Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 393

 

Ж.Т-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Ж.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д нарыг оролцуулан хийж, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 08-ний өдрийн 14 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0526 дугаар магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Ж.Т-ийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 08-ний өдрийн 14 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3-т заасныг баримтлан Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Ж.Т-ийг албан тушаалаас чөлөөлөх тухай” 54 тоот тушаалыг хүчингүй болгож, Б овогт Ж.Т-ийг Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн Эдийн засгийн бодлого, төлөвлөлт хариуцсан ерөнхий эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Т-т ажилгүй байсан хугацааны цалин олговорт 5087471 төгрөгийг олгох, мөн энэ хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга О.Ч-т даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0526 дугаар магадлалаар: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 08-ний өдрийн 14 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоосон. Уг тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцэд Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ны 67 дугаар тогтоолоор 5 хэлтэс ажилладаг байсныг 6 хэлтэс, Засаг даргын харьяа хэрэгжүүлэгч агентлаг 23 байсныг 22 болгон өөрчилж, Засаг даргын Тамгын газрын хэлтсүүдийн зарим чиг үүрэг Засаг даргын харьяа хэрэгжүүлэгч агентлагуудад нэмэгдэн шилжих, зарим агентлагууд татан буугдах, нийлэх зэргээр чиг үүрэг, бүтэц нь өөрчлөгдсөн. Үүний дагуу аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/325 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоо өөрчлөгдөн батлагдсан билээ.

Энэхүү бүтцийн өөрчлөлтөөр нэхэмжлэгч Ж.Т-ийн ажиллаж байсан аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэс нь Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс болж, Хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байр нь зорилго, агуулгын хувьд өөрчлөгдөн хасагдаж, шинээр Эдийн засгийн бодлого, төлөвлөлт хариуцсан ерөнхий эдийн засагчийн ажлын байр бий болж, сул орон тоо гарсан юм. Уг ажлын байранд дээд, бакалавр болон түүнээс дээш боловсролтой, Инженер, Эдийн засагч, Инженер-Эдийн засагч мэргэжилтэй, Төрийн албанд 2-оос доошгүй, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх гэх мэт ерөнхий болон тусгай шаардлага тавигдсан байсан.

Тухайн үед Ж.Т-т үүсээд буй нөхцөл байдлын талаар Захиргааны ерөнхий хуулийн дагуу 2016 оны 11 дүгээр сарын 14-нд мэдэгдэж, 2019 оны 11 дүгээр сарын 16-нд сонсох ажиллагаа явуулж, харилцан санал солилцож, бүтцийн өөрчлөлтөөр буюу Төрийн албаны тухай хуулийн 23.4-ийн дагуу ажлаас нь чөлөөлж, өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар чөлөөлж байгаа тул Төрийн албаны тухай хуулийн дээрх 27.2.4-ийн хүрээнд мэргэжил, мэргэшлийн дагуу хүүхдийн байгууллага буюу аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт Хүүхдийн зуслан хариуцсан зохион байгуулагч эсвэл төрийн захиргааны албан тушаалд тус тус ажиллуулах тухай санал тавьсан боловч тэрээр санал болгосон ажлын байранд ажиллахгүй болохоо мэдэгдсэн тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 -ийн дагуу тэтгэмж олгосон.

Ж.Т нь бага ангийн багш, нягтлан бодогч мэргэжилтэй, уг мэргэжлээрээ мэргэшиж бизнесийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалснаас “Бизнесийн удирдлага”, “Эдийн засагч”, “Инженер” мэргэжилгүй тул шинээр бий болсон ажлын байранд тавигдах мэргэжлийн шаардлага хангахгүй, тухайн ажлын байранд тавигдах мэргэжил буюу Инженер эсхүл Эдийн засагчаар ажиллаж байгаагүй зэрэг нь шинээр бий болсон ажлын байранд тавигдах ерөнхий шаардлагад таарахгүй тул тус ажлын байранд томилох нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2 дахь заалт, бусад хууль тогтоомжийг зөрчих, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 4,2.5 дахь зарчим алдагдахын зэрэгцээ тодорхой мэргэжил, мэдлэг шаардлагатай аймгийн эдийн засгийн бодлогыг төлөвлөх, боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих тэр дундаа байгаль орчин, уул уурхайн үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын гүйцэтгэл, хяналт зэрэг инженерийн ерөнхий мэдлэг, чадварт суурилсан салбарын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх аймгийн ажил хохирох ноцтой үр дагавар гарахаар байсан.

Харин тухайн ажлын байранд буюу аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн Эдийн засгийн бодлого, төлөвлөлт хариуцсан ерөнхий эдийн засагчийн ажлын байранд тавигдах тусгай болон ерөнхий шаардлагыг хангасан иргэн П.О Төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй байсныг хууль журмын дагуу томилсон. П.О нь 2006 онд МУИС-ийг Геологийн инженер мэргэжлээр, дээд боловсролын бакалаврын зэрэгтэй төгссөн, төрийн албанд 10 жил, үүнээс мэргэжлээрээ буюу аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн Эрдэс баялаг, эрчим хүчний бодлого хариуцсан мэргэжилтнээр 2007 оноос 6 жил ажилласан туршлагатай юм.

Гэтэл анхан шатны шүүх зарим үндэслэлийг буруу дүгнэж шийдвэрлэснийг давж заалдах шатны Шүүх хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна. Үүнд:

1.Ажлын байрны тодорхойлолтын тухайд Ж.Т-ийг ажлаас чөлөөлснөөс хойш Эдийн засгийн бодлого, төлөвлөлт хариуцсан ерөнхий эдийн засагчийн албан тушаал/ажлын байрын тодорхойлолтын ерөнхий чиг үүргийг нэмэх, хасах, өөрчлөх бус задалж, нарийвчлан илүү тодорхой болгон зарим техникийн шинжтэй алдааг залруулан сайжруулсан. Гэхдээ шат шатны шүүхэд гаргасан хариуцагчийн тайлбарыг зөвхөн нэхэмжлэгчээс анхан шатны шүүхэд ирүүлсэн ажлын байрны тодорхойлолт түүнд тавигдсан чиг үүрэг, тусгай болон ерөнхий шаардлагын хүрээнд гаргаж байсныг дахин тодруулах нь зүйтэй байна. Анхан шатны Шүүхээс аймгийн эдийн засгийн бодлого, төлөвлөлтийн асуудлын хамрах хүрээ, ач холбогдол, орон нутгийн хөгжилд гүйцэтгэх үүргийг хэт дутуу үнэлснээс бүтцийн өөрчлөлтөөр шинээр бий болсон Эдийн засгийн бодлого, төлөвлөлт хариуцсан ерөнхий эдийн засагчийн ажлын байрны зорилго, үндсэн зорилт, гол үйл ажиллагааг нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрны зорилго, үндсэн зорилт, гол үйл ажиллагаатай харьцуулж өөрчлөлт, ялгааг тодорхойлон үнэлэх ажиллагааг бодитой хийж чадаагүй.

Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтний болон шинээр бий болсон Эдийн засгийн бодлого, төлөвлөлт хариуцсан ерөнхий эдийн засагчийн ажлын байрны тодорхойлолт нь тус бүр хэдэн чиг үүрэг, гол үйл ажиллагаа, ажил хариуцахаар туссан тоогоор нь харьцуулбал зөрүү нь тун бага, харин ажлын байрны зорилго, зорилт тэдгээрийн агуулга, хамрах хүрээ, ач холбогдол, гүйцэтгэх үүргээр нь авч үзвэл асар том өөрчлөлт орж, шинэчлэгдсэн нь тодорхой юм.

2. Нэхэмжлэгч Ж.Т нь хуучин мэргэжлээрээ мэргэшиж 2009 онд Бизнесийн удирдлагын чиглэлээр тодорхой сэдвээр боловсролын магистрын зэрэг хамгаалсныг “Бизнесийн удирдлага”-ын мэргэжил шинээр эзэмшсэн мэтээр тайлбарлаж, Ж.Т нь тухайн ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага буюу мэргэжлийн шаардлагыг хангаж байгаа тухай буруу дүгнэлт гаргасан. Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайдын 2006 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 480 дугаар тушаалаар баталсан “Дээд боловсролын диплом олгох журам”-ын 2.4-т л зөвхөн дээд боловсролын бакалаврын зэргийн дипломд “мэргэжлийн нэр”-ийг бичихээр тусган бусад дипломд байгаа нь магистрын зэрэг хамгаалах нь шинээр мэргэжил эзэмшсэнд тооцохгүй болохыг тодорхой харуулсан байдаг. Мөн Дээд боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлд дээд боловсролын агуулгыг тодорхойлоод мэргэжил, мэргэшлийн утга, агуулгын ялгааг тодорхой заасан байдаг. Энэ нь Ж.Т, П.О нар “Бизнесийн удирдлага”-ын мэргэжилгүй тул тухайн ажлын байранд тавигдсан “Бизнесийн удирдлага”-ын мэргэжилтэй байж болох шаардлагыг хэн нь ч хангахгүйг тодорхой нотолж байгаа юм. Иймд нэхэмжлэгч Ж.Т нь тухайн ажлын байрны мэргэжлийн шаардлагыг хангахгүй, нэгэнт мэргэжлийн шаардлагыг хангахгүй тул тухайн мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх шаардлагыг ч мөн хангахгүй. Гэтэл Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Ж.Т, П.О нарыг “Бизнесийн удирдлага”-ын мэргэжилтэй хэмээн ойлгож, тухайн ажлын байрны шаардлагыг хангасан гэж үзсэн нь буруу юм. Харин П.О-ын хувьд МУИС-ийн сургуулийг Геологийн инженер мэргэжилтэй тул тухайн ажлын байрны Инженер мэргэжилтэй байх шаардлагыг, 2007-2013 онд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэст Эрдэс баялаг, эрчим хүчний бодлого хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан тул мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх шаардлагыг тус тус хангаж байсан. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ж.Т нь Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/54 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн Эдийн засгийн бодлого, төлөвлөлт хариуцсан ерөнхий эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгах нэхэмжлэлийг гаргажээ.

Маргаан бүхий тушаалаар “бүтэц өөрчлөгдсөн” гэх үндэслэлээр Хөгжлийн бодлогын хэлтсийн эдийн засгийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн байна.

Дундговь аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн А/325 дугаар захирамжаар Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэс нь Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс болж өөрчлөгдсөн ба үүнтэй уялдаж, Эдийн засгийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаал нь Эдийн засгийн бодлого, төлөвлөлт хариуцсан ерөнхий эдийн засагчийн албан тушаал болж өөрчлөгджээ.

Хариуцагчаас нэхэмжлэгчийг өөрчлөгдсөн албан тушаалд томилоогүй шалтгаанаа “ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй, инженер, эдийн засагч мэргэжилтэй байх шаардлагатай атал нэхэмжлэгч нь нягтлан бодогч мэргэжилтэй” гэж тайлбарлаж байна.

Гэвч хариуцагчийн энэхүү татгалзлын үндэслэл болсон үйл баримт маргаан бүхий тушаалыг гаргах үед бий болоогүй, үүсээгүй байжээ. Тодруулбал, хариуцагчаас 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгчийг албан тушаалаас чөлөөлсөн, энэ үед эдийн засгийн бодлого, төлөвлөлт хариуцсан ерөнхий эдийн засагчийн ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагад “бизнесийн удирдлага” гэж заасан байсан, уг шаардлагыг нэхэмжлэгч хангаж байжээ.

Харин хариуцагчаас 2016 оны 12 сард ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт оруулж, “бизнесийн удирдлага” гэснийг “инженер-эдийн засагч” гэж өөрчилсөн байдал нь маргаан бүхий тушаал гарсны дараах үйл баримт тул тушаалын үндэслэл буюу “мэргэжлийн хувьд шаардлага хангахгүй” тухай үйл баримт няцаагдаж байна.

Хариуцагчаас “байгаль орчин, уул уурхай зэрэг салбарын ажлыг хэрэгжүүлэхэд мэргэжлийн хувьд шаардлага хангахгүй” гэж маргаж байгаа боловч маргаан бүхий тушаалыг гаргах үед уг чиг үүрэг шинээр нэмэгдээгүй байсан, эдийн засгийн бодлого, төлөвлөлт хариуцсан ерөнхий эдийн засагчийн ажлын байрны гол үйл ажиллагаа нь 3 үндсэн зорилгын хүрээнд, хуучин зохион байгуулалтын дагуу хэрэгжиж байжээ.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт зааснаар төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахаар зохицуулсан байна.

Захиргааны байгууллагаас 2016 оны 12 дугаар сард эдийн засгийн бодлого, төлөвлөлт хариуцсан ерөнхий эдийн засагчийн ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт оруулахдаа ажлын байрны үндсэн зорилт, ажлын байрны гол үйл ажиллагааг тус тус нэмж, ажлын байрны гол үйл ажиллагааг 9 болгож өөрчилжээ. Гэвч энэхүү өөрчлөлт нь ажлын байрны зорилгыг өөрчлөөгүй, захиргааны байгууллагаас ажлын байрны гол үйл ажиллагааг хувиар тооцохдоо өмнөх 3 гол үйл ажиллагааг тус бүр 15-20%-тай байхаар, харин сүүлд нэмэгдсэн ашигт малтмал, уур уурхайн бодлого зохицуулалт, байгаль орчны бодлого зохицуулалтын үйл ажиллагааг тус бүр 5%-тай байхаар ажлын байрны тодорхойлолтод зааснаас үзэхэд ажлын байрны үндсэн чиг үүрэг хэвээр хадгалагдаж үлдсэн, нэхэмжлэгчийн төрийн албанд үргэлжлүүлэн ажиллах эрх хангагдах үндэслэлтэй, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.

Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 08-ний өдрийн 14 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0526 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ    

                        ШҮҮГЧ                                                                    П.СОЁЛ-ЭРДЭНЭ