Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 107

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Хатанцэцэг,

шүүгдэгч: М.Пүрэвням, түүний өмгөөлөгч С.Батдэлгэр /1338/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Мандахын Пүрэвнямд холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1979 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагч Б.Болортуяагийн хамт Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 11 дүгээр гудамж, 19 тоотод оршин суух,

2004 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 154 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т  зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 418 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Сум дундын 23 дугаар шүүхийн 19 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 03 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, регистрийн дугаар УК 79020819, Боржигин овогт Мандахын Пүрэвням.

 

Шүүгдэгч М.Пүрэвням нь ялтай байх хугацаандаа согтуугаар 2016 оны 9
дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар гудамжны “Жинчин” хүнсний дэлгүүрийн орчим бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин “цаашаа яв” гэж хэлснээр шалтаглан иргэн Д.Эрдэнэбаатарыг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-М.Пүрэвням мэдүүлэхдээ:

Би 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр дэлгүүрээс тамхи аваад гудамжинд гарч ирэхэд “Жинчин” дэлгүүрийн хашаа налаад Д.Эрдэнэбаатар бөгсөөрөө газар суусан байсан ба зүүн ханцуйнд нь 0.33 литрийн архи байсан. Тэр газар налаад унтаж байгаа юм шиг байхаар нь “үхсэн, эсхүл бие нь муудсан юм болов уу” гэж бодоод “бие чинь зүгээр үү” гэж асуухад Д.Эрдэнэбаатар намайг “зайлаач пизда минь” гэхээр нь “би, чиний биеийг яаж байна гэж асууж байхад яагаад байгаа юм бэ” гэхэд “зайлаач гээд байгаа юм биш үү, пизда минь” гээд зүүн гараараа өөдөөс сарвалзаад байхаар нь баруун гараараа нүүрнийх нь зүүн талд 1 удаа цохисон. Би хохирогчийг цохих үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Түүнийг цохисоны дараа би гэртээ орсон. Найз маань 2 шил шар айрагтай ирээд хамт ууж байтал эргүүлийн цагдаа нар ирсэн. Хохирогч Эрдэнэбаатар өөрөө согтуу байсан. Би тухайн үед хохирогчийн гар утсыг нь авах гэж оролдоогүй, гар утсаа ханцуйндаа хийгээгүй байсан. Би хохирогч Д.Эрдэнэбаатарыг зодож, хөнгөн гэмтэл учруулсан нь үнэн. Хохирогч эхлээд надаас 3 000 000 төгрөг нэхэмжилсэн. Би түүнд 1 000 000 төгрөг өгсөн. Д.Эрдэнэбаатарын эхнэр надаас их хэмжээний мөнгө авах сонирхолтой байсан. Би түүнийг бос гэж татаж байхаар цагдаа дуудах байсан юм билээ. Надад сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-ийг зөвшөөрөхгүй байна, хөнгөн ял оногдуулна уу гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Д.Эрдэнэбаатар мэдүүлэхдээ:

...2016 оны 9 дүгээр сарын 27-ны өглөө гэртээ 0.33 литрийн “Стандарт” архины талыг уучихаад 11 цагийн орчим дэлгүүрээс шүдэнз авахаар гарсан. Тэгээд 2 гудамжны хойд талд байх “Жинчин” хүнсний дэлгүүрээс шүдэнз авчихаад уг дэлгүүрийн гудамжны буланд хүн рүү мессэж бичээд газар явган сууж байсан чинь танихгүй, согтуу залуу миний баруун талд ганцаараа ирээд “юу байна” гээд суугаад байхаар нь тэр залууг “чи яв” гэсэн чинь босч ирээд шууд миний нүүрний зүүн тал руу болон хамар руу гурван удаа гараараа цохичихоод надаас “гар утсаа өг” гэсэн. Би өөрийн барьж байсан цагаан өнгийн “Sky” маркийн гар утсаа куртикны баруун талын ханцуйндаа хийгээд хамраас цус гараад байхаар нь тонгойгоод сууж байхад уг залуу “Жинчин” дэлгүүрийн харалдаа 11 дүгээр гудамжны 19 тоот хашаа руу яваад орохоор нь би утсаараа цагдаагийн 102 дугаар луу өөрийн барьж байсан 89120214 гэсэн дугаараас 11 цаг 40 минутанд дуудлага өгсөн. Би тэр залууг хажууд суугаад байхаар нь “цаашаа яв” гэж хэлсэн. Тэр залуу надтай хэрэлдээгүй, шууд нүүрэн тус газарт минь цохисон. Түрээсийн мөнгө нэхэгдээд гуанзаа ажиллуулж чадахгүй, хаалгачихаад стресстэй бухимдаад байсан болохоор өглөө нь дэлгүүрээс архи аваад 10 цагийн үед уусан байсан гэжээ. (хэргийн 12, 13, 60-62 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ж.Отгондулам мэдүүлэхдээ:

...нөхөр Д.Эрдэнэбаатар 11 цагийн орчим “дэлгүүр орчихоод ирье” гээд гэрээсээ ганцаараа гарсан. Тэгээд 20 орчим минут болоод ирэхгүй байхаар нь араас нь гараад гэрийн хажууд байдаг “Жинчин” дэлгүүр лүү явж байтал нөхөр Д.Эрдэнэбаатар миний урдаас гарч ирсэн. Өмсөж явсан бор шаргал өнгийн куртик, хөх өнгийн жинсэн өмд болон нүүр гар нь битүү цус болсон байсан. “Яасан бэ” гэж асуухад “танихгүй хүн цохичихлоо” гэсэн гэжээ. (хэргийн 14, 15, 63-65 дугаар хуудас)

Мөрдөн байцаалтад гэрч-Х.Тэмүүжин мэдүүлэхдээ:

...2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр би дээрх хаяган дээр байх гэрээсээ 12 цагийн орчим хичээлдээ явахаар гараад доошоо алхаад явж байхад “Жинчин” дэлгүүрийн урд хашааны үзүүрт үл таних эрэгтэй хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай доошоо хараад сууж байсан ба би тэр хүнийг өнгөрч яваад “Жинчин” дэлгүүрийн булан тойроод найз Мөнхжаргалыг хүлээгээд зогсож байтал манай гудамжны Пүрэвээ ах өгсөж ирээд надтай “юу байна, ахын дүү” гэж мэндэлчихээд өнгөрч яваад “Жинчин” дэлгүүрийн булан тойроод явсан ба нөгөө газар сууж байсан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу эрэгтэй хүн дээр очиж “сэрээрэй, эндээс босоорой, гудамжинд хэвтээд баймааргүй байна” гэж хэлээд татаж байсан. Тэгээд манай найз ирээд би машинд нь суугаад хамтдаа сургууль руугаа явсан. Цааш нь Пүрэвээ ахыг яасан талаар мэдэхгүй байна...Миний харснаар тэр залуу дээр очиж “алив босоорой манай гудамжинд согтуу битгий хэвтээд бай” гэж байсан. Түүнээс бол ямар нэгэн зүйл нэхэж татаж чангаасан юм байхгүй. Тэр үл таних газар сууж байсан согтуу эрэгтэй хүн босож алхаж чадахааргүй ухаан нь орж гараад их хэмжээний согтолттой байсан...Би тэрийг анзаараагүй. Болоогүй байсан байхаа. Би хажуугаар нь их ойрхон зөрж өнгөрсөн ба хальт ажиглахад ямар нэгэн цус болсон юм анзаарагдаагүй гэжээ. (хэргийн 29, 30 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Х.Батхүү мэдүүлэхдээ:

...үүрэг гүйцэтгэж байх хугацаанд “Тайшир 10”-аас Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, “Од” кино театрын эсрэг талын гудамжинд “намайг үл таних хүн зодлоо” гэсэн дуудлагыг 11 цаг 50 минутанд хүлээн аваад очиж шалгахад халамцуу залуу зодуулсан байдалтай нэг эмэгтэйн хамт зогсож байсан. Тэр залуу “согтуу хүн ирээд намайг зодлоо, орсон хаалга нь тэр” гэж хэлэхээр нь уг хаалгыг очиж шалгахад хашаан доторх өвлийн байшинд 2 залуу архи уугаад сууж байсан. Тэгээд тэр 2 залууг гадагш авч гараад дуудлага өгсөн залуугаас хэн нь зодсон талаар асуухад өндөр биеэрхүү, хар царайтай мөрөвчтэй хар танкийн хувцастай залууг зодсон гэж шууд заасан. Тэр үед М.Пүрэвням нь нилээн согтуу, агсам тавих шинжтэй “юун сүртэй юм” гэж хэлээд зогсож байсан гэжээ. (хэргийн 66-68 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 13482 тоот дүгнэлтэд:

1. Д.Эрдэнэбаатарын биед тархи доргилт, зүүн ухархайн дотор, доод ханын хамар ясны хугарал, зүүн нүдний алимны доргилт, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 17 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

М.Пүрэвням урьд 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 418 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 1 сарын хорих ял оногдуулж, 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Сум дундын 23 дугаар шүүхийн шүүгчийн 19 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 03 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан гэжээ. (хэргийн 52 дугаар хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч М.Пүрэвням нь ялтай байх хугацаандаа согтуугаар 2016 оны 9
дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жинчин” хүнсний дэлгүүрийн орчим хохирогч Д.Эрдэнэбаатар түүнийг “цаашаа яв” гэж хэлснээр нь шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин гудамж талбайд зодож, бие махбодид нь тархи доргилт, зүүн ухархайн дотор, доод ханын хамар ясны хугарал, зүүн нүдний алимны доргилт, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Д.Эрдэнэбаатар, гэрч Ж.Отгондулам, Х.Батхүү нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 13482 тоот дүгнэлт, Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь хохирогчийг зодох болсон шалтгааныг “тэр газар налаад унтаж байгаа юм шиг байхаар нь “үхсэн, эсхүл бие нь муудсан юм болов уу” гэж бодоод “бие чинь зүгээр үү” гэж асуухад “зайлаач, пизда минь” гэхээр нь “би, чиний биеийг яаж байна гэж асууж байхад яагаад байгаа юм бэ” гэхэд тэр “зайлаач гээд байгаа юм биш үү, пизда минь” гээд зүүн гараараа өөдөөс сарвалзаад байхаар нь баруун гараараа нүүрнийх нь зүүн талд 1 удаа цохисон гэж мэдүүлж байгаа нь

хохирогч Д.Эрдэнэбаатарын ...би тэр залууг хажууд суугаад байхаар нь “цаашаа яв” л гэж хэлсэн, тэр залуу надтай хэрэлдээгүй шууд нүүрэн тус газарт цохисон,

гэрч Х.Батхүү ...үүрэг гүйцэтгэж байх хугацаанд “Тайшир 10”-аас Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, “Од” кино театрын эсрэг талын гудамжинд “намайг үл таних хүн зодлоо” гэсэн дуудлагыг 11 цаг 50 минутанд хүлээн аваад очиж шалгахад халамцуу залуу зодуулсан байдалтай нэг эмэгтэйн хамт зогсож байсан. Тэр залуу “согтуу хүн ирээд намайг зодлоо, орсон хаалга нь тэр” гэж хэлэхээр нь уг хаалгыг очиж шалгахад хашаан доторх өвлийн байшинд 2 залуу архи уугаад сууж байсан мэдүүлгээр няцаагдаж байна.

Түүнчлэн гэрч Х.Тэмүүжингийн ...гэрээсээ 12 цагийн орчим хичээлдээ явахаар гараад доошоо алхаад явж байхад “Жинчин” дэлгүүрийн урд хашааны үзүүрт үл таних эрэгтэй хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай доошоо хараад сууж байсан ба би тэр хүнийг өнгөрч яваад “Жинчин” дэлгүүрийн булан тойроод найз Мөнхжаргалыг хүлээгээд зогсож байтал манай гудамжны Пүрэвээ ах өгсөж ирээд надтай “юу байна, ахын дүү” гэж мэндэлчихээд өнгөрч яваад “Жинчин” дэлгүүрийн булан тойроод явсан ба нөгөө газар сууж байсан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу эрэгтэй хүн дээр очиж “сэрээрэй, эндээс босоорой, гудамжинд хэвтээд баймааргүй байна” гэж хэлээд татаж байсан. Тэгээд манай найз ирээд би машинд нь суугаад хамтдаа сургууль руугаа явсан. Цааш нь Пүрэвээ ахыг яасан талаар мэдэхгүй байна. Миний харснаар тэр залуу дээр очиж алив босоорой манай гудамжинд согтуу битгий хэвтээд бай гэж байсан. Түүнээс бол ямар нэгэн зүйл нэхэж татаж чангаасан юм байхгүй. Тэр үл таних газар сууж байсан согтуу эрэгтэй хүн босож алхаж чадахааргүй ухаан нь орж гараад их хэмжээний согтолттой байсан. Би тэрийг анзаараагүй. Болоогүй байсан байхаа. Би хажуугаар нь их ойрхон зөрж өнгөрсөн ба хальт ажиглахад ямар нэгэн цус болсон юм анзаарагдаагүй гэсэн мэдүүлэг нь шүүгдэгч, хохирогчийг хувийн сэдэлтээр зодсоныг гэрчлэхгүй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

М.Пүрэвнямын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан,

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгчийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн талаар шалгаж тогтоовол зохих зүйлүүдийг тогтоожээ.

 

Иймд шүүгдэгч М.Пүрэвнямыг ялтай байх хугацаандаа согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн, “цаашаа яв” гэж хэлснээр нь шалтаглан хохирогч Д.Эрдэнэбаатарыг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулан, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

Шүүгдэгч нь хохирогч Д.Эрдэнэбаатарт 1 000 000 төгрөгийг төлсөн нь мөнгө хүлээлгэн өгсөн баримтаар тогтоогдсон тул түүнийг бусдад учруулсан гэм хорын хохирлыг төлсөн гэж үзэв.

 

М.Пүрэвням нь урьд Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 418 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж,  2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Сум дундын 23 дугаар шүүхийн 19 дугаар шүүгчийн захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 10 сар 03 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзжээ.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-т зааснаар хорих газраас тэнсэн суллагдсан түүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацаа нь хэрэгсэхгүй болсон байна.

Шүүгдэгчийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан хугацаанаас үлдсэн хугацаа нь дээрх хуулиар хэрэгсэхгүй болсон боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар 78.2.4-т заасан түүний ялтай байдал нь үргэлжилж байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх,

ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэн, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөлд тус тус тооцов.

Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчийн эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй гэж байгааг харгалзан түүний ял эдлэх дэглэмийг хөнгөрүүллээ.

 

Гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус ажиллагаа нөлөөлсөн гэж М.Пүрэвнямын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчлүүлэхийг хүссэн өмгөөлөгч С.Батдэлгэрийн хүсэлтийг  шүүх хүлээн авах боломжгүй байна.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй.