Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2023/04423

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 10 12 101/ШШ2023/04423

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ************* аймаг, ************ сум,*** дүгээр баг, ***дугаар хэсэг гудамж, *** дүгээр байр, *** тоот хаягт оршин суух****** овогт ****-ын ********* /Регистрийн дугаар ************/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******************хот, ************ дүүрэг, ************дугаар хороо,************ хотхон ************ дугаар байр, ************ тоот хаягт оршин суух ************овогт ************-ын ************ / Регистрийн дугаар ЦЗ83081463/-д холбогдох

 

61,500,000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогсод:

нэхэмжлэгч М.Н

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б /үнэмлэхийн дугаар****/,

хариуцагч О.Б

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Н

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

М.Н миний бие нь О.Бийг 2020 оноос хойш таньдаг болсон. Миний хамтран ажилладаг байсан Ц, Э,  нарын Туркээс явуулсан барааг захиалсан хүмүүст тараадаг гэдгээр таньдаг болсон. Улмаар О.Бт миний бие нь 2021 оны 12 дугаар сарын 27-нд Туркээс 90,300,000 төгрөгт дараах барааг захиалсан. Эрэгтэй гутал 500 ширхэг, тавчик 500 ширхэг, 2 хүний хөнжлийн даавуу 400 ширхэг, 1 хүний хөнжлийн даавуу 300 ширхэг, пүүз 90 ширхэг, хүүхдийн гутал 61 ширхэг, хүүхдийн пүүз 16 ширхэг. Үүнээс урьдчилгаанд 61,500,000 төгрөгийг өөрийн нэр дээрх *********** дахь ***********дугаартай данснаас О.Бийн *********** 1********************** дугаартай данс руу барааны мөнгө гэж шилжүүлсэн. Над уруу мөнгөө яасан гэж мессеж бичсэн, энэ талаар үзлэг хийсэн байгаа. Тухайн өдөр утсаар над уруу залгасан ба банк дээр байна гэхээр нь мөнгө шилжүүлсэн. 2021 оноос гадаад гуйвуулга зөндөө хийж байсан, өөрөө гадаад гуйвуулгаа хийчихдэг байсан. Гадаад гуйвуулга хийх боломжтой байсан гэдгээ нотолсон нотлох баримтаа гаргаж өгсөн. Намайг мөнгө шилжүүлж өгсөн гэдэг нотлох баримтаа гаргасан. Би монгол мөнгөөр тохирсон бөгөөд цаашаа хэдийг шилжүүлснийг нь мэдэхгүй, энэ өдрийн ханшаар тооцоход тохирохгүй байгаа. Би Бениз монголиа гэх дэлгүүрт хамааралгүй, хариуцагчтай холбоотой тул хариуцагч уруу шилжүүлсэн, би луйвар хийгээгүй. Би захиалсан бараагаа одоо болтол аваагүй, бараа зарах гээд лангуу аваад бөөний үнээр бараа захиалга хийх гэхэд бөөн ажил болсон. 20 хэдэн сая төгрөгөөр лангуу хийлгээд, түрээслээд 3 сар болсон ч түрээсийн мөнгө нэхэгдээд 2, 3 сар мөнгөө өгөөгүй, лангуугаа буулгаад буцааж өгсөн. Би ийм байдалд ороод байна гэж хэлэхэд чи ямар сүртэй юм, хүн шатаж л байдаг, ажил хийх гэж ингэж л явдаг гэж хэлсэн. О.Б Монгол улсад турк барааны дэлгүүр ажиллуулдаг, хамтрагчтай нь холбоотой байрны асуудал бол тусдаа асуудал. Надаар мөнгө зээлүүлж байж байр авсан. Би эд нараас болж зөндөө шатсан. 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 61,500,000 төгрөг О.Бийн данс руу шилжүүлсний дараа О.Б 102,675,444 төгрөгөөр гадаад гуйвуулга хийсэн байдаг. Хэрэв О.Б М.Нийн гуйсны дагуу мөнгө шилжүүлэг хийж өгсөн бол 61,500,000 төгрөгөөр М.Нийн нэрээр шилжүүлнэ. Гэтэл энэ мөнгийг өөрөө бараа захиалга хийж байгаа юм шиг бараа захиалга гэж шилжүүлсэн байдаг. Хариуцагчийн тайлбарт дурдсан М.Н О.Бийг гуйгаад гадаад гуйвуулга хийсэн гэдэг нь бодит үнэнд нийцэхгүй байна. Хариуцагч нь янз бүрээр тайлбар өгдөг. Эхлээд энэ гүйлгээг би хийсэн гэдэг тайлбар өгсөн, хэргийн явцад М.Н бараагаа авсан гээд бараа зарж байсан фэйсбүүкт үзлэг хийлгэе гэсэн. Шүүхээс үзлэг хийх гэсэн боловч хариуцагч 2-3 удаа оролдлого хийгээд нотолж чадаагүй. Энэ тайлбар нь үгүйсгэгдээд ирэнгүүт одоо шүүх хуралдаан дээр Ихбаяр гэдэг хүний талаар яриад байна. Өмнө хэзээ ч Ихбаяр гэдэг хүний талаар дурдаагүй, хүсэлт гаргахдаа ч дурдаагүй. Одоо тэр хүний тээврийн зардал болоод явчихлаа. Үнэхээр М.Нийн мөнгийг цааш нь гуйвуулсан бол хариуцагч энэ тайлбартаа бат зогсоод байж байна. Гэтэл янз бүрээр тайлбарлаад байгаа байдал нь бодит үнэн тайлбар гаргаж байгаа гэдэгт эргэлзээ төрүүлж байна. О.Б нь 61,500,000 төгрөгийн барааг М.Нд шилжүүлэх үүргийг хүлээсэн боловч хэрэгт авагдсан баримтаар болон хариуцагчийн тайлбараар өнөөдрийг хүртэл ямар нэгэн бараа хүлээлгэж өгөөгүй, өгсөн баримт байхгүй. Мөн 61,500,000 төгрөгийг буцааж өгсөн зүйл байхгүй. Одоо М.Н тухайн барааг авах ямар ч шаардлагагүй, О.Бийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж мөнгөө буцааж авахаар шаардаж байгаа. Хариуцагчаас 61,500,000 төгрөг шаардах нь зүй ёсны, хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг үндэслэн хариуцагч О.Бээс 61,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

О.Б миний бие нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. М.Нийн барааны захиалга авсан хүн хэн болох, Турк улсаас илгээсэн эсэх, миний каргон дээр буусан эсэх тодорхойгүй. Би Монгол улсад амьдардаг Турк улсаас ямар нэгэн хүнд барааны захиалга огт хийж өгдөггүй болно. М.Н нь 2021 оны 12 дугаар сарын 27-нд өөрийнх нь гадаад гуйвуулга асуудалтай байгаа тул бараа захиалгын мөнгийг Турк улс уруу шилжүүлж өгөхийг гуйсан. Тухайн 61,500,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар 27-ны өдөр 15 цагт М.Нийн заасан Турк компанийн данс уруу гуйвуулж өгч туслалцаа үзүүлсэн нь үнэн. Тухайн захиалгын мөнгийг би хувьдаа авч ашиглаагүй. М.Н бараа захиалсан захиалагчаа, хариуцагчаа тодорхой болгоно уу. Миний хувьд энэ хүнд өгөх өглөг өр, бараа огт байхгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. М.Н ямар нэгэн байдлаар бараа огт захиалаагүй. Би бараа гэж шилжүүлсэн мөнгийг нь дамжуулан шилжүүлсэн талаар нотлох баримтаа гаргаж өгсөн, үүн дээр маргадаггүй. Би Туркээс ирсэн захиалгыг эзэнд нь хүргэдэг каргоны цэг ажиллуулж байсан, хэн нэгнээс барааны захиалга авдаг бизнес эрхэлж байгаагүй. Би М.Нийг сүрдүүлсэн зүйл байхгүй, сүртэй юм гэсэн зүйл байхгүй, тийм баримт үнэхээр мессенжер дээр байгаа бол нотлох баримтаар гүйцэт гаргаад дурдаж хэлнэ үү. 90,300,000 төгрөгийн бараа захиалсан гэж ярьдаг. Гэтэл 61,500,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өгчхөөд нэхэмжлэл дээр дурдагдсан байгаа өчнөөн нэр төрлийн бараа захиалсан талаар надаас энэ хугацаанд нэг ч удаа нэхээгүй бид хоёрын мессенжерийн бүх түүх байгаа. М.Н тухайн үед ямар бизнес эрхэлж байсныг сонирхоогүй, найз нөхдийн харилцаа байхгүй. М.Н 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс хойш надтай харилцаа хэвийн байсан. Бид хоёрт 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс эхлээд асуудал тулгарсан. Энэ нь бичүүлж авсан баримт дээр байгаа. Маш олон удаа би байрны гэрээгээ авъя, нотариатаар батлуулсан гэрээгээ яаж авах вэ гэдэг байдлаар хэлж байсан. М.Н надтай уулзахгүй зугтаасан асуудал байдаг. Манай үеэл Туркэд байдаг, тухайн хүнээс М.Н бараа захиалж байгаад манай цэгээс ирж авахдаа би Замын-Үүдийн гаальд ажилладаг хүн гэж танилцуулаад бараа авсан. Туркээс ачаа бараа тээвэрлэдэг байсан Монтурк каргоны захирал Ихбаяр, Золзаяа нарын бараа ковидын үед гацалт үүссэн, таньдаг мэддэг хүн байна уу гэж асуухаар нь манайхаас юм авдаг эмэгтэй ажилладаг гээд М.Нийг холбож өгсөн. М.Н тухайн хүмүүстэй найзлаад манай үеэл дүүтэй илүү дотно болонгуутаа дуучин Баясгалангийн барьсан Арцат 2 хотхоноос хямдхан бартерийн байр авч өгнө гэсэн. Надаас 2 жилийн дараа 61,500,000 төгрөг нэхэмжилж байгаа нь тухайн байрыг залилсан байх үндэслэл гарч ирээд байрны эзэнтэй бид уулзаад мэдэгдсэний дараа чи хуульч ав, чи хууль бус юм хийгээд хүн залилаад байна гэхэд өмгөөлөгч олоод хоёулаа уулзъя гэсэн. Надад 4, 5 зөвлөгөө авчих хүн байгаа, чи өөрөө өмгөөлөгч аваарай гэж хэлсэн. 2022 оны 02 дугаар сард гэнэт надаас 2 жилийн өмнө дамжуулан шилжүүлсэн 61,500,000 төгрөгийг бараа захиалсан гэж нэхэмжилж эхэлсэн. Хэрэв бараа захиалсан бол бараа захиалга хийсэн талаар ямар нэгэн ярилцсан тохиролцсон зүйл байх ёстой. Нэхэмжлэгчийн хүсэлтээр мессенжерт үзлэг хийсэн. Хүсэлтэд нь тухайн мессенжерт О.Бээс намайг бараа захиалсан гэдгийг нотлох баримт байгаа гэж хэлсэн, гэтэл мессенжерт тийм зүйл байдаггүй. Бид хоёрт ямар нэгэн бараа захиалгын талаар ярилцсан ямар ч юм байхгүй, тийм зүйл гарч ирэх ч боломжгүй. Яагаад гэвэл би ямар нэгэн бараа захиалга огт аваагүй. Тухайн үед Ихбаяр намайг банкин дээр явж байгаа гэдгийг М.Нд хэлээд, М.Н өөрөө над руу утсаар яриад миний гадаад гуйвуулга болохгүй байгаа гэж хэлсэн. Нэхэмжлэгч нотлох баримтаар 5 удаагийн гадаад гуйвуулгын баримт хавсаргасан байна. Би үүнийг юу гэж хардаж байгаа вэ гэхээр тухайн үед өөрийнх нь гадаад гуйвуулга хэвийн байсан байхад над руу барааны захиалга гэсэн утгатай мөнгө шилжүүлээд намайг залилах гэж байгаа үйл явц байна гэж харж байна. Намайг бараа захиалга гээд 102 сая төгрөг шилжүүлсэн гэж байна. Огт тийм зүйл байхгүй. Тухайн үед валют болгож шилжүүлээд цаашаа мөнгийг нь дамжуулдаг компани руу шилжүүлсэн. Банкин дээр олон улсын гуйвуулга хийхэд шимтгэл авдаг, М.Н надаар мөнгө шилжүүлүүлэхдээ шимтгэлийн мөнгө гэж огт төлөөгүй, 61,500,000 төгрөг нь бутархай центээрээ тооцогдож цаад компанидаа очсон. Нэг л газар руу шилжих юм байна гэж үзээд би өөрийн карго ажиллуулж байсан тээврийн зардлын 40 хэдэн сая төгрөгийг нийлүүлээд шилжүүлсэн. Гүйлгээний утга дээр М.Н бараа захиалга гэж бичсэн болохоос О.Бт захиалга өгсөн зүйл огт байхгүй. Тухайн мөнгийг би ямар нэгэн байдлаар хувьдаа ашиглаагүй, дансандаа хонуулаагүй, тэр мөнгийг М.Н тээврийн зардалд өгч байхад би өөр зүйлд ашиглаагүй. Хэрэв барааны захиалга өгсөн бол тодорхой хэмжээнд бизнес эрхэлж байгаа хүний хувьд надад ямар нэгэн барааны үнийн зөрүү, ашиг гарах ёстой. Ямар нэгэн ашигтай байж би М.Нээс захиалга авна, би барааны мөнгийг шилжүүлээд ашгаа өөрөө авч үлдэх ёстой. Гэтэл би М.Нийн мөнгийг бүрэн бүтэн шилжүүлж өгөөд нэмээд өөрийн тээврийн мөнгийг нийлүүлээд шилжүүлсэн. Надаар шилжүүлэг хийлгэнэ гэхэд нь би эхлээд дургүйцсэн, яагаад өөрөө шилжүүлэхгүй байгаа юм бэ, би шилжүүлж өгмөөргүй байна гэж хэлэхэд миний гадаад гүйлгээ гацчихсан байгаа гэж хэлсэн. Би тухайн гүйлгээг нягталж шалгаагүй нь миний буруу, гэхдээ би 61,500,000 төгрөгийн хариуцагч болох үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, ХААН банкны 5069077489 дугаартай дансны хуулга /хх-3, 7/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/, ***********-ны 2021.12.27-ны өдрийн Мемориалын баримт /хх-15, 16, 17/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-29-30/, Голомт банкны мөнгөни шилжүүлгийн баримт /хх-132/, Голомт банкны Гадаад төлбөрийн даалгавар /хх-180-184/

3.2. Хариуцагч нараас ирүүлсэн: иргэний үнэмлэхийн хуулбар /хх-10/, 2023.02.15-ны өдрийн хариу тайлбар /хх-22/, Голомт банкны 2021.12.27-ны өдрийн Мемориалын баримт /хх-24, 25, 26/,

3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: 2023.03.30-ны өдрийн Үзлэг хийсэн тэмдэглэл /хх-44-94/, 2023.04.05-ны өдрийн Үзлэг хийсэн тэмдэглэл /хх-115-118/, Голомт банкны 2023.04.17-ны өдрийн 14/ХХ/03-726 дугаартай албан бичиг, М.Ниийн 2022 оны 01 дүгээр сард хийсэн мөнгөн гүйлгээний баримт /хх-123, 124-130/.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч М.Н нь хариуцагч О.Бт холбогдуулан 61,500,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ бараа захиалгын урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн боловч хариуцагч захиалсан барааг хүлээлгэн өгөөгүй тул шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулахаар шаардсан гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч нь нэхэмжлэгчээс барааны захиалга аваагүй, мөнгө дансаар хүлээн авч, шилжүүлэг хийж өгсөн гэх тайлбарыг гарган маргажээ.

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчдын тайлбараар М.Н нь ХААН банкны 5069077489 дугаартай данснаас 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 61,500,000 төгрөгийг Naagii Naagii 88058888 Baraa zahialga гэсэн гүйлгээний утгатай зарлагын гүйлгээ хийсэн, О.Б нь Голомт банкны 1105336901 дугаартай дансаар 61,500,000 төгрөгийг хүлээн авсан болох нь тогтоогдож байна. /хх-7, 15/

 

5. Хариуцагч нь нэхэмжлэгчээс дээр дурдсан мөнгийг дансаар шилжүүлэн авсан болон мөнгөн шилжүүлгийн дүнгийн талаар маргаагүй боловч шилжүүлсэн мөнгийг нэхэмжлэгчийн хэлсэн данс руу шилжүүлсэн гэх тайлбарыг гарган маргаж мэтгэлцсэн.

 

6. О.Б нь нэхэмжлэгчээс мөнгө шилжүүлсэн өдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Голомт банкны 1105336901 дугаартай данснаас Sigal Arinijih Co.,Ltd, Mert Beniz гүйлгээний утгатай 102,675,444.20 төгрөгийн гадаад шилжүүлэг хийсэн нь Голомт банкны мемориалын баримтаар тогтоогдож байна. /хх-15-17/

 

7. Хариуцагч нь нэхэмжлэгчийн хэлсэн данс, өөрийн каргоны тээврийн зардлын мөнгийг шилжүүлэх данс нь нэг данс байсан тул нэхэмжлэгчийн 61,500,000 төгрөгийг, өөрийн тээврийн зардлын хамт шилжүүлсэн гэх тайлбарыг гаргаж байх боловч тухайн данстай холбоотой баримтыг ирүүлээгүй.

 

Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийн дансанд бусдаас тээврийн зардалд шилжүүлсэн 62,850,000 төгрөгөөс 61,500,000 төгрөгийг түүн рүү тээврийн зардалд шилжүүлсэн гэх тайлбарыг гаргаж байх боловч хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар нэхэмжлэгч М.Н нь 61,500,000 төгрөгийг тээврийн зардалд шилжүүлсэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх ба хариуцагчийн тайлбар хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

 

8. Нэхэмжлэгч нь түүний дансанд бусдаас тээврийн зардал гэх гүйлгээний утгаар орсон мөнгийг тухайн утгаар хариуцагчийн данс руу шилжүүлэх үүрэгтэй байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

 

9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нарын харилцсан фэйсбүүк чатад үзлэг хийсэн байх ба үзлэгээр 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч О.Бийн Kadar Saga хаягаас нэхэмжлэгч М.Нийн Kokier Sunshine хаяг руу 12:42 цагт ...охион хэдэн төгрөг шилжүүлсэн бэ, мөнгө нь ордоггүй ээ, яанаа ...би банкинд очиж сууж байгаад ирлээ гэсэн зурвасыг илгээсэн байна. /хх-71/

 

Зохигчдын хооронд харьцсан чатад бичигдсэн дээрх бичвэрээс үзэхэд нэхэмжлэгч нь тээврийн зардалд мөнгө шилжүүлсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж үзэхээр байна. Тодруулбал, хариуцагч нь нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгө нь тээврийн зардалд шилжүүлсэн мөнгө гэж тайлбарлаж байгаа ч энэ нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

10. Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийн хэлсэн данс руу мөнгийг нь шилжүүлсэн гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгчийн хүсэлтээр тээврийн зардлыг зохих данс руу нь шилжүүлсэн гэх тайлбар нь баримтаар тогтоогдохгүй байх ба тухайн мөнгөн шилжүүлгийн үр шимийг нэхэмжлэгч М.Н хүртсэн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

11. Хариуцагч нь нэхэмжлэгч түүнийг залилан мэхлэх зорилгоор бусдын өмнөөс шилжүүлсэн мөнгийг өөрөө шилжүүлсэн гэж үндэслэлгүй шаардаж байна гэх тайлбарыг гаргасан бөгөөд уг тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж нотлоогүй.

 

12. Нэхэмжлэгч нь хариуцагчид бараа захиалж, түүний урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн гэх тайлбарыг гаргаж байх боловч хариуцагч нь тэдний хооронд бараа захиалах тохиролцоо хийгдээгүй гэх тайлбарыг гаргаж байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй гэж үзэхээр байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь дансаар шилжүүлэн авсан 61,500,000 төгрөгийн үүрэгт нэхэмжлэгчид ямар нэгэн бараа хүлээлгэн өгөөгүй, мөн мөнгийг буцаан өгсөн үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулахаар шаардсан нь үндэслэл бүхий байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчтэй бараа захиалах тохиролцоо хийгээгүй гэх тайлбарыг гаргаж байх тул нэхэмжлэгчээс түүнд шилжүүлсэн мөнгийг буцаан өгөх үүрэгтэй, тэрээр үндэслэлгүй хөрөнгөжих ёсгүй юм.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй ба нэхэмжлэгч нь хариуцагч руу шилжүүлсэн 61,500,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

13. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн хариуцагч О.Бээс нэхэмжлэгчийн шилжүүлсэн 61,500,000 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч М.Нд олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

14. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 465,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 465,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч О.Бээс 61,500,000 /жаран нэгэн сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Нд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 465,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 465,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР