| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Надмидын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 177/2020/0075/Э |
| Дугаар | 33 |
| Огноо | 2020-07-08 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 33
Б.Б, Ц.А нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Б, Ц.А нарт холбогдох, 1935004250057 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Б, Ц.А нарын давж заалдах журмаар гаргасан гомдлуудыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Б.Б, Ц.А, тэдгээрийн өмгөөлөгч Т.Уянга нар оролцов.
Монгол Улсын иргэн Б ургийн овогт Б-ын Б, 1985 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Увс аймгийн .. суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн .. сумын .. дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар: ....
Монгол Улсын иргэн Б ургийн овогт Ц-гийн А, 1988 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн .. суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, малчин, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн .. сумын ...дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар:....
Шүүгдэгч Б.Б, Ц.А нар бүлэглэн Увс аймгийн ... сумын ...дугаар багийн нутагт 2019 оны 10 дугаар сарын 12-ны орой хохирогч Ж.Ц-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон байна.
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б ургийн овогт Б-ын Б, Б ургийн овогт Ц-гийн А нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Ц.А-д 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би хохирогч Ж.Ц-ийн зүүн нүд рүү цохиж хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд анхан шатны шүүх хуралдаан дээр ч өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч тайлбар, мэдүүлэг гаргасан. Би гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж харамсаж, хохирогчид учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулах болно.
Миний бие Увс аймгийн Тэс суманд эхнэр, 3-9 насны 4 хүүхэд, 80 настай ээжийн хамтаар мал маллан амьдардаг, эхнэр маань эрүүл мэндийн хувьд "Тархины зулай хэсгийн кавернома" гэх оноштой Аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмчийн байнгын хяналтанд байдаг бөгөөд манай гэрт надаас өөр амьдрал ахуйг маань авч явах, мал маллах хүн байхгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т: “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан байна.
Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, миний хувийн байдал болон хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, торгох ял оногдуулж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Ц.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би хохирогч Ж.Ц-ийн нүүрийг маажиж олон тооны зулгаралт гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчийн нүүрийг маажсан гэдгээ мөрдөн байцаалтын шатнаас мэдүүлэг өгөхдөө хэлсээр ирсэн.
Хэрэгт авагдсан 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 708 дугаартай шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тодорхойгүй, бүрэн биш гэж үзээд 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нэмэлт шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж, 01 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргуулсан. Гэтэл анхан шатны шүүх шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтийг үнэлэхгүйгээр анхны эргэлзээтэй 708 дугаартай дүгнэлтийг шийтгэх тогтоолын үндэслэл болгож миний эрх зүйн байдлыг дордуулсан байна.
Түүнчлэн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтээр миний маажсан үйлдлийн улмаас үүссэн “...зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд биеийн нийт гадаргуугийн 1 хувиас бага талбайг хамарч байгаа тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно” гэсэн байдаг. Эндээс үзвэл хохирогч Ж.Ц-ийн нүүрийг маажсан үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учирсан боловч тус гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамд хамаарахгүй байхад намайг Б.Б-тай бүлэглэн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Ц.А надад холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Б, Ц.А нар нь бүлэглэн Увс аймгийн Тэс сумын 10 дугаар багийн нутагт 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр иргэн Уянгын гэрт хохирогч Ж.Ц-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн. Хэрэг гарсан өдөр Б.Б, Ц.А, Сайнбуян, Уянга, Ж.Ц нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж дуусаад дахин архи согтууруулах ундааны зүйл хаанаас хэн авч ирэх вэ гэдэг асуудлаас болж шүүгдэгч Б.Б, хохирогч Ж.Ц нарын хооронд маргаан гарч улмаар шүүгдэгч Б.Б хохирогчийг нэг удаа цохисон. Гэрт байсан хүмүүс тэр хоёрыг салгаж Б.Б-ыг гэрээс гаргасны дараа хохирогч Ж.Ц гэр дотроос шүүгдэгч Б.Бт хандаж “муу хулгайчид” гэж хэлтэл гаднаас шүүгдэгч Ц.А орж ирээд хохирогч Ж.Цтэй маргалдаж улмаар хохирогчийн нүүрийг маажсан. Гэрт байсан гэрч Уянга “Энэ хүмүүсийг би салгаж чадахгүй байна” гэж хэлтэл гаднаас шүүгдэгч Б.Б орж ирээд хохирогч Ж.Цийг дахин зодсон. Шүүгдэгч Ц.А-гийн хувьд хохирогч Ж.Ц-ийг маажсан нь үнэн боловч миний учруулсан гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй байх тул миний үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн утгатай давж заалдах журмаар гомдол гаргасан байна.
Шүүгдэгч Б.Б, Ц.А нар нь 1 цаг хугацаанд хохирогч Ж.Ц-эд халдсан. Энэ үйлдлээс шалтгаалж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Бүлэглэн үйлдэж буй гэмт хэргийн хувьд хэн нь ямар байдлаар цохиж гэмтэл учруулсан нь тодорхой бус байдаг. Шүүгдэгч нар хохирогчийн эсрэг 1 цаг хугацаанд үйлдсэн үйлдлээс шалтгаалж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан тул шүүгдэгч Б.Б, Ц.А нар уг гэмт хэргийг үйлдэхдээ бүлэглэн үйлдсэн нь тогтоогдсон гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч тус бүрт 320 цагийн нийтэд тустай ял оногдуулсан нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, Ц.А нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Уянга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б, Ц.А нарыг бүлэглэн хохирогч Ж.Цийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэж тус бүрт нь 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэхдээ анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг 1 цаг хугацаанд хохирогчийн биед ээлжлэн нэг сэдэлт зорилгоор үйлдлээрээ нэгдэж, гэмт хэрэгт оролцсоныг гэмт хэрэг бүлэглэн үйлдсэнд тооцно гэж тайлбарласан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар үйлдлээрээ нэгдэж бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэхийн тулд шүүгдэгч нар хохирогч Ж.Цийн биед хөнгөн гэмтэл учруулахдаа урьдчилан тохирохгүйгээр хамтран цохиж, хохирогчийн зүүн нүдний гэмтлийг учруулсан байх ёстой. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримт болох хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээс харахад тухайн хэрэг 1 өдөр болж байгаа боловч цаг хугацааны хувьд харилцан адилгүй 2 өөр хугацаанд тус тус үйлдэгдсэн байдаг. Хохирогч Ж.Ц нь шүүгдэгч Ц.А-гийн биед халдаж, үснээс нь зулгаасан болох нь шүүгдэгч Ц.Агийн биед шинжилгээ хийсэн шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдсон учир хохирогч, шүүгдэгч нар нь харилцан бие биедээ халдсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон.
Эхлээд хохирогч Ж.Ц, шүүгдэгч Ц.А нарын дунд үл ойлголцох маргаан үүсэж, барьцалдаж авах үед гаднаас шүүгдэгч Б.Б орж ирээд хохирогчийг зодож, зүүн нүдэнд гэмтэл учруулсан байдаг. Шүүгдэгч нарын хохирогчийн биед халдаж байгаа үйлдэл нь цаг хугацааны хувьд тус тусдаа үйлдэгдэж төгссөн байх тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б, Ц.А нарыг хохирогч Ж.Цтэй харилцан зодолдох явцдаа хохирогчийн зүүн нүдний доод зовхинд язарсан шарх, зөөлөн эдийн няцралт, зүүн нүдний алимны салстад зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, дух, хамрын нуруу, баруун зүүн хацар, дээд уруул, эрүү, нүүрний урд хэсэгт, баруун чихний дэлбэнд зулгаралт гэмтлүүд учруулсан гэж үзсэн. Энэхүү гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдах болох нь шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 708 дугаартай дүгнэлтээр тогтоож байна гэж үзэж анхан шатны шүүхээс шийтгэх тогтоол гаргасан.
Гэтэл хэрэгт авагдсан шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 708 дугаартай шинжээчийн дүгнэлтийг мөрдөн байцаалтын шатанд эргэлзээтэй байна гэж үзээд 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нэмэлт шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж дүгнэлт гаргуулсан. Нэмэлт шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт гарсан. Уг дүгнэлтэд хохирогч Ж.Ц-ийн биед зүүн нүдний дээд, доод зовхинд язарсан шарх, зөөлөн эдийн гэмтэл, зүүн нүдний алимны салст, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэсэн гэмтлүүд нь 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой ба дээрх гэмтлүүдийг тус тусад нь салгаж болохгүй.
Нэг нэгэндээ харилцан нөлөөлсөн байх боломжтой учир гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин дух хамрын нуруу, баруун зүүн хацар, дээд уруул, эрүүний урд хэсэг, баруун чихний дэлбэнд учирсан зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд биеийн нийт гадаргууны 1 хувиас бага талбайг хамарч байх тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дугаар зүйлд зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн дүгнэлт гаргасан.
Шүүгдэгч Ц.А нь хохирогч Ж.Ц-ийн нүүрийг маажиж гэмтэл учруулсан боловч тухайн гэмтэл нь шинжээч эмчийн дахин шинжилгээ хийсэн дүгнэлтээр Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дугаар зүйлд зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн дүгнэлт гаргасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хүний биед санаатай хохирол учруулах гэсэн заалт байдаг. Гэтэл шүүгдэгч Ж.Алимаагийн хохирогч Ж.Цийн нүүрийг маажсан үйлдэлд хөнгөн хохирол учраагүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд шүүгдэгч Ц.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”,
мөн хуулийн тусгай ангийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүйн хохирол хор уршиг гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж, гэмт хэрэгт тооцохгүй” гэж тус тус заасан байдаг. “Иймд шүүгдэгч Ц.А-д холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүгдэгч Б.Бын хувьд анхан шатны шүүх хуралдаанаас эхлэн өөрийн үйлдсэн гэмт хэрэг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирол төлбөрийг төлж барагдуулах тухай илэрхийлсэн учир шүүгдэгч Б.Бын хувийн байдал 3-9 насны 3 хүүхэд, 80 настай ээж, өвчтэй эхнэрээ тэжээн тэтгэдэг байдлуудыг харгалзан үзээд зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, Ц.А нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн тэдэнд холбогдох 1935004250057 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Тэс сумын 10 дугаар багийн нутагт байрлах Б.Б-гийн /М/ гэрт Б.Б, Ц.А, Ж.Ц, А.С, Я.Уянга, Б.Б нар архидан согтуурах явцдаа Б.Б, Ж.Ц нар нэмж архи авах асуудлаас улбаатайгаар хоорондоо маргалдаж, улмаар Б.Б нь өөрийн эхнэр Ц.А-тай бүлэглэн Ж.Ц-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хэргийн үйл баримтыг нотлож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хөндсөн, хязгаарласан болон хуульд заасан шаардлагыг хангаагүй гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Б, Ц.А нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч буйг тодорхойлж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Ц.А-гийн “...анхан шатны шүүх Б.Б бид хоёрыг бүлэглэн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь тухайн үед би хохирогч Ж.Цийн нүүрийг маажсан боловч миний энэ үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учраагүй тул надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь:
Шүүгдэгч Б.Б, Ц.А нар бүлэглэн хохирогч Ж.Ц-ийг зодсон нь хохирогч Ж.Ц-ийн “...С-ны өгсөн “Эдэн” нэртэй 0.75 литрийн архи задалсаныг бид нар хувааж ууж дууссан Б надад хандан “Та гараад нэг шил архи олоод ир гэж хэлэхээр нь би “орой болчихсон байхад хаанаас архи олдох юм бэ” гэхэд Б “битгий гурайтаад бай” гэж хэлэхээр нь би “чи гурай биш юм бол гараад олоод ир” гэхэд Б босож ирээд миний хамар луу гараараа хоёр удаа цохисон, тэгээд миний хамраас цус гарахаар нь Бт хандаж “мал хулгайлж идээд цадахгүй, бас хүн идмээр байна уу? хулгайчаа” гэхэд гаднаас эхнэр нь орж ирээд “чиний юуг хулгайлсан юм бэ” гэхэд та нар хулгайлчхаад надад төлж өгсөн биз дээ, хүний цус идмээр байна уу” гэхэд Бын эхнэр Алимаа нь ирээд миний нүүрийг гарын хуруугаараа 2-3 удаа самардаж маажсан, тэр үед гаднаас Я.Уянга орж ирээд бид хоёрын дундуур орж хоёр тийш болгоход Алимаа гэнэт Маамуугийн хоолны шүүгээнээс бор шаргал өнгийн бариултай хутга авч над руу дайрсан, тэгэхээр нь би зугтаад гарах гэхэд гаднаас Б орж ирээд түлхэж унагаагаад толгой дээр хөлөөрөө нэг дэвсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 17-20 дугаар хуудас/
-гэрч Я.Уянгын “...би тэд нарыг архи ууж байхад гэрээс гараад үхэр тугалаа харчхаад удалгүй ороод иртэл Б Ц-тэй маргаад Цэ-ийн дээр нь гараад авчихсан ноцолдож байсан, С тэр хоёрыг салгаад Б, А нарыг манай гэрээс гараад хаалга хаатал Ц гэр дотроос Быг “хулгайч” гээд орилсон чинь А орж ирээд Ц-тэй хэрэлдэж байгаад Цэгмидийн нүүрийг 2 гараараа самардаад маажаад хаячихсан юм. Би А-г Ц-ээс арай гэж салгаад байж байтал Б гаднаас дахин гүйж орж ирээд Ц-ийн нүүр нь тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохисон ба С тэр хоёрыг салгаж байх хооронд Б-ын гарыг Ц хазсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-31 дүгээр хуудас/,
-гэрч А.С-гийн “...Б.Б, Ж.Ц нар хэрэлдэж байгаад Б.Б нь Ж.Цийг унагааж дээрээс нь дарснаа, буцаагаад татаж босгоод инээхээр нь би тоглож байгаа юм байна гэж бодсон, удалгүй дахин маргалдаад “чи их малтай, би их малтай гээд хоорондоо маргалдсан, ” Би Б-ыг эхнэрийнх нь хамт аваад гэрээс гарсан. Тэгээд гадаа гараад байж байхад Ж.Ц гэр дотроос “муу хулгайч хулгай хийгээд цадахгүй байна уу? гэхэд Алимаа гэр лүү гүйгээд орсон, мөн араас нь Б орох гэхэд би оруулалгүй үүдэн дээр хаалга бариад зогсож байхад гэр дотроос Я.Уянга энэ хоёрыг орж ирж салга гэхээр нь гэр лүү яваад ороход Ж.Ц А-гийн үснээс татаж байсан. Тэгээд миний араас Б.Б орж ирээд Ж.Ц-ийн нүүр хэсэгт нэг удаа цохисон. Яг хаана нь цохисныг хараагүй. ...Ж.Ц нь Бын гараас хазсан. Яг аль гараас хазсаныг би хараагүй. Тэгээд Уянга хажуунаас орж ирж салгасан, мөн А нь Ж.Ц-ийн нүүрийг хоёр гараараа самардсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дугаар хуудас/ -үүдээр нотлогдсон байна.
Шүүгдэгч нар дээрх гэмт хэрэгт оролцохдоо санаа, зорилго, үйлдлээрээ нэгдсэн болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон тул эдгээрийг үндэслэн анхан шатны шүүхээс хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон гэж дүгнэв.
2. Шүүгдэгч Б.Б-ын “..шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчлөж, торгох ял оногдуулж өгнө үү “ гэх гомдлын хувьд:
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б, Ц.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт оногдуулахаар заасан ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулсан нь шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдалд тохирсон байна.
Нөгөөтээгүүр анхан шатны шүүхийн “шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүй, өдийг хүртэл хохирогчоос уучлалт гуйж гэмшээгүй, өөрсдийн үйлдэлд дүгнэлт хийж ухамсарлаагүй“ гэх дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс няцаан үгүйсгэх, давж заалдах шатны шүүхээс ял хөнгөрүүлэх үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, Ц.А нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, Ц.А нарын давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЖАМБАЛСҮРЭН
ШҮҮГЧИД Л.АЛТАН
Н.МӨНХЖАРГАЛ