Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/02036

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/02036

 

 

 

 

 

 

 

2023 11 22 210/МА2023/02036

 

З О- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 05-ны өдрийн 103/ШШ2023/00544 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: З О- ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Б- ХК-д холбогдох,

Зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 14,699,955,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Бямба-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Манай компани ньБ- ХК-тай 2022 оны 01 сарын 01-ний өдөр 2022/БХК/00- дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, тус гэрээгээр 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 сарын 14-ний өдрийн хооронд нийт 8,815,193 литр буюу 28,482,624,490 төгрөгийн үнэ бүхий дизель түлш нийлүүлснээс хариуцагч 18,682,654,488.00 төгрөгийг төлж, 9,799,970,000 төгрөгийг төлөгдөөгүй. Хариуцагч төлбөрийн хугацааг 241-468 хоногоор хэтрүүлсэн тул гэрээний 5.2.2-т зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1%-тай тэнцэх алдангийг тооцож, ингэхдээ төлбөрийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцоход 4,899,985,000 төгрөг болж байна.

Иймд хариуцагч нь шатахууны үлдэгдэл төлбөр 9,799,970,000 төгрөг, алданги 4,899,985,000 төгрөг, нийт 14,699,955,000 төгрөгийг төлөх үүрэгтэй. Хариуцагч нь нэхэмжлэл гаргаснаас хойшхи хугацаанд 5,100,000,000 төгрөгийг төлсөн учир уг төлбөрийг хасч хариуцагчаас 9,599,955,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Манай компани гэрээний төлбөр 9,799,970,000 төгрөгийг анхнаасаа зөвшөөрч байгаа, харин алдангийг төлөхгүй. Гэрээгээр алданги төлөхөөр тохиролцсон ч хоёр байгууллага төлбөрийн талаар тооцоо нийлэхдээ алданги тусгаагүй. Манай байгууллага 25 тэрбум төгрөгийн өртэй болсноос хойш ямар ч нийлүүлэлт авахгүйгээр өрөө төлсөөр 2022 оны 10 сарын 25-ны өдөр 4,6 тэрбум төгрөгийн өр үлдсэн. Иймд алдангийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: З О- ХХК-ийн нэхэмжлэлтэй,Б- ХК-д холбогдох зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 14,699,955,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчБ- ХК нь шаардлагаас 5,100,000,000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад биелүүлснийг дурдаж, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагчБ- ХК-иас 9,599,955,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З О- ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,657,725 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчБ- ХК-иас 73,657,725 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч З О- ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Талууд мэтгэлцэх зарчмаа хэрэгжүүлж тэгш эрхийн үндсэн дээр шүүхэд гаргаж өгсөн эд мөрийн баримтууд болох нотлох баримт, тайлбарыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар тал бүрээс нь бүрэн бодитой үнэлж дүгнээгүй. Талууд 2022 оны 01 сарын 01-ний өдөр "108/БХК/00дугаартай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээ-г байгуулж нийт 28,482,624,490 төгрөгийн түлшийг худалдаж авсан, тус гэрээний 5.2.2-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алданги төлөхөөр харилцан тохиролцсон хэлэлцээрийг 2022 оны 10 сарын 25-ны өдөр талууд өөрчилсөн.

Тодруулбал тус өдөр бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөрийн үүрэг дээр тооцоо нийлж удаа дараа баталгаажуулж акт үйлдсэн байдаг. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-д талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсоноор үүрэг дуусгавар болох хуулийн зохицуулалтай байна. Талууд өр төлбөрийг удаа дараа тооцоо нийлсэн акт үйлдэж баталгаажуулдаг байсан. Үлдэгдэл төлбөрт алдангийг тооцооны үлдэгдэлд оруулан тооцож байгаагүй нь алданги авах нөхцөлөө 2022 оны 10 сарын 25-ны өдөр дуусгавар болгож өөрчилсөнтэй холбоотой. Иймээс 108/БХК/00 дугаартай гэрээний 5.1.2-т зааснаар алданги 4,899,985,000 төгрөгийг шаардаж буй үндэслэлгүй.

Гэтэл анхан шатны шүүх дээрх нотлох баримтыг бүрэн бодитой үнэлэхгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хариуцагчийн хувьд удаа дараа тооцоо нийлсэн үнийн дүнгүүдээс үлдэгдэл төлбөрийг шилжүүлж буй бөгөөд одоогоор 4,699,970,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас алданги болох 4,899,985,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Талууд өөр байдлаар тохиролцоод алданги төлөхгүй гэж тооцооны үлдэгдлийн баталгаанд гарын үсэг зурсан учраас алданги төлөх үүрэг дуусгавар болсон гэдэг байдлаар тайлбар хэлж байгаа. Энэ бол талуудын хооронд шинээр байгуулагдаж байгаа хэлцэл биш. Компанийн тухай хуульд хэлцлийг байгуулахдаа компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу гүйцэтгэх удирдлага гэрээ байгуулж байж хэлцлийн хэмжээнд яригдана.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 9.2-т гэрээнд өөрчлөлт оруулж байгаа бол бичгээр байгуулж, гэрээнд хавсаргана гэж заасан. Талууд хуулийн этгээд учраас санхүү, тооцоогоо Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар бүртгэж явах ёстой. Энэ үүргийнхээ хүрээнд өгч, авсан зүйлээ баталгаажуулсан.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч З О- ХХК нь хариуцагчБ- ХК-д холбогдуулан зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэг 9,799,970,000 төгрөг, алданги 4,899,985,000 төгрөг, нийт 14,699,955,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаснаас хариуцагч гэрээний үнэ 9,799,970,000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч, алданги 4,899,985,000 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзан маргажээ.

 

3. Талууд 2022 оны 01 сарын 01-ний өдөр 108/2022/БХК/00- дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч нь газрын тосны бүтээгдэхүүн буюу шатахууныг худалдан авагчид нийлүүлэх, худалдан авагч гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу шатахууныг нийлүүлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор үнийг бүрэн төлөхөөр харилцан тохиролцсон нь хэрэгт авагдсан гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь буруу болжээ.

Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.3төлбөл зохих хүүгийн хэмжээ тохиролцоогүй тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ нь хүчин төгөлдөр байна.

 

4. Дээрх гэрээний дагуу худалдагч тал болох З О- ХХК нийт 8,815,193 л буюу 28,482,624,490 төгрөгийн үнэ бүхий шатахууныг худалдан авагч болохБ- ХК-д нийлүүлж гэрээний үүргээ биелүүлсэн, худалдан авагчБ- ХК төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй үйл баримтад зохигч маргаагүй.

 

5. Талууд 2022 оны 10 сарын 25-ны өдөр дээрх гэрээг дүгнэж, төлбөрийн үлдэгдлийг 4,699,970,000 төгрөг гэж тооцоо нийлж, баталгаажуулжээ.

Талууд ийнхүү төлөх төлбөрийн талаар тооцоо нийлсэн нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үүргийг үүсгэх бөгөөд үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагчБ- ХК нь уг тооцоонд дурдсан үүргийг үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч З О- ХХК-д төлөх үүрэг үүссэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт зааснаар Тооцоо нийлэх гэрээгээр талууд хоорондын ажил хэргийн харилцаанаас үүссэн шаардлагыг гэрээнд заасан хугацааны дотор харилцан тооцоо нийлэх замаар хаахаар тохиролцох бөгөөд тооцоо нийлэх хүртэл шаардлага гаргахгүй байх үүрэг хүлээнэ.

 

6. Талууд дээрх 108/2022/БХК/00- дугаартай гэрээгээр алданги төлөхөөр тохиролцсон хэдий ч хожим үйлдсэн тооцоо нийлсэн баримтад хариуцагчийн алданги төлөх үүргийг тусгаагүй, энэ талаар тохиролцоогүй байна.

Иймд хариуцагч мөнгөн төлбөрийн үүргээ зохих хугацаанд гүйцэтгээгүй бол нэхэмжлэгчид алданги төлөхөөр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар анзын гэрээг бичгээр байгуулаагүй гэж тооцох үндэслэлтэй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхгүй.

 

7. Энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул гомдлыг хангаж, хариуцагчБ- ХК-аас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 4,699,970,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З О- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,899,985,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Б- дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 05-ны өдрийн 103/ШШ2023/00544 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчБ- ХК-аас 4,699,970,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З О- ХХК-д олгож, нэхэмжлэлээс 4,899,985,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

2 дахь заалтын ...73,657,725 төгрөг... гэснийг 23,657,800 төгрөг гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчБ- ХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,657,875 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Э.ЭНЭБИШ