Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 103/ШШ2023/00544

 

 

 

 

 

2023           10           05                                      103/ШШ2023/00544

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ................ дүүрэг, 1 дүгээр хороо, ................... чөлөө, ............ Оффис, ............... тоотод байрлах, З ХХк-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ::::::::::: дүүргийн ..............дугаар хороо, Үйлдвэр хэсэгт байрлах, ........... ХК-д холбогдох зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 14,699,955,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны  06 дугаар сарын  30-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав  нар оролцов. 

                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З ХХк нь хариуцагч Б.Х-д холбогдуулан зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 14,699,955,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд  гаргажээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь өөрсдийн тайлбар, татгалзлалаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч З ХХк-иас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: З ХХк нь Б.ХКтай 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 2022/БХК/01 дугаартай “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах  гэрээ" байгуулж тус гэрээний дагуу 2022 оны 01 дүгээр  сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд нийт 8,815,193 литр буюу 28,482,624,490 төгрөгийн үнэ бүхий  дизель түлш нийлүүлсэн бөгөөд түүнээс 18,682,654,488.00 төгрөгийг төлж барагдуулан 9,799,970,000 төгрөгийн үлдэгдлийг төлөлгүй байсаар өнөөдрийг хүрээд байна. Талуудын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан 108/2022/БХК/01 дугаартай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээний 5.2.1-т “Худалдан авагч нь гэрээний салшгүй хэсэг болох хавсралтуудад заасан барааны төлбөрийг худалдагчийг бараа нийлүүлсэн өдрөөс  хойш  30 хоногийн дотор бүрэн 100% төлж барагдуулсан байна"-гэж, мөн гэрээний 5.2.2-т “Худалдан авагч гэрээний төлбөрийг хавсралтад заасан хуваарийн дагуу эсхүл энэхүү гэрээний 5.2.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн  дүнгийн 0.1%-тэй тэнцэх алданги төлнө” гэж тус тус заасан байдаг. Б.ХК 9,799,970,000.00 төгрөгийн төлбөрийг төлөх хугацааг 241-468 хоногоор хэтрүүлсэн байх тул тус гэрээний 5.2.2-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1%-тай тэнцэх алдангийг үлдэгдэл төлбөрийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцоход 4,899,985,000 төгрөг, гэрээний дагуу нийлүүлсэн дизель түлшний үлдэгдлийн хамт нийт 14,699,955,000  төгрөгийг төлж барагдуулах тооцоо гарч байна. Талуудын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан 108/2022/БХК/0........ дугаартай "Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр”  нийлүүлсэн дизель түлшний үлдэгдэл төлбөр 9,799,970,000.00 (есөн тэрбум, долоон зуун ерин есөн сая, есөн зуун далан мянган) төгрөг, түүний алданги 4,899,985,000.009 (дөрвөн тэрбум, найман зуун ерин есөн сая, есөн зуун наян таван мянга, есөн мөнгө) төгрөг,  гэрээний дагуу нийлүүлсэн дизель түлшний үлдэгдлийн хамт нийт 14,699,955,000.00 (арван дөрвөн тэрбум, зургаан зуун ерин есөн сая, есөн зуун тавин таван мянган) төгрөг гаргуулах нэхэмжлэл шүүхэд гаргаснаас  хойш хариуцагч байгууллагаас 5 тэрбум 100 сая төгрөгийг төлж барагдуулсан. Иймд тус байгууллагаас 9,599,955,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЗХХ нэхэмжилсэн үнийн дүнгийн 9,799,970,000 төгрөгийг төлөхийг анхнаасаа хүлээн зөвшөөрөөд 5,000,000,000 төгрөгийг төлсөн. Тэгээд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай талаас нэхэмжлэгч талыг алдангиасаа чөлөөлөөд өгөөч гэж гуйсан. Эдний тал манайхыг алдангийн 30 хувийг төлчих гэсэн санал тавьсан боловч манай байгууллагын удирдлагууд шүүхээрээ шийдвэрлүүл гэсэн учраас эвлэрч чадаагүй. Одоо манайх үлдэгдэл үндсэн төлбөрөө төлнө. Алдангийг төлөхгүй, гэрээгээр алданги төлөх талаар тохиролцсон боловч хоёр байгууллага төлбөр төлөх тооцоо нийлэхдээ огт алдангийг тусгаагүй байгаа. Эдний тал манайд алдангиа төлнө шүү гэж огт сануулаагүй. Гэрээг анх 2022 оны 01 дүгээр сарын 01-нд байгуулаад өглөг, авлага үүсгээд яваад байсан. Манайх эцсийн байдлаар 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 25,000,000 төгрөгийн өртэй байсан. Тооцоо нийлсэн акт дээр өнөөдрийн хувьд ч гэсэн алдангийн асуудал огт яригдаагүй. 25 тэрбумын өртэй байхад танайх алдангитай байна шүү гээд тооцоогоо анхнаасаа нийлээд явахгүй яасан юм бэ гэсэн байр суурьтай байгаа юм. Манай байгууллага 25 тэрбум төгрөгийн өртэй болсноос хойш ямар ч нийлүүлэлт авахгүйгээр өрөө төлсөөр байгаад 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 4,6 тэрбум төгрөг үлдсэн. Манай зүгээс тооцоо нийлсэн акт дээрээ алдангийнхаа хэмжээг хэд гэж тавьсан юм бэ гээд нягтлаад үзэхээр ямар ч дүн байхгүй болохоор алдангийг зөвшөөрөхгүй байгаа гэв.

       3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,  Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл, газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, гэрээний хавсралтууд /1-8/, ................... ХК болон З ХХк-ийн хоорондын тооцоо, тооцооны үлэгдлийн баталгааны хуулбарууд, алдангийн тооцоолол зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, хариуцагч талаас алдангийн тооцоолол, тооцооны үлдэгдлийн баталгаа, өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан зэргийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Шүүх хэрэгт авагдсан, хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч З ХХк  нь шаардлагын үндэслэлээ: “Б.ХК тай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, гэрээний үүргээ биелүүлээгүй тул үндсэн төлбөр, алдангиаа нэхэмжилнэ” гэж, хариуцагч ............... ХК нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “Тооцоо нийлэхдээ алдангийг тусгаагүй учраас үндсэн төлбөрийг төлнө, алдангийг төлөхгүй” гэж тус тус тодорхойлон маргаж  байна.

   3.Хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд өгсөн тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

а/.Талуудын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 108/2022/БХК/0....... дугаартай “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдаж гэрээгээр худалдагч тал худалдан авагчид шатахуун нийлүүлэхээр, худалдан авагч тал гэрээний хавсралтад заасан шатахууны төлбөрийг худалдагчийн бараа нийлүүлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор 100 хувь төлж барагдуулахаар, худалдан авагч нь төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд  хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцжээ. /хх-ийн 9-22 дугаар тал/

б/.Худалдагч тал 2022.01.01-ний өдөр 1,600,146 л буюу 4,200,383,250 төгрөгийн, 2022.02.01-ний өдөр 210,712 л буюу 581,565,120 төгрөгийн, 2022.03.01-ний өдөр 143,202 л буюу 395,237,520 төгрөгийн, 2022.03.04-ний өдөр 1,157,134 л буюу 3,251,546,540 төгрөгийн, 2022.06.02-ны өдөр 858,332 л буюу 2,411,912,920 төгрөгийн, 2022.06.02-ны өдөр 1,190,928 л буюу 3,930,062,400 төгрөгийн, 2022.06.03-ны өдөр 1,157,511 л буюу 4,097,588,940 төгрөгийн, 2022.07.06-ны өдөр 1,046,150 л буюу 4,027,677,500 төгрөгийн, 2022.08.01-ний өдөр 1,451,078 л буюу 5,586,650,300 төгрөгийн нийт 8,815,193 л буюу 28,482,624,490 төгрөгийн, үнэ бүхий түлш нийлүүлж, нийлүүлсэн түлшийг тухай бүр хавсралтаар баталгаажуулсан байна. /хх-ийн 14-22 дугаар тал/

в/.Талууд өр төлбөрийн үлдэгдлээ харилцан баталгаажуулсан байх бөгөөд 2023.01.05-ны өдрийн тооцоогоор худалдан авагч тал 19,597,532,702.16 төгрөгийн, 2023.04.26-ны өдрийн тооцоогоор 13,200,000,000 төгрөгийн, 2023.06.06-ны өдрийн тооцоогоор 10,000,000,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй үлджээ. /хх-ийн 27-32 дугаар тал/

г/.Худалдагч тал 2022 онд Б.ХК-д зээлээр нийлүүлсэн дизель түлшний гэрээгээр тохиролцсон алдангийг 2023.06.28-ны өдрөөр тооцоолж үзсэн байх ба 10,191,371,852,84 төгрөгийн алданги төлөх өр төлбөр үүссэн байна. /хх-ийн 33 дугаар тал/

д/.Худалдан авагч тал буюу ..................... ХК нь нийт 28,482,624,490 төгрөгийн өр төлбөрөөс 18,682,654,488 төгрөгийн төлбөрийг барагдуулсан, үлдэгдэл 9,799,970,000 төгрөгийн өр төлбөрийг барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр худалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал 5,100,000,000 төгрөгийг төлж барагдуулж, үндсэн төлбөрөөс 4,699,970,000 төгрөгийн өглөгтэй үлдсэн байна. /хх-ийн 47 дугаар тал/

е/.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д “Зээлээр худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа  хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид  хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар талуудын хооронд Иргэний хуульд заасан “Зээлээр худалдах худалдан авах гэрээ” байгуулагджээ.

ё/.Талуудын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний 5 дахь хэсгийн 5.2.1, 5.2.2, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүргийн биелэлтэд үндсэн төлбөр, түүний алдангийг шаардах эрхтэй. Нэхэмжлэгч тал алдангийг нэхэмжлэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг үндэслэн гүйцэтгээгүй үүрэг 9,799,970,000 төгрөгийн 50 хувь буюу 4,899,985,000 төгрөг нэхэмжилсэн нь хуульд нийцсэн байх ба хариуцагч тал хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ байгуулж, 2 тал гэрээгээ хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан атлаа алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “Тооцоо нийлэхдээ алдангийг тооцоогүй, алданги төлөх ёстой талаар худалдагч тал мэдэгдээгүй” гэсэн  тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй, хууль, шударга үнэний зарчимд нийцээгүй гэж үзнэ.

4.Дээрх үндэслэлүүдээр хариуцагчаас үндсэн төлбөрт 4,699,970,000 төгрөг, алдангид 4,899,985,000 төгрөг нийт 9,599,955,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр төлүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,657,725 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 73,657,725 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

6.Нэхэмжлэгч, хариуцагч нараас гаргаж өгсөн бичгийн нотлох баримтууд нь нотлох баримт гаргах, цуглуулах хуульд заасан  шаардлагыг хангасан, хэрэг маргааныг тал бүрээс нь үнэн зөв, бодитойгоор хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой баримтууд гэж үзэв.

       Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1.З ХХк-ийн нэхэмжлэлтэй, Б.ХК.д холбогдох зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 14,699,955,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ...................р ХК нь шаардлагаас 5,100,000,000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад биелүүлснийг дурдаж, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан нь хариуцагч Б.ХК.иас 9,599,955,000 /есөн тэрбум, таван зуун ерэн есөн сая, есөн зуун тавин таван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З ХХк-д олгосугай.

             2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,657,725 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.ХК-иас 73,657,725 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З ХХк-д олгосугай.  

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            П.ЦЭЦЭГДУЛАМ