Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 174

 

Б.Дашмягмар Л.Оюунтуяа нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Шүүгч Б.Батцэрэн даргалж,

Шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор Ш.Эрдэнэбилэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Санчиндорж, Р.Батцогт,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг,

Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Билгүүн,

Нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн 266 дугаар магадлалтай 201626020172 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгч Л.Оюунтуяа, Б.Дашмягмар болон тэдгээрийн өмгөөлөгч Ц.Алтанцол, Н.Санчиндорж, Р.Батцогт нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1979 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Гарав овогт Балцагийн Дашмягмар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Бүлэглэн, давтан үйлдлээр, бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж, онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Элжгэн овогт Лхагвасүрэнгийн Оюунтуяа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Бүлэглэн, давтан үйлдлээр, бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж, онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Б.Дашмягмар, Л.Оюунтуяа нарыг “Таван богд финанс” банк бус санхүүгийн байгууллагыг залилан мэхэлж 118.293.247 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Дашмягмар, Л.Оюунтуяа нарыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг давтан, бүлэглэж, үйлдсэний улмаас онц их хэмжээний хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар Б.Дашмягмарыг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 11 жилийн хугацаагаар хорих ялаар, Л.Оюунтуяаг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Б.Дашмягмарт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид, 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Л.Оюунтуяад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлээр, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар Б.Дашмягмараас 26.200.000 төгрөг, Л.Оюунтуяагаас 26.200.000 төгрөг тус тус гаргуулж Ё.Борд, Б.Дашмягмараас 2.100.000 төгрөг, Л.Оюунтуяагаас 2.100.000 төгрөг тус тус гаргуулж Г.Нямаад олгуулахаар, Иргэний нэхэмжлэгч “Монгол даатгал” ХХК-ийн гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч нарын бага насны хүүхдүүд болох Д.Мишээл, Д.Тэнгис нарыг мөрдөн байцаагчийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолоор Ш.Бадамцоо, Л.Оюун-Эрдэнэ нарт харгалзан дэмжүүлэхээр шилжүүлсэн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд “Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан Б.Дашмягмар, Л.Оюунтуяа нарын хүүхдүүд болох 2010 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин Д.Мишээл, 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Д.Тэнгис нарт асран хамгаалагчийг тогтоохыг Б.Дашмягмарын оршин суудаг харъяа Баянгол дүүргийн Засаг даргад даалгасугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, ялтан Б.Дашмягмар, Л.Оюунтуяа, тэдгээрийн өмгөөлөгч Н.Санчиндорж, ялтан Л.Оюунтуяагийн өмгөөлөгч Ц.Алтанцол, хохирогч Г.Нямаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг, өмгөөлөгч Н.Санчиндорж, Р.Батцогт, Б.Оюунбилэг нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Оюунтуяа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...босгосон амьдрал болон 3, 6 настай хүүхдүүдээ юман чиний боддоггүй нөхрөөсөө болж ийм асуудалд орж, торны цаана сууж байгаадаа гомдолтой байна. Б.Дашмягмар намайг яг өөрийн үгээр байлгадаг, өөрөөс нь юм асуухад дургүй, ер нь тэр хүний дарамтанд амьдардаг байсан. 2013 оны сүүлээр “Ланд крузер-200 маркийн автомашин авахаар боллоо чи ирж, гарын үсэг зурах хэрэгтэй байна” гээд дуудахад нь ямар учраас гарын үсэг зуруулж байгааг Б.Дашмягмараас айгаад асууж чадаагүй, шууд зурсан. Ингээд 2 сарын дараа “Таван богд финанс” ББСБ-аас “зээлээ төл” гэж ярьсан бөгөөд би Б.Дашмягмар, Чинбаатар хоёрыг “энэ машины учрыг ол” гэж удаа дараа шаардаж хэлж байсан. Г.Дашмягмар нь 2014 оны 09 дүгээр сард “модны бизнест тоног төхөөрөмж авах гээд байна, мөнгө олдох арга байна уу” гэхэд нь “Ё.Бор ахаас асуу, хүмүүст хүүтэй мөнгө зээлдэг юм байна лээ” гэж хэлсэн. Ингээд энэ хоёр ярилцаж тохирсон бөгөөд би үүнд нь оролцоогүй. Ингээд 3 хоногийн дараа мөнгөө авахаар болоод гэрийн гадаа нь машинаа тавиад түлхүүрийг нь эхнэр Б.Сувдаад өгөөд мөнгөө ажил дээрээс нь очиж авсан. Ингэхдээ ямар ч баримт үйлдээгүй зүгээр өгөөд явуулсан. Ё.Бороос авсан мөнгийг би Б.Дашмягмартай урьдчилан тохирч, залилж авъя гэсэн ямар ч санаа зорилго байгаагүй энэ мөнгийг надад авах ямар ч шаардлага байгаагүй. 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ё.Бор ахын байгууллагын шинэ жилийн баярт оролцсон бөгөөд “Ланд крузер-200 маркийн автомашинаа тосыг нь солиулаад 3 хоног унахгүй юу” гэхлээр нь 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр очиж авсан. Барьцаанд тавьсан машиныг маань гамгүй унаж хэрэглэсэн байснаас болж нөхөр их уурлаж, буцааж өгөлгүй өөрөө сар гаруй гэр орондоо ирэлгүй, архидаж алга болсон. Ингээд Ё.Бор ах мөнгөө нэхээд удаа дараа залгахад нь учир байдлыг хэлэхээр очиход “мөнгөө өг, төлж чадахгүй бол өөр аргаар төлж болно шүү” гээд ёс бус санал тавьсан. Б.Дашмягмар нэг өдөр намайг “хүнтэй уулзаадхая” гээд дагуулаад явсан ба эрэгтэй, эмэгтэй 2 хүнтэй уулзсан бөгөөд тухайн үед тэдгээр хүмүүсээс зээл авсан ба модны бизнес нь эхэлсэн гээд Москва руу явсан. Удалгүй над руу яриад “мөнгө хэрэгтэй байна, хүнээс очоод мөнгө аваадах” гээд хүний утасны дугаар өгсөн. Би тэр хүнээс 8.000.000 төгрөг аваад баримт үйлдэх гэсэн чинь “Б.Дашмягмар урьд нь 20.000.000 төгрөг авсан” гээд 28.000.000 төгрөгийн баримт бичүүлж, гарын үсэг зуруулж тамга даруулсан. Улмаар Ё.Бор ахын итгэмжлэгдсэн төлөөлөгч Өгөөдэйбаатар гэдэг хүн намайг дарамталдаг болсон бөгөөд хүнсний 1 дүгээр дэлгүүрийн ард “Биндэръяа” цайны газарт Өгөөдэйбаатарын дарамтанд мөнгө авсан болон 3 хоног машин өгсөн тухай баримт бичиж өгсөн. Уг автомашиныг хохирогч Ё.Бор нь лизингийн машин гэдгийг мэдсээр байж “тендерийн урьдчилгаагаар авсан” гэж хэлсэн гэж гүтгээд байгаад гомдолтой байна. Өр төлбөрийнхөө оронд зуслангийн байр, ферм зэргийг өгөхөөр Өгөөдэйбаатарт үзүүлсэн боловч тэрээр цааш уламжлалгүй “70.000.000 төгрөг дээр 40.000.000 төгрөг нэмээд өгчих, тэгвэл та нарыг хэргээс мултална” гэж Б.Дашмягмарт хэлсэн байдаг. Мөн Л.Оюунтуяа намайг барьцаалж авна гэх мэтээр айлган сүрдүүлж байсныг цагдаагийн байгууллага болон шүүх хуралдаанд хэлсэн боловч огт авч хэлэлцэлгүй орхигдуулсанд гомдолтой байна. Мөн “Ланд крузер-200” маркийн автомашиныг  анх Чинбаатартай хамтарч авсан бөгөөд үүнийг шалгуулахыг хүсэж байна. Би Б.Дашмягмар, Ё.Бор, Өгөөдэйбаатар гэсэн хүмүүсийн шахалт шаардлагаар гарын үсэг зурж хэрэгтэн болсондоо үнэхээр их гомдолтой байна, гэм зэмгүй миний үнэнг олоод эрх чөлөөг минь эргээд олгоно гэж найдаж байна” гэжээ.

Шүүгдэгч Б.Дашмягмар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Би Ё.Бор ахтай мөнгө зээлэх талаар ярилцсан. Тэгэхдээ уг машин нь “Таван богд финанс” ББСБ-ын лизингтэй байгаа гэж үнэнээ хэлсэн, миний бизнест мөнгө хэрэгтэй байна гэж гуйсанд бид хоёр тохиролцон гарч уг автомашиныг үзэж, бичиг баримтыг нь ч харсан. Бичиг баримтыг үзээгүй болон Л.Оюунтуяа нь “хятадуудад замын тендер олж өгөөд авсан” гэж ярьсан гэдэг нь худал гүжирдлэг бөгөөд Л.Оюунтуяаг энэ зээлд хамаатуулах гэсэн гол түлхүүр юм. Ё.Бор ахтай уулзсан тэр өдөр мөнгө аваагүй, маргааш өдөр нь Б.Сувдаа эгчтэй уулзаж авсан. Хэрэв ямар нэгэн баримт бичигдсэн бол Б.Сувдаа, Б.Дашмягмар нарын хооронд бичигдэх байсан.  4 ширхэг баримтыг Л.Оюунтуяагаар бичүүлснийг би мөрдөн байцаалтын шатанд шалгуулаагүйн улмаас би эхнэртэйгээ хамт яллагдаж байна. Хохирогч Г.Нямаад машины үлдэгдэл 30.000.000 гэж хэлээгүй, 50.000.000 урьдчилгаанд төлж авсан гэж хэлсэн байсан. Л.Оюунтуяагаар дамжуулан зээлж авсан 8.000.000 төгрөгийн өрөнд зуслангийн байр, 5.500.000 төгрөгөөс авч байсан “Kirby” тоос сорогчоо өгсөн. Одоогоор 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлж авахаар барьцаанд нь ахын зуслангийн байр, найзын 45.000.000 төгрөгөөр дуудлага худалдаанаас авсан Багануурын гутлын дэлгүүр зэргийг барьцаалсан байгаа. Хэрэв иргэний журмаар шүүхээр шийдээд миний хилээр гарах эрхийг хаагаагүй бол би өдийд зээлийг төлөөд дууссан байх байсан. Энэ авсан зээлийг өөрийн компанийн бизнест зарцуулсан бөгөөд миний эрхэлж байсан бизнес эдийн засгийн хямралаас болж эрсдэлд орж зээлээ төлж амжаагүй байхад Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллаж байгааг буруу гэж ойлгож байна. Миний эхнэр Л.Оюунтуяа нь энэ хэрэгт ямар ч хамаагүй бөгөөд хэргийг иргэний журмаар шийдвэрлэж зээлийг төлөх боломжийг олгож өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Алтанцол хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...шүүгдэгч Б.Дашмягмар нь иргэн Ё.Бор, Г.Нямаа нартай харилцан тохиролцож, өөрийн “Сүхэс трейд” ХХК-ийн бизнесийн ажиллагаанд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор авсан зээлийг шунахайн зорилгоор, залилан мэхлэх замаар авсан хэмээн хүнд ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Шүүгдэгч Л.Оюунтуяа нь нөхрийн хүсэлтээр Ё.Бор, Г.Нямаа нартай уулзах гэрээ байгуулах, мөнгө хүлээн авах, хүү төлөх зэрэгт оролцож, нөхрийн эзгүйд гэрээний үүргийн биелэлтийн шаардлагыг тэднээс хүлээн авч, шаардлагыг дамжуулан мэдэгдэж, байсан болохоос тэдний гэрээнд оролцож, Б.Дашмягмарын бизнест хамтран оролцоогүй, зээлээс нэг ч төгрөг аваагүй, хохирогч нарыг хуурч мэхлэх, итгэл олох үйлдэл хийгээгүй байхад түүнийг хамтран оролцсон, бүлэглэн оролцсон гэж хэт нэг талыг баримталсан, алдаатай дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Б.Оюунтуяагийн оролцоо нь Эрүүгийн хуулийн 28 дугаар зүйлийн “Хор уршиг гэм буруугүйгээр учруулах” гэж хуульчилсан байдлаар тодорхойлогдох боломжтой бөгөөд, түүний энэ байдлыг үгүйсгэх нотолгоо баримтууд хэрэгт тогтоогдоогүй гэж үзэж байна. Түүнчлэн барьцаалсан гэх автомашины бүртгэлийн талаарх маргааныг шүүхүүд анхаарч үзэлгүй, хохирогч нарыг хуурч мэхлэх, итгэл олох гол хэрэгсэл болсон гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй буюу хохирогч нар нь уг автомашиныг “Таван богд финанс” ББСБ-ын нэр дээр байгаа гэдгийг зээл өгөхөөс өмнө мэдэж байсан, автомашиныг төлбөрийн баталгаа болгон авсан болохоос зээлийн барьцаа гэж үзээгүй болох нь тэдний тайлбар болон мэдүүлгээр тодорхойлогдож байгаа. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Санчиндорж хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “...хохирогч, яллагдагч нарын хооронд мөнгө зээлэх, зээлдүүлэх эрх зүйн харилцаа үүссэн, энэ талаар талууд хүсэл зоригоо сайн дураар илэрхийлдэг бөгөөд “Таван богд финанс” ББСБ-аас зээлээр худалдан авсан “Ланд Крузер-200” маркийн автомашиныг хохирогч нарт барьцаалах, барьцаалуулах үүрэг үүсээгүй буюу хуульд заасан барьцаалбар хийгээгүй учир барьцаалсан гэж үзэх үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл хохирогч нар уг автомашиныг бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдэж байсан бөгөөд түүгээр зээлийн үүргийг төлүүлнэ гэж тохиролцоогүй юм. Тиймээс энэхүү мөнгө зээлэх хэлцлээс үүссэн үүргийн харилцааны маргаан нь иргэд хоорондын эд хөрөнгийн маргаан иргэний шүүхээр шийдвэрлэх асуудал юм. Л.Оюунтуяагийн бичиж өгсөн баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлээгүй хуурамч нотлох баримт бөгөөд тэр ч байтугай энэхүү баримтыг үйлдэхдээ гэмт хэргийн сэдэлт санаа зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж олж авсан болох нь шүүгдэгч Л.Оюунтуяа, гэрч Б.Сувд, хохирогч Ё.Бор нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр нотлогдож байна. Өөрөөр хэлбэл Ё.Борын итгэмжлэгдсэн төлөөлөгч Өгөөдэйбаатар нь Л.Оюунтуяаг дарамталж өөрт нь болон хүүхдүүдэд нь хүч хэрэглэхээр айлган сүрдүүлж нэр хүндийг нь гутаасан мэдээ, баримт тараахаар сүрдүүлж дээрх хуурамч баримт бичгийг нөхөн бичүүлж, тэрхүү баримтыг Л.Оюунтуяа, Б.Дашмягмар нар нь Ё.Борыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь Ё.Борын, гэрч Б.Сувдын мэдүүлгээр нотлогдож байх ба Л.Оюунтуяа, Б.Дашмягмар нар нь “Ланд Крузер-200” маркийн 4288УНД улсын дугаартай автомашиныг “Таван богд финанс” ББСБ-ын нэр дээр байгаа гэдгийг анхнаасаа мэдүүлж байсан байна. Мөн хохирогч Г.Нямаа нь Б.Дашмягмарт зээл өгөхдөө 4288 УНД  улсын дугаартай “Ланд Крузер-200” маркийн автомашиныг “Таван богд финанс” ББСБ-н нэр дээр байгааг анхнаасаа мэдэж байсан, түүнчлэн гэрээ хэлцэл байгуулсан гэдгээ мэдүүлж, гэрээ хэлцлийнхээ дагуу хүүний мөнгө, эд зүйл авч байсан гэдгээ мэдүүлсэн байдаг бөгөөд энэ нь иргэд хоорондын зээлийн гэрээ хэлцлээс үүссэн маргаан юм. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Батцогт хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “...Б.Дашмягмар, Л.Оюунтуяа нар нь “Таван богд финанс” ББСБ-аас үнийн дүнгийн 30 хувийг төлж “Тоёота Ланд крузейр 200” автомашиныг барьцаат зээлийн гэрээгээр худалдан авсан бөгөөд энэхүү автомашинаа иргэн Ё.Борд барьцаалан 70.000.000 төгрөг, иргэн Г.Нямаад барьцаалан 28.000.000 төгрөг авсан байдаг. Энэхүү хэрэг нь анхнаасаа залилан мэхлэх гэмт хэргийн санаа сэдэлтгүй, иргэний эрх зүйн маргааны шинжийг агуулсан байгаа бөгөөд гэрээний хэлбэрийг зөрчсөн буюу бичгээр байгуулж, нотариатаар батлуулах хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна. Хэргийн цагаатгах болон яллах нотлох баримтууд, хөнгөрүүлөх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг хуулийн дагуу адилхан шалгаж тогтоох байтал зөвхөн хохирогчийн мэдүүлгийг үндэслэн гэмт хэрэг гэж үзсэн бөгөөд Л.Оюунтуяаг өөрийн нөхөрт өөрийн танил мөнгөтэй хүнтэй уулзуулж өгсөн, тухайн үед гэрээ байгуулаагүй бөгөөд гэрээ буюу баталгаа дээр дараа нь Өгөөдэйбаатар гэгчийн дарамтанд өөрөө 4 ширхэг баримт бичиж гарын үсэг зурсан нь нэг гэр бүлийн хүн гэсэн үндэслэлээр энэ гэмт хэргийг зайлшгүй хамтран үйлдсэн байх ёстой гэж үзэн ял халдаан хэрэглэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 зүйл /гэм буруутны ял зэмлэлийг гэр бүлийн гишүүн, төрөл саданд нь халдаахыг хориглоно.../, Эрүүгийн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 /гэм буруутай этгээд үйлдсэн хэрэгтээ зөвхөн өөрөө эрүүгийн хариуцлага хүлээнэ/ дахь заалтуудыг тус тус зөрчжээ. Мөн гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдоогүй иргэнийг мөрдөн байцаагч урьдчилаад гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь ял эдлүүлэх сонирхол байсан гэж үзэхээр байна. Хэргийг шүүхээр шийдвэрлээгүй байхад бага насны хүүхдүүд болох Д.Мишээл, Д.Тэнгис нарыг Л.Оюун-Эрдэнийн асран хамгаалалтад өгөх тогтоол гаргасан Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 заалтыг ноцтой зөрчиж гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй байхад мөрдөн байцаагч урьдаас ял эдлүүлэх сонирхолтой байсан гэж үзэхээр байна. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлд бусдын асран хамгаалалтад өгөх эрх нь зөвхөн дүүргийн Засаг даргад байдаг бөгөөд мөрдөн байцаагч, прокурор нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1.1 дэх заалтыг зөрчиж,. Түүнчлэн Б.Дашмягмар, Л.Оюунтуяа нар нь Хан-Уул дүүрэгт оршин суудаг байхад  давж заалдах шатны шүүх хүүхдүүдийн асран хамгаалагч тогтоохыг Баянгол дүүргийн засаг даргад даалгаж шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүхийн 557 дугаар магадлалын заалтыг биелүүлэх арга хэмжээг нэмэлт мөрдөн байцаалтаар огт биелүүлээгүй бөгөөд зөвхөн мөнгө зээлэхдээ хамт явсан гэдэг хохирогчдын мэдүүлэг дээр үндэслэн ял оноосон. Л.Оюунтуяа, Ё.Бор хоёрын хооронд байгуулсан гэх Өгөөдэйбаатарын хүчээр гарын үсэг зуруулсан бичигт өөрийн дураар эсхүл бусдын дарамтанд гарын үсэг зурсан эсэхийг шалгахгүйгээр нотлох баримтаар үнэлсэн байдаг. Мөн “Гурвалжин” захын захирал, тус захын ачааны машины жолооч, “Эм Си Жи Би” компанийн захирал нарыг гэрчээр асуусан бол Б.Дашмягмар нь модны бизнес эрхэлдэг байсан болон Ё.Бор, Г.Нямаа нараас авсан мөнгөө төлөх боломжтой байсан эсэх нь тогтоогдоно гэж үзэж байна. Хохирогч Г.Нямаа нь хэргийг иргэний шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй тухай гомдлоо шүүхэд өгсөн байх бөгөөд давж заалдах шатны шүүх анхны мэдүүлгээсээ буцаж, өөр мэдүүлэг өгсөн шалтгааныг анхаарч үзсэнгүй. Шүүх шүүгдэгч нарыг 98.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн нь буруу бөгөөд тэдний төлсөн 12.600.000 төгрөг, Ё.Борын төлөөлөгч Өгөөдэйбаатарт өгсөн 5.000.000 хасаж тооцсонгүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Шийтгэх тогтоол, магадлалыг үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч нарын өмгөөлөгч тайлбарлахдаа Иргэний эрх зүйн маргаан гэж тайлбарлаж байгаа боловч хүчээр гарын үсэг зуруулсан гэдэг тайлбараас харахад энэ нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн гэдэг нь харагдаж байна. Мөрдөн байцаалтын шатанд иргэний эрх зүйн маргаан бус харин эрүүгийн гэмт хэргийн шинжтэй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шүүх яллах дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч нарт ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд: “...шүүгдэгч Б.Дашмягмар, Л.Оюунтуяа нар нь бүлэглэн, давтан үйлдлээр, бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж, онц их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэгт холбогдсон бөгөөд мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн зүйлчлэл зөв, бүрдэл хангагдсан гэж үзэж байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд тухайлбал, гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн гүйцэд тогтоох, гэмт хэргийн зүйлчлэл, түүнд нөлөөлж болзошгүй нөхцөл байдлуудын талаар тогтоовол зохих асуудлыг тал бүрээс нь бүрэн шалгах, хэрэгт холбогдсон хүмүүсийн үйлдэл, холбогдол, гэм буруугийн шинж чанарыг нарийвчлан шалгаж тогтоох талаар мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэд биш хийсэн байна.

Шүүхээс хэргийн талаар үндэслэл бүхий шийдвэр гарахад чухал ач холбогдолтой байж болох дараах нөхцөл байдлыг мөрдөн байцаалтаар тодруулах шаардлагатай гэж дүгнэлээ.

Прокуророос шүүгдэгч Б.Дашмягмар, Л.Оюунтуяа нарыг бүлэглэн, давтан үйлдлээр, бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж, онц их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг дүгнэж үзвэл мөрдөн байцаалтын шатанд хэргийн үйл баримтын талаар яллах болон цагаатгах баримтыг адил бэхжүүлэх, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шалгах шаардлагыг зөрчин, хэт нэг талыг баримталсан ажиллагаа явуулж,  уг хэрэгт хамааралгүй хүнийг хэргийн оролцогч, хохирогчоор тогтоож, хэргийн оролцогч нарын эрхийг хязгаарлаж, тэдний хүсэлт гомдолд дурдагдсан, хэргийн үйл баримт, гэм буруугийн байдалд ач холбогдолтой байж болох нөхцөл байдлыг шалгаж тогтоолгүйгээр хэргийг шүүхэд ирүүлсэн байхад анхан болон давж заалдах шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад Б.Дашмягмар нь 167.000.000 төгрөгийн үнэ бүхий “Toyota Land Criuser-200” загварын автомашины урьдчилгаанд 50 сая төгрөг төлж, улмаар “Таван Богд финанс” ББСБ-тай барьцаат зээлийн гэрээ байгуулан үлдэгдэл төлбөр болох 67.658 ам.доллар төлүүлэн худалдан авахдаа, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулан уг автомашиныг “Таван Богд финанс” ББСБ-ны өмчлөлд шилжүүлсэн бөгөөд өөрөө ашиглахаар гэрээний дагуу харилцан тохиролцсон байна. Улмаар уг зээлээ төлөөгүй атлаа зээлийн барьцаанд тавьсан эд хөрөнгийг бусдад давхар барьцаалан залилсан гэж шүүх дүгнэхдээ, уг гэрээний үндсэн шинж чанар, агуулга, хэргийн нөхцөл байдлийг тал бүрээс нь шалгаж дүгнэлгүй, бусдын эзэмшлийн хөрөнгийг давтан үйлдлээр, давхар дамжуулан барьцаалсан гэх шинжээр нь бусдыг залилан мэхэлсэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Өөрийн эзэмшилд байгаа эсхүл фидуцийн гэрээний дагуу ашиглаж байгаа хөрөнгийг бусдад давхар барьцаалах нь хориглосон харилцаа биш бөгөөд харин барьцаалж байгаа хөрөнгө болон зээлж байгаа мөнгө хоорондын үнийн харьцааны байдал, барьцаалан мөнгө зээлдэхдээ шунахайн сэдэлтээр, дан ганц ашиг олох, зээлсэн мөнгөө төлөхгүй байх, нөгөө талаа хохироох сэдлээр хийснийг нотолсон тохиолдолд залилан мэхлэх гэмт хэрэгт тооцох учиртай.

Б.Дашмягмар, Л.Оюунтуяа нар нь иргэн Ё.Бор болон Г.Нямаа нартай аман хэлцэл хийж, дээрх автомашиныг барьцаалан мөнгө зээлсэн үйл баримт, тэдний хооронд байгуулсан гэх гэрээ, тохиролцооны бодит шинж байдал, түүнчлэн мөнгө зээлэх болсон шалтгаан, хэлцэл хийхэд оролцсон оролцоо, сэдэл, санаа зорилго зэрэг хэргийн нөхцөл байдлын талаар хохирогч нараас зөрүүтэй зүйл мэдүүлдэг бөгөөд Л.Оюунтуяа уг харилцаанд хэлбэр төдий оролцсон, дээрх мөнгөнөөс ямар нэгэн байдлаар авч ашиглаагүй, бусдыг залилан мэхлэх санаа, зорилго байгаагүй гэж мэдүүлж байгаа нөхцөл байдлыг шалгах, түүний үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоох, бусдаас зээлсэн мөнгийг хэн, хэрхэн юунд зарцуулсан, тодорхой цаг хугацаанд хохирогч нарт зээлсэн мөнгө, хүүг төлж барагдуулж байсан нь дан ганц хохирогч нарыг төөрөгдүүлэх зорилготой байсан эсэх зэргийг шалгаж тогтоосноор шүүгдэгч нарыг гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийх боломжтой юм. Өөрөөр хэлбэл авто машин барьцаалан мөнгө зээлсэн, зээлдүүлсэн харилцаа дахь Б.Дашмягмар, Л.Оюунтуяа нарын үйлдэл, оролцоо болон хүсэл зоригийн байдлийг нарийвчлан тогтоох, иргэн Ё.Бор болон Г.Нямаа нараас мөнгө залилсан гэх үйлдэл нь иргэний эрх зүйн харилцааны явцад үүссэн зээлийн эрсдэлийн явцад үүссэн маргаан, эсхүл залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл эсэхийг мөрдөн байцаалтаар гүйцэд шалгасны дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч Л.Оюунтуяа, Б.Дашмягмар болон тэдгээрийн өмгөөлөгч Ц.Алтанцол, Н.Санчиндорж, Р.Батцогт “...хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэх гомдлуудыг хүлээн авч Л.Оюунтуяа, Б.Дашмягмар нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Түүнчлэн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан хэргийг прокурорт очтол шүүгдэгч нарын хувийн байдал, хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан тэдэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, анхан шатны шийтгэх тогтоол гарахаас  өмнө авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн 266 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Л.Оюунтуяа, Б.Дашмягмарыг нэн даруй суллаж урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.БАТЦЭРЭН

                          ШҮҮГЧ                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН