Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/01612

 

 

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/01612

 

А.Өгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2021/02042 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Өгийн нэхэмжлэлтэй хариуцагч Я.Мд холбогдох хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон газар, гараашийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Галцацрах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.Ө нь 2013 оноос эхлэн Япон улсаас автомашин оруулж ирэх худалдаа эрхэлж байсан. 2013 оноос 2014 онд Баянгол дүүргийн 23 дугаар хороонд байрлах гарааш худалдан авч автомашины худалдаа эрхэлсэн. Я.М 2016 оны 12 сард 46 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 2019 оны 5 сар хүртэл хамтран ажилласан. Энэ хугацаанд хөдөлмөр эрхэлж, ашгаа 50:50 хувиар хуваан авахаар тохиролцсон. Орлогоороо хамтран үл хөдлөх хөрөнгө худалдаж авч, хамтран өмчлөгч, ашиглагч болсон. Аман хэлцлээр үл хөдлөх хөрөнгийг хамтран эзэмшсэн. 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо, Хувсгалчдын гудамжны 0000 тоот газар авсан. 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр уг газар дээр 260 м.кв талбайтай гараашийг барьж эхэлсэн. Тухайн гараашийг А.Ө өөрөө бариагүй. А.Өгийн ах дүү нар барихаар болсон. 2018 онд Хятад улсаас авто засварын тоног төхөөрөмж оруулж ирсэн. 200 000 000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийг Я.Мд хариуцуулж, өөрөө 2019 оны 5 сар хүртэл Япон Улсаас дангаараа автомашин оруулж ирэх худалдаа эрхэлсэн. 2018 оны 12 сард Хас банкнаас 250 000 000 төгрөгийн зээлийг А.Ө өөрийнхөө нэр дээр авсан. Уг зээлээ төлж байсан. 2019 онд Я.М Хас банкнаас зээл авах гэсэн боловч боломжгүй болчихлоо, үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөс та нэрээ хасуулчих, буцаагаад нэрийг нь оруулна гэж бэлэглэлийн гэрээ хийсэн. А.Ө Я.Мд итгээд бэлэглэлийн гэрээ хийсэн. Я.М 100 000 000 төгрөгийн зээл авсан. Үүнийгээ бизнесийн үйл ажиллагаандаа зарцуулсан байдаг. 100 000 000 төгрөгөөс олсон орлогоосоо ашиг өгнө гэсэн боловч өгөөгүй. А.Ө үл хөдлөх хөрөнгийг нэр дээр шилжүүлж, хамтран өмчлөгчөөр бүртгүүлье гэхэд татгалзсан. Иймд автомашины худалдаа, сэлбэгийн үйл ажиллагаа хамтран эрхэлж байсныг тогтоож, нэмэгдүүлсэн шаардлага нь хамтран үйл ажиллагааны явцад бий болсон Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо, Хувьсгалчдын г гудамж, 623 А тоотод байрлах, 416 м.кв талбайтай газар, уг газар дээрхи 260 м.кв талбайтай гараашийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх уг гараашийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ 2 нэр дээр бүртгүүлж байсан. 2019 оны 9 сард харилцан тохиролцон бэлэглэлийн гэрээ байгуулж, А.Ө хамтран өмчлөгчөөс татгалзсан. Энэ бэлэглэлийн гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа. Улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой хуульд зохицуулалт байгаа. Иргэний хуулиар улсын бүртгэлд өмчлөлийн талаар өөрчлөлт орсноор өмнө өмчлөгчийн эрх дуусгавар болно гэж заасан. Улсын бүртгэлтэй холбоотой захиргааны акт, үйл ажиллагаатай холбоотой гомдол гарч байгаагүй. Энэ талаар шүүхийн шийдвэр, эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь хуульд заасан шаардлагыг хангахгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 470 дугаар зүйлийн 477.4 дэх заалтыг баримтлан хариуцагч Я.Мд холбогдох, Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо, Хувьсгалчид г гудамж, 0000 хаягт байрлах, 260 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн 0-0000000000 дугаарт бүртгэлтэй, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах, 416 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн 0-0000000000 дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамтран өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч А.Өгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 0 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 553 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч А.Ө нь нэхэмжлэлийн үндэслэл, маргаан бүхий эд хөрөнгийг хариуцагч Я.Мн нэр дээр шилжүүлж банкны зээлийн барьцаанд тавьж 100 000 000 төгрөгийн зээл аваад бизнесээ өрөгжүүлж хамтран ажиллах, бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн хөрөнгөө буцаан өөрийн нэр дээр 2 хүний өмч болгох байтал итгэл эвдэн хуурч мэхлэсэн, зээлийн мөнгөө бизнестээ оруулаагүй зэрэгт гомдож хохирсон эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд хандсан байдаг. Монгол Улсын Үндсэн хуульд иргэн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг шударгаар олж авах эрхтэй гэж тунхагласан байтал хууль бусаар өмчлөлдөө шилжүүлсэн байдал тогтоогдсоор байхад А.Ө нь хохирсоор үлдэх нь анхан шатны шүүхийн шийдвэрээс харагдаж байна. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг дүгнэхдээ зохигчдыг хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь хамтран хөрөнгө оруулж бүтээн байгуулалт хийсэн зохигчдын дундын хөрөнгө буюу тус 2 иргэний өмч байсан гэдгийг хэрэгт цугларсан нотлох баримт болон гэрчийн мэдүүлгээр нотолж тогтоосон. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч А.Ө нь хариуцагч Я.Мн өмчлөлд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байх ба яг энэ өдрөө улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж нэг хүний өмчлөлд гэрчилгээ гаргуулсаныг баримтаар нотолж тогтоосон. 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэх байдал тогтоогдохгүй байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хамтран ажиллах гэрээний харилцаа гэж дүгнэсэн, хамтран хөрөнгө оруулж ажиллаж байсан гэж дүгнэсэн өөрийн дүгнэлтээ няцаасан улмаар бэлэглэлийн гэрээг байгуулсан шалтгаант холбоог анхаарч, үнэлэлт дүгнэлт өгөөгүйг анхаарч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвзрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч А.Ө нь хариуцагч Я.Мд холбогдуулан хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон газар, гараашийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсаныг хариуцагч бизнесийн түнш байсан болохоос хамтран ажиллаагүй, хэлцлийн үндсэн дээр өмчлөгчөөс хасагдсан, хэлцэл болон улсын бүртгэл хүчинтэй тул хамтран өмчлөгчөөр тогтоох үндэслэлгүй гэж эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт болон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлд хамаарах заалтууд нь ойлгомжгүй, тодорхой бус байгаагаас гадна нэхэмжлэгч хамтран ажиллах гэрээтэй холбоотойгоор үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох агуулгатай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх талууд бэлэглэлийн гэрээ байгуулсан гэж дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Нэхэмжлэгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо нотлох эрхээ хэрэгжүүлэх эрх, үүргийг анхан шатны шүүх тайлбарлаж өгөх үүрэгтэй байсан боловч нэхэмжлэгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг анхан шатны шүүх тайлбарлаж өгөөгүй, хэргийн материал танилцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасныг зөрчсөн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ гэж зааснаас үзвэл бэлэглэлийн гэрээгээр нэг тал нь нөгөө талдаа хариу төлбөргүйгээр тодорхой хөрөнгө шилжүүлэх агуулгатай хэлцэл байдаг байна. Гэтэл талуудын хэн алины тайлбараас үзэхэд талуудын хүсэл зоригийн илэрхийллээр үл хөдлөх эд хөрөнгийг үнэ төлбөргүйгээр шилжүүлэх хэлцэл хийгдсэн гэж үзэхэд эргэлзээтэй байна.

 

Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт Энэ хуулийн 56.1-д заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох нөхцөлийг талууд хэлцэл хийснээс хойш мэдсэн бөгөөд уг хэлцэл нь өөр хэлцлийн шаардлагад нийцэж байгаа тохиолдолд талууд хүсвэл шаардлагад нийцэж байгаа хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзнэ, 56.3 дахь хэсэгт Энэ хуулийн 56.1.2-56.1.4, 56.1.8-д заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ гэж заасан.

 

Зохигчид хамтын үйл ажиллагаа эрхэлж байсан нөхцөл байдалтай холбоотой, зээл авсан, өр төлбөрийн асуудлаар тооцоо нийлсэн талаар баримтууд хэрэгт авагдсан бөгөөд хамтран ажиллаж байсантай холбоотойгоор А.Ө нь үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй эсэх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, ямар хэлцлийг халхавчлах зорилгоор бэлэглэлийн гэрээ хийгдсэн, ямар эрх зүйн харилцааг үндэслэж нэхэмжлэгч А.Ө нь газар, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувийг шилжүүлсэн болохыг тодруулах шаардлагатай ба анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулга, үндэслэлд хамааруулж хуулийг хэрэглэх учиртай. Иймд нэхэмжлэгчийн хууль хэрэглээний талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

 

Дээрх үндэслэлээр шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байхад хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2021/02042 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 553 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 160 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ