Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 001/хт2024/00048

 

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2023/03407 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2024/00144 дүгээр магадлалтай,

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Д.Эт холбогдох

Татварт төлсөн 22,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “С” ХХК нь Д.Э-т холбогдуулан гэрээний бус үүрэгт төлсөн татвар буюу газрын дуудлага худалдааны орлого 22,000,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2023/03407 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэг, 496.3.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “С” ХХК-ийн хариуцагч Д.Э-т холбогдуулан гаргасан газрын дуудлага худалдааны орлого 22,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “С” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 267,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2024/00144 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2023/03407 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Э-ээс 22,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д олгосугай” гэж, 2 дахь заалтад “...үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагчаас 267,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 267,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй байдлаар хэрэглэж хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй, харин хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн, хууль хэрэглээний зарчмыг алдагдуулж, хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр хэрэглэн, хэт нэг талыг барьсан, хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон шударга бус шийдвэр гаргасан гэж үзэж дараах үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүх тухайн хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаж шийдвэрлэсэн байтал давж заалдах шатны шүүх хянавал хэсэгтээ “...Хариуцагч тал газар эзэмших эрх шилжүүлсний хураамжийг нэхэмжлэгч төлөхөөр талууд тохиролцсон гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна” “...Хариуцагч гэрээ байгуулсны дараахан над руу утсаар ярьж татварын асуудлыг хөндөж байсан” гэж тайлбар гаргаснаас үзэхэд нэхэмжлэгч 22,000,000 төгрөг төлсөн тухай шаардлагаа хариуцагчид мэдэгдсэн гэж үзэхээр байна. Иймд хураамж төлөх талаар мэдэгдэж байгаагүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй” гэж үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн байна.

Талуудын хооронд Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ 2021.11.21-ний өдөр байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлээд буй татвар буюу дуудлага худалдааны орлого 22,000,000 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш 2 сар 24 хоногийн дараа буюу 2022.02.15-ны өдрийн дараа төлсөн байдаг. Гэтэл хариуцагчийн “гэрээ байгуулсны дараахан (төлбөр төлөгдөхөөс өмнө) татварын асуудлыг хөндөж байсан боловч дээрх тохиролцооны талаар хэлснээр тус байгууллага түүнээс хойш нэг ч удаа холбогдож татварын талаар хэлээгүй бөгөөд би өнөөдрийг хүртэл тухайн үед тохиролцсоны дагуу өөрсдөө төлсөн гэж ойлгож явдаг” гэсэн төлбөр төлөгдөхөөс өмнөх цаг хугацаанд ярилцсан асуудлын тухай дурдсан тайлбараас “... дараахан татварын асуудлыг хөндөж байсан” гэсэн тайлбарыг түүвэрлэн авч илт нэг талыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч юуны өмнө нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй ба нэхэмжлэгчийн 22,000,000 төгрөгийн хэдэн төгрөг нь дуудлага худалдааны орлого юм, хэдэн төгрөг нь татвар юм, тухайн газрын дуудлага худалдааны анхны үнэ нь хэдэн төгрөг юм гэсэн холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг хэрхэн үгүйсгэж байгаа талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийлгүйгээр хэргийг үндэслэлгүй шийдвэрлэсэн. Түүнчлэн давж заалдах шатны шүүх Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсэн бол орлого олсон гэж үзэж, орлогын хэмжээг дуудлага худалдааны анхны үнээс багагүй байхаар тооцно” гэсэн орлогын хэмжээг татварын байгууллага хэрхэн тооцох тухай тодорхойлсон хуулийн заалтыг “газар эзэмших эрх шилжүүлэгч хураамж төлөх үүрэгтэй” гэж хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэж үндэслэлгүй дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэсэн.

4.2. Нөгөө талаас Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д “Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно” гэж заасан заалтыг хэрэглэсэн мөртлөө мөн зүйлийн буюу 496.3.2-т “шаардлага гаргагч гаргасан зардлын тухай шаардлагаа хариуцагчид өөрийн буруугаас ердийн боломжит хугацаанд мэдэгдээгүй бол шаардлага гаргаж болохгүй” гэсэн заалтыг орхигдуулж баримтаар нотлогдоогүй буюу зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн илт нэг талыг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсанд гомдолтой байна. Учир нь нэхэмжлэгч тал төлбөр төлсөн гэх 2022.02.15-ны өдрөөс хойш буюу хуульд заасны дагуу гаргасан зардлаа шаардан хариуцагчид энэ талаар мэдэгдсэн, төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж байсан тухай баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд энэ тухайгаа нотлоогүй, 1 жил 4 дөрвөн сар гаруй хугацаа өнгөрсний дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.

Монгол Улсын дээд шүүхийн 2010.06.22-ны өдрийн 17 дугаар тогтоол “Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай”-ын 3.1-д “...ердийн боломжит хугацаа” гэдгийг хариу өгөх хугацааны талаар талууд харилцан тохиролцоогүй үед хэрэглэх ба хариу өгөх тухайн хэлбэрт шаардлагатай зохимжит хугацааг ойлгоно” Хариуг захидлаар, утсаар, нүүр тулан, хүнээр дамжуулах зэргээр өгөх хэлбэрээс нь хамааран уг хугацаа өөр өөр байх тул тухайн хэлбэрээр хариу өгөхөд шаардагдах хугацааг холбогдох хууль болон хууль тогтоомжийн актад тусгайлан заагаагүй бол шүүх харьцуулан жиших аргаар тодорхойлно” гэсэн тайлбарыг огт хэрэглэлгүй, тус тайлбарыг анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснийг харуулж байна. Тухайлбал Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар хариу өгөх эцсийн хугацааг 30 хоног байхаар, Иргэний хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д зааснаар хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөл өгөх хугацааг 14 хоногийн дотор байхаар тус тус хуульчилсан байх бөгөөд хуульд заасан “ердийн боломжит хугацаа” гэдэг нь эдгээр хоногоос бага байх нь зүйн хэрэг гэж үзэж байна. Түүнчлэн Иргэний хуулийн 3.7-д “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7-д “Шүүх хуулиуд хоорондоо зөрчилтэй буюу хууль шударга бус, эсхүл нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэмжээнд харш гэсэн үндэслэлээр хуулийн хэм хэмжээг хэрэглэхээс татгалзаж болохгүй” гэсэн зарчмыг шүүх баримтлан хэргийг шударгаар шийдвэрлэж байх учиртай бөгөөд хууль хэрэглээний энэ зөрүүтэй байдлыг арилгаж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний гаргасан энэхүү гомдлыг хүлээн авч шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.4-т заасан шаардлагыг хангах чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

4.3. Давж заалдах шатны шүүх хянавал хэсэгтээ Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт заасныг дурьдаад... Иймд “Н.Э 22,000,000 төгрөг төлсөн байхад “С” ХХК нэхэмжлэл гаргасан нь эрх зүйн зөрчилтэй нөхцөл байдлыг бий болгож байна” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй” гэж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг ноцтой зөрчсөн дүгнэлтийг хийжээ. Иргэний эрх зүйн харилцааны оролцогч нь иргэн, хуулийн этгээд, төр, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага байх бөгөөд Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт “...Иргэний эрх, үүргийг иргэн өөрийн нэрээр олж авч хэрэгжүүлнэ...”, 26 дугаар зүйлийн 26.4-т “Хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно” гэж тов тодорхой заасан байтал иргэн Н.Э-гийн данснаас төлбөр төлснийг компанийн нэрийн өмнөөс төлсөн гэж үндэслэлгүй тайлбар хийж дүгнэж байгаа нь шүүхийн хууль хэрэглээний ноцтой зөрчил гаргаж байна гэж үзэж байна.

4.4. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар эрх шилжүүлэгч Д.Э-т Хан-Уул дүүргийн Засаг даргын 2012.10.17-ны өдрийн А/374 дүгээр захирамжаар 15 жилийн хугацаатай, гэр, орон сууцны хашааны зориулалтаар газар эзэмшүүлсэн бөгөөд уг эрх нь 2027.10.17-ны өдөр дуусахаар байсан. Гэтэл эрх хүлээн авагч “С” ХХК-д Хан-Уул дүүргийн Засаг даргын 2022.05.27-ны өдрийн А/298 дугаар захирамжаар 15 жилийн хугацаатай буюу 2037.05.27-ны өдөр хүртэл газар эзэмшүүлсэн байх бөгөөд уг газрын зориулалтыг өөрчилж 4 ба түүнээс доош давхар нийтийн орон сууцны зориулалтаар газар эзэмшүүлсэн байдаг. Уг үйл баримтын талаар анхан шатны шүүх үндэслэх хэсгийнхээ 6.2-т дурдаад улмаар 7.4-т “Нэхэмжлэгч нь газрын дуудлага худалдааны үнэ буюу татварыг буцаан төлөх талаар хариуцагчид мэдэгдэж байсан гэж тайлбарласан боловч энэ талаар баримтаар нотлоогүй, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 22,000,000 төгрөг төлсөн нь эргэлзээтэй, хариуцагч нь 2012 оноос 15 жилийн хугацаатайгаар газрыг гэр, орон сууцны хашааны зориулалтаар эзэмшиж байсан, нэхэмжлэгч нь 2022 оноос 15 жилийн хугацаатайгаар уг газрыг 4 ба түүнээс доош давхар нийтийн зориулалтаар эзэмшихээр гэрчилгээ авсан, уг эрх сунгасан, зориулалтыг өөрчилсөнтэй холбоотой хураамж, татварыг хэрхэн тогтоосон талаарх баримтгүй гэсэн тайлбар үндэслэлтэй байна гэж үзэв” гэж дүгнэсэн дүгнэлт болон мөн хэсгийн 7.5, 7.6, 7.7-д дурдсан үндэслэл бүхий дүгнэлтүүдийг хэрхэн үгүйсгэсэн талаарх дүгнэлтийг давж заалдах шатны шүүх хянавал хэсэгтээ дүгнээгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4, 167 дугаар зүйлийн 167.2 дахь хэсэгт нийцэхгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.01.15-ны өдрийн 210/МА2024/00144 дугаар магадлалыг хүчингүй болгож Хан- Уул дүүргийн Иргэний хэргийн шатны анхан шүүхийн 2023.10.27-ны өдрийн 183/ШШ2023/03407 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А-гийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлүүдийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.02.29-ний өдрийн 001/ШХТ2024/00262 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

 ХЯНАВАЛ:

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч “С” ХХК нь Д.Э-т холбогдуулан газрыг шилжүүлэн авахтай холбоотойгоор хариуцагчийн өмнөөс татварт төлсөн 22,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...“С” ХХК нь иргэн Д.Э-тэй харилцан тохиролцож, түүний эзэмшлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, дугуй цагаан хаягт байрлах, нэгж талбарын 000 дугаар, нийт 9992 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг үнэ төлбөргүй шилжүүлэн авахаар 2021.11.20-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн засаг даргын 2022.05.27-ны өдрийн А/298 дугаар захирамжаар “С” ХХК нэр дээр гэрчилгээ олгогдсон. Газар эзэмших эрхийг шилжүүлэн авахтай холбогдох татвар буюу газрын дуудлага худалдааны орлого 22,000,000 төгрөгийг 2022.02.15-ны өдөр Д.Э-ийн өмнөөс төлсөн. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д “хэн нэгэн этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж ... төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно” гэж заасны дагуу 22,000,000 төгрөгийг Д.Э-ээс гаргуулж өгнө үү” гэж тодорхойлсон.

8. Хариуцагч Д.Э нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: “...Тухайн үед газар эзэмших эрх шилжүүлэн авахтай холбогдох татвар, хураамжийг тухайн байгууллага өөрсдөө төлөхөөр тохиролцсон бөгөөд тиймээс ч надаар төлүүлээгүй. Гэрээ байгуулсны дараахан над руу утсаар ярьж татварын асуудлыг хөндөж байсан боловч дээрх тохиролцооны талаар хэлснээр тус байгууллага түүнээс хойш надтай нэг ч удаа холбогдож татварын талаар хэлээгүй бөгөөд би өнөөдрийг хүртэл тухайн үед тохиролцсоны дагуу өөрсдөө төлсөн гэж ойлгож явдаг. ... Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.3-т “Дараах тохиолдолд шаардлага гаргаж болохгүй” гээд 496.3.2-т “шаардлага гаргагч зардлын тухай шаардлагаа өөрийн буруугаас ердийн боломжит хугацаанд мэдэгдээгүй” гэж шаардлага гаргаж болохгүй нөхцөл байдлыг тодорхой заасан. ...Гэтэл төлбөр төлсөн гэх хугацаанаас тооцоход 1 жил 4 сар гаран хугацааны дараа нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй” гэж маргажээ.

9. Анхан шатны шүүх “...Нэхэмжлэгч нь газрын дуудлага худалдааны үнэ буюу татварыг буцаан төлөх талаар хариуцагчид мэдэгдэж байсан гэж тайлбарласан боловч энэ талаар баримтаар нотлоогүй, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дуудлага худалдааны үнэд 22,000,000 төгрөг төлсөн нь эргэлзээтэй, хариуцагч нь 2012 оноос 15 жилийн хугацаатайгаар газрыг гэр орон сууцны хашааны зориулалтаар эзэмшиж байсан, нэхэмжлэгч нь 2022 оноос 15 жилийн хугацаатайгаар уг газрыг 4 ба түүнээс доош давхар нийтийн орон сууцны зориулалтаар эзэмшихээр гэрчилгээ авсан, уг эрх сунгасан, зориулалтыг өөрчилсөнтэй холбоотой хураамж, татварыг хэрхэн тогтоосон талаарх баримтгүй гэсэн тайлбар үндэслэлтэй, ...нэхэмжлэгч нь эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлт гаргахдаа уг татвар, хураамж төлсөн тухай баримтыг гаргасан талаараа нотлоогүй, ... Газрын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4-т “Эрхийн гэрчилгээ олгох, бусдад шилжүүлэх, гэрчилгээний хугацааг сунгуулахад төлөх хураамжийн хэмжээг Засгийн газар тогтооно.” гэж заасан, нэхэмжлэгчээс энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, мөн хариуцагчаас дуудлага худалдааны анхны үнэд төлсөн 22,000,000 төгрөгийг ердийн боломжит хугацаанд буцаан шаардаж байсан талаарх баримтгүй” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн ба магадлалд “...Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсэн бол орлого олсон гэж үзэж, орлогын хэмжээг дуудлага худалдааны анхны үнээс багагүй байхаар тооцно.” гэж заасан. Өөрөөр хэлбэл газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсэн бол талууд гэрээнд өөрөөр тохиролцоогүй бол эрх шилжүүлэгч нь хураамжийг төлөх үүрэгтэй. Талуудын хооронд байгуулсан гэрээнд энэ талаар тусгагдаагүй учраас хуульд зааснаар хариуцагч нь 22,000,000 төгрөгийн хураамжийг төлөх үүрэгтэй. ...Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д зааснаар гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах тул Н.Э компанийн нэрийн өмнөөс 22,000,000 төгрөг төлснийг буруутгах үндэслэлгүй. Иймд “Н.Э 22,000,000 төгрөг төлсөн байхад “С” ХХК нэхэмжлэл гаргасан нь эрх зүйн зөрчилтэй нөхцөл байдлыг бий болгож байна” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй ... Нэхэмжлэгч байгууллага хариуцагч Д.Э-ийн өр төлбөрийг сайн дураар төлсөн байх тул энэ хэмжээгээр хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ.” гэсэн дүгнэлт хийжээ.

11. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг өөр өөрөөр үнэлж, маргаанд хамаарах хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцлээ.  

12. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл зохигч 2021.11.20-ны өдөр хариуцагч Д.Э-ийн эзэмшлийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, дугуй цагаан хаягт байрлах, нэгж талбарын 000 дугаартай, 9992 м.кв талбай бүхий хэмжээтэй газрыг “газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-гээр үнэ төлбөргүйгээр нэхэмжлэгч “С” ХХК-д шилжүүлэхээр тохиролцсоноор, дүүргийн Засаг даргын 2022.05.27-ны өдрийн А/298 тоот шийдвэрийг үндэслэн, 4 ба түүнээс доош давхар нийтийн орон сууцны зориулалтаар, 15 жилийн хугацаатай, нэхэмжлэгч “С” ХХК-д эзэмшүүлэхээр эрхийн улсын бүртгэлийн Э-000 дугаарт бүртгэж, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн 000 дугаартай гэрчилгээг олгосон нь тогтоогдсон, зохигч энэ талаар маргаагүй байна.  

13. Харин нэхэмжлэгч “С” ХХК-ийн захирал Н.Э нь 2022.02.15-ны өдөр 22,000,000 төгрөгийг “НТГ. Газрын дуудлага худалдааны орлого, Д.Э РД” гэсэн гүйлгээний утгатайгаар Төрийн сангийн 000 тоот дансанд шилжүүлж, үүнийг хариуцагчийн өмнөөс үүрэг гүйцэтгэсэн буюу энэ хэмжээгээр бусдын зардлаар хариуцагч хөрөнгөжсөн эсэх нь маргааны зүйл болжээ.

14. Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн маргааны зүйл болсон хариуцагч бусдын зардлаар хөрөнгөжсөн эсэх асуудлаар зөрүүтэй дүгнэлт хийсэн ба давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болоогүй, Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д нийцээгүй, энэ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

15. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болохыг заасан. 

Дээрхээс үзэхэд бусдын зардлаар хөрөнгөжсөн гэж үзэхэд өөр этгээдийн бусдын өмнө гүйцэтгэвэл зохих үүрэг буюу төлбөл зохих төлбөрийг түүний нэрийн өмнөөс хэн нэг этгээд сайн дураар, эсхүл андуурч төлсөн байх, энэ тохиолдолд өөр этгээд үүргээ гүйцэтгээгүй байх, мөн гүйцэтгэвэл зохих үүрэг тодорхой байж, улмаар сайн дураараа буюу андуурч төлсөн төлбөр, эд хөрөнгийн хэмжээгээр нэг тал хөрөнгийн алдагдал хүлээсэн бол нөгөө тал хөрөнгөжсөн байхаар зохицуулагджээ.

16. Мөн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж болох бөгөөд ийнхүү шилжүүлэх хүсэлтийг талууд гаргахдаа албан татвар, хураамж төлсөн тухай баримтыг хавсаргах ба хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсэн бол орлого олсон гэж үзэж, орлогын хэмжээг дуудлага худалдааны анхны үнээс багагүй байхаар тооцож, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.4, 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасан хөрөнгө шилжүүлсний орлогод татвар төлөх үүрэгтэй.

17. Гэтэл гэрээнд зааснаар зохигч газрыг үнэ төлбөргүйгээр шилжүүлэхээр тохиролцсон байхаас гадна хариуцагч хэдий хэмжээний үүрэг хүлээсэн болон түүнийг нь нэхэмжлэгч төлсөн буюу хариуцагчийн төлөх ёстой төлбөр байсан гэх үндэслэлээ нэхэмжлэгч нотлоогүй, улмаар 22,000,000 төгрөгийг хариуцагч Д.Э нь нэхэмжлэгчид буцаан төлөхөөр үүрэг хүлээсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

18. Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ буюу уг 22,000,000 төгрөгийн төлбөрийг дээрх хуульд зааснаар хариуцагчийн төлбөл зохих татвар гэж тодорхойлсон боловч уг 22,000,000 төгрөгийг төлснөөр хариуцагч хөрөнгө шилжүүлсний орлогод төлөх татварын төлбөрөөс чөлөөлөгдсөн гэх үйл баримт нотлогдоогүйгээс хариуцагчийг энэ хэмжээгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, хариуцагчийн хөрөнгө өссөн байх хуульд заасан шаардлага, урьдчилсан нөхцөл хангагдаагүй байна.

Иймээс газар эзэмших эрх шилжүүлэхтэй холбоотой хураамж, татварыг хэрхэн тооцсон нь тогтоогдоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Харин давж заалдах шатны шүүх Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасан хөрөнгө шилжүүлсний орлогод төлөх татварын хэмжээгээр хариуцагч хөрөнгөжсөн эсэх нь маргааны зүйл болсон байгааг анхаараагүй, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан хураамжийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслээгүй байна.

19. Нөгөө талаас нэхэмжлэгч “С” ХХК нь 22,000,000 төгрөгийг төрийн сангийн дансанд газрын дуудлага худалдааны орлого, Д.Э РД гэсэн утгатайгаар төлснийг хариуцагч Д.Эийн бусдад төлөх төлбөр буюу үүргийн хэмжээ тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй юм.

20. Нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.3.2-т заасан гаргасан зардлын тухай шаардлагаа хариуцагчид өөрийн буруугаас ердийн боломжит хугацаанд мэдэгдээгүй талаар зохигч маргасан.

Талууд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг 2021.11.20-ны өдөр байгуулж, нэхэмжлэгч нь уг 22,000,000 төгрөгийг 2022.02.15-ны өдөр төлж, нэхэмжлэлээ шүүхэд 2023.06.26-ны өдөр гаргасан байх ба энэ хугацаанд хариуцагчаас уг төлбөрийн талаар мэдэгдсэн, шаардаж байсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй тул нэхэмжлэгчийг ердийн боломжит хугацаанд шаардлагаа гаргаагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

Давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэхдээ хариуцагчийн тайлбарыг үндэслэсэн байх боловч хариуцагчийн тайлбарт нэхэмжлэгчийн зүгээс татварын асуудлыг хөндөж утсаар ярьж байсан гэснээс өөрөөр нэхэмжлэгч өөрийн гаргасан зардлаа буюу 22,000,000 төгрөгийг түүний өмнөөс төлсөн талаар хариуцагчид мэдэгдэж, шаардсан тухай агуулга тусгагдаагүй болохыг анхаараагүй, ийнхүү дүгнэсэн нь нотлох баримтыг үнэлэх журамд нийцээгүй байна.

21. Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2024/00144 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2023/03407 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Д.Э-ээс 2024.02.15-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 267,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД                                                                    Н.БАТЧИМЭГ

                                                                                         Н.БАЯРМАА

                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД