Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 1953

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2018/01960 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ..... дүүргийн ... дугаар цэцэрлэгт холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С,

Хариуцагчийн төлөөлөгч Б.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х.Б нь 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ... дугаар цэцэрлэгт галчаар ажилд орж, 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/14 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд хандаж эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлж, бичилт хийлгүүлэх шаардлага гаргаж, шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Х.Б нь манай байгууллагад галчаар ажиллаж байгаад 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/14 тоот тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн бөгөөд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.1, 7.2.10, мөн Хөдөлмөрийн дотоод журмын 5.10.4-ийн /в, е, з/ заалтуудыг үндэслэл болгож ажлаас халсан. Х.Б нь 2018 оны 03 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан манаач Н.Б, галч Ш.Е нарыг айлган сүрдүүлж, дарамтлан, зодоон хийж, байгууллагын эд хогшлыг эвдэж гэмтээн байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ноцтой зөрчил гаргасан тул хуульд заасан арга хэмжээг авч хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Х.Б нь тухайн өдөр ажилд гараагүй байсан бөгөөд хэн ч түүнийг ажил дээр дуудаагүй байхад архидан согтуурсан байдалтайгаар ирж бусдыг айлган сүрдүүлж дарамтлан, байгууллагын эд хөрөнгө эвдэж сүйтгэсэн. Нэхэмжлэгч нь гурав дахь удаагаа энэ үйлдлийг гарган манаач Н.Быг хоёр удаа зодож, тогооч А.Батбаярыг нэг удаа зодож байгууллагын эд хөрөнгийг эвдлэн хохирол учруулж байсан. Тухайн өдрийн шөнө Х.Б-ийн үйлдэл цэцэрлэгийн камерт бичигдсэн. Х.Б-ийн хөдөлмөрийн гэрээг цуцалж хамт олны хурал дээр өөрт нь өгөх үеийн хурлын тэмдэглэл, дотоод хяналт шалгалтын дүгнэлтийг мөн өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Х.Б-ийг ... дүүргийн .... дугаар цэцэрлэгийн галчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3 325 238 төгрөгийг хариуцагч ... дүүргийн .....дугаар цэцэрлэгээс гаргуулан нэхэмжлэгч Х.Бд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан Х.Б-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлж, зохих бичилт хийхийг .... дүүргийн .......дугаар цэцэрлэгт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Х.Б-ийн нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч .... дүүргийн ....дугаар цэцэрлэгээс 68 154 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 01960 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэт нэг талыг баримталж үнэлэх байдлаар шийдвэр гаргасанд гомдолтой байна.

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажил олгогч ямар алдаа дутагдал гаргасан ажилтантай хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах нөхцөлийг харилцан тохиролцохоор заасан байх бөгөөд үүнд тухайн зөрчлийг тусгахдаа цаг хугацааг харгалзан үзсэн байх талаар ямар нэгэн зохицуулалт байхгүй. Өөрөөр хэлбэл, ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлөхдөө түүнтэй байгуулсан гэрээгээр харилцан тохиролцсон зөрчлийг гаргасан тул ажлаас чөлөөлсөн. Иймд шүүх ажилтны гаргасан зөрчлийг ажлын бус цагаар үйлдэгдсэн учраас ажил олгогч сахилгын хариуцлага хүлээлгэх нь буруу гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

2. Нэхэмжлэгч нь ажлын бус цагаар ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан ажилчидтай ажлын байран дээр зодолдож муудалцах үйлдлийг гаргаснаас гадна байгууллагын өмч хөрөнгөд хохирол учруулсан тул ажил олгогч эрх мэдлийнхээ хүрээнд хөдөлмөрийн сахилгын хариуцлага хүлээлгэсэн.

3. Ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлдээ Хөдөлмөрийн дотоод журамд заасан зүйл заалтуудыг тусгаснаас гадна ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний заалтуудыг мөн оруулсан. Үүнээс гадна шүүх хуралдаан дээр журмаа танилцуулсан эсэх талаар тодруулахад нэхэмжлэгч журамтай танилцсантай маргахгүй гэдгээ илэрхийлсээр байтал шийдвэрийн үндэслэх хэсэгтээ үүнийг огт байхгүй мэтээр тусгасан байгаагаас үзэхэд шүүх шийдвэр гаргахдаа хэт нэг талын эрх ашгийг хамгаалсан болох нь илэрхий байна.

4. Хэрэгт нэхэмжлэгч талыг согтуугаар ажлын байран дээр ирж эмх замбараагүй байдал үүсгэн байгууллагын эд хөрөнгийг эвдсэн болох нь хариуцагч байгууллагын Дотоод аудитын дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан камерын бичлэгээр нотлогддог. Харин нэхэмжлэгч талаас өөрийн төрсөн эгч, түүний ойрын танил хамт явсан гэх жолооч залуу нар ирж гэрчээр асуугддаг. Эдгээр хүмүүс бол Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгчийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Гэтэл шүүгч 2 талаас гаргасан нотлох баримтыг адилтган дүгнэлт хийхгүйгээр зөвхөн нэг талын гэрч нарын өгсөн мэдүүлэг дээр үндэслэн нэхэмжлэгчийг согтуу байсан үйл баримт тоггоогдохгүй гэж үзсэнд гомдолтой байна.

5. Шүүх нь Иргэний хуулийн тодорхой заалтыг дурдаж хэрэгт авагдсан гэрээний агуулгыг нэхэмжлэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж байгаа тухайгаа дурдсан. Хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан ажлын байран дээр алдаа дутагдал гаргаж байгууллагын эд хөрөнгийг эвдэж сүйтгэсэн үйлдлийг гаргасан, ажилчидтай зодолдсон нь нотлох баримтаар хангалттай нотлогдож байхад нэхэмжлэгч талыг зөвтгөж байгаад гомдолтой байна.

6. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа ажилтны цалин хөлсийг хэт өндрөөр бодож гаргасан. Манай сургуулийн өмнөх боловсролын байгууллага учраас 6.1-ээс 8.25 хүртэл бүх нийтээрээ амарч амрах үедээ ажилчдад олговрыг нь бодож олгодог. Галч үүнтэй яг адил хүүхэд байхгүй цэцэрлэгт галлагаа хийхгүйгээс гадна нэхэмжлэгчийг ажлаас гарахад нь түүнд ажилласан хугацааны ээлжийн амралт олговор холбогдох бусад тооцоог  хийгээд гаргасан. Ажил олгогч үндэслэлгүйгээр ажлаас халсан нь тогтоогдсон бол түүнд цалин хөлсийг тушаал гарсан өдрөөс хойш 6.1 хүртэл бодогдох учиртай.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч Х.Б хариуцагч ... дүүргийн ... дугаар цэцэрлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Х.Б нь хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж маргажээ.

 

Ажил олгогчийн 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/14 тоот тушаалаар Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 7.2.1, 7.2.10, хөдөлмөрийн дотоод журмын 5, 10, 4 /в, е, з/-г тус тус үндэслэн Х.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнийг галчийн үүрэгт ажлаас чөлөөлжээ. /хэргийн 3 дугаар тал/

 

Хэрэгт цугларсан баримт болон талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Х.Б нь 2018 оны 03 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө ажил үүргээ гүйцэтгэж байсан манаач Н.Б, галч Ш.Е нартай маргалдаж, улмаар зодоон хийх явцдаа байгууллагын ариун цэврийн өрөөний тусгаарлах хана, хонгилын ханын толийг эвдэж гэмтээн хохирол учруулсан гэх үйл баримт нь гэрч Н.Цэвэлмаа, Н.Б, Ш.Е нарын мэдүүлэг, манаач Н.Бын өргөдөл  хариуцагч байгууллагын хамт олны хурлын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн болон тус байгууллагын дотоод хяналт, шалгалтын ажлын хэсгийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зураг, камерын бичлэгт хийсэн үзлэгээр тус тус тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохыг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заажээ.

 

Хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчтэй байгуулсан 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хөдөлмөрийн гэрээгээр талууд ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцох талаар тохиролцсон байх ба гэрээний 7.2.10-т Байгууллагын эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллаагүйгээс байгууллагад хохирол учруулсан нь дотоодын хяналт шалгалтаар илэрсэн тохиолдлыг ноцтой зөрчилд тооцогдохоор заажээ. /хэргийн 28-29 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 03 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан манаач Н.Б, галч Ш.Е нартай маргаж, зодоон хийх явцдаа байгууллагын эд хогшлыг эвдэж гэмтээн эд хөрөнгийн хохирол учруулсан гэх хариуцагч байгууллагын тайлбарыг тэрээр үгүйсгэн тайлбар, нотлох баримтыг гаргаагүй. Энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Гэтэл анхан шатны шүүх ажлын байранд архи уусан буюу хөдөлмөрийн гэрээний 7.2.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй, гаргасан зөрчил нь галчийн ажил үүргийг гүйцэтгэхтэй хамааралгүй, сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл бус өөр эрх зүйн харилцаанд хамааралтай гэж дүгнэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь ажил олгогчийн эд хөрөнгийг эвдэлж гэмтээн бусад ажилчид ажил үүргээ гүйцэтгэж байхад саад учруулсан нь хөдөлмөрийн сахилгын зөрчилд тооцогдох бөгөөд хөдөлмөрийн гэрээнд энэ талаар тухайлан заасан байна.

 

Иймд нэхэмжлэгч Х.Б-ийг хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр галчийн ажлаас чөлөөлсөн хариуцагч ... дүүргийн ... дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/14 тоот тушаал үндэслэлтэй байх тул хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2018/01960 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэлгүй тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч Х.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

        ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                        С.ЭНХТӨР