Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2021/02042

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2021/02042

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, Б овогт А.Мийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоот хаягт оршин суух, Б овогт Я.М-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон газар, гараажийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

     

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.М нь 2013 оноос эхлэн Япон улсаас автомашин оруулж ирэх худалдаа эрхэлж байсан. 2013 оноос 2014 онд хороонд байрлах гарааж худалдан авч автомашины худалдаа эрхэлсэн. 2016 оны 9 сард Я.М танилцсан. Я.М 2016 оны 12 сард 46,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 2019 оны 5 сар хүртэл хамтран ажилласан. Энэ хугацаанд хөдөлмөр эрхэлж, ашгаа 50:50 хувиар хуваан авахаар тохиролцсон байсан. Орлогоороо хамтран үл хөдлөх хөрөнгө худалдаж авч, хамтран өмчлөгч, ашиглагч болсон. Аман хэлцлээр үл хөдлөх хөрөнгийг хамтран эзэмшсэн. 2017 оны 03 сарын 15-ны өдөр тоот газар авсан. 2017 оны 10 сарын 23-ны өдөр уг газар дээр 260 м.кв талбайтай гараажийг барьж эхэлсэн. Тухайн гараажийг А.М өөрөө бариагүй. А.М ах дүү нар барихаар болсон. 2018 онд Хятад улсаас авто засварын тоног төхөөрөмж оруулж ирсэн. 20,0000000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийг Я.М хариуцуулж, өөрөө 2019 оны 05 сар хүртэл Япон Улсаас дангаараа автомашин оруулж ирэх худалдаа эрхэлсэн. 2018 оны 12 сард Хас банкнаас 250,000,000 төгрөгийн зээлийг А.М өөрийнхөө нэр дээр авсан. Уг зээлээ төлж байсан. 2019 онд Я.МХас банкнаас зээл авах гэсэн боловч боломжгүй болчихлоо, үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөс та нэрээ хасуулчих, буцаагаад нэрийг нь оруулна гээд бэлэглэлийн гэрээ хийсэн. А.М Я.М итгээд бэлэглэлийн гэрээ хийсэн. Я.М 100,000,000 төгрөгийн зээл авсан. Үүнийгээ бизнесийн үйл ажиллагаандаа зарцуулсан байдаг. 100,000,000 төгрөгөөс олсон орлогоосоо ашиг өгнө гэсэн боловч өгөөгүй. А.М үл хөдлөх хөрөнгийг нэр дээр шилжүүлж, хамтран өмчлөгчөөр бүртгүүлье гэхэд татгалзсан. Иймээс эрх нь зөрчигдөж байна гэж үзээд шүүхэд хандсан. Нэхэмжлэлийн үндсэн шаардлага бол автомашины худалдаа, сэлбэгийн үйл ажиллагаа хамтран эрхэлж байсныг тогтоож, нэмэгдүүлсэн шаардлага нь хамтран үйл ажиллагааны явцад бий болсон  тоотод байрлах, 416 м,кв талбайтай газар, уг газар дээрхи 260 м,кв талбайтай гараажийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.М, Я.М нар нь 2016 оноос 2019 оны хугацаанд хамтран автомашины сэлбэгийн худалдаа эрхэлж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Дараа нь үл хөдлөх хөрөнгө, газрын хамтран өмчлөгчөөр тогтоох гэж өөрчлөгдсөн. Ингээд харахаар эхний шаардлагаасаа татгалзаж байна гэж үзэж байгаа. Хамтран өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлд нь тайлбар гаргах нь оновчтой байх. Анх уг гараажийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ 2 нэр дээр бүртгүүлж байсан. 2019 оны 9 сард харилцан тохиролцон бэлэглэлийн гэрээ байгуулж, А.М хамтран өмчлөгчөөс татгалзсан. Энэ бэлэглэлийн гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа. Улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой хуульд зохицуулалт байгаа. Иргэний хуулиар улсын бүртгэлд өмчлөлийн талаар өөрчлөлт орсноор өмнө өмчлөгчийн эрх дуусгавар болно гэж заасан. Улсын бүртгэлтэй холбоотой захиргааны акт, үйл ажиллагаатай холбоотой гомдол гарч байгаагүй. Энэ талаар шүүхийн шийдвэр, эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлага нь хуульд заасан шаардлагыг хангахгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.М нь хариуцагч Я.М холбогдуулан хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон газар, гараажийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь бизнесийн түнш байсан болохоос хамтран ажиллаж байгаагүй, хэлцлийн үндсэн дээр өмчлөгчөөс хасагдсан, хэлцэл болон улсын бүртгэл хүчинтэй тул хамтран өмчлөгчөөр тогтоох үндэслэлгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч А.М нь Япон улсаас автомашин оруулж ирж, худалдах үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хариуцагч Я.Мнь авто засварын газар ажиллуулдаг байжээ. Тэд 2016 оны 9 дүгээр сараас Япон улсаас автомашины оруулж ирэн засвар үйлчилгээг нь хийж худалдан борлуулах чиглэлээр хамтран ажиллаж байсан байна.

Энэхүү хамтын ажиллагааг нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээний харилцаа гэж тодорхойлж, хариуцагч нь бизнесийн түншүүд бөгөөд хамтран ажиллах гэрээний харилцаа байгаагүй гэж тодорхойлж байна.

Шүүхээс талуудын хороонд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.

Энэхүү гэрээний онцлог нь заавал бичгээр байгуулахыг шаардахгүй, хоёр этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр ашиг олох болон бусад тодорхой зорилготойгоор хамтран ажиллах үүрэгтэй байгуулагддаг.

Хамтран ажиллах үүрэг гэдэг нь оролцогчийн хураамж, хамтын үйл ажиллагаа гэсэн хэсгээс бүрдэнэ.

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-д Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна, 477.2-т Хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болно гэж заасан байдаг.

Нэхэмжлэгч нь Япон улсаас автомашин, сэлбэгийг Монгол улсад оруулж ирэх, хариуцагч нь оруулж ирсэн автомашины засвар үйлчилгээг хийх, хамтдаа худалдан борлуулах, автомашин оруулж ирэхэд хариуцагч тодорхой хэмжээний төлбөр төлөх байдлаар хамтран ажиллах хураамжаа төлсөн байна.

Мөн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Э.Т , 416 м.кв газрыг 65,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, улмаар эрхийн улсын бүртгэлийн Г-000000 дугаарт бүртгэлтэй, тоот хаягт байрлах 416 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрх Я.М, А.М нарын нэр дээр 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр шилжиж ирсэн байна.

Дээрх газар дээр 260 м.кв талбайтай, гараажийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө баригдаж, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ А.М, Я.М хоёр иргэний өмч гэж бүртгэгдсэн байна.

Нэхэмжлэгч нь уг газар, гараажийг хамтран хөрөнгө гаргаж барьсан, хариуцагч мөнгийг дангаар гаргаж, нэхэмжлэгч барьсан гэж маргасан боловч хариуцагч дангаар хөрөнгө гаргаж бариулсан болохоо нотлоогүй, гэрч Ц.Ш мэдүүлгээс тэд хамтдаа хөрөнгө гаргасан тухай нэхэмжлэгчийн тайлбар давхар нотлогдож байх тул шүүхээс талууд хамтран хөрөнгө гаргаж газар авч, гарааж барьсан гэж үзлээ. Хэдийгээр гараажийн барилга ямар өртөгтэй баригдсан талаар баримт байхгүй боловч улсын бүртгэлд хандаж гаргасан өргөдөл, өмчлөх эрхийн гэрчилгээ хоёр иргэний өмч гэж гарсан байдал зэргээс дундаа хамтран хөрөнгө оруулж барьсан байна гэж дүгнэсэн болно.

Өөрөөр хэлбэл, хамтын үйл ажиллагааны үр дүнд газар, гараажийн зориулалттай үл хөдлөх хөрөнгөтэй болсон тул эдгээр хөрөнгө нь Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.4-т Дундаа өмчлөх хөрөнгийн үр шим, түүнийг нэгтгэсэн, нийлүүлснээс бий болсон хөрөнгө талуудын дундаа өмчлөх хөрөнгө байна зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын дундаа хамтран өмчлөх хөрөнгө болжээ.

Нэхэмжлэгч нь 2019 оны 3 дугаар сарын 21-ний бэлэглэлийн гэрээний дагуу газар болон гараажийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өөрт ногдох хэсгээ хариуцагчид шилжүүлж, 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр дээрх хөрөнгүүдийн өмчлөх эрх Я.Мөнхтулгын нэр улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно заасны дагуу нэхэмжлэгч А.Мягмарсүрэнгийн өмчлөх эрх дуусгавар болж, хариуцагч Я.Мухайн үл хөдлөх хөрөнгийг дангаар өмчлөх эрх үүссэн байна.

Нэхэмжлэгч нь бэлэглэх хүсэл зориг байгаагүй тул бэлэглэлийн гэрээ байгуулагдаагүй гэж тайлбарлаж байх боловч тухайн гэрээ нь хуульд заасан шаардлага хангасан хэлбэрээр байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Түүнчлэн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэх байдал тогтоогдохгүй байна.

Иймд хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон хөрөнгийн хамтран өмчлөх эрхээ гэрээний үндсэн дээр шилжүүлсэн байх тул хамтран өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.4 дэх заалтыг баримтлан хариуцагч Я.М холбогдох,  хаягт байрлах, 260 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202025859 дугаарт бүртгэлтэй, гараажийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах, 416 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-000000 дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамтран өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч А.М нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 553,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.МӨНХЦЭЦЭГ