Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2024/00081

 

Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2023/04423 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2024/00146 дугаар магадлалтай,

Н-ийн нэхэмжлэлтэй

Б-т холбогдох,

61,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д, хариуцагч Б, хариуцагчийн өмгөөлөгч Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н хариуцагч Бт холбогдуулан 61,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2023/04423 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б-ээс 61,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 465,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Бээс улсын тэмдэгтийн хураамжид 465,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Нд олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2024/00146 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2023/04423 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б-ээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 465,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн гэх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүх ХХША-ны журмыг ноцтой зөрчсөн талаар.

Анхан шатны шүүх нь шийдвэрээ танилцуулахдаа “утсаар захиалга өгсний үндсэн дээр энэ мөнгийг шилжүүлсэн гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч баримтаар няцааж чадаагүй учраас 61.5 сая төгрөгийг гаргуулж шийдвэрлэлээ” гэсэн боловч бичгээр гарсан анхан шатны шүүхийн шийдвэрт “...Худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй” гэж илт зөрүүтэй гарсан. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нь “Бараа захиалсан буюу худалдах-худалдан авах гэрээ байгуулсан байна” гэж шийдвэрээ танилцуулсан боловч шийдвэр нь бичгээр гаргахдаа “...гэрээ байгуулаагүй буюу Иргэний хуулийн 492.1.1-д заасан үндэслэлгүй хөрөнгөжсөн байна” гэж өөрчлөгдсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг илт зөрчсөн явдал болсон.

Анхан шатны шүүхийн дээрх алдаа нь ИХШХШТХ-ийн 11 дүгээр бүлэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг бүхэлд нь зөрчиж байгаа бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны байх, шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байх шаардлагыг хангаагүй болно. Шүүхийн дээрх алдаа нь хэргийн хувь заяаг бүхэлд нь өөрчлөх гол шалтгаан болсон бөгөөд миний бие бараа захиалга хийгээгүй, бусдад тусласныхаа төлөө их хэмжээний өр төлбөрт унах үндэслэл болж байна. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй байх тул 2023.10.12-ны өдрийн шүүх хуралдааны дүрс бичлэгтэй миний бие болон өмгөөлөгч биечлэн танилцсан болно. Шүүх хуралдааны дүрс дууны бичлэгийг Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуулийн дагуу хэргийн оролцогчид олгохыг хориглосон ба хавсаргах боломжгүй байсан тул гомдлыг хянах ажиллагааны хүрээнд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс татан авч хянаж өгнө үү.

4.2. Давж заалдах шатны шүүх ХХША-ны журмыг ноцтой зөрчсөн талаар.

Давж заалдах шатны шүүх хуралдаан 2024.01.12-ны өдөр товлогдсон бөгөөд миний бие өмгөөлөгчтэйгөө 2024.01.11-ний өдөр Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан тул манай өмгөөлөгч хэргийн материалтай танилцах боломж олгож, хурлын товыг хойшлуулах хүсэлт гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүх манай өмгөөлөгчийн хүсэлтийг хангаагүй гэсэн мөртлөө агуулгын ялгаагүй хариуцагч миний хүсэлтийн дагуу шүүх хуралдааны товыг хоёр хоногоор хойшлууллаа гэсэн. Ийнхүү хурал хойшилсон 2 өдөр нь долоо хоногийн амралтын өдрүүд байсан. Харин хурал товлогдсон 15-ны өдөр нь өмгөөлөгч Д.Хатанбатын Баянхонгор аймагт зарлагдсан эрүүгийн хэргийн шүүх хуралтай давхцаж таарсан ба уг хурал нь 14 хоногийн өмнө зарлагдсан тул өмгөөлөгч Х Баянхонгор аймагт ажиллахаар 14-ний өдөр орон нутагт зорчсон.

Улмаар давж заалдах шатны шүүх хуралдааны товыг миний бие өөрөө цахим хаягт хандаж, мөн давж заалдах шатны шүүхийн мэдээллийн самбарт байршуулсан зараас харахад шүүх хуралдаан тус шүүхийн 2-р давхарт болно гэж заасан байсан. Гэвч тог тасарсан гэх шалтгаанаар шүүх хуралдаан 1 давхарт болсныг миний бие мэдээгүй, надад шүүхээс мэдэгдээгүйн улмаас миний бие 2-р давхрын шүүх хуралдааны танхимын үүдэнд хүлээж, хуралдаа оролцож чадаагүй ба өөрийн хүсэлт, гомдлоо тайлбарлаж чадаагүй. Энэ хугацаанд шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын зүгээс надтай холбогдож, шүүх хуралдааны танхим өөрчлөгдсөн талаар мэдэгдээгүй бөгөөд миний бие өөрөө хамгаалалтын цагдаагийн ажилтнаас асууж лавлаж мэдснээр, зөвхөн магадлал танилцуулах хэсэгт оролцсон.

Дээрх байдлаар давж заалдах шатны шүүх нь намайг Үндсэн хуульд заасан емгөөлүүлэх эрхээр хангаагүй, мөн ИХШХШТХ-ийн 165.1 дэх заалтад заасны дагуу шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдэх үүргээ биелүүлээгүй нь ХХША-ны журмыг ноцтой зөрчсөн бөгөөд миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцож өөрийн гомдлоо тайлбарлаж, бас өмгөөлөгчийнхөө хурал давхацсан талаарх хүсэлтийг гаргаж чадаагүйд үнэхээр гомдолтой байна.

4.3. Шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг буруу хэрэглэсэн талаар.

Нэхэмжлэгч Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч надад нийт 7 нэр төрлийн 1,897 ширхэг барааг захиалж, худалдах-худалдан авахаар хэлэлцэн тохирч, урьдчилгаа төлбөрт 61,500,000 төгрөг шилжүүлсэн тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу төлбөрийг гаргуулж өгнө үү гэж маргасан. Ингэхдээ нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтад заасан 2 нөхцөлийн алийг үндэслэж буй болохоо нэхэмжлэлдээ болон шүүх хуралдааны явцад тайлбарлаагүй. Нэхэмжлэлийн агуулгаас харахад нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтын “эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэсэн нөхцөлийг үндэслэн бараа захиалсан, урьдчилгаа төлсөн, улмаар гэрээгээ цуцалсан тул урьдчилгаа төлбөрөө шаардсан гэж ойлгогдсон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь үүрэг байсан, гэхдээ хожим дуусгавар болсон тул төлбөрөө авая гэж маргасан.

Бодит байдал дээр ийм үйл баримт болоогүй учир хариуцагч миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөөгүй, үгүйсгэсэн бөгөөд нэхэмжлэгчийн даалгавраар 61,500,000 төгрөгийг гуйвуулж өгсөн гэж маргасан.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ бараа захиалаагүй буюу худалдах-худалдан авах гэрээ байгуулаагүй болохыг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд тогтоосон. Тодруулбал, анхан шатны шүүхийн шийдвэрийн 12 дэх заалтад “...нэхэмжлэгч нь хариуцагчид бараа захиалж, түүний урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн гэх тайлбарыг гаргаж байх боловч ... зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй гэж үзэхээр байна” гэж тогтоосон.

Ийнхүү нэхэмжлэл, түүнд тусгагдсан үйл баримт бүхэлдээ үгүйсгэгдсэн бөгөөд шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл бүрэн бүрдсэн. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг буруу тайлбарлаж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болсон.

Тухайлбал шийдвэрийн 12 дэх заалтад “...Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй ба нэхэмжлэгч нь хариуцагч руу шилжүүлсэн 61,500,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй байна” гэж хуулийг илэрхий буруу тайлбарлаж дүгнэсэн. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтаар хоёр өөр тохиолдлыг зохицуулсан бөгөөд эхний нөхцөл нь “үүрэг үүсээгүй буюу андуурч эндүүрч хөрөнгө шилжүүлсэн” байхыг заасан бол, хоёр дахь нөхцөл нь “үүрэг байсан боловч хожим дуусгавар болсон” байх тохиолдлыг тус тус зохицуулсан. Нэхэмжлэгчийн хувьд үүрэг байсан гэж маргасан ба харин анхан шатны шүүх үүрэг үүсээгүй гэж нэхэмжлэлийн эсрэг дүгнэсэн хэрнээ нэхэмжлэлийг хангасан нь хууль хэрэглээний алдаа болсон.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Н нь “би андуурч мөнгө шилжүүлсэн, буцааж авая” гэж огт маргаагүй бөгөөд харин эсэргээрээ маш тодорхой үйл баримт дурдаж нэхэмжлэл гаргасан буюу “7 нэр төрлийн нийт 1,897 ширхэг барааг захиалсан, урьдчилгаа төлбөрөө буцааж авая” гэж маргасан. Ийм үйл баримт угаас болоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоогдохгүй болохыг анхан шатны шүүх зөв тогтоосон боловч зохигчдын хооронд огт үүрэг байгаагүй, харилцаа байгаагүй мэтээр “нэхэмжлэгч андуурч мөнгө шилжүүлсэн тул буцааж өгөх ёстой” гэсэн агуулгаар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Дахин тодруулбал, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтад заасан “үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэснийг үндэслэн нэхэмжлэлээ гаргасан байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтад заасан “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй” гэснийг үндэслэж талуудын хооронд огтоос харилцаа байгаагүй, биесээ танихгүй мэдэхгүй хүмүүс хоорондоо мөнгө шилжүүлсэн мэтээр хэргийг шийдвэрлэсэн нь хуулийг илт буруу тайлбарлаж хэрэглэсэн явдал болсон.

Нөгөөтэйгүүр, хэргийн зохигчид бүгд “үүрэг байсан” буюу нэхэмжлэгч Н нь “би бараа захиалсан” гэж, хариуцагч миний бие “даалгавраар мөнгө гуйвуулж өгсөн” гэж тайлбарлаж байхад шүүх ор үндэсгүйгээр “огт үүрэг үүсээгүй” гэж дүгнэсэн нь хэрэг маргааны хүрээ, нэхэмжлэлийн шаардлага, талуудын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас хальсан ор үндэслэлгүй шийдэл болсон.

Харин давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн дээрх алдаа дутагдлыг залруулах байтал тэгж чадсангүй.

4.4. Давж заалдах шатны шүүх: Анхан шатны шүүх үүрэг үүсээгүй гэж дүгнэсэн байхад давж шатны шүүх үүрэг үүссэн гэж дүгнэсэн,

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтад “...хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэсэн 2 нөхцөл нь нэхэмжлэл, түүнд дурдсан үйл баримттай уялдаж, хэрэглээний хувьд ялгамжтай байх байтал ялгаагүй мэтээр хуулийг буруу тайлбарласан,

Дээрх байдлаар нэхэмжлэлд дурдсан гол үйл баримтад өгсөн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт илэрхий зөрчилдөж байхад шийдвэрийг хэвээр үлдээсэн нь алдаатай болсон гэх алдаатай дүгнэлт хийсэн.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Хариуцагч Б-ийн гаргасан гомдлыг хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2024.04.04-ний өдрийн 001/ШХТ2024/00414 дүгээр тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

7. Нэхэмжлэгч Н нь хариуцагч Б-т холбогдуулан 61,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ: “...2021.12.27-ны өдөр Турк улсаас 90,300,000 төгрөгт бараа захиалж, урьдчилгаа 61,500,000 төгрөгийг “Хаан банк” ХХК дахь өөрийн нэр дээрх ... тоот данснаас “Голомт банк” ХХК дахь Б-ийн эзэмшлийн ... тоот дансанд шилжүүлсэн.

Хариуцагч захиалсан барааг хүлээлгэн өгөөгүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар 61,500,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байна...” гэж тайлбарласан,

Хариуцагч тайлбартаа: “... Би Монгол улсад амьдардаг, Турк улсаас ямар нэгэн хүнд барааны захиалга огт хийж өгдөггүй, ...Н нь 2021.12.27-ны өдөр өөрийнх нь гадаад гуйвуулга асуудалтай байгаа тул бараа захиалгын мөнгийг Турк улс руу шилжүүлж өгөхийг гуйсан. Тухайн 61,500,000 төгрөгийг 2021.12.27-ны өдөр Нийн заасан Турк компанийн данс руу гуйвуулж өгч туслалцаа үзүүлсэн нь үнэн. Тухайн захиалгын мөнгийг би хувьдаа авч ашиглаагүй. Хэрэв барааны захиалга өгсөн бол тодорхой хэмжээнд бизнес эрхэлж байгаа хүний хувьд надад ямар нэгэн барааны үнийн зөрүү, ашиг гарах ёстой. Гэтэл би Нийн мөнгө дээр нэмээд өөрийн тээврийн мөнгийг нийлүүлээд шилжүүлсэн. Надаар шилжүүлэг хийлгэнэ гэхэд нь би эхлээд дургүйцсэн, гэтэл миний гадаад гүйлгээ гацчихсан байгаа гэж хэлсэн. Тухайн гүйлгээг нягталж шалгаагүй нь миний буруу, гэхдээ би 61,500,000 төгрөгийг хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна...” гэжээ.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ: “...нэхэмжлэгч хариуцагчийн дансанд 61,500,000 төгрөгийг бараа захиалга гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн нь баримтаар нотлогдсон, зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй тул хариуцагч нь шилжүүлсэн мөнгөний хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн байна...” гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй гэж үзэн, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

9. Хэдийгээр хоёр шатны шүүх ижил шийдвэр гаргасан боловч шүүх маргааны үйл баримтыг бодитоор тогтоогоогүй, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг үндэслэл бүхий тодорхойлоогүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн агуулгаар гаргасан хариуцагчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ.

10. Нэхэмжлэгч Н нь хариуцагчид бараа захиалж мөнгө шилжүүлсэн боловч бараагаа хүлээн аваагүй үндэслэлээр шилжүүлсэн мөнгөө буцаан авахаар шаардлага гаргасан бол хариуцагч нь нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний мөнгийг бусдад шилжүүлсэн тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

Хэрэгт нэхэмжлэгчээс 2021.12.27-ны өдөр хариуцагчийн дансанд 61,500,000 төгрөгийг шилжүүлсэн баримт, хариуцагчаас мөн өдөр 102,675,444.20 төгрөгийг ... дансанд шилжүүлсэн баримтыг тус тус хавсаргасан байна.

Дээрх баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчид мөнгөн хөрөнгө шилжүүлсэн, хариуцагч дээрх мөнгөн хөрөнгийг өөрийн мөнгөтэй нийлүүлэн гуравдагч этгээдэд шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.

11. Ийнхүү зохигч үйл баримтын талаар илт зөрүүтэй тайлбар гаргасан байхад анхан шатны шүүх энэ талаар зохигчийг хангалттай мэтгэлцүүлэлгүй, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөлд байдлыг тодруулаагүйгээс нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв үнэлэх үүргээ бүрэн биелүүлэлгүй, нэхэмжлэгчийн шилжүүлсэн хөрөнгөөр хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн дүгнэлт хийж,  Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх алдааг залруулалгүй шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан хэргийг бүхэлд нь хянах үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.

12. Иймд анхан шатны шүүх  дээрх ажиллагааг хийж, зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний, эсхүл зуучлалын, эсхүл даалгаврын, илгээмжийн зэрэг ямар гэрээний харилцаа үүссэнийг тогтоосны үндсэн дээр эрх зүйн харилцааг зөв тодорхойлж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэр маргааны хүрээ, нэхэмжлэлийн шаардлага, талуудын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтад нийцээгүй, шүүх хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн талаарх хариуцагчийн гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

13. Харин анхан шатны шүүхийн шийдвэрийг амаар танилцуулсан, бичгээр гарсан нь хоорондоо зөрүүтэй гарсан, давж заалдах шатны шүүх шүүх хуралдааны товыг өөрчилсөн, шүүх хуралдаан явагдах танхим өөрчлөгдсөнийг мэдэгдээгүйгээс шүүх хуралдаанд биечлэн оролцож өөрийн гомдлоо тайлбарлах, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцож эрхээ хамгаалуулах талаар хүсэлт гаргах эрхээ хэрэгжүүлж чадаагүй зэрэг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухай хариуцагчийн гомдол хэрэгт цугларсан баримтаар нотлогдоогүй тул хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаарх гомдлыг хангах үндэслэлгүй, мөн хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүссэн гомдлыг хэлэлцээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2023/04423 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2024/00146 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахих хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Б-ийн гомдлын заримыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Б-ээс 2024.02.23-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 465,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАЯРМАА

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                      Н.БАТЧИМЭГ

                                                                                                  Д.ЦОЛМОН

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД