Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2024/00044

 

П-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 135/ШШ2023/01471 дүгээр шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 209/МА2024/00004 дүгээр магадлалтай,

П-гийн нэхэмжлэлтэй

Т-д холбогдох

Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Э-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А, хариуцагч Т, хариуцагчийн өмгөөлөгч Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч П-гөөс хариуцагч Т-д холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 135/ШШ2023/01471 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т тус заасныг баримтлан нэхэмжлэгч П-гийн гаргасан ..., үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Тийн хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч П-гөөс улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тус шүүхийн 100190000941 тоот дансанд төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 209/МА2024/00004 дүгээр магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 135/ШШ2023/01471 дугаартай шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч П-гийн гаргасан ...., үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Т-ийн хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг,

“Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус зааснаар ..., үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Тийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй” гэж,

2 дугаар заалтын “...нэхэмжлэгч П-гөөс улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тус шүүхийн 100190000941 тоот дансанд төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж” гэснийг,

“...нэхэмжлэгч П-гөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т-ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П-д олгож” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэж нэг хэрэг дээр хоёр өөр шийдвэр гаргаад байна. Хариуцагчийн өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийж үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Хэргийн материалтай танилцаж үзэхэд нэхэмжлэгч П нь 2022 оны 07 дугаар сард Улаанбаатар хотоос Дархан-Уул аймагт ирж хариуцагч Т-тэй уулзаад “Надад мөнгөний хэрэг гараад байна. Та байрныхаа гэрчилгээг өгч байгаач, би хотод очоод эгчээсээ 50,000,000 төгрөг аваад хүү А-д чинь өгчихье” гэхээр нь итгээд түүнтэй өөрийн өмчлөлийн орон сууцыг 50,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож 2022.07.14-ний өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулж орон сууцны өмчлөх эрхээ шилжүүлж өгсөн байна.

Гэтэл худалдан авагч П нь одоо болтол худалдагч Т-ид орон сууцны үнэ нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд сүүлд мөнгө төлсөн гэх хуурамч нотлох баримт гаргаж өгсөн.

П нь Т-ийн хүү М.А-той хамтарч Порекс гэдэг компанид сүлжээний бизнес хийдэг байхдаа хоорондоо дансаар шилжүүлж байсан мөнгөө байрны төлбөр гэж шүүхэд итгүүлэхийг оролдож үүнд нь давж заалдах шатны шүүх төөрөлдөж буруу шийдвэр гаргаж байна.

Тухайлбал, хэрэгт нотлох баримтаар авагдсан П, Т.А нарын 2022 оны 06 дугаар сард хоорондоо мөнгө шилжүүлсэн банкны харилцах дансны хуулганаас үзэхэд П-гөөс Т.А-ын данс руу 2022.06.11-ний өдөр 5,000,000 төгрөг, 2022.06.13-нд 20,000,000 төгрөг, 2022.06.14-нд 20,000,000 төгрөг, 2022.06.15-нд 5,000,000 төгрөг, нийт 50,000,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд гүйлгээний утга нь тодорхойгүй байдаг бол Т.А-оос П-гийн данс руу 2022.06.13-нд 10,800,000 төгрөгийг /П ашиг/, 2022.06.29-нд 10,350,000 төгрөгийг /хөрөнгө оруулалтын зээлийн эргэн төлөлт ЦЗ, /З нь П-гийн эцэг нь/, 2022.06.29-нд 7,475,000 төгрөгийг /хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийн зээл Пүрэв-Өлзий/ гэсэн гүйлгээний агуулгатайгаар нийт 28,625,000 төгрөгийг П-д шилжүүлсэн байна.

Дээрх байдлаас харахад П нь орон сууцны үнийг Т.А-од шилжүүлж өгөөгүй харин ч хоорондоо сүлжээний бизнест хөрөнгө оруулж харилцаж байсан нь тогтоогдож байна. П нь энэ данс гүйлгээний баримтаа шүүхэд орон сууцны үнийг төлсөн баримт гэж гаргаж өгч байгаа нь худал баримтаар шүүхийг төөрөгдөлд оруулж байгаа гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэж байна. ИХШХШТХ-н 38 дугаар зүйлийн 38.4-т Хэргийн оролцогч хуурамч нотлох баримт гаргах буюу түүнийг хууль бус аргаар цуглуулахыг хориглоно гэж заажээ.

Гэтэл давж заалдах шатны шүүх “...талуудын хооронд орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулагдахаас өмнө гэрээний үнэ 50,000,000 төгрөг төлөгдсөн гэж үзэхээр байна“ гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй хэт өрөөсгөл дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

П нь хэрвээ хүү Т.А-той нь мөнгө төгрөгийн тооцоотой байлаа ч гэсэн настай эцгийг нь хуурч мэхлэн гэрээ байгуулах маягаар орон сууцыг нь өөрийн өмчлөлд шилжүүлэн авах нь хууль зөрчсөн ёс зүйгүй үйлдэл юм. Хариуцагч Т-ийн хувьд П-г гэрээний дагуу орон сууцны үнийг төлсөн тохиолдолд орон сууцыг чөлөөлж өгөхөд бэлэн гэдгээ байнга хэлсээр ирсэн.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

Гэтэл худалдан авагч тал нь үүргээ биелүүлээгүй байгаа тул Тийн хувьд орон сууцыг суллаж хүлээлгэн өгөх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагчийн өмгөөлөгч Э-ын гаргасан гомдлыг хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2024.02.22-ны өдрийн 001/ШХТ2024/00257 дугаар тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

7. Нэхэмжлэгч П хариуцагч Т-д холбогдуулан гаргасан Улсын бүртгэлийн ... орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн үндэслэлээ: “...Миний бие Т-тэй 2022.07.04-ний өдөр 4406 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулж, орон сууцыг худалдан авч нотариатаар батлуулан, 2022.07.19-ний өдөр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай гэрчилгээ авсан. Ингээд худалдан авсан байрандаа орох гэсэн боловч өнөөдрийг хүртэл суллаж өгөхгүй байгаа учир орон сууцыг албадан чөлөөлөхийг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү” гэж тайлбарласан,

Хариуцагч Т тайлбартаа: “...орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон боловч нэхэмжлэгч П нь гэрээгээр тохирсон орон сууцны үнэ 50,000,000 төгрөгийг төлөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “...зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч нь гэрээ байгуулснаас хойш хариуцагч болон түүний хүүд байрны мөнгө төлөөгүй, ...гэрээ байгуулахаас өмнө орон сууцны үнийг төлсөн гэх боловч нэхэмжлэгчээс хариуцагчийн хүү Т.А-од 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн энэхүү үйл баримт нь орон сууц худалдан авахад зориулж шилжүүлсэн болох нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн, орон сууцны үнэ 50,000,000 төгрөгийг төлсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. ...нэхэмжлэгч нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул хариуцагчийг тухайн сууцыг хууль бусаар эзэмшилдээ байлгаж байна гэж үзэх үндэслэлгүй...” гэж дүгнэсэн бол,

Давж заалдах шатны шүүх: “...анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг хуульд зааснаар үнэлж чадаагүй байна, ...талууд Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний 3.3-т ...төлбөрийг бүрэн төлж дууссан гэж, 3.4-т үл хөдлөх эд хөрөнгийг 2022.07.04-нд хүлээлгэн өгөх гэж тус тус тусгаж, харилцан тохиролцсон байх тул гэрээ байгуулахаас өмнө гэрээний үнэ 50,000,000 төгрөг төлөгдсөн гэж үзэхээр байна, ...талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь худалдан авсан хөрөнгөө хүлээн авах, хариуцагч нь хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна, иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй...” гэж дүгнэн, шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Ийнхүү хоёр шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөнөөс маргааны үйл баримтыг өөрөөр тогтоож, зөрүүтэй шийдвэр гаргасан байна.

9. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг бүрэн тогтоолгүйгээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан дүгнэлтийг ямар үндэслэлээр няцааж байгаа талаар магадлалд тодорхой заалгүйгээр дан ганц гэрээний заалтыг үндэслэн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангасан нь учир дутагдалтай, шийдвэр, магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Иймд хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлын давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрсөн хэсгийг хангах үндэслэлтэй.

10. Хэрэгт цугларсан баримтаас үзвэл нэхэмжлэгч П хариуцагч Т-д холбогдуулан өөрийн өмчлөлийн ... орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргажээ.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

Хуулийн дээрх заалтаар нэхэмжлэгч нь маргаж буй хөрөнгийн өмчлөгч байхаас гадна хариуцагчийн эзэмшил хууль бус тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага хангагдах учиртай.

11. Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр маргаж буй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болсон гэж тайлбарласан бол хариуцагч нь худалдсан эд хөрөнгийн үнийг төлөх гэрээний үүрэг биелэгдээгүй тул шаардах эрхгүй гэж маргасан байна.

Иймд шаардах эрхийн үндэслэл болсон худалдах-худалдан авах гэрээг дүгнэх шаардлагатай.

12. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх..., худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах тус тус үүрэгтэй гэж зохицуулсан.

Зохигчийн хооронд 2022.07.04-ний өдөр Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, тус гэрээгээр нэхэмжлэгч нь ... орон сууцыг худалдаж авахаар, хариуцагч нь тус үл хөдлөх эд хөрөнгийг 50,000,000 төгрөгөөр худалдахаар, гэрээний 3.2-т төлбөр төлөх хугацааг 2022.07.04 гэж, 3.3-т гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх: төлбөрийг бүрэн төлж дууссан гэж, 3.4-т үл хөдлөх эд хөрөнгө хүлээлгэн өгөх хугацааг 2022.07.04 гэж тус тус тохиролцжээ.

Дээр дурдснаар гэрээний 3.3-т ... “төлбөрийг бүрэн төлж дууссан” гэж бичигдсэн боловч бодит байдалд орон сууцны үнэ төлөгдсөн эсэх нь маргаантай байхад энэ талаарх үйл баримтыг хоёр шатны шүүх бүрэн тогтоож чадаагүй байна.

13. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг нотолж, хариуцагчийн хүү Т.А-ын дансанд 2022.06.11-ээс 06.15-ны хооронд шилжүүлсэн 50,000,000 төгрөгийн гүйлгээг орон сууцны төлбөр гэж тайлбарласан бол хариуцагчаас дээрх гүйлгээ нэхэмжлэгчийг хариуцагчийн хүү Т.А-той хамтарч ажиллаж байх үед шилжүүлж байсан хоорондын ажилтай холбоотой болохоос орон сууцны төлбөр төлсөн баримт биш, нэхэмжлэгч нь гэрээ байгуулсны дараа хариуцагчийн хүү Т.А-од төлбөр шилжүүлнэ гэж тохиролцсон боловч шилжүүлээгүй гэж маргасан байна.

14. Нэхэмжлэгчээс хариуцагчийн хүү Т.А-од 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн баримтуудын гүйлгээний утгад “Өлзий” гэж нэрээ бичсэн байх бөгөөд энэ хугацаанд буюу 2022.06.13-ны өдөр Т.А-оос нэхэмжлэгч П-д “ашиг” гэсэн утгатайгаар 10,800,000 төгрөгийг, мөн 2022.06.29-ний өдөр “ХОЗ-н эргэн төлөлт, П” утгатайгаар 7,475,000 төгрөг, мөн өдөр “ХОЗ эргэн төлөлт З” утгатайгаар 10,350,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч П-гийн Хаан банкин дахь дансанд шилжүүлж байсан баримт хэрэгт авагджээ.

Нэхэмжлэгч П нь дээрх эргэн төлөлтийг хариуцагчийн хүү Т.А нэхэмжлэгчийн ааваас хөрөнгө оруулалт нэрээр 35,000,000 төгрөгийг аваад буцааж өгч байсан баримт тул орон сууцны үнэд шилжүүлсэн 50,000,000 төгрөгт хамааралгүй гэж тайлбарлах боловч энэ талаар зохигч бүрэн мэтгэлцэж чадаагүй, түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчийн хүү Т.А-той ямар харилцаатай байсан, хамтарч мөнгө өсгөх арилжаа хийж байсан, улмаар Т.А-од хөрөнгө оруулалт нэрээр өсгүүлэхээр өгсөн мөнгөний төлбөрт орон сууцыг нь тооцож авсан эсэх, эсхүл өгсөн мөнгөө буцаан гаргуулахын тулд /хариуцагчийн тайлбараар/ байрыг барьцаанд тавихаар өмчлөлийг шилжүүлсэн болон худалдах-худалдан авах гэрээ бодитоор хийгдсэн эсэх зэрэг ач холбогдол бүхий үйл баримтыг тодруулж, тогтоосны эцэст нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх нь зүйтэй.

 15. Дээрх үйл баримт тодорхой бус нөхцөлд хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлын заримыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 135/ШШ2023/01471 дүгээр шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 209/МА2024/00004 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгч Э-н гомдлын заримыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн өмгөөлөгч Э 2024.01.23-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦОЛМОН

                           ШҮҮГЧИД                                                      Н.БАТЗОРИГ

                                                                                                 Н.БАТЧИМЭГ

                                                                                                 П.ЗОЛЗАЯА

                                                                                                  Х.ЭРДЭНЭСУВД