Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2018/01512

 

 

 

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2018/01512

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Л.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С ХХК ,

Хариуцагч: Икон ХХК  нарт холбогдох,

 

Худалдаа үйлчилгээний захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Б, түүний өмгөөлөгч Р.П, хариуцагч******* ХХК-ийн өмгөөлөгч Э.У, хариуцагч Икон ХХК-ийн төлөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Байгалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие хариуцагч******* ХХК-тай Чингэлтэй дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан одоо ашиглалтанд орсон үйлчилгээний зориулалттай Пийс Товер /Peace Tower/ 15 давхрын 2 тоот 86.85 м.кв талбайтай талбайг 191,070 ам.доллараар худалдан авахаар хэлцэл байгуулж урьдчилгаанд 2012 оны 07 сарын 09-ний өдрөөс 2012 оны 12 сарын 07-ны өдрийг хүртэл 76,000 ам.доллар төлсөн.

Гэвч миний бие надад худалдсан талбайтай холбоотой худалдах, худалдан авах гэрээг хийхгүй, шалтгаангүйгээр миний эрхийг зөрчиж байсан тул 2014.11.24-ний өдөр шүүхэд хандан өмчлөгчөөр тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан болно. Шүүхийн ажиллагааны явцад 2014.12.31-ний өдөр 810 дугаартай хөрөнгө битүүмжлэх тухай захирамж гарч улмаар НШГА-нд захирамжийг явуулсан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр 2015.02.05-ны өдөр гарч, улмаар давж заалдах шатны шүүхийн магадлал 2015.03.23-ны өдөр гарсан.

Энэ хугацаанд******* ХХК нь дээрх маргаж байгаа үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдсан талаар нэг ч удаа дурдаж байгаагүй бөгөөд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцсаны дараа Икон ХХК-тай 2013.10.07-ны өдөр худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын 13/1007 тоот гэрээ байгуулж улмаар 02 тоотыг 2015 оны 02 сарын 11-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээг олгуулсан тухай баримтыг Икон ХХК гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох үедээ гаргасан.

Өөрөөр хэлбэл,******* ХХК нь миний өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчин Икон ХХК-д оффисын байрыг худалдсан байна. Ийнхүү худалдаж байгаагаа надад огт мэдэгдээгүй бөгөөд миний бие дээрх маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдан авахын тулд нийт 76,000 ам.доллар буюу 100,0 гаран сая төгрөгийг төлсөн бөгөөд******* ХХК нь миний их хэмжээний мөнгийг даруй 5 жилийн хугацаанд ашиглаж байна.

Миний бие дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан бөгөөд эдгээр компаниуд 2013.10.07-ны өдөр худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын 13/1007 тоот гэрээг хийж миний эрхийг ноцтой зөрчсөн тул хариуцагч******* ХХК болон Икон ХХК-ийн хооронд байгуулагдсан дээрх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч******* ХХК-ийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2013 оны 07 сарын 23-ны өдөр уг барилга ашиглалтанд орсон. 2013 оны 10 сард Икон ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ хийж худалдсан байдаг. Үүнээс өмнө *******тай ямар нэгэн байдлаар 1504 тоот болон 1502 тоот талбайг худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй.

н.Цэнд-Аюуш гэдэг хүнээс 1502 тоотын урьдчилгаа төлбөр төлж байсан баримтууд хавтаст хэрэгт авагдсан байдаг. ******* нь 1502 тоотыг худалдан авах зорилгоор төлбөр төлж байсан байдал нь тогтоогдоогүй.

Дээрээс нь гэрээ хийгээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Мөн ямар учраас Икон ХХК-тай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлага гаргаад байгаа нь тодорхойгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Тийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Икон ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Манай компани хариуцагч биш гэж үзэж байна. Тус компани нь нэхэмжлэгч *******гийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулаагүй юм. Харин манай компанийн хууль ёсны өмчлөх эрх зөрчигдөж байна гэж үзэж байна.

Худалдан авагч Икон ХХК нь худалдагч******* ХХК-тай Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын 13/1007 тоот гэрээг 2013 оны 10 сарын 07-ны өдөр байгуулан, Чингэлтэй дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт баригдсан барилгын 15 давхрын 1502 тоот 85.86 м.кв талбай бүхий байрыг худалдан авч, төлбөрт 2013 оны 10 сарын 10-ны өдөр 345,826,972 төгрөгийг******* ХХК-д бүрэн төлсөн болно.

Икон ХХК-иас холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлэн 000369655 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авч, Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, 40, 50 мянгат /15172/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 54-р байр, 1502 тоот хаягт байршилтай 86.85 м.кв талбайтай оффисын үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь болсон юм. Үл хөдлөх эд хөрөнгийг шударгаар худалдан авч хууль ёсны өмчлөгч болсон болно.

Икон ХХК нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг зөрчөөгүй бөгөөд хуулийн хүрээнд гэрээ байгуулан худалдан авсан болно. Икон ХХК нь өдөр тутмын үйл ажиллагаа явуулаад 5 жил гаруй хугацаа өнгөрч байна.

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч******* ХХК, Икон ХХК нарт холбогдуулан, 2013 оны 10 сарын 07-ны өдөр байгуулагдсан гэх 13/1007 тоот Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* нь дээр дурдсан гэрээ нь хууль зөрчиж байгуулагдсан, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн учир хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлтэй хэмээн тайлбарладаг бол хариуцагч******* ХХК нь *******тай худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй гэж, хариуцагч Икон ХХК нь 13/1007 тоот гэрээ нь хуульд заасны дагуу байгуулагдаж, бодитоор хэрэгжсэн хүчин төгөлдөр гэрээ гэж маргадаг.

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

Хэрэгт авагдсан******* ХХК-ийн тодорхойлолт /хх-12х/, Харилцагчийн гүйлгээ /хх-13х, 14х, 120х/, 2014 оны 11 сарын 06-ны өдрийн Маргаан таслах тухай хэлцэл, Үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2018.07.03/ зэргээс үзэхэд******* ХХК болон ******* нарын хооронд Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 54 байр, 1502 тоот хаягт байршилтай, Оффис үйлчилгээний зориулалттай 86.85 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах тухай хэлцэл хийгдсэн болох нь тогтоогдож байх ба худалдан авагч *******гийн зүгээс худалдагч******* ХХК-д үл хөдлөх эд хөрөнгийн урьдчилгаа төлбөр гэж 102,695,500 төгрөгийг төлжээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээдэг.

Худалдагч******* ХХК нь хуульд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагч *******гийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байх ба маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг нийт 345,826,972.8 төгрөгөөр Икон ХХК-д худалдах, худалдан авах агуулга бүхий 13/1007 тоот гэрээг байгуулжээ. /хх-16-17х/

Шүүх******* ХХК болон Икон ХХК-ийн хооронд байгуулагдсан 13/1007 тоот Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг шүүгчийн захирамжийг зөрчин, нөхөж байгуулсан гэрээ байна хэмээн үзэж, хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцон шийдвэрлэв. Тодруулбал:

а/. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 12 сарын 31-ний өдрийн 810 дугаар захирамжаар Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 54-р байр, 1502 тоот хаягт байршилтай 86.85 м.кв оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг хариуцагч******* ХХК-д даалгасан байна. /хх-179х/

Уг захирамжийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба /хуучнаар/ 2015 оны 01 сарын 28-ны өдөр дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн байх ба ажиллагаа хийх үед******* ХХК-ийн хуулийн зөвлөх Бат-Итгэлт байлцжээ. /хх-180х/

Сандэй ХХК-ийн хуулийн зөвлөх Бат-Итгэлт нь Ойлголоо, шүүх дээр маргаантай байгаа, энэ талаар захирал Бат-Өлзийд танилцуулна хэмээн хэлсэн нь Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгагдсан байна. /хх-181х/

Шүүгчийн захирамж гарах үед буюу *******гийн нэхэмжлэлтэй,******* ХХК-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч******* ХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Икон ХХК-д худалдсан талаар тайлбар гаргаж байгаагүй хэмээн нэхэмжлэгч тал тайлбарлаж байх ба уг тайлбарыг хариуцагч нар баримтаар няцаагаагүй болно.

б/. Икон ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 345,826,972.8 төгрөгийг 2013 оны 10 сарын 10-ны өдөр бүрэн төлсөн хэмээн тайлбарлаж 2894 дугаартай Кассын орлогын ордерыг шүүхэд нотлох баримтаар гарган өгдөг. /хх-41х/

Ийнхүү үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 100 хувь төлсөн атлаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг яагаад 1 жил 4 сар гаруй хугацааны дараа өөрийн нэр дээр гаргуулсан талаар хариуцагч Икон ХХК нь үндэслэл бүхий тайлбарыг шүүхэд гаргаагүй.

в/.******* ХХК болон Икон ХХК нарын хооронд байгуулагдсан 13/1007 тоот гэрээ нь 2013 оны 10 сарын 07-ны өдөр гэх огноотой боловч гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д Худалдан авагч нь үйлчилгээний заалны төлбөрийн 100% буюу 2013.10.10-нд 345,826,972.8 төгрөг бэлнээр төлөв хэмээн бичсэн байдаг.

Өөрөөр хэлбэл гэрээг 2013 оны 10 сарын 07-ны өдөр байгуулсан гэх боловч ирээдүй цаг дээр буюу 2013 оны 10 сарын 10-ны өдөр төлбөр бэлнээр төлсөн талаар хэрхэн мэдэж гэрээнд дурдсан нь ойлгомжгүй байна.

Хариуцагч******* ХХК нь иргэн *******тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай хэлцэл хийж, хэлцлийн урьдчилгаа төлбөр гэж 102,695,500 төгрөгийг авч ашигласан атлаа түүний зөвшөөрөлгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийг Икон ХХК-д худалдаж, шүүхийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг даалгасаар байтал шүүгчийн захирамжаас өмнөх огноогоор гэрээ нөхөн байгуулж, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хохироожээ.

Иймд нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,******* ХХК болон Икон ХХК нарын хооронд байгуулагдсан, 2013 оны 10 сарын 07-ны өдрийн огноотой 13/1007 тоот Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох нь зүйтэй.

Шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хууль зүйн үр дагаврыг мөн адил шийдвэрлэх учиртай.

Сандэй ХХК болон Икон ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулснаар чухам ямар хууль зүйн үр дагаврыг хүсэж байгаа талаар нэхэмжлэгч талаас тодруулахад хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэн хийгдсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах хүсэлтэй байгаагаа нэхэмжлэгчийн өмгөөлөгч илэрхийлсэн болно.

Иймд Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцсон хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байна гэж заасныг үндэслэн хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу хийгдсэн улсын бүртгэлийг хүчингүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.     Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.4-т зааснаар******* ХХК болон Икон ХХК нарын хооронд 2013 оны 10 сарын 07-ны өдөр байгуулагдсан гэх 13/1007 тоот Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсугай.

 

2.     Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.3-т зааснаар Икон ХХК-д 2015 оны 02 сарын 11-ний өдөр олгосон, 000369655 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.

 

3.     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 500,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 1,387,085 төгрөгийг нэхэмжлэгч *******гаас гаргуулан улсын төсөвт оруулж, хариуцагч******* ХХК, Икон ХХК нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,887,085 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д буцаан олгосугай.

 

4.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР