Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2020/02482

 

 

 

 

 

 

2020 10 06

181/ШШ2020/02482

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                      

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Л.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С ХХК ,

Хариуцагч: И ХХК  нарт холбогдох,

216.405.440 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Б, түүний өмгөөлөгч Р.П, хариуцагч С  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие хариуцагч С  ХХК-тай Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан одоо ашиглалтанд орсон үйлчилгээний зориулалттай Пийс Товер /Peace Tower/ 15 давхрын 2 тоот 86.85 м.кв талбайтай талбайг 191,070 ам.доллараар худалдан авахаар ам хэлцэл байгуулж урьдчилгаанд 2012 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 76,000 ам.доллар төлсөн.

Гэвч С  ХХК нь надад худалдсан талбайтай холбоотой худалдах, худалдан авах гэрээг хийхгүй, шалтгаангүйгээр миний эрхийг зөрчиж байсан тул 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд хандан өмчлөгчөөр тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Шүүхийн ажиллагааны явцад 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 810 дугаартай хөрөнгө битүүмжлэх тухай захирамж гарч улмаар НШГА-нд захирамжийг явуулсан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гарч, улмаар давж заалдах шатны шүүхийн магадлал 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр гарсан.

Энэ хугацаанд С  ХХК нь дээрх маргаж байгаа үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдсан талаар нэг ч удаа дурдаж байгаагүй бөгөөд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцсаны дараа И  ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын 13/1007 тоот гэрээ байгуулж улмаар 02 тоотыг 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон тухай баримтыг И  ХХК гаргасан.

Өөрөөр хэлбэл С  ХХК нь миний өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчин И  ХХК-д оффисын байрыг худалдсан байна. Ийнхүү худалдаж байгаагаа надад огт мэдэгдээгүй бөгөөд миний бие дээрх маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдан авахын тулд нийт 76,000 ам.доллар буюу 100,0 гаран сая төгрөгийг төлсөн бөгөөд С  ХХК нь миний их хэмжээний мөнгийг олон жилийн хугацаанд ашиглаж байна.

Миний бие дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан бөгөөд эдгээр компаниуд 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын 13/1007 тоот гэрээг хийж миний эрхийг ноцтой зөрчсөн тул хариуцагч С  ХХК болон И  ХХК-ийн хооронд байгуулагдсан дээрх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлага гаргаж байсан.

Миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна.

Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгаа тул И  ХХК-ийг хариуцагчаар оролцуулж байсан хүсэлтээсээ татгалзаж байна. Тодруулбал И  ХХК-иас нэхэмжлэх зүйл байхгүй юмаа.

Нэхэмжлэгч Л.Б миний бие нь хариуцагч С  ХХК-тай Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан одоо ашиглалтанд орсон үйлчилгээний зориулалттай Peace tower 15 давхрын 2 тоот 86,85 мкв талбайг 191.070 ам доллараар худалдан авахаар хэлцэл байгуулж урьдчилгаанд 2012 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 76.000 ам долларыг тухайн үеийн ханшид тооцон 101.695.500 төгрөгийг төлсөн.

Гэвч миний бие худалдан авсан талбайгаа захиран зарцуулах боломжгүй байсан бөгөөд С  ХХК нь надад худалдсан талбайтай холбоотой худалдах, худалдан авах гэрээг хийхгүй, шалтгаангүйгээр миний эрхийг зөрчиж, маргаж байгаа үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдсан.

Хариуцагч С  ХХК нь 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс хойш миний 76 мянган ам долларыг өнөөдрийг хүртлэх нийт 7 жилийн хугацаанд үндэслэлгүйгээр хөрөнгөжин ашиг олж намайг маш их хэмжээгээр чирэгдүүлэн хохироосон болно.

Үл хөдлөх хөрөнгийг худалдахаар зар гаргаж, гаргасан зарын дагуу худалдан авахаар тохирох үедээ үл хөдлөх хөрөнгөө ам доллараар худалдана, гэхдээ компани татвар, тайлан гаргадаг учраас монгол төгрөгөөр төлбөрийг хийхдээ яг л тухайн үеийн ам долларын ханшаар бодож хийх тухай компанийн зүгээс хатуу шаардсан бөгөөд анхнаасаа худалдан борлуулах үл хөдлөх хөрөнгө м.кв нь тогтсон монгол төгрөгөөр байгаагүй, харин ам доллараар тооцогдсон байсан, би доллар барьж очиход С  төгрөгөөр тооцож авдаг байсан болно.

Энэ нь тухайн үед хийгдсэн хэлцэлд мөн тусгагдсан бөгөөд Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.2-т хуулиар хориглоогүй бол талууд мөнгөн төлбөрийн үүргийг гадаадын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэж болно гэсний дагуу миний бие дээрхи хэлцлийн үндсэн дээр төлбөрийн үүргээ Монгол улсын мөнгөн тэмдэгтээр хэдий ч ам долларын ханшид үндэслэн төлсөн болно.

Хариуцагчаас төлөх төлбөрийн үүргийг ам доллараар тооцож буюу 76 мянган ам долларыг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.

Нэхэмжлэгч Л.Б миний бие нь хариуцагч С  ХХК-тай Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан одоо ашиглалтанд орсон үйлчилгээний зориулалттай Peace tower 15 давхарын 2 тоот 86.85 мкв талбайг 191.070 ам доллараар худалдан авахаар хэлцэл байгуулж урьдчилгаанд 2012 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 76.000 ам долларыг төлсөн бөгөөд С  ХХК нь төлбөрийн үүрэгт ам долларыг төгрөгт тооцон хүлээн авсан болно.

Хариуцагчаас төлөх төлбөрийн үүргийг ам доллараар тооцож буюу 76 мянган ам долларыг 2020 оны 8 дугаар сарын 11 -ны өдрийн байдлаар тооцоход /Монгол банкны ханш 1 ам доллар нь 2.847.44 төгрөг/ 216.405.440 төгрөг болж байна.

Иймд С  ХХК -иас 216.405.440 төгрөгийг гаргуулан өгнө үү гэв.

Хариуцагч С  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалттай Peace tower барилга 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ашиглалтад орсон.

С  ХХК нь Л.Бтай 1504 болон 1502 тоот талбайг худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй. Нэхэмжпэгч Л.Б нь иргэн Л.Ц-ийн хамтаар С  ХХК-д 101.695.500 төгрөгийг төлсөн байдал нь хавтаст хэргийн 13, 14-р талд авагдсан баримтаас харагддаг.

Бид нэхэмжлэгч Л.Б гийн төлсөн 25.000.000 төгрөгийн төлбөрийг хариуцан төлөхөд татгалзах зүйлгүй, харин тухайн төлбөрийг ам доллароор тооцон нэхэмжилж байгааг зөвшөөрөх боломжгүй. Болормаа манайд 15 давхрын 2 тоот талбайн төлбөр гэж 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 10.000.000 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 15.000.000 төгрөгийг тус тус төлсөн байдаг.

Ц нас барсан бөгөөд өнөөдрийн байдлаар өв залгамжлагч нь тодорхойгүй, нэхэмжлэгч төрсөн ах дүүгийн холбоотой гэсэн тайлбар хийдэг. Цийн өгсөн тайлбар дээр 1502 тоотын өмчлөл, эзэмшил хамаагүй л гэсэн болохоос төлсөн төлбөрийг яах талаар бичээгүй. Иймээс Цийн төлсөн төлбөрийг Болормаа нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна.

Л.Б нь 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр С  ХХК-тай Маргаан таслах хэлцэл хийж 1502 тоот талбайн урьдчилгаанд төлсөн 101.695.500 төгрөгийг уг төвийн 1504 тоот талбайг худалдах худалдан авах гэрээний урьдчилгаанд тооцож авахаар тохиролцон үлдэгдэл төлбөр болох 153.956.166 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төлөхөөр тохиролцсон байдаг. Эндээс үзэхэд Болормаа Ц нар доллараар тушааж байсан удаагүй төгрөгөөр тушааж байсан байдаг.

Нэхэмжлэгч дээрх хэлцлийн дагуу 2 дахь төлөлтөө хийгээгүй тул 1504 тоотыг Ганболд гэх иргэнд худалдсан. Л.Бд Цийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрх байгаа эсэх нь тодорхойгүй байх тул Цийн төлсөн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч И  ХХК шүүхэд гаргасан тайлбартаа:

Манай компани хариуцагч биш гэж үзэж байна. И  ХХК нь С  ХХК-тай Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын 13/1007 тоот гэрээг 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулан Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан барилгын 15 давхрын 1502 тоот 85,86 м.кв талбай бүхий байрыг худалдан авч төлбөрт нь 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 345.826.972 төгрөгийг С  ХХК-д бүрэн төлсөн.

И  ХХК-ний зүгээс холбогдох бичиг баримтыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүрдүүлэн өгч Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан барилгын 15 давхрын 1502 тоот 85,86 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болсон.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн шүүгчийн захирамж гарсан бөгөөд уг захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч С  ХХК-иас 216.405.440 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж, И  ХХК-д холбогдох хэсгээс татгалзжээ.

Хариуцагч С  ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч /худалдагч/ С  ХХК, нэхэмжлэгч /худалдан авагч/ Л.Б нарын хооронд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан барилгын 15 давхрын 1502 тоот 85,86 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдах худалдан авах тухай хэлцэл хийгдсэн болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /1-р хх-ийн 13, 14, 159-161, 182-185, 3-р хх-ийн 46,47-р хуудас/

Дээрх гэрээний дагуу худалдан авагч Л.Б нь 2012 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 101.695.500 төгрөгийг төлсөн байна. /3-р хх-ийн 46-48-р хуудас/

Хариуцагч С  ХХК нь Цийн төлсөн төлбөрийг Л.Б нэхэмжлэх эрхгүй гэж маргаж байгаа боловч кассын орлогын ордер гэсэн 27.695.500 төгрөг, 10.000.00 төгрөг тушаасан баримтад Болормаа гарын үсэг зурсан, 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хийгдсэн Маргаан таслах тухай хэлцлийг Болормаа хийсэн, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Д.Ц нь ... бидний хооронд тооцоо байхгүй гэсэн тодорхойлолт мэдүүлэг өгсөн байх тул хариуцагч С  ХХК-д төлсөн 101.695.500 төгрөгийг Л.Б төлсөн гэж үзнэ. /1-р хх-ийн 119, 182-185, 3-р хх-ийн 4249-р хуудас/

Нэхэмжлэгч Л.Б нь ам доллар барьж очин тухайн өдрийн ханшаар тооцож хариуцагч С  ХХК-д төгрөгөөр төлбөр хийж байсныг ам доллар тушааж байсан гэж үзэж боломжгүй юм.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасны дагуу худаладагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээдэг.

Гэтэл С  ХХК нь хуульд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагч Л.Бгийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 345.826.972,8 төгрөгөөр И  ХХК-д худалдаж уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь И  ХХК болсон байна. /1-р хх-ийн 38-42, 2-р хх-ийг 137-155-р хуудас/

Хариуцагч С  ХХК нь Хууль болон гэрээ ёсоор Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан барилгын 15 давхрын 1502 тоот 85,86 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ, нэхэмжлэгч Л.Б нь үлдэгдэл төлбөр болох 153.956.166 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төлөх үүргээ тус тус биелүүлээгүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-т зааснаар гэрээнээс татгалзсан нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-т зааснаар хариуцагч үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэд төлсөн 101.695.500 төгрөгийг буцаан өгөх үүрэгтэй.

Иймд хариуцагч С  ХХК-иас 101.695.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Бд олгон нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 114.709.940 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч И  ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.,205 дугаар зүйлийн 205.1.-т заасныг баримтлан хариуцагч С  ХХК-иас 101.695.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Бд олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 114.709.940 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч И  ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг баталж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анханг шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 09695 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 810 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийн үйлчлэл дуусгавар болсон болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 500.000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 739.977 төгрөгийг нэхэмжлэгч Л.Бгаас гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч С  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 666.427 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Бд олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ИЧИНХОРЛОО