Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 184/ШШ2018/01960

 

2018 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 184/ШШ2018/01960

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х.Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ц-ТБ-т холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С, хариуцагчийн төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.А, гэрч П.Б, Ч.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билэгжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Бшүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлгч Х.Бнь 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Ц-ТБт галчаар ажилд орж, 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Б/14 дугаартай тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр 2018 оны 3 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө 10 цаг 50 минут орчимд согтууруулах ундаа хэрэглэн ажлын байранд орж ирж ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан манаач Н.Б., галч Ш.Е нарыг айлган сүрдүүлж дарамтлан зодоон хийж, байгууллагын эд хогшлыг эвдэж гэмтээн байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд хандаж эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлж, бичилт хийлгүүлэх шаардлага гаргаж, шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Х.Бнь манай байгууллагад галчаар ажиллаж байгаад 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн ..... тоот тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн бөгөөд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.1, 7.2.10, мөн Хөдөлмөрийн дотоод журмын 5.10.4-ийн /в, е, з/ заалтуудыг үндэслэл болгож ажлаас халсан болно. Галч Х.Бнь 2018 оны 3 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан манаач Н.Б, галч Ш.Е нарыг айлган сүрдүүлж, дарамтлан, зодоон хийж, байгууллагын эд хогшлыг эвдэж гэмтээн байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ноцтой зөрчил гаргасан тул эрхлэгч миний бие хуульд заасан арга хэмжээг авч хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Галч Х.Бнь тухайн өдөр ажилд гараагүй байсан бөгөөд хэн ч түүнийг ажил дээр дуудаагүй байхад архидан согтуурсан байдалтайгаар ирж бусдыг айлган сүрдүүлж дарамтлан, байгууллагын эд хөрөнгө эвдэж сүйтгэсэн байсан тул энэ хүний толгойг илээд өнгөрөх эрх надад байгаагүй юм. Нэхэмжлэгч Х.Бнь гурав дахь удаагаа энэ үйлдлийг гарган манаач Н.Батжавыг хоёр удаа зодож, тогтооч А.Б-ыг нэг удаа зодож байгууллагын эд хөрөнгийг эвдлэн хохирол учруулж байсан юм. Тухайн өдрийн шөнө Х.Бүйлдэл цэцэрлэгийн камерт бичигдсэн байгаа. Х.Бхөдөлмөрийн гэрээг цуцалж хамт олны хурал дээр өөрт нь өгөх үеийн хурлын тэмдэглэл, дотоод хяналт шалгалтын дүгнэлтийг мөн өгсөн. Ер нь багш сурган хүмүүжүүлэгч гэлтгүй хүүхдийн байгууллагад ажиллаж байгаа ажилтан бүр олон хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хариуцаж хүүхдийн хүмүүжил, төлөвшилд эерэгээр нөлөөлж тэднийг ирээдүйд сайн сайхан хүн болгоход их хувь нэмэр болдог үүрэгтэй чухал ажил юм. Тиймээс цэцэрлэг дээр эрхлэгчийг эрхлэгч-багш, эмчийг эмч-багш, тогоочийг тогооч-багш, манаачийг манаач-багш, галчийг галч-багш гж хүүхдүүд маань дуудаж хүндэтгэдэг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Бнь урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, зохих бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн зуун ерэн тавдугаар цэцэрлэг эс зөвшөөрснөөр талууд маргажээ.

Нэхэмжлэгч Х.Бнь 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр, Ц-ТБ-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр тус байгууллагад галчаар ажиллаж байсан ба ажил олгогчийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Б/14 дугаартай Х. Б-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна. / хх ________ дугаар тал /

 

Хариуцагч Ц-ТБ нь галч Х.Б-ийг, 2018 оны 3 дугаар сарын 11-ээс 2018 оны 3 дугаар сарын 12-нд шилжих шөнө, 22.50 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэн ажлын байранд орж ирж, ажил үүргээ гүйцэтгэж байсан манаач Н.Б, галч Ш.Е нарыг айлган сүрдүүлж, дарамтлан, зодоон хийж, байгууллагын эд хогшлыг эвдэж гэмтээн, байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэгч Х.Бат-Эрдэнэтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

 

Аливаа этгээдийн гаргасан зөрчлийн шинж чанар, зөрчлийн улмаас хөндөгдсөн бусдын эрх, ашиг сонирхлоос хамаарч тухайн этгээдэд эрүүгийн, иргэний, захиргаа /зөрчил/-ны болон хөдөлмөрийн сахилгын гэх мэт эрх зүйн хариуцлага хүлээлгэдэг байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хөдөлмөрийн эрх зүйн харилцааны агуулга нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн нийтлэг эрх, үүргээр тодорхойлогддог ба гагцхүү энэ нийтлэг үүргийн зөрчилд хүлээлгэж буй эрх зүйн хариуцлагыг хөдөлмөрийн сахилгын хариуцлага гэж үзэх юм.

 

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хөдөлмөрийн гэрээ гэж үздэг байна.

 

Хуулийн дээрх агуулгуудаас үзвэл, хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд оролцогч ажил олгогчийн эрх, ашиг сонирхол нь, өөрийн тусын тулд хөлслөн авч буй ажилтны ажил хөдөлмөрт чиглэдэг бол ажилтны эрх ашиг нь эрхэлж буй ажил хөдөлмөртөө тохирсон цалин хөлс авахад чиглэдэг байна.

 

Өөрөөр хэлбэл ажилтны гаргасан зөрчил нь ажил олгогчийн дээрх ашиг сонирхлыг хөндсөн буюу гэрээгээр тохирсон ажил үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй, эсхүл гүйцэтгэх боломжгүй болгосон, саад учруулсан, хэвийн үргэлжлэх горимыг алдагдуулсан зэрэг ажил олгогчоос тухайн ажилтны ажлын байранд тогтоож өгсөн журмыг зөрчсөн бол түүнд хөдөлмөрийн сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог.

 

Нэхэмжлэгч Х.Бнь, хариуцагчийн тайлбарт дурдагдсан зөрчлийг гаргасан гэх үед тэрээр ажил үүргээ гүйцэтгээгүй байсан байх ба цаг хугацааны хувьд ажлын бус цаг байжээ.

 

Хөдөлмөрийн хууль болон гэрээнд заасан ажлын байр гэдгийг ажил олгогчийн байшин, барилга гэж ойлгож болохгүй юм. Учир нь ажлын байр гэх ойлголт нь хөдөлмөрлөх үүргээ хэрэгжүүлэх ажилтны орон зайн ойлголтоос гадна ажил албан тушаалын чиг үүргийн ойлголтыг өөртөө агуулдаг байна. Энэ нь Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Сайдын 2007 оны 351 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Галчийн ажлын байрны тодорхойлолт-ын 3 дахь хэсэгт: Ажлын байрны нэр гэдгийг Галч гэж тодорхойлсон байгаагаас харагдана. /хх ____ р тал/

 

Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн зуун ерэн тавдугаар цэцэрлэгийн байранд орж, тухайн үед ажиллаж байсан галч, манаач нартай муудалцаж, маргалдсан, байгууллагын эд хөрөнгийг эвдэж гэмтээсэн, эсхүл бусдын бие махбодод халдсан гэх хариуцагчийн үндэслэл нь нэхэмжлэгчид хөдөлмөрийн сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл бус өөр эрх зүйн хариуцлага хүлээлгэх үндэслэл болох юм. Мөн Х.Бдээрх үйлдэл нь түүний эрхэлж байсан галчийн ажлын хэвийн үргэлжлэх горимтой хамааралгүй, энэ талаарх ажил олгогчийн ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Ажил олгогчоос батлан мөрдүүлж буй хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн явдал нь ажилтанд хөдөлмөрийн сахилгын зарим төрлийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог хэдий ч хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болдоггүй болно. Учир нь хөдөлмөрийн дотоод журмыг ажил олгогч нэг талын санаачилгаар батлан мөрдүүлдэг тул нэг талын энэхүү санал санаачилга нь хоёр талын гэрээг цуцлах үндэслэл болдоггүй байна. Нөгөө талаас ажил олгогч энэ журмаа ажилтан албан хаагчдад танилцуулсан байх ёстой ба хөдөлмөрийн дотоод журмыг ажилтан албан хаагчдад танилцуулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд, ажил олгогчийн зүгээс Х.Б-д хөдөлмөрийн сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байсан гэж үзнэ.

 

            Нөгөө талаас, Х.Б-ийг согтуу байсан гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд тогтоогдохгүй байна. Тухайн үед галчаар ажиллаж байсан Ш.Е, манаач Н.Б нарын мэдүүлгийг үндэслэн нэхэмжлэгчийг согтуу байсан гэж үзэх боломжгүйгээс гадна шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгсөн Ч.Т нь нэхэмжлэгчийг согтуу биш байсан гэж мэдүүлж байх тул Ш.Е болон Н.Б нарын мэдүүлгийг эргэлзээтэй гэж үзэхэд хүргэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээтэй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм. Түүнчлэн цэцэрлэгийн камерт бичигдсэн дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Н.Ц, Х.Т, П.Б нарын мэдүүлгээр Х.Б-ийг согтуу байсан гэх үйл баримт тогтоогдоогүй болно.

 

Мөн ажилтантай байгуулсан 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ-ний 7.2.10-д: ... Байгууллагын эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллаагүйгээс байгууллагад хохирол учруулсан бол ... ноцтой зөрчил гэж үзэж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай заажээ. Гэрээний энэ заалтыг ажил хөдөлмөр эрхэлж байх үедээ, эсхүл байгууллагын эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллахаар үүрэг хүлээсэн этгээд гэж ойлгох нь хөдөлмөрийн эрх зүйн харилцааны агуулгад нийцэх юм. Нөгөө талаас, талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д заасан стандарт нөхцөл бүхий гэрээ байна. Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1-д: Стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана. гэж заасны дагуу гэрээний энэ заалтыг ажилтанд ашигтай байдлаар тайлбарлах нь зүйтэй юм.

 

Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Б-ийг удаа дараа дээрх зөрчлийг гаргасан, гурав дахь удаагийн зөрчил хэмээн тайлбарлах боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй болно.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл ажлын 98 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор авах эрхтэй байх ба Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу, түүний нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын цалин хөлснөөс тооцож үзвэл нийт 3.325.238 төгрөгийн олговор бодогдож байна.

/(604.197+719.568+864.816)/3сар=729.527/21.5хоног=33.931төгрөг*98хоног/

 

Хариуцагч талаас, нэхэмжлэгчийг зуны улиралд ажилладаггүй, улирлын чанартай ажил эрхэлдэг гэх боловч энэ талаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-д заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Х.Б-ийг Ц-ТБ-ийн галчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3.325.238 төгрөгийг хариуцагч Ц-ТБ-ээс гаргуулан нэхэмжлэгч Х.Б-д олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан Х.Бнийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлж, зохих бичилт хийхийг Ц-ТБ-д даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Х.Бнэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч Ц-ТБ-аас 68.154 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрсөн зохигч болон тэдгээрийн өмгөөлөгч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХИШИГБААТАР