Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2041

 

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/01512 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Л.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “С” ХХК, “И” ХХК-иудад холбогдох

 

Худалдаа үйлчилгээний захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Б-,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.У,

Хариуцагч“С” ХХК-ийн өмгөөлөгч Э.У,

Хариуцагч “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Л.Б- шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч “С” ХХК-тай Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан одоо ашиглалтанд орсон үйлчилгээний зориулалттай Пийс Товер /Peace Tower/ 15 давхрын 2 тоот 86.85 м.кв талбайтай талбайг 191 070 ам.доллараар худалдан авахаар хэлцэл байгуулж урьдчилгаанд 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2012 оны 12 дугар сарын 07-ны өдрийг хүртэл 76 000 ам.доллар төлсөн. Гэвч надад худалдсан талбайтай холбоотой худалдах, худалдан авах гэрээг хийхгүй, шалтгаангүйгээр миний эрхийг зөрчиж байсан тул 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд хандан өмчлөгчөөр тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Шүүхийн ажиллагааны явцад 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 810 дугаартай хөрөнгө битүүмжлэх тухай захирамж гарч улмаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд захирамжийг явуулсан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гарч, улмаар давж заалдах шатны шүүхийн магадлал 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гарсан. Энэ хугацаанд “С” ХХК нь дээрх маргаж байгаа үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдсан талаар нэг ч удаа дурдаж байгаагүй бөгөөд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцсаны дараа “И” ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын 13/1007 тоот гэрээ байгуулж улмаар 1502 тоотыг 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээг олгуулсан тухай баримтыг “И” ХХК гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох үедээ гаргасан. Өөрөөр хэлбэл, “С” ХХК нь миний өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчин, “И” ХХК-д оффисын байрыг худалдсан байна. Ийнхүү худалдаж байгаагаа надад огт мэдэгдээгүй бөгөөд миний бие дээрх маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдан авахын тулд нийт 76 000 ам.доллар буюу 100,0 гаран сая төгрөгийг төлсөн бөгөөд “С” ХХК нь миний их хэмжээний мөнгийг даруй 5 жилийн хугацаанд ашиглаж байна. Миний бие дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан бөгөөд эдгээр компаниуд 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын 13/1007 тоот гэрээг хийж миний эрхийг ноцтой зөрчсөн тул хариуцагч “С” ХХК болон “И” ХХК-ийн хооронд байгуулагдсан дээрх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч “С” ХХК-ийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр уг барилга ашиглалтанд орсон. 2013 оны 10 сард “И” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ хийж худалдсан байдаг. Үүнээс өмнө Л.Б-тай ямар нэгэн байдлаар 1504 тоот болон 1502 тоот талбайг худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй. Н.Цэнд-Аюуш гэдэг хүнээс 1502 тоотын урьдчилгаа төлбөр төлж байсан баримтууд хэрэгт авагдсан байдаг. Л.Б- нь 1502 тоотыг худалдан авах зорилгоор төлбөр төлж байсан байдал нь тогтоогдоогүй. Дээрээс нь гэрээ хийгээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн ямар учраас “И” ХХК-тай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлага гаргаад байгаа нь тодорхойгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “И” ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Манай компани хариуцагч биш гэж үзэж байна. Тус компани нь нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулаагүй юм. Харин манай компанийн хууль ёсны өмчлөх эрх зөрчигдөж байна гэж үзэж байна. Худалдан авагч “И” ХХК нь худалдагч “С” ХХК-тай Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын 13/1007 тоот гэрээг 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулан, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан барилгын 15 давхарын 1502 тоот 85.86 м.кв талбай бүхий байрыг худалдан авч, төлбөрт 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 345 826 972 төгрөгийг “С” ХХК-д бүрэн төлсөн. “И” ХХК-иас холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлэн 000369655 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авч, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 40, 50 мянгат /15172/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 54 дүгээр байр, 1502 тоот хаягт байршилтай 86.85 м.кв талбайтай оффисын үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь болсон юм. Үл хөдлөх эд хөрөнгийг шударгаар худалдан авч хууль ёсны өмчлөгч болсон. “И” ХХК нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг зөрчөөгүй бөгөөд хуулийн хүрээнд гэрээ байгуулан худалдан авсан. “И” ХХК нь өдөр тутмын үйл ажиллагаа явуулаад 5 жил гаруй хугацаа өнгөрч байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.4-т зааснаар “С” ХХК болон “И” ХХК нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан гэх 13/1007 тоот Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.3-т зааснаар И ХХК-д 2015 оны 02 сарын 11-ний өдөр олгосон, 000369655 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 500 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 1 387 085 төгрөгийг нэхэмжлэгч Л.Б-гаас гаргуулан улсын төсөвт оруулж, хариуцагч “С” ХХК, “И” ХХК нараас улсын тэмдэгтийн хураамжид 1 887 085 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Б-д буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “И”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхээс манай компанийг ямар нотлох баримтыг үндэслэн нөхөж хийсэн болохыг тогтоож чадаагүй бөгөөд шүүгчийн захирамж гарахаас өмнө 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хуулийн хүрээнд хийгдсэн хүчин төгөлдөр гэрээ юм. Мөн түүнчлэн мөнгө төлсөн баримт хуулийн хугацаанд төлөгдсөн баримт хэрэгт байгаа болно. Худалдан авах үед оюуны өмчийн улсын бүртгэлийн ерөнхий газарт ямар нэг хориг тэмдэглэл хийгдсэн зүйл байхгүй байсан болно. Шүүхээс “И” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 345 826 972,8 төгрөгийг 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бүрэн төлсөн хэмээн тайлбарлаж, 2894 дугаартай Кассын орлогын ордерыг шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн. “И” ХХК нь маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг шударгаар худалдаж авсан болохоо нотлож 345 826 972,8 төгрөгийг төлсөн баримтыг шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн. Шүүхээс оюуны өмчийн улсын бүтгэлийн ерөнхий газраас ”С” ХХК болон “И” ХХК-ийн хооронд байгуулсан 13/1007 тоот худалдаа үйлчилгээний зориулалттай барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ, “И”ХХК төлсөн 345 826 972,8 төгрөгийг төлсөн 2894 дугаартай кассын орлогын ордер холбогдох нотлох баримтаар ирүүлсэн.

“И”ХХК нь худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулан 345 826 972,8 төгрөгийг төлж шударгаар худалдан авсан шударга өмчлөгч юм. Үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч 2013 оны 10 дугаар сарын 07-ноос одоог хүртэл өмчлөж байна. “И” ХХК нь Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газарт 1 жил 4 сар гаруй хугацааны дараа Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.2 дахь хэсэгт заасны дагуу бүртгүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээгээ авсан байхад гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох хууль зүйн үндэслэл болох ёсгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасныг шүүх зөрчсөн гэж үзэж байна.

Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д 100 хувь буюу 10 дугаар сарын 10-нд 48 826 972,8 төгрөгийг төлөв гэж бичилтийн алдаа болсон байгааг шүүх буруу тайлбарлан дүгнэж, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Мөн түүнчлэн шүүхээс болон нэхэмжлэгч талаас мөнгө төлсөн баримтыг хуурамч болохыг нотолж чадаагүй. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд ”С” ХХК болон “И” ХХК-ийн хооронд байгуулсан 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 13/1007 тоот худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг гаргасан байхад шүүгч дур мэдэн нэхэмжлэлийн шаардлагад байхгүй атал, өөрийн санаачилгаар хууль зөрчин хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу хийгдсэн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь заалтыг зөрчсөн шийдвэр болсон бөгөөд шүүх уг хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн. Нэхэмжлэгч нь шүүхийн хэлэлцүүлэг эхлэх явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т зааснаар шүүгчээс татгалзсан байхад шүүх тус хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх заалтыг ноцтой зөрчин шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан. Нэхэмжлэгчийг шүүх хуралдааны дэг зөрчсөн гэх шалтгаанаар шүүх хуралдааны танхимаас гаргасан ба өмгөөлөгчид нь нэхэмжлэлийн тайлбар өгөх талаар эрх олгогдоогүй байхад шүүх хуралдааныг албадан үргэлжлүүлэн явуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессын ноцтой зөрчил гаргасан. Шүүгч нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжийг бүрэн төлүүлэхгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Иймд уг шийдвэрийг хүчингүй болгож, Д.Болормаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өмгөөлөгч миний давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ”С” ХХК-ийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч “С” ХК болон “И” ХХК-ийн хооронд 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын 13/1007 тоот гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлагыг гаргасан. Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээрх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.4-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн явдал бөгөөд шийдвэрийн 2 дахь заалтаар Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.3-т зааснаар “И” ХХК-д 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр олгосон 000369655 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.

“И” ХХК, “С” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ нь Л.Б-гийн эрх ашгийг хөндсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Учир нь “С” ХХК-ийн зүгээс 1502 тоот талбайг Л.Б-д худалдах талаар гэрээ байгуулаагүй. Хариуцагч нарын хооронд байгуулсан 13/1007 тоот гэрээ нь “С” ХХК-ийн хувьд барилгын захиалагч худалдан авагчтай байгуулдаг стандарт, тухайн байгууллагад байнга хэрэглэдэг гэрээ. Уг гэрээг 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан гэх боловч уг гэрээнд 2013 оны 10 дугаар сарын 10-нд төлбөрийг бүрэн төлсөн гэсэн нь мөн өдрийн кассын орлогын ордероор нотлогддог. Техникийн алдаанаас гэрээний огноо 7-ны өдрөөр тавигдсан нь уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болохгүй бөгөөд хожим нөхсөн гэж үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэлээр сонирхогч этгээд буюу Л.Б- шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд бөгөөд 13/1007 тоот гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар гэрээний талууд маргаагүй.

Шийдвэр гүйцэтгэх байгууллагад 1502 тоотыг бусдад шилжүүлэхгүй байхыг “С” ХХК-д даалгасан захирамжийн тухайд “С” ХХК, “И” ХХК-иудын хооронд байгуулагдсан 2013 оны гэрээнээс хойшхи цаг хугацаанд буюу 2014 оны 12 дугаар сарын 31-нд захирамж гарснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас 2015 оны 01 дүгээр сарын 28-нд Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтэст албан бичиг хүргүүлсэн байдаг бол 2015 оны 02 дугаар сарын 11-нд “И” ХХК-д маргаан бүхий тоотод өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон. Хожим энэ талаар 2016 оны 04 дүгээр сарын 04-нд Улсын бүртгэлийн газраас Л.Б-д хандсан албан бичигт 1502 тоот талбайн өмчлөгч бүртгэлгүй байгаа тухай албан бичгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд 2015 оны 02 дугаар сарын 02-нд 59 тоотоор мэдэгдсэн тухай дурджээ. Төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоо, мэдээлэл муутай байдлаас гадна хэдийгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд ”С” ХХК-ийг төлөөлөн н.Бат-Итгэл гэгч оролцсон гэх боловч “С” ХХК-ийн захирал н.Бат-Өлзий энэ захирамжийг мэдээгүй гэж байгаа нь “С” ХХК-аас өмчлөх эрхээ шилжүүлэх болон “И” ХХК-ийн хувьд өмчлөх эрхээ бүртгүүлэхэд ямар нэгэн байдлаар саад болоогүй нь хууль зөрчиж өмчлөх эрх олж авсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Бодитоор захирамжийн биелэлт хэрэгжээгүй байдаг.

Хэргийн 13 дугаар талд 2012 оны 07 дугаар сарын 09-нөөс 12 дугаар сарын 07-ны өдрийн хооронд гүйлгээ хийгдсэн байдаг бол н.Цэнд-Аюуш гэгч дийлэнх төлбөрийг төлж 2 удаад Л.Б- төлсөн байдаг. Гэтэл н.Цэнд-Аюуш нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд оролцоогүй бөгөөд энэхүү асуудалтай холбоотойгоор бусдад эрх үүргээ шилжүүлсэн гэж үзэх баримтгүй.

Анхан шатны шүүх 000369555 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгохыг Улсын бүтгэлийн ерөнхий газарт даалгасан. Энэ талаар нэхэмжлэгч өмнө Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд бие даасан нэхэмжлэл гаргаж байсан ч захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ татгалзсан. Нэхэмжлэгчийн зүгээс иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцсоны үр дагавар чухам юу байх талаар шаардлага тавиагүй байхад шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс тодруулах төдийхнөөр шийдвэрлэсэн. Энэ нь нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнээс хальж асуудал шийдвэрлэсэн явдал бөгөөд, шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс гаргасан хэд хэдэн хүсэлтүүдийг хэрхэн шийдвэрлэсэн талаархи байдал эргэлзээтэйн дээр хуралдааны дэг зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэгчийг шүүх хуралдааны танхимаас чөлөөлсөн ч түүнийг шүүх хуралдаанд оролцсон мэтээр шийдвэрт тусгасан.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Хариуцагч “С” ХХК, “И” ХХК-иудад холбогдуулан, 2013 оны 10  дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан гэх 13/1007 тоот Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэгч Л.Б- шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “13/1007 тоот Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ нь хууль зөрчиж байгуулагдсан, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн учир хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлтэй” гэж, нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ хариуцагч “С” ХХК “Л.Б-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй” гэж, хариуцагч “И” ХХК  “13/1007 тоот гэрээ нь хуульд заасны дагуу байгуулагдаж, бодитоор хэрэгжсэн хүчин төгөлдөр гэрээ” гэж тус тус тайлбарлаж байна.

 

Анхан шатны шүүх хариуцагч нарын хооронд байгуулагдсан 13/1007 тоот гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тооцсон байх боловч уг хэлцэл нь хуульд зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл үү эсхүл шүүхээс хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлага уу гэдгийг тодруулаагүй байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан “хууль зөрчсөн” гэх үндэслэлд  хуулийн хориглосон хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулиар заавал биелүүлэхээр тогтоосон шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарна. Өөрөөр хэлбэл, хууль зөрчсөн буюу шүүхийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийг зөрчиж хийсэн хэлцэл мөн эсэх нь ач холбогдолтой. Мөн хариуцагч нарын хооронд байгуулагдсан 13/1007 тоот Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг хууль зөрчсөн хэлцэл гэж дүгнэж байгаа тохиолдолд хэлцлийн үр дагаврыг хэрхэн шийдвэрлэх, хариуцагч нарт холбогдуулан шаардаж буй зүйлээ нэхэмжлэгч өөрөө тодруулах, нотлох ёстой юм. 

 

Түүнчлэн, хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрхэн оролцсон нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрт шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Б-г оролцсон гэж тэмдэглэгдсэн боловч шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд түүнийг шүүх хуралдааны явцад шүүх хуралдааны дэг зөрчсөн гэх үндэслэлээр шүүх хуралдааны танхимаас гаргасан байна.

Мөн анхан шатны шүүх шилжилт хөдөлгөөнийг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгохыг хэргийн оролцогч биш этгээд болох Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Өөрөөр хэлбэл, Улсын бүртгэлийн ерөнхий газар хууль зөрчсөн хэлцлийн үндсэн дээр улсын бүртгэлийг хийсэн тохиолдолд хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд үр дагаврыг залруулах үүрэгтэй.

 

Анхан шатны шүүх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 810 дугаар захирамжаар маргаан бүхий 86.85 м.кв оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг хариуцагч “С” ХХК-д даалгасан байх үед хариуцагч “С” ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч “И” ХХК-д худалдсан гэж дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Өөрөөр хэлбэл, дээрх шүүгчийн захирамжийг зөрчиж хийсэн хэлцэл болон өмчлөх эрхийн бүртгэл хийгдсэн гэж талууд маргаж байхад уг шүүхийн шийдвэрийг биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэл хийгдэж байх үед хүчин төгөлдөр байсан эсэх нөхцөл байдал ач холбогдолтой юм.

 

Түүнчлэн, шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахтай холбоотой гарсан шүүгчийн захирамж нь уг хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралтай эсэх,  уг  захирамж хүчин төгөлдөр эсэх буюу тухайн хэрэг хэдийд хэрхэн шийдвэрлэгдсэн болох нь тодорхойгүй буюу энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, ач холбогдол бүхий үйл баримт тодорхой бус тохиолдолд шүүх хэргийг шийдвэрлэх боломжгүй.

 

Дээрх үндэслэлээр хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/01512 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “С” ХХК, “И” ХХК-иуд давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 887 085 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                       

                               ШҮҮГЧИД                                  Г.ДАВААДОРЖ

 

 

                                                                                  С.ЭНХТӨР