Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2019/00094

 

Х.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2018/01960 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1953 дугаар магадлалтай,

Х.Б-ийн нэхэмжлэлтэй

Сонгинохайрхан дүүргийн *** дугаар цэцэрлэгт холбогдох, 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч Б.Батцэнгэл, хариуцагчийн өмгөөлөгч Б.Анхзаяа, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч Х.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс *** дугаар цэцэрлэгт галчаар ажилласан. 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/14 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан. 2018 оны 3 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө 10 цаг 50 минутын орчим согтууруулах ундаа хэрэглэн ажлын байранд орж ирж ажил үүргээ гүйцэтгэж байсан манаач, галч нарыг айлган сүрдүүлж дарамтлан, зодоон хийж, байгууллагын эд хогшлыг эвдэж гэмтлэн байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлж, бичилт хийлгүүлэх шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Батцэнгэлийн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Х.Б- нь манай байгууллагад галчаар ажиллаж байсан.  2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Б/14 тоот тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн бөгөөд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.1, 7.2.10, мөн Хөдөлмөрийн дотоод журмын 5.10.4-ийн /в, е, з/ заалтуудыг үндэслэл болгож ажлаас халсан. Х.Б- нь 2018 оны 3 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан манаач Н.Б-, галч Ш.Е- нарыг айлган сүрдүүлж, дарамтлан, зодоон хийж, байгууллагын эд хогшлыг эвдэж гэмтээн байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ноцтой зөрчил гаргасан тул хуульд заасан арга хэмжээг авч хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Х.Б- нь тухайн өдөр ажилд гараагүй байсан бөгөөд хэн ч түүнийг ажил дээр дуудаагүй байхад архидан согтуурсан байдалтайгаар ирж бусдыг айлган сүрдүүлж дарамтлан, байгууллагын эд хөрөнгө эвдэж сүйтгэсэн. Нэхэмжлэгч нь гурав дахь удаагаа энэ үйлдлийг гарган манаач Н.Б-ыг хоёр удаа зодож, тогооч А.Батбаярыг нэг удаа зодож байгууллагын эд хөрөнгийг эвдлэн хохирол учруулж байсан. Тухайн өдрийн шөнө Х.Б-ийн үйлдэл цэцэрлэгийн камерт бичигдсэн. Х.Б-ийн хөдөлмөрийн гэрээг цуцалж хамт олны хурал дээр өөрт нь өгөх үеийн хурлын тэмдэглэл, дотоод хяналт шалгалтын дүгнэлтийг өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2018/01960 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Х.Б-ийг Сонгинохайрхан дүүргийн *** дугаар цэцэрлэгийн галчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3.325.238 төгрөгийг хариуцагчаас  гаргуулан нэхэмжлэгч Х.Б-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан Х.Б-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлж, зохих бичилт хийхийг Сонгинохайрхан дүүргийн зуун ерэн тавдугаар цэцэрлэгт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Х.Б-ийн нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч Сонгинохайрхан дүүргийн *** цэцэрлэгээс 68.154 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1953 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2018/01960 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэлгүй тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч Х.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж дүгнэснийг эс зөвшөөрч байна. Хэрэгт авагдсан гэрч Н.Цэвэлмаагийн өгсөн мэдүүлэг, түүний ахласан ажлын хэсгийн хийсэн шалгалтаар нэхэмжлэгч Х.Б-тэй уулзаж ярилцсан тэмдэглэл огт авагдаагүй, ийм ажиллагаа хийж нэхэмжлэгчээс тайлбар огт авалгүйгээр дүгнэлт гаргасан, дүгнэлтээ нэхэмжлэгчид огт танилцуулаагүй нь дотоод хяналт шалгалтыг зохих ёсоор хийгээгүй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл зөвхөн манаач Н.Б-ын өргөдөл, ярилцлагын тэмдэглэлээр “...ОО өрөөний тусгаарлах хана, коридорын толь хагалж, байгууллагад хохирол учруулсан байна" гэж дүгнэн, хэдийд хаана авсан нь тодорхойгүй, компьютерээс хэвлэсэн нотлох баримтын шаардлага хангаагүй гэрэл зургийг үнэлж байгууллагад хохирол учруулсан гэж үзсэн нь нотлох баримтыг хуулийн шаардлагын дагуу үнэлээгүй байна. Мөн хариуцагч байгууллагын ажилтнууд болох гэрч Н.Цэвэлмаа, Н.Б-, Ш.Е- нарын мэдүүлгийг давж заалдах шатны шүүх үнэлэхдээ уг үйл явдал болох үед дуудлагаар очсон Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн ажилтан П.Баярсайханы шүүх хуралдаан дээр “дуудлагаар очиход ширээ, сандал эвдэрсэн гэж хэлж байсан” гэсэн гэрчийн мэдүүлгээр гэрч Н.Цэвэлмаа, Н.Б-, Ш.Е- нарын “00 өрөөний тусгаарлах хана, коридорын толь хагалж, байгууллагад хохирол учруулсан байна” гэсэн мэдүүлэг үнэн зөв болоход эргэлзээ төрүүлэхэд хүргэж байхад харьцуулж дүгнэлгүй орхигдуулсан байна. Хариуцагч байгууллагын хамт олны хурлын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрий тэмдэглэлд гэрч Н.Б- нь “гоожсон цусаа угааж цэвэрлэх гээд 00-ын өрөө ортол араас орж ирээд ноцолдож байгаад ариун цэврийн өрөөний тусгаарлах ханын бэхэлгээг хугалж, толийг хагалсан” гэж тэмдэглэсэн байгаагаас үзэхэд хариуцагч байгууллага нэхэмжпэгчийг ажлаас халсан шийдвэрээ гаргасныхаа дараа хуралдсан, гаргасан шийдвэрээ баталгаажуулахын тулд хуралдаан хийсэн болох нь тогтоогдож байх бөгөөд давж заалдах шатны шүүхийн үнэлсэн нотлох баримтын шаардлага хангаагүй гэрэл зураг дээр байгаа эвдэрхий хаалга, цуурсан толь нь тухайн үйл явдлыг нэг мөр нотлох эргэлзээгүй баримт гэж үзэхэд учир дутагдалтай байна. Хэрэгт авагдсан дүрс бичлэгээс 1 давхарт байгаа толийг гэмтээж байгаа, 2 давхарт байгаа 00 өрөөний тусгаарлах ханыг бэхэлгээг нэхэмжлэгч эвдсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байхад давж заалдах шатны шүүх хариуцагч байгууллагын эд хөрөнгийг эвдэлж гэмтээсэн гэдэг нь дүрс бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна гэж магадлалын үндэслэлээ болгосон нь хуульд нийцэхгүй. Мөн давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.2.10 дах хэсгийг буруу тайлбарласан, харин анхан шатны шүүхийн “ажил хөдөлмөр эрхлэж байх үедээ”, эсхүл “байгууллагын эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллахаар үүрэг хүлээсэн этгээд” гэж ойлгох нь хөдөлмөрийн эрх зүйн харилцааны агуулгад нийцэх юм”. Нөгөө талаас талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-т заасан стандарт нөхцөл бүхий гэрээ байна. Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1-д заасан “Стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана” гэж заасны дагуу гэрээний энэ заалтыг ажилтанд ашигтайгаар тайлбарлах нь зүйтэй гэсэн тайлбар хууль зүйн үндэслэлтэй, шаардлагад нийцсэн тайлбар гэж үзэхээр байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Сонгинохайрхан дүүргийн *** дугаар цэцэрлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах Х.Б-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Тус цэцэрлэгт галчийн ажил эрхэлж байсан Х.Б-ийг ажил олгогч 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Б/14 тоот тушаалаар ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 7.2.1, 7.2.10, хөдөлмөрийн дотоод журмын 5.10.4-ийн /в, е, з/ -д заасан “ноцтой зөрчил гаргасан” гэжээ.

Зохигчийн хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд, гэрээний 7.2.1-д заасан “ажлын байранд болон ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн нь нотлогдсон”, 7.2.10-т заасан “байгууллагын эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, ажиллагаагүйгээс байгууллагад хохирол учруулсан нь дотоодын хяналт шалгалтаар илэрсэн тохиолдол”-г  хамруулсан байна.

Нэхэмжлэгч Х.Б- 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр шөнийн 22 цаг 50 минутын орчимд өөрийн ажилладаг цэцэрлэгт ирж тухайн үед ажил үүргээ гүйцэтгэж байсан манаач Н.Б-, галч Ш.Е- нартай маргаж, улмаар коридорын толь хагалж, ОО-ын өрөөний тусгаарлах ханыг эвдсэн үйл баримт тогтоогджээ.

“Нэхэмжлэгч согтуу байсан нь тогтоогдоогүй, дээрх зөрчлийг гаргасан үедээ ажил үүргээ гүйцэтгээгүй байсан, цаг хугацааны хувьд ажлын бус цаг байсан учир Х.Б- хөдөлмөрийн гэрээний 7.2.1-д заасан ноцтой зөрчлийг гаргасан гэх үндэслэлгүй” талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт буруу биш байна. Харин тус шүүх хөдөлмөрийн гэрээний 7.2.10-дахь зохицуулалтын агуулгыг “ажилтны ажил хөдөлмөр эрхэлж байх үедээ гаргасан зөрчлөөс гадна байгууллагын эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллахаар үүрэг хүлээсэн этгээдэд хамаарна” гэсэн утгаар тайлбарлаж, гэрээний тухайн зохицуулалтыг “стандарт нөхцөл бүхий гэрээ“ гээд ажилтанд ашигтай байдлаар дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай болжээ.

Ажилтан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан албан үүргээ үнэнч шударгаар, зохих журмаар гүйцэтгэхээс гадна хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа зэрэг байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй. Тодруулбал, ажилтны үүргийг зөвхөн гүйцэтгэх ажлын хүрээгээр хязгаарлах нь өрөөсгөл болно.

Талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтойд тооцохыг харилцан тохиролцож тогтоож, хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заахаас гадна байгууллагын нийтлэг эрх ашигт харш үйлдэл, эс үйлдэхүй, ёс зүйн зөрчлийг ч мөн ноцтойд хамааруулж гэрээг цуцлах үндэслэл болгож болдог байна.

Нэхэмжлэгч Х.Б- тухайн өдөр амарч байхдаа, ажил тарсны дараа, ус авах шалтгаанаар бусадтай хамт ирж, байгууллагын ажилтны хувьд давуу байдлаа ашиглан ажлын байранд нэвтэрч, улмаар ажил үүргээ гүйцэтгэж байсан манаач, галчид агсам тавьж, хэрүүл маргаан үүсгэн, байгууллагын эд зүйлийг эвдсэн үйлдэл гаргасан нь хөдөлмөрийн гэрээний 7.2.10-д заасан “байгууллагын эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллаагүйгээс байгууллагад хохирол учруулсан нь дотоодын хяналт шалгалтаар илэрсэн, ноцтой зөрчил”-д хамаарна гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээлгэх” тухай гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1953 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ