыг үндэслэл болгосон нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Компанийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар компани нь хуулиар тогтоосон журмын дагуу нягтлан бодох бүртгэл хөтлөн санхүүгийн тайлан гаргах үүрэгтэй учраас хариуцагч байгууллагад нийлүүлсэн шатахууны үнийг баталгаажуулахаар санхүүгийн анхан шатны нотлох баримтыг үндэслэн тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн. Тус баримтыг үйлдсэн зорилго нь талууд өгч авалцсан зүйлсээ баталгаажуулж, улмаар хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу санхүүгийн тайлан бэлтгэж эрх бүхий байгууллагад өөрсдийн үйл ажиллагааг хуульд нийцэж буй талаар хянуулах юм. Түүнээс шинээр үүргийн харилцаа, хэлцэл хийгээд байгаа буюу Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үүргийн харилцаа шинээр үүсгэсэн асуудал огт биш байхад давж заалдах шатны шүүх бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийсэн.

Шүүхээс дүгнэлт хийхдээ талуудын хооронд 2022.01.01-ний өдөр байгуулагдсан 108/2022/БХК/01 дугаартай гэрээний 5.2.2-т худалдан авагч гэрээний төлбөрийг хавсралтад заасан хуваарийн дагуу эсхүл энэхүү гэрээний 5.2.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алданги төлнө гэсэн заалтыг 2022.10.25-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэх замаар өөрчилж алданги төлөхөөргүй тохиролцож Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт зааснаар Тооцоо нийлэх гэрээ байгуулсан мэтээр тайлбарлан хэрэглэсэн.

Хэрвээ талууд алданги төлөхөөргүй тохиролцож, түүнийгээ баталгаажуулж тооцоо нийлэх гэрээ байгуулсан гэж дүгнэлт хийсэн бол тус гэрээ нь хүчин төгөлдөр эсэх талаар мөн адил дүгнэлт хийх шаардлагатай бөгөөд давж заалдах магадлалын үндэслэл болгосон 2022.10.25-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа нь хэрэгт байхгүй гэдгийг дахин дурдах нь зүйтэй.

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна. гэж зааснаар гэрээ байгуулах эрхийг тухайн байгууллагын гүйцэтгэх удирдлага буюу нэхэмжлэгч “З О” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.С хэрэгжүүлнэ. Шүүхээс гэрээ гэж дүгнэлт өгсөн тооцооны үлдэгдлийн баталгаанд гарын үсэг зурсан нягтлан бодогч С.Б, М.Э нар нь алданги төлөх, төлөхгүй байх талаарх тохиролцоог хийх, гэрээ байгуулах эрхгүй этгээд юм. Харин нягтлан бодогч нь талуудын хооронд өгч, авалцсан шатахууны хэмжээ, үнийг санхүүгийн анхан шатны баримтыг үндэслэн санхүү бүртгэлд бүртгэж, санхүүгийн тайланд тусгах чиг үүрэг бүхий этгээд юм. Жишээлбэл, шүүгчийн туслах албан тушаалтай хүн шүүгчийн орноос хэргийг шийдвэрлэж шийдвэр гаргасан бол тус шийдвэр хүчин төгөлдөр бус байна. Учир нь зөвхөн хуулиар эрх олгогдсон шүүгч хэрэг маргааныг шийдвэрлэж шүүхийн шийдвэр гаргах эрхтэй байдаг. Үүнтэй адил талуудыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдүүд гэрээ байгуулахдаа алданги төлнө гэж баталгаажуулсан байхад, гэрээ хийх эрхгүй этгээд болох нягтлан бодогч нар тус гэрээг үгүйсгэж буюу алданги төлөхөөргүй тохиролцож шинээр тооцоо нийлэх гэрээ байгуулсан, тус гэрээ нь хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийнэ гэж, мөн хуулийн 62.3 дахь хэсэгт төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүсэх талаар зохицуулсан. Нягтлан бодогчид хуулийн этгээдийг төлөөлж хэлцэл хийх, гэрээ байгуулах эрхийг олгосон хууль өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд батлагдаагүй. Мөн “З О” ХХК-аас алданги авах эрхээ өөрчилж, авахгүй байх талаар гэрээ, хэлцэл хийх эрхийг нягтлан бодогчдоо олгосон үйл баримт байхгүй.

Улсын дээд шүүхийн тайлбарт ... Иргэний хуулийн 186 дугаар зүйл нь практик ач холбогдлын хувьд бага, учир нь үүрэг гүйцэтгэгч хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх нь, үүрэг гүйцэтгүүлэгч уг үүргийг түүнээс шаардах нь мэдээжийн зүй ёсны хэрэг билээ. гэсэн байдаг. Гэтэл шүүхээс талууд төлөх төлбөрийн талаар тооцоо нийлсэн нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үүргийг үүсгэх бөгөөд үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч “Б” ХК нь уг тооцоонд дурдсан үүргийг үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч “З О” ХХК-д төлөх үүрэг үүссэн гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.3-т зааснаар хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр хэрэглэсэн гэж үзэхээр байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт Аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг мөрдөх анхан шатны баримтын загвар, бүрдүүлэх аргачлалыг санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж заасан.

Хэргийн материалд нотлох баримтаар авагдсан тооцооны үлдэгдлийн баталгааны эхний хуудасны баруун дээд буланд Сангийн сайдын 2017 оны 347 дугаар тушаалын хавсралт гэж, зүүн дээд буланд НХМаягт Т-3 гэсэн бичиглэл болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заанаас үзэхэд нягтлан бодогч нь хуульд заасны дагуу эрх бүхий этгээдээс баталсан загварыг ашиглаж санхүү бүртгэлээ хөтөлсөн болохоос алдангийн талаар тохиролцож хийсэн гэрээ гэж дүгнэх боломжгүй юм.

Мөн Сангийн сайдын 2017.12.05-ны өдрийн 347 тоот тушаалын хавсралтаар батлагдсан Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягтыг нөхөх зааврын 6 дугаар зүйлд Харилцагч талуудын хооронд гарсан ажил гүйлгээг тодруулан тайлант үеийн эцэс дэх хоорондын тооцооны үлдэгдлийг баталгаажуулахдаа улирал, жилийн эцэст харилцагч талууд тооцооны үлдэгдлийн баталгааг үйлдэнэ. Шаардлагатай бол санхүүгийн тайлангийн дундуур хийж болно. Тооцооны үлдэгдлийн баталгааг тооцоо үүссэн данс тус бүрээр хөтөлнө. Хоёр байгууллагын тооцооны баримтыг тооцооны үлдэгдлийн баталгааны хавсралтад нэгтгэж гаргана. гэж тооцооны үлдэгдлийг баталгааны маягтыг хэрхэн яаж үйлдэх талаар тусгасан байдаг. Энэ нь тус тооцооны үлдэгдлийн баталгаа бол санхүүгийн баримт болохоос талуудын харилцаанд эрх, үүрэг үүсгэсэн гэрээ биш гэдгийг харуулж байна.

Мөн алданги төлөх талаар тооцооны үлдэгдлийн баталгаанд тусгах ёстой гэсэн хууль байхгүй. Гэтэл шүүхээс тооцооны үлдэгдлийн баталгаанд алданги төлөх талаар тусгаагүй нь хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар анзын гэрээг бичгээр байгуулаагүй гэж тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэсэн. Хэрэв талууд алданги төлөхгүй байх талаар тохиролцсон бол ядаж тооцооны үлдэгдлийн баталгаанд алданги төлөхгүй гэх үгийг оруулж бичих байсан гэдэг нь энгийн ойлгомжтой зүйл юм.

Улсын дээд шүүхийн тайлбарт Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсгийг ... хэрэглэгдэх үндсэн тохиолдол нь төлбөр тооцооны гэрээний үндсэн дээр үүсэх банкны тооцоо нийлэх гэрээ байдаг (445 дугаар зүйл). гэж, мөн Монгол улсын дээд шүүхийн 2006.12.21-ний өдрийн 53 дугаартай тогтоолын 6.1-т Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1-д заасан тооцоо нийлэх гэрээ гэдэгт талуудын хоорондох ажил хэргийн харилцаанаас үүссэн үйл ажиллагааны үр дүнд гарах төлбөр тооцоог хэдийд харилцан тохиролцож дүгнэх, төлбөрийн үлдэгдэл гарвал үүрэг хүлээгч тал хэрхэн барагдуулах зэргээр талууд урьдчилан тохиролцсоноо бичгээр илэрхийлснийг ойлгоно. гэж тайлбарласан байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүхээс худалдах, худалдан авах гэрээ байгуулж өгч авалцсан зүйлийнхээ үнийг баталгаажуулсан санхүүгийн баримтыг бие даасан тусдаа гэрээ мэтээр тайлбарлаж хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн.

Хариуцагчийн төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн үйлдэл болон давж заалдах шатны шүүхийн магадлал нь нэхэмжлэгчийг санхүүгийн хүнд нөхцөл байдалд оруулаад байна. Учир нь “З О” ХХК нь банкнаас зээлж авч, авсан зээлээрээ шатахууны худалдаа эрхэлдэг. Гэтэл хариуцагч байгууллага төлбөр төлөх хугацааг хэтрүүлж улмаар шүүхээс алдангийг хэрэгсэхгүй болгосон тул банкнаас авсан зээлээ төлж чадалгүй маш их хэмжээний зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн дарамтад ороод байна.

Иймд Иргэний хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бын гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2024.02.01-ний өдрийн 001/ШХТ2024/00194 дүгээр тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэстэй байх тул шүүхийн шийдвэр, магадлалд зохих өөрчлөлтийг оруулав.

7. Нэхэмжлэгч ”З О” ХХК хариуцагч “Б” ХК-д холбогдуулан Зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 14,699,955,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 5,100,000,000 төгрөгөөр багасгаж, үндсэн төлбөр 4,699,970,000 төгрөг, алданги 4,899,985,000 төгрөг, нийт 9,599,955,000 төгрөг гаргуулахаар шаардлагаа тодорхойлжээ. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...Талуудын хооронд 2022.01.01-ний өдөр 108/2022/БХК/01 дугаар Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан хэдий ч хариуцагч үүргээ биелүүлээгүй тул тус гэрээний 5.2.1, 5.2.2-т заасны дагуу үлдэгдэл төлбөр, алдангийг шаардана гэж тайлбарласан.

8. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөрийн үлдэгдэл 4,699,970,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, алданги 4,899,985,000 төгрөгийг эс зөвшөөрөн ...алданги төлөх талаар огт сануулаагүй, ... тооцоо нийлсэн акт дээр алдангийн талаар дурдаагүй, ... ямар ч дүн тавиагүй гэж мэтгэлцсэн.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ ... талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний 5.2.1, 5.2.2-т алдангийг шаардах эрхийн талаар зохицуулсан. ... нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож алданги шаардсан нь хуульд нийцсэн тул алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, шударга ёсны зарчимд нийцээгүй. ... гэж дүгнэсэн байна.

10. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлээс үндсэн төлбөр 4,699,970,000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, алдангид холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Магадлалд энэ тухай ...талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр алданги төлөхөөр тохиролцсон хэдий ч хожим үйлдсэн тооцоо нийлсэн баримтад хариуцагчийн алданги төлөх үүргийг тусгаагүй, энэ талаар тохиролцоогүй ... хариуцагч мөнгөн төлбөрийн үүргээ зохих хугацаанд гүйцэтгээгүй бол нэхэмжлэгчид алданги төлөхөөр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар анзын гэрээг бичгээр байгуулаагүй гэж тооцох үндэслэлтэй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхгүй... гэж дүгнэсэн. 

11. Давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг эс зөвшөөрч, хэрэгт авагдаагүй баримтыг дүгнэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, тооцоо нийлэх гэрээ байгуулах ба тооцоо нийлэх акт үйлдэх ойлголтыг ялгаж чадаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх агуулга бүхий гомдлыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргажээ.

12. Талуудын хооронд газрын тосны бүтээгдэхүүн худалдах-худалдан авах харилцаа үүссэн гэж хоёр шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбарт үндэслэн байх боловч уг харилцааг зохицуулсан гэрээг эрх зүйн үүднээс ялгаатай тодорхойлж, хуулийн хэм хэмжээг зөрүүтэй хэрэглэсэн байна. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах-худалдан авах харилцаа үүссэн гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх төлбөл зохих хүүгийн хэмжээг тохиролцоогүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ гэж дүгнэсэн байна. Гэрээний харилцааг тодорхойлсон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэстэй. Зохигчийн хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй бөгөөд энэ төрлийн гэрээнд тавигдах урьдчилсан нөхцөл хангагдаагүй талаар давж заалдах шатны шүүх зөв тайлбарлажээ.

13. Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд байгуулсан гэрээнд алдангийн тохиролцоо байсныг зөвшөөрсөн боловч байгууллагын нягтлан бодогч, бусад албан тушаалтны хооронд үйлдсэн тооцоо нийлэх актын дагуу алдангийн талаар гэрээнд хожим өөрчлөлт орсон эсэх тухайд хоёр шатны шүүх зөрүүтэй дүгнэлт гаргасан нь талуудын маргааны зүйл болсон байна.

14. Давж заалдах шатны шүүх арилжаа эрхлэгчдийн хооронд байгуулах тооцоо нийлэх гэрээг санхүү нягтлан бодох бүртгэлийн тооцоо нийлэх үйлдлээс ялгаж чадаагүйгээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх агуулга бүхий нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэстэй.

Тодруулбал, Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1-д заасан тооцоо нийлэх гэрээний зүйл нь талуудын хооронд ажил хэргийн харилцаанаас үүдсэн шаардлага байх ба аж ахуй эрхлэгч байгууллагын бизнесийн үйл ажиллагааны явцад бий болсон газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, мөнгөн төлбөр гаргуулах шаардлагын талаар тооцоо нийлсэн нь ажил хэргийн харилцаанаас үүдсэн шаардлага гэх ойлголтод хамаарч болно. Гэвч гэрээний шаардлагын аль нэг хэсгийн тухайд байгууллагын нягтлан бодогчид тооцоо нийлэн санхүүгийн баримт үйлдсэн нь тооцоо нийлээгүй тухайн хэсгийг шаардах эрхээсээ татгалзсан, эсхүл энэ эрхийн үндэслэл болсон гэрээний заалтад өөрчлөлт оруулсан гэх үзэхгүй. Өөрөөр хэлбэл, ажлын үндсэн чиг үүргийн дагуу санхүүгийн баримт үйлдсэн үйлдлийг тооцоо нийлэх гэрээ байгуулах замаар талуудын хооронд байгуулсан гэрээг өөрчилсөн гэж дүгнэхгүй. Энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ... нягтлан бодогчид хуулийн этгээдийг төлөөлж хэлцэл хийх, гэрээ байгуулах эрхийг олгоогүй ... гэх агуулга бүхий гомдол үндэстэй.

Тооцоо нийлэх гэрээ нь хувийн эрх зүйн хэлцлийн нэг төрөл тул аж ахуй эрхлэгч-хуулийн этгээдийн хооронд гэрээ байгуулахад тавигдах ерөнхий ба тусгай шаардлагыг хангасан байвал зохино. Зохигчийн хооронд шатахуун худалдах, худалдан авах харилцаа тогтмол явагддаг байж болох ч байгууллагын нягтлан бодогч буюу удирдлагын бус түвшний албан тушаалтнууд өндөр үнийн дүнтэй мөнгөн төлбөрийн үүргээс нөгөө талыг чөлөөлдөг ажил хэргийн хүрээний заншил тогтсон гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

15. Түүнчлэн давж заалдах шатын шүүхийн магадлалд ... талууд 2022.10.25-ны өдөр гэрээг дүгнэж, төлбөрийн үлдэгдлийг 4,699,970,000 төгрөгөөр тооцоо нийлж баталгаажуулжээ. гэснийг эс зөвшөөрч, шүүх хэрэгт авагдаагүй баримтыг үнэлсэн буюу 2022.10.25-ны өдрийн тооцоо нийлсэн акт гэх баримт хэрэгт байхгүй талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолдоо дурдсан нь үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч ба хариуцагчийн нягтлан бодогчид хэд хэдэн удаа тооцоо нийлж, акт үйлдсэн баримт хэрэгт байх боловч тэдгээрийн дотор 2022.10.25-ны өдрийн огноотой тооцоо нийлсэн акт үгүй байна. Давж заалдах шатны шүүх нотлох баримтын огноог бичихдээ техникийн алдаа гаргасан, өөр огноо дугаар бүхий актыг эш татан дүгнэхийг зорьсон байж болох ч хэрэгт авагдсан аль ч актад алдангийн талаар дурдаагүй нь худалдагч тал алдангиас татгалзсан, эсхүл алданги тооцохгүй байхаар тохирч гэрээнд өөрчлөлт оруулсан гэх үндэслэл болохгүй.

16. Дээр дурдсан үндэслэлээр зохигч-хуулийн этгээдийн нягтлан бодогчдын хооронд тооцоо нийлсэн нь санхүү, нягтлан бодох бүртгэлийн зорилготой байх тул талуудын хооронд байгуулсан гэрээний 5.2.1, 5.2.2, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.2, 186 дугаар зүйлийн 186.1-д заасныг удирдлага болгон алдангийн төлбөрт 4,899,985,000 төгрөг, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу гэрээний үндсэн төлбөрт 4,699,970,000 төгрөг, нийт 9,599,955,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэр, магадлалд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2023/02036 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 103/ШШ2023/00544 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

“З О” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Б” ХК-д холбогдох 14,699,955,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч “Б” ХК нь 5,100,000,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад биелүүлснийг дурдаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.2-т заасныг баримтлан хариуцагч “Б” ХК-аас 9,599,955,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “З О” ХХК-д олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Зуун найман ойл ХХК-аас 2024.01.03-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24,657,875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Н.БАТЗОРИГ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                                    Н.БАТЧИМЭГ

                                                                                        Н.БАЯРМАА 

                                                                                         Д.ЦОЛМОН