Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/00144

 

 

 

2024 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/00144

 

 

С ХХК-ийн

нэхэмжлэлтэй, иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2023/03407 дугаар шийдвэртэй

С ХХК-ийн нэхэмжлэлтэй

Д.Э-т холбогдох

22,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: С ХХК нь иргэн Д.Э-тэй харилцан тохиролцож, түүний эзэмшлийн Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, дугай цагаан хаягт байрлах, нэгж талбарын 178110**** дугаар, нийт 9992 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээний 00005*** дугаар, эрхийн улсын бүртгэлийн Э-220600**** дугаар газар эзэмших эрхийг шилжүүлэн авахаар 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Д.Э-гийн эзэмшлийн газрыг С ХХК-д үнэ төлбөргүй шилжүүлэхээр харилцан тохиролцож, дүүргийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/298 дугаар захирамжаар С ХХК-ийн нэр дээр Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, дугай цагаан хаягт байрлах, нэгж талбарын 178110*** дугаар, нийт 9992 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээний 000009**** дугаар, эрхийн улсын бүртгэлийн Э-220600**** дугаарт бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон байдаг.

С ХХК нь дээрх газар эзэмших эрхийг шилжүүлэн авахдаа анх remax-аар зуучлуулан Д.Э-тэй уг гэрээг байгуулсан бөгөөд газар эзэмших эрхийг шилжүүлэн авахтай холбогдох татвар буюу газрын дуудлага худалдааны орлого 22,000,000 төгрөгийг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрийн сангийн 100 200 000 967 дугаар дансанд Д.Э-ийн өмнөөс төлсөн байдаг. Тухайн үед Д.Э нь дээрх татвар буюу газрын дуудлага худалдааны орлого 22,000,000 төгрөгийг би одоо төлөх боломжгүй байна, танайх миний өмнөөс төлчих, дараа нь буцаагаад төлчихье гэсэн хүсэлтийн дагуу С ХХК-ийн зүгээс уг татварыг Д.Э-ийн өмнөөс төлсөн бөгөөд уг төлбөрийг Д.Э-ээс шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй, би төлөх ёсгүй, remax-н ажилтан хариуцах ёстой гэж биднийг хохироосоор байна.

Хувь хуний орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.2-т заасан бөгөөд Д.Э нь өөрийн газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэхдээ Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу холбогдох албан татварыг төлөх үүргийг хүлээсэн байна.

Иймд Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар газрын дуудлага худалдааны орлого 22,000,000 төгрөгийг Д.Эээс гаргуулж өгнө үү гэжээ.

 2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ...Д.Э нь дээрх татвар буюу газрын дуудлага худалдааны орлого 22,000,000 төгрөгийг одоо төлөх боломжгүй байна, танайх миний өмнөөс төлчих, дараа нь буцаагаад төлчий" гэсэн хүсэлтийн дагуу "С" ХХК уг татварыг Д.Э-ийн өмнөөс төлсөн бөгөөд уг төлбөрийг буцаагаад Д.Э-ээс шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй, би төлөх ёсгүй, тэр геmaх-ын ажилтан хариуцах ёстой гэсээр биднийг хохироосоор байна" гэж худал бөгөөд үндэслэлгүй тайлбар гаргажээ. Тухайн үед газар эзэмших эрх шилжүүлэн авахтай холбогдох татвар, хураамжийг тухайн байгууллага өөрсдөө төлөхөөр тохиролцсон бөгөөд тиймээс ч надаар төлүүлээгүй. Гэрээ байгуулсны дараа над руу утсаар ярьж татварын асуудлыг хөндөж байсан боловч дээрх тохиролцооны талаар хэлснээр байгууллага түүнээс хойш надтай холбогдож татварын талаар хэлээгүй, би өнөөдрийг хүртэл тухайн үед тохиролцсоны дагуу өөрсдөө төлсөн гэж ойлгож явдаг.

Нэхэмжлэгч шаардах эрхээ Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлсон бөгөөд 496 дугаар зүйлийн 493.3 дахь хэсэгт "Дараах тохиолдолд шаардлага гаргаж болохгүй" гэж, 496.3.2-т "шаардлага гаргагч зардлын тухай шаардлагаа өөрийн буруугаас ердийн боломжит хугацаанд мэдэгдээгүй" гэж шаардлага гаргаж болохгүй нөхцөл байдлыг тодорхой заасан байна. Ердийн боломжит хугацаа гэдэг нь ажлын 5 хоног буюу хуанлийн 7 хоногийг хэлж байгаа гэж би ойлгож байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанаас үзэхэд нэхэмжилж байгаа төлбөрийг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төлсөн гэх бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/298 дугаар захирамжаар олгогдсон байдаг. Гэтэл төлбөр төлсөн гэх хугацаанаас тооцоход 1 жил 4 сар гаран хугацааны дараа нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэг, 496.3.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С ХХК-ийн хариуцагч Д.Э-т холбогдуулан гаргасан газрын дуудлага худалдааны орлого 22,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 267 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйл 116.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй байна. Хэдийгээр, анхан шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл, маргааны зүйл нь газар эзэмших эрх шилжүүлсний албан татвар төлөх гэж үндэслэл бүхий дүгнэсэн боловч энэ эрх шилжүүлсний албан татвар төлөх үүргийг хэн хүлээсэн талаар дүгнэлт хийгээгүй. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний 1.3, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт тус тус заасны дагуу эрх шилжүүлсний албан татвар төлөх үүргийг эрх шилжүүлэгч Д.Э хүлээхээр байна. Учир нь, талуудын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан бөгөөд маргаан бүхий гэрээний 1.3-т энэхүү гэрээгээр зохицуулаагүй бусад харилцааг хуулиар зохицуулна гэж заасны дагуу талууд газар эзэмших эрх шилжүүлэхтэй холбогдох албан татварыг эрх шилжүүлэгч Д.Э хариуцан төлөхөөр тохирсон. Д.Э нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.2-т заасны дагуу албан татвар төлөгч юм. Өөрөөр хэлбэл, Д.Э нь өөрийн газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэхдээ Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу албан татварыг төлөх үүргийг хүлээсэн байдаг.

4.2. Газар эзэмших эрх шилжүүлсний албан татвар буюу дуудлага худалдааны орлого 22,000,000 төгрөгийг эрх шилжүүлэгч Д.Э-ийн өмнөөс 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр С ХХК-ийн захирал Н.Э нь өөрийн Хаан банкны 503725**** дугаар данснаас Д Э ЕП6501****" гэсэн гүйлгээний утгатай Төрийн сангийн 100 200 000907 дугаар дансанд шилжүүлж, Дүүргийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/298 дугаар захирамжаар компаний нэр дээр газрын эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулсан байдаг.

Гэтэл, анхан шатны шүүх Н.Э-гийн төлсөн 22,000,000 төгрөгийг газар эзэмших эрх шилжүүлсний албан татвар буюу дуудлага худалдааны орлого биш гэж дүгнэсэн нь Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан өдөр /2021.11.20/, газар эзэмших эрх шилжүүлсний албан татвар төлсөн өдөр /2022.02.15/, С ХХК-ийн нэр дээр газар эзэмших эрх олгогдсон Дүүргийн Засаг даргын захирамж гарсан өдөр /2022.05.27/-ийн цаг хугацаа, хэргийн үйл баримтаар үгүйсгэгдэж байна.

Түүнчлэн, хэрэгт авагдсан баримт, хэргийн үйл баримтаар С" ХХК нь Д.Э-ийн өмнөөс түүний төлөх албан татварыг Газрын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасны дагуу эрх шилжүүлсний албан татварт 22,000,000 төгрөгийг Төрийн санд төлсөн. Гэтэл, анхан шатны шүүхээс Газрын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт эрхийн гэрчилгээ олгох, бусдад шилжүүлэх, гэрчилгээний хугацааг сунгуулахад төлөх хураамжийн хэмжээг Засгийн газар тогтооно гэж маргааны зүйл нь эрх шилжүүсний албан татвар байхад хураамж гэж буруу дүгнэсэн байна.

Хавтас хэрэгт авагдсан, шүүхэд ирүүлсэн хариуцагчийн тайлбарт тухайн үед газар эзэмших эрх шилжүүлэн авахтай холбогдох татвар, хураамжийг тухайн байгууллага өөрсдөө төлөхөөр тохиролцсон бөгөөд тиймээс ч надаар төлүүлээгүй билээ. Гэрээ байгуулсны дараахан над руу утсаар ярьж татварын асуудлыг хөндөж байсан... гэж эрх шилжүүлсний албан татварын талаар С ХХК-аас мэдэгдэж байсан талаар дурддаг. Гэтэл, анхан шатны шүүх ...хариуцагчаас дуудлага худалдааны үнэд төлсөн 22,000,000 төгрөгийг ердийн боломжит хугацаанд буцаан шаардаж байсан талаарх баримтгүй гэж буруу дүгнэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Д.Эээс 22,000,000 төгрөгийг гаргуулж, "С ХХК-нд олгож өгнө үү гэжээ.

 5. Давж заалдах шатны шүүхэд хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулав.

 2. Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Д.Э-т холбогдуулан 22,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 3. Хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлбэл дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

3.1. Хан-Уул дүүргийн ** дугаар хороонд байрлах 9,992 м.кв талбайтай гэр орон сууцны хашааны зориулалттай газрыг иргэний газар эзэмших эрхийн №00005**** дугаартай гэрчилгээгээр дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 374 тоот шийдвэрийг үндэслэн 15 жилийн хугацаатай хариуцагч Д.Э-т эзэмшүүлэхээр эрхийн улсын бүртгэлийн Э-220600**** дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон.

3.2. Талууд 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр эрх шилжүүлэгч Д.Э, эрх хүлээн авагч С ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Н.Э нар нь нэгж талбарын Э-220600****, 178110**** дугаартай, Хан-Уул дүүрэгт байрлах 9,992 м.кв талбайтай гэр орон сууцны хашааны зориулалттай газрыг үнэ төлбөргүйгээр шилжүүлэхээр тохиролцсон.

3.3. Дээрх газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг үндэслэн дүүргийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/298 тоот шийдвэрээр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дугуй цагаан хаягт байрлах нэгж талбарын 178110**** дугаар бүхий 9,992 м.кв газрыг 4 ба түүнээс доош давхар нийтийн орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай нэхэмжлэгч С ХХК-д эзэмшүүлэх аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн №000009**** дугаар гэрчилгээ, эрхийн улсын бүртгэлийн Э-220600**** дугаар гэрчилгээ тус тус олгосон.

3.4. Х ХК-ийн банк хоорондын шилжүүлгийн баримтаар Н.Э 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 22,000,000 төгрөгийг Д Э ЕП6501**** гэсэн гүйлгээний утгатайгаар Төрийн сангийн 1002000**** тоот дансанд НТГ. Газрын дуудлага худалдааны орлого гэж шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.

Харин хариуцагч тал холбогдох татварыг нэхэмжлэгч төлөхөөр харилцан тохиролцсон, өнөөдрийг хүртэл 22,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаагүй гэж тайлбар гарган маргажээ.

 4. Дээрх хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсны дагуу холбогдох бүртгэл хийгдэж, нэхэмжлэгч талаас 22,000,000 төгрөгийг газар эзэмших эрх шилжсэн хураамжид төлсөн үйл баримт тогтоогдсон байна.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсэн бол орлого олсон гэж үзэж, орлогын хэмжээг дуудлага худалдааны анхны үнээс багагүй байхаар тооцно. гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсэн бол талууд гэрээнд өөрөөр тохиролцоогүй бол эрх шилжүүлэгч нь хураамжийг төлөх үүрэгтэй. Талуудын хооронд байгуулсан гэрээнд энэ талаар тусгагдаагүй учраас хуульд зааснаар хариуцагч нь 22,000,000 төгрөгийн хураамжийг төлөх үүрэгтэй.

 5.1. Хариуцагч тал газар эзэмших эрх шилжүүлсний хураамжийг нэхэмжлэгч төлөхөөр талууд тохиролцсон гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

5.2. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.3.2-т шаардлага гаргагч гаргасан зардлын тухай шаардлагаа хариуцагчид өөрийн буруугаас ердийн боломжит хугацаанд мэдэгдээгүй бол шаардлага гаргаж болохгүй гэжээ.

Хариуцагч гэрээ байгуулсны дараахан над руу утсаар ярьж татварын асуудлыг хөндөж байсан гэж тайлбар гаргаснаас үзэхэд нэхэмжлэгч 22,000,000 төгрөг төлсөн тухай шаардлагаа хариуцагчид мэдэгдсэн гэж үзэхээр байна. Иймд хураамж төлөх талаар мэдэгдэж байгаагүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

5.3. Нэхэмжлэгч С ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд гишүүдийн тоо 1, гүйцэтгэх захирал Н.Э гэсэн байх ба газар эзэмших шилжүүлэх гэрээг эрх хүлээн авагч С ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Н.Э байгуулж, газар эзэмших эрх шилжүүлсний хураамжийг мөн Н.Э төлсөн байна.

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэх удирдлага ньтөлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах тул Н.Э компанийн нэрийн өмнөөс 22,000,000 төгрөг төлснийг буруутгах үндэслэлгүй. Иймд Н.Э 22,000,000 төгрөг төлсөн байхад С ХХК нэхэмжлэл гаргасан нь эрх зүйн зөрчилтэй нөхцөл байдлыг бий болгож байна гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

 5. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно. гэж заажээ.

Нэхэмжлэгч байгууллага хариуцагч Д.Э-ийн өр төлбөрийг сайн дураар төлсөн байх тул энэ хэмжээгээр хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ. Иймд хариуцагч Д.Эээс 22,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2023/03407 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Э-ээс 22,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгосугай гэж,

2 дахь заалтад ...үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагчаас 267,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 267,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 Д.БЯМБАСҮРЭН