Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2023/03407

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б дүүрэгт байрлах, С ХХК /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэгт оршин суух, Р овогт Д.Э /РД:********/-д холбогдох

Гэрээний бус үүрэгт 22 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эмүжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч  С******* ХХК нь Д.Э*******т холбогдуулан гэрээний бус үүрэгт 22 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.С******* ХХК нь иргэн Д.Э*******тэй харилцан тохиролцож, түүний эзэмшлийн Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, дугай цагаан хаягт байрлах, нэгж талбарын 17811******* дугаар, нийт 9992 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээний 0000******* дугаар, эрхийн улсын бүртгэлийн Э-2206******* дугаар газар эзэмших эрхийг шилжүүлэн авахаар 2021 оны 11 дүгээр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулсан байдаг. Энэхүү газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр талууд Д.Э*******ийн эзэмшлийн дээрх газрын эзэмших эрхийг С******* ХХК-нд үнэ төлбөргүй шилжүүлэхээр харилцан тохиролцож, улмаар дүүргийн засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/298 дугаар захирамжаар С******* ХХК-ийн нэр дээр Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, дугай цагаан хаягт байрлах, нэгж талбарын 17811******* дугаар, нийт 9992 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээний 00000******* дугаар, эрхийн улсын бүртгэлийн Э-2206******* дугаарт бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон байдаг. С******* ХХК нь дээрх газар эзэмших эрхийг шилжүүлэн авахдаа анх remax-аар зуучлуулан Д.Э*******тэй уг гэрээг байгуулсан бөгөөд уг газар эзэмших эрхийг шилжүүлэн авахтай холбогдох татвар буюу газрын дуудлага худалдааны орлого 22 000 000 төгрөгийг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрийн сангийн 100 200 000 967 дугаар дансанд Д.Э*******ийн өмнөөс төлсөн байдаг. Тухайн үед, Д.Э******* нь дээрх татвар буюу газрын дуудлага худалдааны орлого 22 000 000 төгрөгийг би одоо төлөх боломжгүй байна, танайх миний өмнөөс төлчих, дараа нь буцаагаад төлчихье гэсэн хүсэлтийн дагуу С******* ХХК-ийн зүгээс уг татварыг Д.Э*******ийн өмнөөс төлсөн бөгөөд уг төлбөрийг буцаагаад Д.Э*******ээс шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй, би төлөх ёсгүй, тэр remax-н ажилтан хариуцах ёстой гэсээр биднийг хохироосоор байна. Хувь хуний орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т "тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, Монгол улсын иргэн албан татвар төлөгч байна", мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т "хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод дараах орлогыг хамруулна", мөн зүйлийн 10.1.2-т "газар эзэмших, ашиглах эрх орлуулсан, шилжүүлсний орлого" гэж заасан бөгөөд Д.Э******* нь өөрийн газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэхдээ Газрын тухай хуульд орсон 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн нэмэлтээр тус хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-т "газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх бол орлого олсон гэж үзэж, орлогын хэмжээг дуудлага худалдааны анхны үнээс багагүй байхаар тооцно" гэж заасны дагуу Газрын тухай хуульд заасан холбогдох албан татварыг төлөх үүргийг хүлээсэн байна. Иймд. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-т "хэн нэгэн этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж ... төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно" гэж заасан байх тул гэрээний бус үүрэгт төлсөн татвар буюу газрын дуудлага худалдааны орлого 22 000 000 төгрөгийг Д.Э*******ээс гаргуулж өгнө үү.

1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. С******* ХХК нь иргэн Д.Э*******тэй харилцан тохиролцож, түүний эзэмшлийн газар эзэмших эрхийг шилжүүлэн авахаар 2021 оны 11 дүгээр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулсан байдаг. Энэхүү газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр бол талууд Д.Э*******ийн эзэмшлийн дээрх газрын эзэмших эрхийг С******* ХХК-нд үнэ төлбөргүй шилжүүлэхээр харилцан тохиролцож, улмаар дүүргийн засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/298 дугаар захирамжаар С******* ХХК-ийн нэр дээр гэрчилгээ олгогдсон байдаг. Тиймээс татвар буюу дуудлага худалдааны үнэ болох 22 000 000 төгрөгийг Д.Э******* төлөх байсан. Манайх холбогдох татвар буюу газрын дуудлага худалдааны орлого 22 000 000 төгрөгийг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрийн сангийн 100 200 000 967 дугаар дансанд Д.Э*******ийн өмнөөс төлсөн байдаг. Тухайн үед, Д.Э******* нь дээрх татвар буюу газрын дуудлага худалдааны орлого 22 000 000 төгрөгийг би одоо төлөх боломжгүй байна, танайх миний өмнөөс төлчих, дараа нь буцаагаад төлчихье гэсэн хүсэлтийн дагуу С******* ХХК-ийн зүгээс Газрын тухай хуулийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх бол орлого олсон гэж үзэж, орлогын хэмжээг дуудлага худалдааны анхны үнээс багагүй байхаар тооцно гэж заасны дагуу мөнгийг шилжүүлсэн. Иймд Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар 22 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А******* шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: М.А******* миний бие тус шүүхэд хянагдаж буй "С*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Э*******т холбогдох гэрээний бус үүрэгт 22 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа билээ. Д.Э*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие "С*******" ХХК-ийн нэхэмжлэл, түүний үндэслэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ *...Д.Э******* нь дээрх татвар буюу газрын дуудлага худалдааны орлого 22 000 000 төгрөгийг би одоо төлөх боломжгүй байна, танайх миний өмнөөс төлчих, дараа нь буцаагаад төлчий" гэсэн хүсэлтийн дагуу "С*******" ХХК-ийн зүгээс уг татварыг Д.Э*******ийн өмнөөс төлсөн бөгөөд уг төлбөрийг буцаагаад Д. Э*******ээс шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй, би төлөх ёсгүй, тэр геmaх-ын ажилтан хариуцах ёстой гэсээр биднийг хохироосоор байна" гэж огт худал бөгөөд үндэслэлгүй тайлбарыг гаргажээ. Тухайн үед газар эзэмших эрх шилжүүлэн авахтай холбогдох татвар, хураамжийг тухайн байгууллага өөрсдөө төлөхөөр тохиролцсон бөгөөд тиймээс ч надаар төлүүлээгүй билээ. Гэрээ байгуулсны дараахан над руу утсаар ярьж татварын асуудлыг хөндөж байсан боловч дээрх тохиролцооны талаар хэлснээр тус байгууллага түүнээс хойш надтай нэг ч удаа холбогдож татварын талаар хэлээгүй бөгөөд би өнөөдрийг хүртэл тухайн үед тохиролцсоны дагуу өөрсдөө төлсөн гэж ойлгож явдаг. Нэхэмжлэгч шаардах эрхээ Иргэний хуулийн "Үндэслэлгүйгээр хөрөнгөжих" Гуравдугаар дэд бүлгийн 496 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тодорхойлсон байх бөгөөд 496 дугаар зүйлийн 493.3-т" Дараах тохиолдолд шаардлага гаргаж болохгүй" гээд 496.3.2-т "шаардлага гаргагч зардлын тухай шаардлагаа өөрийн буруугаас ердийн боломжит хугацаанд мэдэгдээгүй" гэж шаардлага гаргаж болохгүй нөхцөл байдлыг тодорхой заасан байна. Ердийн боломжит хугацаа гэдэг нь ажлын 5 хоног буюу хуанлийн 7 хоногийг хэлж байгаа гэж миний бие ойлгож байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанаас үзэхэд нэхэмжилж байгаа төлбөрийг 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдөр төлсөн гэх бөгөөд 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/298 дугаар захирамжаар олгогдсон байдаг. Гэтэл төлбөр төлсөн гэх хугацаанаас тооцоход 1 жил 4 сар гаран хугацааны дараа нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Газрын тухай хуулиар нотариатаар батлуулсан гэрээ хэлцлийг үндэслэж газар эзэмших эрх шилжүүлэхийг Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэдэг. Талуудын хооронд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр газрыг үнэ төлбөргүйгээр шилжүүлэхээр тохиролцсон. Татварыг С******* ХХК төлөхөөр харилцан тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Д.Э******* нь дээрх татвар буюу газрын дуудлага худалдааны орлого 22 000 000 төгрөгийг би одоо төлөх боломжгүй байна, танайх миний өмнөөс төлчих, дараа нь буцаагаад төлье гэсэн гэж огт худал бөгөөд үндэслэлгүй тайлбарыг гаргасан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогддоггүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн нотлох баримтаа ирүүлээгүй. Тухайн үед газар эзэмших эрх шилжүүлэн авахтай холбогдох татвар, хураамжийг тухайн байгууллага өөрсдөө төлөхөөр тохиролцсон бөгөөд тиймээс ч Д.Э*******ээр төлүүлээгүй. Уг татварыг төлөх талаар мэдэгдэж байгаагүй. Нэхэмжлэгч шаардах эрхээ Иргэний хуулийн 496.1 дэх хэсэгт буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэж тодорхойлсон. Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж заасан. С******* ХХК төлбөрийг сайн дураараа өөрсдөө төлсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байна. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 493.3 дахь хэсэгт дараах тохиолдолд шаардлага гаргаж болохгүй, 496.3.2 дахь хэсэгт шаардлага гаргагч зардлын тухай шаардлагаа өөрийн буруугаас ердийн боломжит хугацаанд мэдэгдээгүй гэж шаардлага гаргаж болохгүй нөхцөл байдлыг тодорхой заасан байна. Ердийн боломжит хугацаа гэдэг нь ажлын 5 хоног буюу 7 хоногийг хэлж байгаа гэж үзэж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 1 жил 4 сар гаран хугацааны дараа гаргаж байна. Өмнө нь нэг ч удаа шаардаж хандаж байгаагүй. С******* ХХК нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлд заасан хуулийн этгээд. Хуулийн этгээд өөрийн нэрээр эрх эдэлж үүрэг хүлээх чадвартай зохион байгуулалтын нэгдлийг хэлнэ гэж холбогдох хууль тогтоомжид заасан. С******* ХХК шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Гэтэл энэ 22 000 000 төгрөгийг Намсрайн Э гэх хүний 50372 тоот данснаас 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гаргасан байдаг. Эрх зүйн зөрчилтэй нөхцөл байдлыг бий болгож байна. Өнөөдрийн хүртэл Н.Э гэх хүн Д.Э*******ээс 22 000 000 төгрөгийг нэхэмжлээгүй. 1 га газрыг аваад тодорхой хэмжээний зардлыг гаргаад тохиролцсон гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн Б.М******* олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 11 дүгээр сарын 20 өдрийн 2593 дугаар газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний хуулбар,  Н.Эгийн 50372 дугар Хаан банк дахь дансны хуулга, аж ахуй нэгжийн газрын эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн Хаан банк дахь хуулга, /хэргийн  3-9, 30-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас Д.Ад олгосон итгэмжлэл, Т.А*******д олгосон итгэмжлэл, /хэргийн 30-38-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Э*******тэй байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу газар шилжүүлэн авахтай холбогдох татвар буюу газрын дуудлага худалдааны орлого 22 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхээ тодорхойлж, хариуцагчийн төлөх ёстой татварыг түүний өмнөөс төлсөн тул уг зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж байна гэсэн.

3.Хариуцагч нь нэхэмжлэгч С******* ХХК-тай газар эзэмших эрхээ шилжүүлэх гэрээ байгуулж, өөрийн эзэмшлийн газрыг шилжүүлсэн тул холбогдох татвар, хураамжийг нэхэмжлэгч өөрөө хариуцан төлөх үүрэгтэй, эрх шилжүүлэхтэй холбоотой татварыг эхлээд төлчих, дараа төлнө гэж харилцан тохиролцоогүй, мөн шаардлага гаргаж байгаагүй гэж үгүйсгэсэн.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Нэхэмжлэгч С******* ХХК нь хариуцагч Д.Э*******тэй 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бүртгэлийн 2593 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулж, уг гэрээгээр эрх шилжүүлэгч Д.Э*******, эрх хүлээн авагч С******* ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Н.Э нар нь нэгж талбарын Э-2206*******, 17811******* дугаартай, Хан-Уул дүүрэгт байрлах 9992 м.кв талбайтай гэр орон сууцны хашааны зориулалттай газрыг үнэ төлбөргүйгээр шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.

5.Талуудын маргааны зүйл нь газар эзэмших эрх шилжүүлэхтэй холбоотой татварыг төлөх талаар байна, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан, газар эзэмших эрх хариуцагчаас нэхэмжлэгчид шилжсэн талаар маргаагүй байна.

6.Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зааснаар Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан газар эзэмших эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлж газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан, уг гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.

6.1.Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Д.Э*******т гэрээний зүйл болох нэгж талбарын 17811******* дугаартай, Хан-Уул дүүрэгт байрлах 9992 м.кв талбайтай гэр орон сууцны хашааны зориулалттай газрыг иргэний газар эзэмших эрхийн №0000******* дугаартай гэрчилгээгээр Дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дугаар 17-ны өдрийн 374 тоот шийдвэрийг үндэслэн 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр эрхийн улсын бүртгэлийн Э-2206******* дугаарт бүртгэж гэрчилгээг олгосон болох нь тогтоогдож байна.

6.2.Талуудын хооронд байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг үндэслэн дээрх хариуцагчийн эзэмшлийн газрын эрх нь Аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн №00000******* дугаар гэрчилгээгээр дүүргийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/298 тоот шийдвэрийг үндэслэн Хан-Уул дүүргийн 8-р хороо, дугуй цагаан хаягт байрлах нэгж талбарын 17811******* дугаар бүхий 9992 м.кв газрыг 4 ба түүнээс доош давхар нийтийн орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар нэхэмжлэгч С******* ХХК-нд эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-2206******* дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон болох нь нотлогдож байх ба энэ талаар зохигч маргаагүй.

7.Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д “хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно” гэж зааснаар газрын дуудлага худалдааны үнэ болох 22 000 000 төгрөгийг төлсөн тул хариуцагчаас гаргуулахаар шаардаж, энэ нь хэрэгт авагдсан төлбөр төлсөн дансны баримтаар тогтоогдоно гэсэн.

7.2.Хэрэгт авагдсан Н.Эгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 22 000 000 төгрөгийн зарлага “Д Э******* ЕП650” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжсэн, Хаан банкны банк хоорондын шилжүүлэгийн баримтаар 22 000 000 төгрөгийг 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдөр НТГ-газрын дуудлага худалдааны орлого гэж Намсрайн Эгаас шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

7.3.Хариуцагч нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.3-д дараахь тохиолдолд шаардлага гаргаж болохгүй гэж заасан бөгөөд 496.3.2-д зааснаар “шаардлага гаргагч гаргасан зардлын тухай шаардлагаа хариуцагчид өөрийн буруугаас ердийн боломжит хугацаанд мэдэгдээгүй” тул нөхөн төлөх үүрэггүй, энэ талаар мэдэгдээгүй гэж маргасан.

7.4.Нэхэмжлэгч нь газрын дуудлага худалдааны үнэ буюу татварыг буцаан төлөх талаар хариуцагчид мэдэгдэж байсан гэж тайлбарласан боловч энэ талаар баримтаар нотлоогүй, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дуудлага худалдааны үнэд 22 000 000 төгрөг төлсөн нь эргэлзээтэй, хариуцагч нь 2012 оноос 15 жилийн хугацаатайгаар газрыг гэр орон сууцны хашааны зориулалтаар эзэмшиж байсан, нэхэмжлэгч нь 2022 оноос 15 жилийн хугацаатайгаар уг газрыг 4 ба түүнээс доош давхар нийтийн орон сууцны зориулалтаар эзэмшихээр гэрчилгээ авсан, уг эрх сунгасан, зориулалтыг өөрчилсөнтэй холбоотой хураамж, татварыг хэрхэн тогтоосон талаарх баримтгүй гэсэн тайлбар үндэслэлтэй байна гэж үзэв.

7.5.Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д “газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсэн бол орлого олсон гэж үзэж, орлогын хэмжээг дуудлага худалдааны анхны үнээс багагүй байхаар тооцно” гэж заасан бөгөөд мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан аргачлалын дагуу тухайн шатны Засаг дарга тогтооно”, 36.2-д “дуудлагын худалдаагаар тогтоогдсон үнэ нь эрхийн гэрчилгээний бодит үнэ байна” гэж заажээ.

7.6.Мөн Газрын тухай 38 дугаар зүйлийн 38.2-д “эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана”, үүнд 38.2.1-д “нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, 38.2.2-д “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо”, 38.2.3-д “албан татвар, хураамж төлсөн тухай баримт” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлт гаргахдаа уг татвар, хураамж төлсөн тухай баримтыг гаргасан талаараа нотлоогүй, хэрэгт Н.Энхтуягаас төлсөн 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 22 000 000 төгрөгийг газрын дуудлага худалдааны орлого гэсэн баримтыг ирүүлсэн болно.

7.7.Гэвч Газрын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4-д “эрхийн гэрчилгээ олгох, бусдад шилжүүлэх, гэрчилгээний хугацааг сунгуулахад төлөх хураамжийн хэмжээг Засгийн газар тогтооно” гэж заасан, нэхэмжлэгчээс энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, мөн хариуцагчаас  дуудлага худалдааны үнэд төлсөн 22 000 000 төгрөгийг ердийн боломжит хугацаанд буцаан шаардаж байсан талаарх баримтгүй байх тул нэхэмжлэгч С******* ХХК-ийн хариуцагч Д.Э*******т холбогдуулан гаргасан газрын дуудлага худалдааны орлого 22 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т “шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 57 дугаар зүйлийн 57.1-д “улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно” гэж зааснаар нэхэмжлэгч С******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэг, 496.3.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С******* ХХК-ийн хариуцагч Д.Э*******т холбогдуулан гаргасан газрын дуудлага худалдааны орлого 22 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 267 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

   3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ХУЛАН