Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2021/01840

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2021/01840

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:  овогт П.А-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгож, цалин хөлсний зөрүү гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, О.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.А шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч П.А 2000 оноос, 2006 оноос 2014 оны 4 дүгээр сар хүртэл  ажилласан. захирлын 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Б/00 дугаартай тушаалаар П.А Мэдрэл, мэдрэлийн мэс заслын төвийн даргаас чөлөөлж, Мэдрэл судлалын тасгийн их эмчээр шилжүүлэн ажиллуулахаар болсон. Дараах үндэслэлүүдээр 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Б/00 дугаартай тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн тухай хууль зөрчиж хөдөлмөрийн гэрээг цуцалж, өөр ажилд шилжүүлсэн байна.  захирлын 2021 оны 03 сарын 02-ны өдрийн Б/00 дугаартай тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл буюу 38.1.2-т заалтыг үндэслэсэн байдаг. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1-т заасан ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах 7 үндэслэлийн аль үндэслэлээр нь хөдөлмөрийн гэрээг цуцалснаа ажил олгогч тушаалдаа заавал заах ёстой байдаг. Гэтэл хөдөлмөрийн гэрээг цуцалсан 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Б/00 дугаар тушаалд уг 7 үндэслэлээс нэг ч байхгүй байна. П.А байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 9.1 дэх хэсэгт гэрээний 6.1 дэх заалтын дүнгээр дутагдалтай, хангалтгүй гэж дүгнэгдсэн, 9.2-т Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 38, 40 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ. 9.3-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн дараах тохиолдолд хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэн хөдөлмөрийн гэрээг шууд цуцална гээд 11 ноцтой зөрчлийг заасан байдаг. Гэвч П.А нь үр дүнгийн гэрээний дагуу дутагдалтай, хангалтгүй гэсэн үнэлгээг 6 жилийн хугацаанд аваагүй бөгөөд хөдөлмөрийн гэрээнд заасан 11 төрлийн сахилгын зөрчлийг огт гаргаж байгаагүй. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3.16-д Ажилтныг өөр ажил, албан тушаалд шилжүүлэн ажиллуулах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 32, 33, 34 дүгээр зүйлд заасан зохих үндэслэлийг баримтлан холбогдох тушаалыг гаргана гэж заасан байдаг. Гэтэл П.А өөр ажилд шилжүүлэн ажиллуулах хуулийн үндэслэл бий болоогүй байхад, зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн байна. Хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалд гэрээ цуцалсан үндэслэлээ 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулагдсан Улсын гуравдугаар төв эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны нэгжийн удирдлагын сонгон шалгаруулалтад оролцож, бага оноо авсан тул чөлөөлсөн гэж бичсэн байсан. Тус эмнэлгийн захирал 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр А/000 дугаартай  болон бусад албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан. П.А хувьд тухайн албан тушаалд ажилласаар байтал сонгон шалгаруулалт зарласан бөгөөд сонгон шалгаруулалтад орох ёстой гэсний дагуу материалаа бүрдүүлж өгсөн. Гэвч дараа нь сонгон шалгаруулалтад бага оноо авсан гэсэн үндэслэлээр тус төвийн даргын албан тушаалаас чөлөөлж,  томилсон тушаалыг 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр гаргасан. П.А нь өөр ажилд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй эсэхийг өмгөөлөгчөөс тодруулахад анхнаасаа ажлын байранд сонгон шалгаруулалт явуулсан нь хууль бус болсон байна гэж тайлбарлаж өгсөн. Улсын  захирлын 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/000 тоот тушаалаар үйл ажиллагааны нэгжийн удирдлагыг сонгон шалгаруулах журмыг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 00 дугаар тогтоолыг үндэслэн гаргасан байна. Гэтэл уг тогтоол нь Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 25 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцогдсон байсан. Дараа нь Төрийн албаны зөвлөлийн хүчингүй болгосон, 2013 оны 04 сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолыг үндэслэн  захирлын 2020 оны 11 сарын 30-ны өдрийн А/00 тоот тушаалаар , үйл ажиллагааны нэгжийн удирдлагын сонгон шалгаруулалт явуулах тасаг, нэгжийн жагсаалт баталж, уг жагсаалтын 19 дүгээр  гэж П.А ажлыг байрыг оруулсан байсан. Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам болон уг тогтоолыг хүчингүй болгосон 2019 оны 05 сарын 28-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам-д албан тушаалын сонгон шалгаруулалтыг албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд явуулахаар заасан байдаг. Гэтэл П.А төвийн даргын албан тушаалд хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээний дагуу ажлаа хийж байсан, өөр ажилд шилжих хүсэлт гаргаагүй, өөрөөр хэлбэл ажлын байранд сул орон тоо гараагүй байхад сонгон шалгаруулалт зарласан, сонгон шалгаруулалт явуулсан, уг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн П.А өөр ажилд шилжүүлсэн нь хууль бус байна. захирлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/000 тоот тушаалын үндэслэл болгосон Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6.1-д Эмнэлгийн дэд захирал болон зохион байгуулалтын нэгжийн удирдлагыг сонгон шалгаруулж, томилох гэсэн захирлын эрх, 16.7.2-т Эмнэлгийн гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлэх гэсэн захирлын үүрэг нь эмнэлгийн захирал гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлэх нэрээр хүссэн үедээ нэгжийн удирдлагыг өөрчилж, сонгон шалгаруулж, томилох эрхтэй гэсэн үг биш. Харин уг эрхээ Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй. Иймд П.А өмнө нь эрхэлж байсан н мэс заслын төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлсний зөрүүг гаргуулах хүсэлттэй байна. Цалин хөлсний хувьд 1,372,113 төгрөг авч байгаа. Зөрүү 493,233 төгрөг болж байна. 3, 4, 5, 6, 7 сарын цалингийн зөрүү 2,466,165 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талаас сонгон шалгаруулалтыг явуулахдаа Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16.1-т зохион байгуулалт нэгжийн удирдлагын сонгон шалгаруулж, томилох гэсэн захирлын эрх хэмжээний хүрээнд сонгон шалгаруулалт явуулж, Н.Л томилсон гэж тайлбарлаж, тушаал дээрээ дурдсан. Эмнэлгийн нэгжийн удирдлагыг сонгон шалгаруулж, томилох эрх нь ажиллаж байгаа хүнийг дуртай үедээ чөлөөлж, дуртай үедээ сонгон шалгаруулалт зарлаж, хооронд нь өрсөлдүүлж, ажлаас нь чөлөөлдөг хязгааргүй эрхийг олгоогүй. Энэ эрх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байх ёстой. Хэдийгээр Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль нэхэмжлэгчийг ажилд томилогдсоны дараа батлагдсан боловч хуулийн заалтыг харахаар одоо ажиллаж байгаа хүмүүсийг чөлөөлөөд, сонгон шалгаруулалт зарлах гэсэн утга байхгүй. Хөдөлмөрийн хуульд заасан үндэслэлээр чөлөөлсний дараа сул орон тоо гарсан гэж үзээд, сонгон шалгаруулалт явуулах эрхтэй. Иймд П.А Хөдөлмөрийн гэрээг 38.1.2-т заасан үндэслэлээр цуцалсан нь үндэслэлгүй байна. Сонгон шалгаруулалт явуулах журам дээр материалаа өгөхгүй бол захирал өөр хүн томилох эрхтэй гэсний дагуу сонгон шалгаруулалтад оруулсан байсан. Өөр ажилд шилжүүлэх нь Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдсан харилцаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 32, 33, 34 дүгээр зүйлд заасны дагуу өөр ажилд ажилтныг шилжүүлэх зохицуулалт тодорхой байгаа. П.А Хөдөлмөрийн тухай хуулийн 32, 33, 34 дүгээр зүйлд заасан зохицуулалтууд хамааралгүй байгаа. Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн хуулийг зөрчиж цуцалсан байна гэж үзэж байгаа. Хөдөлмөрийн хуульд ажилтныг өөрийнхөн зөвшөөрөлгүй өөр ажилд шилжүүлэхийг хориглодог, зөвхөн онцгой тохиолдолд түр хугацаагаар шилжүүлэхийг зөвшөөрдөг. П.А хувьд өөр ажилд шилжүүлсэн хууль зүйн үндэслэл нь буруу байна гэж үзсэн гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.АХөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, 131 дүгээр зүйлээр ажлаас чөлөөлөөгүй. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь хэсгийг баримтлан ажлаас чөлөөлсөн байгаа. Эрүүл мэндийн тухай хуульд 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон байгаа. Эрүүл мэндийн тухай хуулийн 17-р зүйл Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн удирдлага, зохион байгуулалт болж өөрчлөлт оруулахаар заасан байгаа. Үүний дагуу үйл ажиллагаа хэрэгжиж эхэлсэн. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, захирлыг сонгох, эмнэлгийн үйл ажиллагаа үндсэндээ өөрчлөгдсөн. Үүнээс үүдэн сонгон шалгаруулалт явагдсан байгаа. Иймээс 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Б/86 дугаартай тогтоол хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Үндэслэлүүдийг тушаал дээр маш тодорхой заасан байгаа. Уг тушаалыг гаргахдаа дараах хуулиудыг үндэслэн гаргасан. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.10.6, 24 дүгээр зүйлийн 24.1, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.6.1, 16.6.2, 16.7.2, Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.2, 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, Эмнэлгийн захирлын 2020 оны 11 сарын 23-ны өдрийн А/252 дугаар тушаалаар батлагдсан Улсын гуравдугаар төв эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны нэгжийн удирдлагын сонгон шалгаруулалтын журам, Эмнэлгийн захирлын 2020 оны 11 сарын 30-ны өдрийн А/254, 2021 оны 02 сарын 04-ний өдрийн А/37, 2021 оны 02 сарын 05-ны өдрийн А/38 дугаар тушаал, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 49 дүгээр зүйлийн 49.1, Засгийн газрын 2019 оны 25, 472 дугаар тогтоол, Эмнэлгийн дүрмийн 3 дугаар 3.13, 4 дүгээр зүйлийн 4.2, 4.5, 4.6, 4.10.2, 4.10.3, 4.10.6, 5 дугаар зүйлийн 5.1.1, Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.7.3, 2.7.6, 3 дугаар зүйлийн 3.1, 3.13-д заасныг үндэслэж тушаал гаргасан байгаа. Мэдрэл, мэдрэлийн мэс заслын төвийн дарга П овогтой А нь 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулагдсан Улсын гуравдугаар төв эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны нэгжийн удирдлагын сонгон шалгаруулалт-д оролцож бага оноо авсан тул 2021 оны 03 сарын 01-ний өдрөөс төвийн даргын албан тушаалаас чөлөөлж, Мэдрэл судлалын тасгийн их эмчээр мөн өдрөөс томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсугай гэсэн тушаал гаргасан байгаа. Ажил олгогч хуульд заасан эрх хэмжээний хүрээнд Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсны дагуу, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн удирдлага, зохион байгуулалт заалтыг хэрэгжүүлэх зорилгоор сонгон шалгаруулалт явуулахад бага оноо авч ажлаас чөлөөлөгдсөн байгаа. П.А сонгон шалгаруулалтад орохдоо сонгон шалгаруулалтыг хүлээн зөвшөөрч байна гэсэн байгаа. Уг сонгон шалгаруулалт нь П.А зориулагдаж хийгдсэн сонгон шалгаруулалт биш, эмнэлгийн нэгжийн удирдлагуудын хэмжээнд зохион байгуулагдсан. Үүний дагуу тасаг, нэгж, аравтын дарга нар бүхэлдээ өөрчлөгдөж, ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа. П.А шиг нэхэмжлэл гаргасан аравтын дарга нар байхгүй. Эмнэлгийн дотоод бүтэц үйл ажиллагааны нэгжийн удирдлагын сонгон шалгаруулалтын журмыг эмнэлгийн захирал батлаад, эмнэлгийн захирлын үйл ажиллагааны хүрээнд дотоодод нээлттэй сайн дурын үндсэн дээр зохион байгуулагдсан. П.А эмчийг сонгон шалгаруулалтад ор гэж шахсан гэдэг зүйл яригдаж байна. Ажлын хэсгийг удирдсан хүний хувьд хэнийг ч шахаж, сонгон шалгаруулалтад оролцуулаагүй, сайн дурын үндсэн дээр дотоодод нээлттэй хэн ч оролцож болохоор зохион байгуулсан. П.Алтанцэцэг эмч сонгон шалгаруулалтыг эхнээс нь дүрмийн бус гэж үзэж байсан бол оролцохгүй байх эрхтэй байсан. Сонгон шалгаруулалтад ороход нь би та энэ сонгон шалгаруулалтыг юу гэж бодож байна, яагаад зохион байгуулагдаж байгаа талаар асуусан гэхэд П.А эмч Ийм сонгон шалгаруулалт зохион байгуулах нь зөв гэж хэлсэн. Өмнө нь П.А эмч эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтад орсныхоо дараа гомдол зарга үүсгэж байсан учраас болгоомжилж, сонгон шалгаруулалтын талаар өөрийнх нь амнаас сонссон гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгон шалгаруулалтын дүнгээр П.А албан тушаалаас нь чөлөөлж, өөр ажилд томилсон байгаа. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан тайлбар зэргээс Улсын Гуравдугаар төв эмнэлгийн захирлын 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Б/86 дугаартай тушаал үндэслэл бүхий гарсан хэмээн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.А нь хариуцагч Улсын Гуравдугаар төв эмнэлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, цалин хөлсний зөрүүнд 2,466,165 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч сонгон шалгаруулалтын үндсэн дээр ажлаас чөлөөлсөн бөгөөд сонгон шалгаруулалт зарласныг зөвшөөрч оролцсон, одоо гомдол гаргах хугацаа нь дууссан гэж хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын Гуравдугаар төв эмнэлгийн захирлын 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Б/86 тоот тушаалаар П.А Мэдрэл, мэдрэлийн мэс заслын төвийн даргын ажлаас чөлөөлж, Мэдрэл судлалын тасгийн их эмчийн ажилд томилсон байна. Дээрх тушаалыг Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.10.6, 24 дүгээр зүйлийн 24.1, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.6.1, 16.6.2, 16.6.3, 16.7.2, Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.2, 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, Эмнэлгийн захирлын 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/252 дугаар тушаалаар батлагдсан Улсын гуравдугаар төв эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны нэгжийн удирдлагын сонгон шалгаруулалтын журам, Эмнэлгийн захирлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/254, 2021 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн А/37, 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн А/38 дугаар тушаал, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 49 дүгээр зүйлийн 49.1, Засгийн газрын 2019 оны 25, 472 дугаар тогтоол, Эмнэлгийн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.13, 4 дүгээр зүйлийн 4.2, 4.5, 4.6, 4.10.3, 4.10.6, 5 дугаар зүйлийн 5.1.1, Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.7.3, 2.7.6, 3 дугаар зүйлийн 3.1, 3.13 дахь заалтыг тус тус үндэслэн гаргажээ.

Нэхэмжлэгч нь уг тушаалыг хүчингүй болгох үндэслэлээ ажилтныг өөрийнх нь зөвшөөрөлгүй өөр ажилд шилжүүлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлөх зөрчил гаргаагүй, төрийн үйлчилгээний албаны удирдах ажилтны сул орон тоо гараагүй байхад сонгон шалгаруулалт явуулсан нь буруу гэж тайлбарлаж байна.

Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, энэ хуулийн 16.10-т заасан суман дахь нэгдсэн эмнэлгээс бусад нэгдсэн эмнэлгийн удирдлагыг эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл, түүнээс томилсон гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлнэ гэсэн заалтыг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан байна.

Эрүүл мэндийн Сайдын 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн А/44 тоот Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийг батламжлах тухай тушаалаар Улсын Гуравдугаар төв эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийг хавсралтаар батламжилсан байна.

Энэхүү Төлөөлөн удирдах зөвлөл нь Эрүүл Мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.10.4-т төсвийн хязгаарт нийцүүлэн эмнэлгийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаар, цалингийн санг тогтоох, 17.10.5-т эмнэлгийн захирлыг холбогдох журмын дагуу сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх гэж заасны дагуу 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 05 тоот тогтоолоор Эмнэлгийн бүтэц, дүрмийг шинэчлэн баталсан байна.

Улсын Гуравдугаар төв эмнэлгийн захирлын 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/252 тоот тушаалаар Улсын Гуравдугаар төв эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны нэгжийн удирдлагын сонгон шалгаруулалтын журмыг, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/254 тоот тушаалаар Улсын Гуравдугаар төв эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны нэгжийн удирдлагын сонгон шалгаруулалт зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Уг тушаалын дагуу Улсын Гуравдугаар төв эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны 24 нэгжийн удирдлагын сонгон шалгаруулалт явуулахаар болсон байна. Дээрх сонгон шалгаруулалтыг 2021 оны 1 дүгээр сарын 20, 21, 22-ны өдрүүдэд зохион байгуулсан болох нь сонгон шалгаруулалтын тэмдэглэл, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Улсын Гуравдугаар төв эмнэлгийн захирлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/254 тоот тушаалын дагуу явуулсан удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч П.Алтанцэцэг оролцсон болон бага оноо авсан, түүний өрсөлдөгч Н.Лхамцоо өндөр үнэлгээ авсан болох нь тэмдэглэл, сидинд хийсэн үзлэг, ярилцлагыг дүгнэх хуудас, хөтөлбөрийн үнэлгээний хуудас зэргээр тогтоогдож байна. Түүнчлэн П.А нь сонгон шалгаруулалтын дүнгийн талаар маргаагүй болно.

Ийнхүү явагдсан сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн П.Алтанцэцэгийг Улсын Гуравдугаар төв эмнэлгийн захирлын 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Б/86 тоот тушаалаар Мэдрэл, мэдрэлийн мэс заслын төвийн даргын ажлаас чөлөөлж, Мэдрэл судлалын тасгийн их эмчийн ажилд томилсон байна.

Түүнийг Мэдрэл, Мэдрэлийн мэс заслын төвийн даргын ажлаас ажил олгогчийн санаачлагаар чөлөөлсөн дээрх тушаалын агуулгыг харахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 41.1.2-т Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байна гэж дүгнэлээ. Учир нь тухайн албан тушаалд сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилохоор хуульд заасны дагуу явуулсан сонгон шалгаруулалтыг мэргэжил, ур чадварын шалгалт гэж үзэх бөгөөд тухайн шалгалтад тэнцээгүй нь ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэх үндэслэл юм. Ажил олгогч ажлаас чөлөөлсөн тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг үндэслээгүй байгаа ч тушаал нь агуулгын хувьд энэ заалтад нийцэж байгаа тул хууль бус гэж дүгнэхэд учир дутагдалтай юм.

Харин П.А рэл судлалын тасгийн их эмчийн ажилд томилсон нь нэхэмжлэгчийн тайлбарлаад байгаа шиг өөр ажилд шилжүүлсэн биш, Төвийн даргын хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгож, их эмчийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээний харилцааг шинээр бий болгох агуулга бүхий тушаал байна.

Иймд нэхэмжлэгчийн ажилтны өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажлын байр луу шилжүүлсэн, Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах зөрчил гаргаагүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

Сул орон тоо гараагүй байхад сонгон шалгаруулалт зарласан нь хууль зөрчсөн гэж нэхэмжлэгч маргаж байгаа боловч 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр батлагдсан Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх удирдлагыг тухайн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлөөс сонгон шалгаруулж томилсон эмнэлгийн захирал хэрэгжүүлнэ, 16.6.1-д эмнэлгийн дэд захирал болон зохион байгуулалтын нэгжийн удирдлагыг сонгон шалгаруулж, томилох эрхтэй гэж заасан байна. Улсын Гуравдугаар төв эмнэлэг нь хуулийн энэ зохицуулалтын дагуу анх удаа бүтэц, үйл ажиллагааны 24 нэгжийн удирдлагын сонгон шалгаруулалтыг 2020 онд зарлан явуулжээ. Удирдах ажилтны сонгон шалгаруулалт явуулсныг Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн гэж үзэхгүй.

Иймд сонгон шалгаруулалтын үндсэн дээр нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлж, шинээр ажилд томилсон агуулга бүхий Улсын Гуравдугаар төв эмнэлгийн захирлын 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Б/86 тоот тушаалыг хууль зөрчөөгүй байна гэж дүгнэж, нэхэмжлэгчийн гаргасан Мэдрэл, мэдрэлийн мэс заслын төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, цалин хөлсний зөрүүнд 2,466,165 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч хуулийн дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан Улсын Гуравдугаар төв эмнэлэгт холбогдох Мэдрэл, мэдрэлийн мэс заслын төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, цалин хөлсний зөрүүнд 2,466,165 төгрөг гаргуулахыг хүссэн П.А нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                                         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ч.МӨНХЦЭЦЭГ