Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/01746

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/01746

 

 

 

 

 

 

2022 09 16 210/МА2022/01746

 

А.М-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/02454 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч А.М-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Я.М-д холбогдох,

 

Бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.М, түүний өмгөөлөгч С.Г, хариуцагч Я.М, түүний өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: Я.М нь 2016 оны 09 дүгээр сард надаас автомашин худалдаж авах үед бид танилцсан. Намайг Япон улсаас хямд машин оруулж ирэхэд зориулан Я.М 2016 оны 12 дугаар сард 46,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 2019 оны 05 дугаар сар хүртэл хамтран автомашины худалдаа эрхэлж, хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон ашиг орлогоо хувь тэнцүү эзэмшихээр тохиролцсон.

Ийнхүү бид харилцан тохиролцсоны дагуу 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын гудамж ***А тоотод байрлах газрын хууль ёсны хамтран өмчлөгч, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр уг газар дээрх 260 м.кв талбайтай гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч болсон. 260 м.кв гараашийг өөрийн эхнэр С.Өнөржаргалын ах дүү хоёроор бариулж, 2018 онд Хятад улсаас тэнхлэг тохиргооны төхөөрөмж, авто засварын төхөөрөмж, 2 ширхэг лифт, 20 орчим сая төгрөгийн эргэлтийн сэлбэгтэй Я.М-д хариуцуулж өгсөн бөгөөд түүнтэй бизнесээ өргөжүүлж 2019 оны 05 дугаар сараас эхлэн Япон автомашины сэлбэгийн худалдаа, угсралтын ажлыг эрхэлж, өөрөө Япон улсад автомашины худалдаа эрхлэх болсон.

2018 оны 12 дугаар сард Хас банк ХХК-аас 250,000,000 төгрөгийн зээлийг Я.М миний нэр дээр авсан байсан.

 

Хамтын үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд зээл нэмж авах шаардлагатай болсон. Ингээд миний нэр дээр их хэмжээний зээлтэй байсан учир Улаанбаатар хотын банкнаас 100,000,000 төгрөгийн зээл авах боломжгүй боллоо гэсэн шалтгаанаар дээрх хамтран өмчилж байсан хөрөнгүүдээс бэлэглэлийн гэрээ хийж би өмчлөх эрхээ хасуулсан. Тухайн үед нэрийг чинь буцаагаад гэрчилгээнд оруулна гэхэд нь итгэл төрж уг бэлэглэлийн гэрээнд гарын үсэг зурсан. Түүнээс биш миний хувьд бодитоор уг гэрээг хийх хүсэл зориг байгаагүй. Иймд 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн гарааш болон газар бэлэглэсэн Бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцож, А.М намайг газар болон гараашийн хамтран өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Би 2016 оны 09 дүгээр сард зар дээрээс орж ирсэн 2 машин худалдан авахаар холбогдож А.М-тэй очиж уулзан анх танилцаж байсан. Энэ үед нэхэмжлэгч өөрөөсөө машин худалдан авч байхыг надад санал болгосноор авто засварын үйл ажиллагаа эрхлэхээр ажиллаж байсан. Би жижиг, сажиг засвар бүхий машиныг боломжийн үнээр авч, нэмж засварлаад бага зэргийн ашиг гаргаж амьдралдаа нэмэрлэх, үйл ажиллагаагаа бага ч болов өргөжүүлэх зорилгоор түүнтэй хэсэг хугацаанд холбоотой байх болсон.

Манай дүү Я.Б-ийн 28,000,000 төгрөг, манай эгч Я.М-ийн 22,000,000 төгрөг, өөрийн мөнгөнөөс А.М-гээс хагас хугасыг нь авч нийлүүлэн байж 2017 оны 03 дугаар сард Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын ***А-д байрлах авто засварын зориулалттай сэндвичэн гараашийг би зар дээрээс харж холбогдон 65,000,000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Хуучин сэндвичэн гараашийг буулгаж, суурийн блокоор шинэ гарааш барих ажлаа би 100 хувь гардан хийсэн ба А.М-гийн эхнэрийн ах, дүү хоёрыг хөлсөлж бариулсан нь үнэн. Төлбөрийн нөхцлийн хувьд төлбөрийг цаг тухайд нь өгсөн. А.М гарааш барих ажилд огт оролцоогүй, харин зөвхөн бичиг баримт хөөцөлдөх ажилд тусалсан. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгө болон газар нь дан ганц Я.М миний өмчлөлд эрх бүхий байгууллага дээр бүртгэлтэй байдаг. Энэ бүртгэл нь хууль бус болох талаар ямар нэгэн эрхийн акт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.4 дэх хэсэгт заасныг баримтлан А.М, Я.М нарын 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид бэлэглэх /гарааш/ гэрээ, 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид бэлэглэх /газар/ гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцож, А.М-г Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчид Г гудамж, ***а тоот хаягт байрлах, Ү-********** улсын бүртгэлийн дугаартай 260 м.кв талбайтай, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 18640313725315 нэгж талбарын дугаартай 416 м.кв талбайтай, Г-********** улсын бүртгэлийн дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамтран өмчлөгчөөр тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 623,300 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 623,300 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Я.М-ын хамтын үйл ажиллагаанд А.М-гийн оруулсан хөрөнгийг тодорхойлоогүй. Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 447.1, 477.3 дахь заалтуудад нийцэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан эсэхийг харгалзаж үзээгүй. Нэхэмжлэгч болон хариуцагчийн хоорондын тооцоонд дүгнэлт өгөөгүй. Зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн этгээд хэн болохыг нотолсон баримтуудыг анхаарч үзээгүй. Харилцан хүлээн зөвшөөрч тооцоо нийлсэн баримт эсвэл талууд хүлээн зөвшөөрснөө илтгэж гарын үсэг зурсан эсэхэд дүгнэлт хийгээгүй. Хариуцагчийн гаргаж ирээгүй үндэслэлийг шүүх гаргасан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг тайлбарлахдаа хэлцлийн зорилгыг өмчлөх эрхтэй уялдуулаагүй. Хамтын ажиллагаанд төлсөн хураамж, гүйцэтгэсэн үүргийг гэрчийн мэдүүлгээс өөр нотлох баримтад тулгуурлаж дүгнэлт өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчаас хэдэн төгрөг гарсан талууд хэдэн төгрөгийг өгсөн, авсан талаар манайх маргаагүй. Миний зүгээс бэлэглэлийн гэрээтэй холбогдуулан маргасан учраас хариуцагч талаас хэдэн төгрөгийг авлага, өглөгө байгаа эсэхэд тусдаа нэхэмжлэл гаргах боломжтой. Талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсанаас хойш хамтын бизнесийн үйл ажиллагааг миний бие удирдан зохион байгуулсан. Бэлэглэлийн гэрээ байгуулагдсанаас өөрийн өмчлөлийн гараашийг залилуулсан учраас нэхэмжилсэн. Анхан шатны шүүхээс нотлох баримтуудыг зөв үнэлж дүгнэсэн. Бэлэглэлийн гэрээг 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан бөгөөд 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр банкнаас 100,000,000 зээл авсан нь тогтоогдсон. 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр бэлэглэлийн гэрээ хийгдсэнээс хойш 1 сарын дараа хамтран ажилласан тооцоог бодсон учраас бэлэглэлийн гэрээг 110,000,000 төгрөгөөр тооцож хийсэн гэж үзэх үндэслэлгүй. Мөн н.Г гэх гадаад түнштэй мессеж бичсэн үйл баримтыг үзлэг хийж тогтоосон. Я.М-ын төрсөн дүү Я.Б-ын данс руу эхний зээлийн төлөлт болон Я.М-ыг япон явах эхний визийн төлбөрийг төлсөн гэх мэтээр хамтран ажиллаж байсан талаар бүх үйл баримт тогтоогдсон. Бэлэглэлийн гэрээгээр халхавчилж зээлийн гэрээ байгуулагдсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч А.М- нь хариуцагч Я.М-д холбогдуулан бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

3. Талуудын хооронд 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид /газар болон гарааш/ бэлэглэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г гудамж, ***а тоот хаягт байрлах 260 м.кв талбайтай гарааш, мөн хаягт байрлах 416 м.кв талбайтай газар А.М-д ногдох хэсгийг Я.М-д бэлэглэж шилжүүлжээ. /1 хх. 9-10/

 

4.а. Нэхэмжлэгч талаас 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч А.М-гийн фейсбүүк чатанд G /Л.Г/, O /О.Т/ нартай харилцсан чатанд үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэжээ. /4 хх. 3/

 

4.б. Анхан шатны шүүх үзлэг хийх ажиллагаа явуулж, үйлдсэн тэмдэглэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй.

 

4.в. Үзлэгийн тэмдэглэлд ...харилцан чатанд үзлэг хийж фото зургаар баталгаажуулан хавсаргав гэж бичсэн алдаатай үзлэгийн тэмдэглэлийг давж заалдах шатны шүүхээс залруулж, зөвтгөх боломжгүй. /4 хх. 6-94/

 

4.г. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар үзлэг хийх ажиллагааны тэмдэглэл нотолгооны хэрэгсэл болох бөгөөд мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5 дахь хэсэгт заасан тэмдэглэлд үзлэг хийх ажиллагаагаар илэрсэн нөхцөл байдлыг сэргээн тогтоож, бэхжүүлсэн үйл баримтыг тусгаагүй.

 

5. Үзлэг хийх ажиллагаагаар илэрсэн нөхцөл байдлыг сэргээн тогтоож шүүх бэхжүүлэхдээ үзлэгийн тэмдэглэлд тоочих хэлбэрээр сийрүүлэн бичиж, сэргээн тогтоосон баримтыг зөвхөн бататгах хэлбэрээр хавсаргаж болох боловч тэмдэглэлд илэрсэн нөхцөл байдлын талаар огт дурдаагүй, үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан баримтыг үзлэгийн тэмдэглэлтэй адилтган үзэж нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй.

 

6. Түүнчлэн, 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан баримт нь уншигдахгүй, зарим баримт нь гадаад хэл дээр бичигдсэн, анхан шатны шүүх аль баримтыг үнэлж үйл баримтыг сэргээн тогтоосон нь тодорхойгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

7. Иймд хуульд нийцэхгүй үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан баримтыг нотлох баримт гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үйл баримтыг тогтоож дүгнэсэн нь алдаатай болжээ.

 

8. Анхан шатны шүүхийн дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт, хууль хэрэглээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/02454 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 623,300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

С.ЭНХБАЯР