Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 183/2023/02654/И |
Дугаар | 001/ХТ2024/00043 |
Огноо | 2024-03-12 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 001/ХТ2024/00043
Т, Б , Д нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/03181 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2024/00003 дугаар магадлалтай,
Т, Б , Д нарын нэхэмжлэлтэй,
... албаны дарга, Ерөнхий ... гчийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 298/3 дугаар төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч Т итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Т, Б , Д нар нь хариуцагч ... ... нарт холбогдуулан 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 298/3 дугаар төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/03181 дүгээр шийдвэрээр: Шүүхийн ... тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ... болон Шүүхийн ... ерөнхий газрын ... албаны дарга, Ерөнхий ... нарт холбогдох Төлбөр төлөгчийн гадаад зорчих эрх түдгэлзүүлэх тухай ... албаны дарга, Ерөнхий ... ийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 298/3 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Т, Б , Д нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2024/00003 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/03181 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгч Т итгэмжлэгдсэн төлөөлөгч Л хяналтын журмаар гаргасан гомдолд: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль хэрэглээний зөрүүтэй байдлаар тайлбарласан ИХШХШТХ-ийн 172.2.2, хууль хэрэглээг нэг мөр ойлгож хэрэглэхэд ач холбогдолтой ИХШХШТХ-ийн 172.2.4-т заасан нөхцөл тогтоогдож байх тул энэхүү гомдлыг гаргаж байна. Шүүхийн ... тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “Тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг дараах үндэслэлээр түдгэлзүүлж болно. Үүнд: Эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн, ахлах ... тогтоол гарган эрэн сурвалжлах гэжээ. Харин тус хэрэгт Т-г эрэн сурвалжилсан тохиолдол байхгүй. Төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7-д заасан гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон байх, хөрөнгөө нуун дарагдуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7-д заасан гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон байх, төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй ”2020.02.28-ны өдрийн А/40 тушаалаар баталсан журмын 2.5-д “Эрх бүхий байгууллагаас оргон зайлж болзошгүй талаар тодорхойлсон албан бичгийг үндэслэх” ёстой. Үүнээс дүгнэвэл дээрх хуулийн шаардлагын алинд ч Т хилийн хориг нийцэхгүй байна. Практикт шүүхийн ... ажиллагаанд төлбөр төлөхгүй санаатай зайлсхийсэн тохиолдолд шүүхийн ... газар тус иргэн, хуулийн этгээдийг цагдаагийн байгууллагад шилжүүлэн эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дахь хэсгээр ял шийтгэж гэм буруутайг тогтоох ёстой. Гэтэл иргэний шүүх нь хуулиар олгосон эрх хэмжээнээс хэтрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21 дүгээр зүйлийн 21.7 дах хэсэгт заасан зайлсхийх гэмт хэргийг иргэний шүүхээр хянан хэлэлцэж шийдвэрлэсэн гэж үзэхээр байгаа юм. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдахдаа “...Шүүхийн ... тухай хуулийн 3 үндэслэлийг бүгдийг хангасан байхыг шаардахгүй” гэсэн нь манай гаргасан гомдлын агуулгыг алдагдуулж байгаа бөгөөд тухайн 3 үндэслэлийн аль нь ч манай гүйцэтгэх материалд хамаарахгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүх төлбөр төлөхөөс зайлсхийсэн байна гэж үзэхдээ Т хэдэн гүйцэтгэх материалын дагуу хэдэн төгрөг төлж барагдуулсан талаар хэрэгт тодорхой байсаар байтал төлбөр төлөөгүй зайлсхийсэн гэж дүгнэсэн нь Т нь шүүхийн шийдвэрээр “Ориент” ББСБ-д 730,000,000 төгрөг, “Ёнод” ХХК-д 420,000,000 Голомт банканд 1,816,916,692.88 төгрөг мөн Голомт банканд 83,000,000 төгрөг, нийт 4 ширхэг гүйцэтгэх баримт бичгээс эхний 730,000,000, 420,000,000, 1,816,916,692.88 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Харин үлдэх 83,000,000 төгрөгийн гүйцэтгэх баримт бичгийн дагуу тодорхой төлөлтүүдийг хийж байгаа. Мөн түүнчлэн тус 83,000,000 төгрөгийг төлөхтэй холбоотой шүүхийн шийдвэрийн баримт бичигт гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тогтоол байхгүй байтал урьд төлөгдөөд бүрэн дууссан шүүхийн гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн байгаа нь хуульд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, нэгэнт төлөөд дуусчихсан буюу шүүхийн ... ажиллагаа дуусгавар болсон гүйцэтгэх баримт бичигт хамаараах гадаадад зорчих эрхийг үргэлжлүүлэн түдгэлзүүлэхтэй өмнө нь дуусгавар болсон гадаад зорчих эрхийг түдгэлзүүлэх тогтоолыг дараагийн гүйцэтгэх баримт бичигт нийцүүлэн тогтоолын хугацааг сунгадаг байтал Голомт банканд бүрэн төлөгдсөн гүйцэтгэх баримт бичигт хугацааг сунгасан болон шинээр гаргасан хилийн хориг тогтоосон тогтоол байхгүй болно.
Анхан шатны шүүх шийдвэртээ “Т нь Голомт банканд 1,816,916,692.88 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь төлбөр төлөхөөс зайлсхийсэн” гэж дүгнэжээ. Харин давж заалдах шатны шүүх “2018 оны төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн байна” гэж дүгнэсэн. Гэтэл Т нь анхан шатны шүүхийн үзсэнээр 1,816,916,692.88 төгрөгийн үлдэгдэлтэй гэж дүгнэсэн байгаа нь худал бөгөөд тус төлбөрийг 2023 оны 5 сард эцсийн байдлаар бүрэн төлж дууссан. Харин давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан 2018 оны шийдвэрийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй гэсэн мөн л худал бөгөөд тус 2018 оны шүүхийн шийдвэрийн 720,000,000 төгрөгийг 2021 онд бүрэн барагдуулж дууссан байдаг. Иймд шүүхийн шийдвэр болон магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.
5.Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2024.02.15-ны өдрийн хуралдааны 001/ШХТ2024/00227 тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХЯНАВАЛ:
6.Нэхэмжлэгч Т, Б, Д нар нь хариуцагч ... ... нарт холбогдуулан 2022.04.18-ны өдрийн 298/3 дугаар төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа “...Шүүхийн ... тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасныг зөрчсөн буюу 59 дүгээр зүйлийн 59.1.1-59.1.3-т заасан үндэслэл үүсээгүй байхад гадаад зорчих эрхийг түдгэлзүүлсэн” гэж үндэслэлээ тодорхойлсон.
Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “... хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “Тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг дараах үндэслэлээр түдгэлзүүлж болно” гэж заасныг зөвхөн тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн хувьд 59 дүгээр зүйлийн 59.1.1-59.1.3-т заасан үндэслэлтэй тохиолдолд, тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй төлбөр төлөгчийн хувьд 59.1.1-59.1.3-т заасан үндэслэл бүрдсэн байхыг шаардахгүй гэж ойлгож хэрэглэнэ” гэж татгалзлаа тайлбарласан байна.
7.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...шүүхийн ... ажиллагаа явагдаж байгаа, гүйцэтгэх баримт бичгийн шаардлага нь 50,000,000 төгрөгөөс илүү буюу 1,816,916,692.88 төгрөгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй байгаа тохиолдолд Шүүхийн ... тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “Тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл...” гэж заасны дагуу төлбөр төлөгчдийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлснийг буруутгах боломжгүй, өөрөөр хэлбэл, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан “эсхүл” гэдгийг “нэг бол” гэсэн утгаар ойлгож хэрэглэх буюу тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаад зорчих эрхийг түдгэлзүүлнэ, нэг бол тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг 59.1.1-59.1.3-т заасан үндэслэлээр түдгэлзүүлж болно гэж тайлбарлаж хэрэглэнэ” гэсэн агуулгатай дүгнэлт хийжээ.
8.Давж заалдах шатны шүүх “...шүүгчийн 2018.07.24-ний өдрийн 183/ШШ2018/01753 дугаар захирамж биелэгдээгүй, ... ажиллагаа дуусгавар болоогүй, үнийн дүн тавин сая төгрөгөөс дээш байх тул Шүүхийн ... тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-д ...төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн үндэслэлд хамаарна. Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгч нар нь төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн байх тул ... ажиллагааны явцад гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн нь эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. ... хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн, хөрөнгөө нуун дарагдуулсан, төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй тохиолдолд төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлнэ. Гэтэл нэхэмжлэгч тал 2018 оны хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг өнөөдрийг хүртэл хугацаанд биелүүлээгүй нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдож байх тул төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн гэж үзнэ. Дээрх гурван үндэслэлийн аль нэг үндэслэл тогтоогдсон үед гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх боломжтой бөгөөд заавал дээрх 3 үндэслэлийг бүгдийг нь хангасан байхыг шаардахгүй“ гэж дүгнэн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “... хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-59.1.3-т заасан үндэслэлүүд тогтоогдсон тохиолдолд төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх боломжтой байхад хуулийг буруу ойлгон хариуцагч талын тайлбарт үндэслэн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй” гэсэн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
9.Нэхэмжлэгч нар нь гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн “...2022.04.18-ны өдрийн 298/3 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага гаргасан ба энэ тогтоол нь 15290774, 20290123 дугаартай гүйцэтгэх баримт бичигтэй холбогджээ.
10.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
10.1.Нэхэмжлэгч Т, Д нарын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай анхны 2020.03.23-ны өдрийн 298 дугаар тогтоол нь 15290972 дугаартай гүйцэтгэх баримт бичигт гарсан. Улмаар 2021.03.30-ны өдрийн 298/1 тогтоолд зааснаар 15290972 дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах ... ажиллагаа дуусгавар болж, харин 15290774 дугаартай гүйцэтгэх баримт бичгийн шаардлага биелэгдээгүй гэдэг үндэслэлээр Т гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн. Үүний дараа 2022.06.29-ний өдрийн 22/7/377 дугаартай ... ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолоор төлбөр төлөгч Тд холбогдох бүртгэлийн 15290774 дугаартай ажиллагааг дуусгавар болгосон байна.
2022.06.24-ний өдрийн 18/07-653 тоот албан бичгээр төлбөр төлөх гэрээ байгуулагдсан тул Б, Д нарын, түүнчлэн мөн банкны 2022.06.27-ны өдрийн 18/07-664 тоот албан бичгээр Ты хилээр нэвтрэх эрхийг түр сэргээх тухай хүсэлтийг Голомт банкнаас ... т тус тус ирүүлсэн.
10.2.Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015.03.03-ны өдрийн 144 дүгээр захирамжаар нэхэмжлэгч “ЕНОД” ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 443,149,920 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Т 2015.06.01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба уг шийдвэрт 15290774 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, 2022.06.29-ний өдрийн 22/7/377 дугаартай ... ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолоор уг ажиллагааг дуусгавар болгосон байна.
10.3.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.07.24-ний өдрийн 183/ШШ2018/01753 дугаар захирамжаар “Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Тд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 44,446.16 ам.доллар гаргуулах тухай нэхэмжлэлд талууд 33,907.28 ам.долларын хэмжээнд зөвшөөрч, хариуцагч нь 2018.07.24-ний өдрөөс 2018.10.24-ний өдрийн дотор төлж барагдуулахаар зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба 2018.09.19-ний өдрийн 183/ГХ2018/01028 дугаар гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн ... ажиллагааг үүсгэжээ. /хх-50,51,52/
10.4.Нэхэмжлэлийн шаардлагад заасан 2022.04.18-ны өдрийн 298/3 дугаар тогтоолоор нэхэмжлэгч нарын гадаадад зорчих эрхийг түр сэргээсэн хугацаа дууссан үндэслэлээр дахин түдгэлзүүлсэн байх бөгөөд энэ нь бүртгэлийн 15290774, 20290123 дугаартай гүйцэтгэх баримт бичигт хамааралтай байна.
11.Зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтад Шүүхийн ... тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг хэрхэн тайлбарлаж хэрэглэх талаар хууль хэрэглээний маргаантай байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол хууль зүйн үндэслэлтэй байна. Хоёр шатны шүүх хэргийн баримтыг хуульд зааснаар үнэлээгүй, маргааны үйл баримтад хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд хууль хэрэглээний дүгнэлт хийж, маргааныг эцэслэн шийдвэрлэнэ.
11.1.Давж заалдах шатны шүүх “...2022.04.18-ны өдрийн 298/3 дугаар тогтоолоор төлбөр төлөгч Т, Д , Б нар нь бүртгэлийн 15290774, 20290123 дугаартай гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нарын гадаадад зорчих эрхийг 2022.04.18-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэх ажиллагаа явуулсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон. ... 2022.06.29-ний өдрийн 22/7/377 дугаар тогтоолоор төлбөр төлөгч Тд холбогдох 15290774 бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах ... ажиллагааг дуусгавар болсонд тооцжээ. Харин бүртгэлийн 20290123 дугаартай гүйцэтгэх баримт бичигт хийгдэх ажиллагаа дуусгавар болоогүй байна” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т нийцээгүй буюу хэрэгт 20290123 дугаартай гүйцэтгэх баримт бичиг авагдаагүй байна. Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч нарын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн үндэслэл, баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Иймээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй юм. Харин нэхэмжлэгч талаас ... лийн аливаа төлбөр бүрэн дууссан, өр төлбөргүй гэж маргаагүй, энэ тухайд тайлбар гаргаагүй байгааг дурдах нь зүйтэй.
11.2.Хоёр шатны шүүх “...төлбөр төлөгчийг 50 сая төгрөгөөс дээш төлбөртэй” гэсэн нөхцөлийг гол болгон Шүүхийн ... тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ. Хуульд зааснаар тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх эрхийг ... байгууллагад олгосон бөгөөд энэ нь хуульд заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд хэрэгжих эрх зүйн зохицуулалт буюу төлбөр төлөгч нь:
-эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн;
-хөрөнгөө нуун дарагдуулсан;
-төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй гэсэн дээрх гурван үндэслэлийн аль нэг нь бүрдсэн, уг нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд хэрэглэгдэх боломжтой арга хэмжээ буюу хүний Үндсэн хуульд заасан эрхийг хязгаарлах тусгайлсан зохицуулалт юм.
Нэхэмжлэгч нар нь шүүхийн шийдвэрээр хэд хэдэн этгээдэд төлбөр төлөх үүрэгтэй байх бөгөөд ... баримт бичгийн ихэнх нь дуусгавар болсон, шүүх хуралдааны тэмдэглэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд зааснаар 83,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа зэргээс үзэхэд төлбөр төлөгч нарыг төлбөр төлөхөөс зайлсхийсэн, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх бодит нөхцөл тогтоогдоогүй байна.
Хариуцагч байгууллагын зүгээс төлбөр төлөгчийг эрэн сурвалжилсан болон төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийж хөрөнгөө нуун дарагдуулах үйлдэл гаргасан, ашиг орлогоо өөр бусад этгээд рүү шилжүүлсэн, эсхүл гадаадад зорчих нь төлбөр төлөхөөс зайлсхийх зорилготой гэдгийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, гагцхүү төлбөрийн дүн “50 сая төгрөгөөс дээш” гэсэн тайлбарыг л гаргасан байна. Хуулиар тусгайлан зохицуулсан журмаар ... нь Шүүхийн ... тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1, 59.1.2, 59.1.3-т заасан аль үндэслэлээр төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх саналыг гаргаж байгаагаа тодорхой баримттайгаар ахлах ... д гаргах үүрэгтэй ба ахлах ... үндэслэлтэй гэж үзвэл ажлын 3 өдрийн дотор ерөнхий ... д хүргүүлж шийдвэрлүүлэх бөгөөд иргэний эрхийг тодорхой хэмжээгээр хязгаарлах албан тушаалтны шийдвэр хуульд нийцсэн байхыг шаардана.
Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Т, Д нарын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай 2020.03.23-ны өдрийн 298 дугаар тогтоол 15290972 дугаартай гүйцэтгэх баримт бичиг анх гарахад ... санал гаргасан байх боловч хуульд заасан аль үндэслэл бий болсныг тухайлан заагаагүй, түүнчлэн ахлах ... ээс энэ талаар тодруулсан эсэх тухай баримт байхгүй байна.
Иймээс нэхэмжлэгч Т итгэмжлэгдсэн төлөөлөгч Л хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, хяналтын шатны шүүхээс төлбөр төлөгч Т гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн шүүхийн ... байгууллагын ажиллагааг хүчингүй болгоно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б, Д нарын гадаадад зорчих эрхийг сэргээсэн гэсэн тайлбарыг хариуцагч талаас гаргасан, түүнчлэн эдгээр нэхэмжлэгч нар хяналтын шатны шүүхэд гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2024/00003 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/03181 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн ... тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Т гадаадад зорчих эрх түдгэлзүүлсэн ... албаны дарга, Ерөнхий ... ийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 298/3 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай” гэж, шийдвэрийн 2 дахь заалтын “нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэснийг ”нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т-д олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД