Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2024/00055

 

Ч.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2023/02935 шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2024/00002 дугаар магадлалтай,

Ч.Б-ийн нэхэмжлэлтэй,

Ч.О-д холбогдох,

Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлтэй, орон сууцны үнэ 80,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Ч.Б-ийн гаргасан хяналтын гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Г.Х, хариуцагч Ч.О, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Б, Б.Б, Ч.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.Б  хариуцагч Ч.О-д холбогдуулан Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 48 дугаар байр, *** тоот хаягт байрлах 38.6 м.кв орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэг өрөө орон сууцны үнэ 80,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2023/02935 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1, 341.1.2, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Б-ийн хариуцагч Ч.О-ийн хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ч.О-ийн нэхэмжлэгч Ч.Б эс нэг өрөө орон сууцны үнэ 80,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 715,950 төгрөгийг (457,950 + 258,000) төгрөгийг нэхэмжлэгч Ч.Б эс гаргуулан хариуцагч Ч.О-д олгож шийдвэрлэсэн байна.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2024/00002 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний  хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.27-ны өдрийн 183/ШШ2023/02935 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Бийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206044022 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 48 дугаар байр, *** тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ч.О-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэгч Ч.Б эс 80,000,000 төгрөгийг гаргуулан хариуцагч Ч.Од олгосугай” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтыг нэмж, уг заалтад “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.О-д 80,000,000 төгрөгийг Ч.Б  төлөх, Ч.О орон сууцыг чөлөөлөх үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэсүгэй” гэж, 2 дахь заалтыг 3 гэж дугаарлан уг заалтын “... олгосугай.” гэснийг “олгож, хариуцагч Ч.О-ээс 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Б д олгосугай.” гэж, 3 дахь заалтыг 4 гэж дугаарлаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ч.Б-ийн төлсөн 628,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч Ч.Б  хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

4.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.27-ны өдрийн 183/ШШ2023/02935 дугаар шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 2023.12.22-ны өдрийн 210/МА2024/00002 дугаар магадлалын “... Ч.Б эс 80,000,000 төгрөгийг гаргуулж Ч.Од олгосугай” гэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2 дугаар зүйлийн 172.2.1-д заасны дагуу хууль хэрэглээний зөрүүг арилгах зорилгоор гомдол гаргаж байна.

Хоёр шатны шүүхийн шийдэл нь адил боловч хууль хэрэглэсэн үндэслэл нь дараах байдлаар зөрүүтэй байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт “Иргэний хуулийн 339 дүгээр зүйлд заасан Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулах гэрээг Ч.Б  болон Ч.О нар амаар байгуулсан,  Ч.О нь Ч.Б-д Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Тэмүүлэн хотхон, 101 дүгээр байр, 35 тоот хаягт байрлах өөрийн өмчлөлийн 28 м.кв орон сууцыг  үнэ төлбөргүй ашиглуулахаар аман хэлцэл байгуулж, түүний эзэмшил ашиглалтад шилжүүлж өгсөн,  Ч.Б  Ч.О-ийн өмчлөлийн орон сууцыг үнэ төлбөргүй ашиглаж, худалдан борлуулсан учраас Ч.Од зах зээлийн үнэлгээний дагуу 80,000,000 төгрөг төлөх үүрэгтэй..”  гэж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу Ч.Б  Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Тэмүүлэн хотхон, 101 дүгээр байр, 35 тоот хаягт байрлах Ч.О-ийн 28 м.кв орон сууцыг өмчлөлдөө шилжүүлж, үндэслэлгүй хөрөнгөжсөн тул зах зээлийн үнэлгээний дагуу 80,000,000 төгрөгийг Ч.О-д өгөх үүрэгтэй”  гэж дүгнэсэн.

            Бодит байдалд Ч.О нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 48 дугаар байр, *** тоот хаягт байрлах Ч.Бийн өмчлөлийн 38.6 м.кв 2 өрөө орон сууцанд 2016 оны 08 дугаар сараас хойш үнэ төлбөргүй амьдарч байгаа. Ч.О нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Тэмүүлэн хотхон, 101 дүгээр байр, 35 тоот хаягт байрлах 28 м.кв орон сууцыг 2016 оны 08 дугаар сард Б.Ц-ид 35,000,000 төгрөгөөр худалдсан. Ч.О нь өөрийн өмчлөлийн орон сууцыг 35,000,000 төгрөгөөр худалдаж үл хөдлөх хөрөнгийн албан татварыг төлөөд үлдэгдэл 34,000,000 төгрөгийг Ч.Б  болон Э.Ж-нарт зээлдүүлсэн. Ч.О 34,000,000 төгрөг зээлсний хариуд Ч.Бийн өмчлөлийн орон сууцанд амьдарсан. Ч.Б  Ч.О-ээс орон сууц хөлслүүлсний төлбөр авч байгаагүй. Ч.Од орон сууц авч өгөхөөр тохиролцоогүй. Түүний орон сууцыг эзэмшил, ашиглалтдаа шилжүүлэн аваагүй. Зөвхөн мөнгө л шилжүүлж авсан. Анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэснээр Ч.Б  Ч.О-тэй эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглахтай холбоотой харилцаанд оролцоогүй, түүнээс эд хөрөнгийг нь үндэслэлгүйгээр олж аваагүй. Зөвхөн мөнгө зээлэх, зээлдүүлэх харилцаанд л оролцсон. Ч.О нь Ч.Б , Э.Ж-нарт 34,000,000 төгрөг зээлдүүлсний хүүгийн төлбөрт 2016 оноос хойш орон сууцанд амьдарсан.

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар Ч.Б эс төлбөр гаргуулсан шүүхийн дүгнэлт ойлгомжтой, үндэслэлтэй байх ёстой. Ч.Б  Ч.О-д Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу 80,000,000 төгрөг төлөх үүрэг үүсгэсэн магадлалын дараах зүйл ойлгомжгүй байна. 1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэг нь үндэслэлгүй  хөрөнгөжсөнтэй холбоотой шаардах эрх байна. Ч.Б  хөрөнгө үндэслэлгүй олж аваагүй.  2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэг нь бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээдийн шаардах эрхэд хамааралтай. Ч.О нь хэний өмнө ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?  Давж заалдах шатны шүүх Ч.Б , Э.Ж, Ч.О нарын хооронд холимог гэрээ хэлцэл байгуулагдсан. Ч.Б  гэрээнээс татгалзсан хэмээн дүгнэсэн атлаа талуудын хооронд үүрэг үүсээгүй, үүссэн үүрэг нь хүчин төгөлдөр болсон гэсэн агуулгатай хуулийн заалтыг хэрэглэсэн.

Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгаж, Ч.О болон Ч.Б нарын хооронд үүссэн эрх зүйн харилцааг хууль ёсны дагуу үндэслэлтэй тодорхойлж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч Ч.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.02.29-ний өдрийн 001/ШХТ2024/00263 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч Ч.Бийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

7. Нэхэмжлэгч Ч.Б  хариуцагч Ч.О-д холбогдуулан Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 48 дугаар байр, *** тоот хаягт байрлах 38.6 м.кв орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ, “... Ч.О-ийн нагац дүү Э.Ж-тай 2014 оноос 2017 он хүртэл хамт амьдарсан. Э.Ж-“... Ч.О-ийн орон сууцыг зараад мөнгөөр нь бизнес хийе. Ч.О-ийг танай орон сууцанд түр байлгая” гэсэн. 2016 оны 08 дугаар сард орон сууцыг 35,000,000 төгрөгөөр худалдаж татвар төлөөд үлдэгдэл 34,300,000 төгрөгөөс Э.Ж-20,000,000 төгрөг авсан,  би 14,300,000 төгрөг авсан учраас уг мөнгийг өгч орон сууцаа буцаан авна...” гэж тайлбарласан.

Хариуцагч Ч.О нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “... Ч.Б   миний өмчлөлийн орон сууцыг худалдаж мөнгийг нь захиран зарцуулсан, орон сууцны мөнгийг буцааж өгөх хүртэл өөрийн орон сууцанд байлгахаар тохиролцсон тул зөвшөөрөхгүй” гэж татгалзсан.  

Хариуцагч Ч.О нэхэмжлэгч Ч.Б-д холбогдуулан гаргасан орон сууцны үнэ 80,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ, “... Ч.Б  эргэлтийн мөнгө хэрэгтэй байна гээд миний орон сууцыг 35,000,000 төгрөгөөр худалдаад мөнгийг ашигласан, намайг орон сууцгүй болгосон атлаа орон сууц чөлөөлөхийг шаардсан тул нэг өрөө орон сууцны үнэ 60,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч шинжээчийн дүгнэлтийг үндэслэн 80,000,000 төгрөг нэхэмжилж байна...” гэснийг нэхэмжлэгч Ч.Б  эс зөвшөөрч, “...2016 онд Э.Ж-тай хамт явж орон сууцыг зарсан, ... орон сууц худалдсан мөнгөнөөс Э.Ж-20,000,000 төгрөгийг авч захиран зарцуулсан тул орон сууцны үнийг бүхэлд нь төлөхийг зөвшөөрөхгүй.. харин уг орон сууцны оронд өөр орон сууц өгөх, эсхүл үнийг төлөх талаар тохиролцоогүй...” гэж маргажээ.

8. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ: “... зохигчийн хооронд эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ байгуулагдсан, үл хөдлөх эд хөрөнгийг анх шилжүүлэх үед талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн аман хэлцлийн үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийг шилжүүлсэн тул хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй... талуудын тайлбараар 2016.08.26-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Тэмүүлэл хотхон (16081), 101 дүгээр байрны 35 тоот хаягт байрлах Ч.Оийн өмчлөлийн 28 м.кв, 1 өрөө орон сууцыг 35,000,000 төгрөгөөр Б.Ц-ид худалдаж, мөнгөн хөрөнгийг Ч.Б  хүлээн авсан, уг хугацаанаас хойш Ч.О маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж байгаа нь тогтоогдсон ... зохигч эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээний хугацаа, нөхцөл зэргийг хэрхэн тохиролцсон нь хэргийн баримтаар тогтоогдоогүй боловч Ч.Б нь Ч.О-ийн садан төрөл Э.Ж-гаас гэрлэлтээ цуцлуулснаар амьдрах орон сууц хэрэгтэй болсон гэсэн тайлбар нотлогдсон. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1-д зааснаар Ч.Оийн өмчлөлийн орон сууцыг бусдад худалдсан нь тогтоогдсон, үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлөх тул шаардлагын хүрээнд 80,000,000 төгрөгийг гаргуулан Ч.Од олгох нь зүйтэй...” гэсэн дүгнэлт хийсэн.

9. Давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдлийг зөв гэж үзэж, шүүхийн шийдвэрт үндсэн нэхэмжлэлийг хангаж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан ба магадлалд “...нэг талаас Ч.Б , Э.Ж, нөгөө талаас Ч.О нар хэлцэл хийж, хэлцлээр Ч.Оийн өмчлөлийн орон сууцыг худалдаж, үнийг Ч.Б , Э.Ж нар хүлээн авч ашиглах, уг үнийг буцаан төлөх нөхцөлийг Ч.Од орон сууц худалдан авч өгөхөөр, ийнхүү худалдан авч өгөх хүртэл хугацаанд Ч.О нь Ч.Бийн өмчлөлийн орон сууцыг эзэмшиж, ашиглахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дахь хэсэгт заасан холимог гэрээ байгуулагдсан, ...талууд гэрээнээс татгалзсанаар хариуцагч Ч.Оийн эзэмшил дуусгавар болно, ...Ч.Б  нь орон сууцны өмчлөгчийн хувьд өөрийн өмчлөлийн зүйлээ шаардах эрхтэй....сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй. ... Энэ шийдвэрээр талуудын гүйцэтгэх үүргийг Ч.Б  80,000,000 төгрөгийг Ч.Од төлмөгц маргаан бүхий орон сууцны эзэмшлийг чөлөөлөхөөр заах нь зүйтэй....” гэж үзжээ.

10. Хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүх хууль хэрэглэх асуудлаар зөрүүтэй дүгнэлт хийсэн тухай нэхэмжлэгчийн гомдлын хүрээнд дүгнэлт хийв.

11. Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ч.Б, Э.Ж-тай хамтын амьдралтай байх хугацаанд 2016.08.26-ны өдөр хариуцагч Ч.О-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Тэмүүлэл хотхон (16081), 101 дүгээр байрны 35 тоот, 28 м.кв орон сууцыг Б.Ц-д 35,000,000 төгрөгөөр худалдсан, уг мөнгөн хөрөнгийг Б.Бат-Эрдэнэ хүлээн авч, Э.Ж-гийн хамт өөрсдийн үйл ажиллагаанд захиран зарцуулсан, Ч.О нь 2016.08.26-ны өдрөөс хойш Ч.Б-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, Д.Чимэд-Осорын гудамж, 48 дугаар байрны *** тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг эзэмшиж ашиглаж байсан үйл баримт тогтоогджээ.

Мөн Ч.Б , Э.Ж-нар 2013-2017 оны хооронд хамтран амьдарч байсан болох нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.28-ны өдрийн 183/ШШ2022/00804 дугаартай шийдвэрээр тогтоогдсон бөгөөд хамтын амьдрал дуусгавар болсноор маргааны зүйл болох орон сууц нь нэхэмжлэгчид хэрэгцээтэй болсон тул нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшлээс дээрх орон сууцыг чөлөөлүүлэх шаардлага үүссэн.

12. Зохигч амаар тохиролцсоны үндсэн дээр нэхэмжлэгч нь хариуцагчийн орон сууцыг худалдаж мөнгийг ашиглах, тэрээр өөрийн орон сууцыг хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн энэхүү харилцааг анхан шатны шүүх эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ гэж үзсэнийг давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дахь хэсэгт заасан холимог гэрээ буюу мөнгийг тодорхой хугацаанд ашиглах, улмаар орон сууц худалдан авч өгсний дараа өөрийн орон сууцаа буцаан авах эрх, үүрэг үүсгэсэн гэрээ гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

13. Анхан шатны шүүх хариуцагч хэлцлийн үндсэн дээр орон сууцыг эзэмшиж  байгаа тул орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх талууд хэн аль нь харилцан шаардлага гаргаж, гэрээнээс татгалзсан тул хариуцагчийн эзэмшил дуусгавар болсон гэж дүгнэж, үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй ба талууд хэн аль нь энэ талаар гомдол гаргаагүй байна.

14. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дахь хэсэгт заасан холимог гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн атлаа хариуцагч нь нэхэмжлэгчээс орон сууцны үнийг мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар шаардах эрхтэй гэсэн зөрчилтэй дүгнэлт хийсэн, хоёр шатны шүүх зөвхөн шинжээчийн дүгнэлтэд үндэслэн сөрөг нэхэмжлэлийг хангасан нь үндэслэл бүхий болж чадаагүй тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.

15. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс үүсэх үүрэг нь хууль болон гэрээнд заасан үндэслэлгүйгээр, эсхүл бусдын зардлаар хөрөнгөжсөн байхыг шаарддаг. Гэтэл талуудын хооронд үүргийн харилцаа үүссэн байхад давж заалдах шатны шүүх үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт нийцээгүй ба  нэхэмжлэгч Ч.Б-ийн гаргасан энэ тухай гомдол үндэслэлтэй.   

16. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Ч.Б, Э.Ж-нар Ч.О-ийн орон сууцыг худалдан борлуулж үнийг захиран зарцуулсан, Ч.Бийн орон сууцыг Ч.О-ийн эзэмшил ашиглалтад шилжүүлсэн зэрэг үйл баримтыг харьцуулан хариуцагчийн тайлбарыг илүү үндэслэлтэй, Ч.Б  нь дангаараа биш Э.Ж-тай хамтран Ч.Од орон сууц авч өгөх үүрэг хүлээсэн гэж дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж үзлээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлийн орон сууцыг бусдад худалдсан мөнгөн хөрөнгийг ашиглаж, дараа нь орон сууц авч өгөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэсний дагуу орон сууцны үнийг  хариуцагч шаардах эрхтэй гэж үзлээ.

17. Харин хариуцагч нь анх орон сууцны үнэд 60,000,000 төгрөгийн нэхэмжлэл гаргаж байсан, тэрээр 2016 оноос хойш нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа зэргийг харгалзан 60,000,000 төгрөгийн хэмжээнд сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх  нь хэргийн нөхцөл байдалд нийцнэ гэж үзлээ.            

Давж заалдах шатны шүүхийн дүгнэснээр Ч.Б  мөнгөн хөрөнгийг Ч.О-д төлмөгц маргаан бүхий орон сууцны эзэмшлийг чөлөөлөхийг зааж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.7 дахь хэсэгт нийцжээ.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Ч.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс 60,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгуулахаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2024/00002 дугаартай магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2023/02935 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 186 дугаар зүйлийн 186.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Б-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206044022 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 48 дугаар байр, *** тоот хаягт байрлах орон сууцыг хариуцагч Ч.О-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэгч Ч.Б эс 60,000,000 төгрөгийг гаргуулан хариуцагч Ч.Од олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг нэмж, уг заалтад “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Од 60,000,000 төгрөгийг Ч.Б төлөх, Ч.О орон сууцыг чөлөөлөх үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэсүгэй” гэж,

2 дахь заалтыг 3 гэж дугаарлан уг заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг, хариуцагч Ч.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 715,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Оээс 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Б д олгож, нэхэмжлэгч Ч.Б эс 457,950 төгрөг  гаргуулан хариуцагч Ч.О-д олгосугай.” гэж, 3 дахь заалтыг 4 гэж дугаарлаж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч.Б-ийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ч.Б 2024.02.05-ны өдөр төлсөн 557,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       Д.ЦОЛМОН 

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Г.АЛТАНЧИМЭГ

                                                         ШҮҮГЧИД                                     Н.БАТЗОРИГ                                                                            

                      П.ЗОЛЗАЯА

                                                                    Х.ЭРДЭНЭСУВД