Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2024/00075

 

Х-ны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2023/03439 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2024/00252 дугаар магадлалтай,

Х-ны нэхэмжлэлтэй

“Т” ХХК-д холбогдох

1,688,437,186.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч прокурор Б.И, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Б.Э нарын гаргасан хяналтын гомдлыг үндэслэн шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч прокурор Н.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Х нь “Т” ХХК-д холбогдуулан 1,688,437,186.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2023/03439 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 123 дугаар зүйлийн 123.2, 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК-аас 1,688,437,186.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2024/00252 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2023/03439 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч прокурор Б.И хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...МУЗГ-с 2013.07.06-ны өдөр “Сурагчийн дүрэмт хувцасны үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай” 250 дугаар тогтоолыг баталж, тус тогтоолоор Х сангаас 17 тэрбум, Ж сангаас 6 тэрбум төгрөг, нийт 23 тэрбум төгрөгийг сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэл эрхлэгчдэд эргэн төлөгдөх нөхцөлтэй хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн. Тус тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Ү-н сайд, Х-ийн сайд нарын хооронд 2013.07.16-ны өдөр ҮХААЯ-20130716-001, ХЯ-9/2013/02 дугаартай “Дамжуулан зээлдүүлэх гэрээ”-г байгуулсан ба Ү-с “М” ХХК-тай ХҮГСДХ-1/8 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулж, 12 тэрбум төгрөгийг сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэхэд шаардагдах даавууны санхүүжилтэд зориулж олгосон. Улмаар “М” ХХК нь 2013.07.18-ны өдөр “Сурагчдын дүрэмт хувцасны зориулалттай даавуу бэлтгэн нийлүүлэх” МӨ-01 дугаар гэрээг МО-г төлөөлж “Ө” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу “Т” ХХК-д 1,687,259,849 төгрөгийн даавуу нийлүүлсэн.

“Т” ХХК нь даавууны төлбөрийг Үанд төлж барагдуулахаар 2014.06.23-ны өдөр ХҮГСДХ/ТБГ-04 дугаартай “Төлбөр барагдуулах тухай” гэрээ байгуулсан гэх боловч төлбөрийг төлөөгүй болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбараар тогтоогдсон. МУЗГ-с хэрэгжүүлсэн “Сурагчийн дүрэмт хувцасны үндэсний үйлдвэрлэлийг дэмжих” төсөл хөтөлбөрийн хүрээнд ЗГ тусгай сан болох Х, Ж сангаас мөнгөн хөрөнгө зарцуулагдсан ба уг мөнгөн хөрөнгө нь улсын төсөв, хандив, тусламж, тусгай сангийн өөрийн үйл ажиллагааны болон зээлийн хүүгийн орлогоос бүрддэг тул төр, нийтийн аль алиных нь ашиг сонирхол зөрчигдсөн байна.

ЗГ-с Ү-н сайд, Х-ийн сайд, БШ сайд нарт дээрх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг даалгасны дагуу Ү нь бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэх үүднээс “Т” ХХК-аас даавууны төлбөрийг шаардах эрх нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасанд нийцэх бөгөөд хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа буюу 10 жилийн хугацаа үйлчлэх тул нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэг хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.

Гэрээний үүрэг дуусгавар болсноор бусдын хөрөнгийг хариуцагч өмчлөх эрхгүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хариуцагчид анх шилжүүлсэн үндсэн төлбөр болох 1,548,459,849.44 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх байтал шүүх маргаан бүхий харилцааг зөв тодорхойлоогүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Хариуцагч “Т” ХХК нь шүүхэд “гэрээний төлбөрийг бүрэн төлж дууссан” гэж бичгээр тайлбар гаргаж байсан боловч шүүх хуралдааны явцад “гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж татгалзлаа өөрчлөн тайлбар гаргасан. Хариуцагчийн тайлбар, татгалзалд нэхэмжлэгч талаас үгүйсгэн няцаах, нотлох баримт гаргаж өгөх боломжийг олгоогүй, татгалзсан үндэслэл болох хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан эсэх, хүндэтгэн үзэх шалтгаанаар уг хугацааг сэргээх боломжтой эсэх талаар талуудыг хангалттай мэтгэлцүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-6.5, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т заасныг зөрчсөн, нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэж үзнэ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2, 176.2.1, 176.2.2-т заасныг баримтлан шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Б.Э нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсдэг бөгөөд “Т” ХХК-ийн 2014.10.15-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээнд заасан төлбөрөө төлөхөөс татгалзсан тухай 2019.10.16-ны өдрийн албан тоот ирүүлсэн өдрөөс шаардах эрхээ зөрчигдсөн тухай мэдсэн гэж үзэж байна. Тиймээс 2019.10.16-ны өдрөөс хойш удаа дараа 2020.08.05-ны өдрийн 01/2688 дугаар “Гэрээ дүгнэх тухай” албан бичиг, 2022.01.16-ны өдрийн 01/256 дугаар “мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “Т” ХХК-д төлбөр төлөх тухай мэдэгдсэн боловч төлөлт огт хийгдээгүй тул 2022 оны 05 дугаар сард шаардах эрхийн хугацаа дуусгавар болохоос өмнө шүүхэд нэхэмжлэл гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасныг хангаагүй гэж үзэж байна.

Х болон “Т” ХХК-ийн хооронд 2014.06.23-ны өдөр ХҮГСДХ/ТБГ-04 дүгээр Төлбөр барагдуулах гэрээ байгуулж, гэрээгээр “Т” ХХК нь талуудын хоорондох АҮГСДХ-1/4 дүгээр зээлийн гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 1,191,858,844 төгрөг, хүү 29,943,413 төгрөг, алданги 2,026,160 төгрөг, “М” ХХК-аас олгосон даавууны төлбөрийн үлдэгдэл 1,548,459,849.44 төгрөг, даавууны зориулалттай зээлийн гэрээний хүү 109,856,087.82 төгрөг, алданги 30,121,249.7 төгрөг, нийт 2,912,256,602.96 төгрөгийг 2014.10.15-ны өдрийн дотор ХЯ-д төлөхөөр хугацааг тохирсон учир нэхэмжлэгчид гэрээний үүргийг шаардах эрх энэ өдөр үүссэн ба хариуцагч 2015.08.28-ны өдөр зээлийн төлбөрийг төлөх хэлбэрээр шаардлагыг зөвшөөрсөн тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ. Иймээс Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр тоолбол 3 жилийн хугацаа 2018.08.28-ны өдөр дуусжээ гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүхээс магадлалын 4.1-т “Хариуцагч “Т” ХХК нь Ү-тай 2013.07.23-ны өдөр байгуулсан ХҮГСДХ-1/4 тоот “Зээлийн гэрээ”-ний үүрэгт 2013.10.11-ний өдрөөс 2015.08.28-ны өдрийн хооронд нийт 1,864,350,000 төгрөгийг төлсөн болох нь холбогдох банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдсон зохигчид энэ талаар маргаагүй” гэсэн нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын төлбөр төлсөн төлөөгүй дээр бидний маргах эрхийг хангаагүйг буруу дүгнэсэн. Мөн давж заалдах шатны шүүхээс магадлалын 4.2-т “Хариуцагч “Т” ХХК нь “М” ХХК-аас авсан даавууны үнэд нийт 138,800,000 төгрөгийг төлсөн, 1,548,459,849 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа болох нь тогтоогдсон. Хариуцагч “Т” ХХК нь даавууны төлбөрийг төлж барагдуулсан гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар баримтаар нотолж чадаагүй байхад хэт нэг талын ашиг сонирхлыг хангаж шийдвэрлэсэн.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан шүүхийн хууль хэрэглээнд гарч буй зөрчлийг арилгах шаардлагатай тул магадлал, шийдвэрийг хүчингүй болгож, ХЯ “Т” ХХК-ийн хооронд байгуулсан Төлбөр барагдуулах гэрээнд заасан 1,688,437,186.96 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч прокурор Б.И, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Б.Э нарын гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.03.28-ны өдрийн 001/ШХТ2024/00385 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6.Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг бүхэлд нь, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд прокурорын гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

7.Нэхэмжлэгч Х /хуучнаар Ү/ нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт нийт 3,338,188,809.52 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээ багасгаж, 1,688,437,186.96 төгрөг болгожээ. Тэрээр 2014.06.23-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээг нэхэмжлэлийн үндэслэлээ болгон, уг гэрээгээр хариуцагч нь зээлийн үүрэгт үндсэн зээл 1,191,858,844 төгрөг, хүү 29,943,413 төгрөг, алданги 2,026,160 төгрөгийг төлөх, шаардах эрх шилжүүлсний дагуу “М” ХХК-аас авсан даавууны үлдэгдэл төлбөр 1,548,459,849 төгрөг, хүү 109,856,087 төгрөг, алданги 30,121,249 төгрөгийг төлөх үүрэг тус тус хүлээсэн, нийт 1,864,350,000 төгрөгийг төлсөн тул хасаад нэхэмжлэлээ багасгасан гэж тайлбарлажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийг дэмжиж прокурор оролцсон байна.

Хариуцагч “Т” ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч, 1) зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн, 2) “М” ХХК-аас худалдаж авсан даавууны үлдэгдэл төлбөр байгаа боловч үүнээс НӨАТ-ыг хасаж тооцоогүй, даавууны төлбөрт хүү, алданги төлөх үндэслэлгүйгээс гадна төлбөр барагдуулах гэрээний үүрэгт нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэсэн үндэслэлээр маргажээ.

8.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 123 дугаар зүйлийн 123.2, 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Хоёр шатны шүүх “…гэрээний үүрэгт нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн…” гэж дүгнэсэн байх ба энэхүү дүгнэлт хуульд нийцсэн эсэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн эсэх талаарх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн болно.

9.МУЗГ-с сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 2013.07.06-ны өдөр 250 дугаар тогтоол гаргасны дагуу Ү /цаашид Ү гэх/ болон Х-ны хооронд 2013.07.16-ны өдөр дамжуулан зээлдүүлэх гэрээ, Ү нь “Т” ХХК-тай 2013.07.23-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу “Т” ХХК нь сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх санхүүжилт болох 1,836,000,000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 4 сарын хугацаагаар зээлж авсан, үүний зэрэгцээ “Т” ХХК нь “М” ХХК-аас 106,815.6 метр даавууг худалдан авсан, Ү нь 2013.07.24-ний өдрийн гэрээний дагуу даавууны санхүүжилт 12,000,000,000 төгрөгийг “М” ХХК-д шилжүүлсэн, үүнд “Т” ХХК-ийн худалдан авсан 106,815.6 метр даавууны үнэ багтсан, улмаар “М” ХХК нь Х /цаашид Х гэх/-д Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрхээ шилжүүлсэн, үүний дараа ХХ болон “Т” ХХК 2014.06.23-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулж, уг гэрээгээр “Т” ХХК нь зээлийн үүрэгт 1,223,828,417 төгрөг болон “М” ХХК-аас шилжүүлсэн шаардах эрхийн үнэ 1,688,437,185 төгрөг, нийт 2,912,265,602 төгрөгийг 2014.10.15-ны дотор төлөхөөр харилцан тохирсон, “Т” ХХК нь нийт 1,864,350,000 төгрөгийг буцаан төлсөн үйл баримт тогтоогджээ.

10.Нэхэмжлэлийн үндэслэл болж буй 2014.06.23-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээ нь 1) “Т” ХХК-ийн 2013.07.23-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг, 2) мөн тус компанид холбогдох “М” ХХК-ийн худалдах-худалдан авах гэрээний шаардах эрхийг шилжүүлж авсны улмаас үүссэн үүрэг болох эдгээр 2 төрлийн үүргийг баталгаажуулсан агуулгатай ба нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээний дагуу шаардах эрхтэй гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн, харин худалдан авсан даавууны үнийг төлөх үүргээ биелүүлээгүй байна.

11.Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна.” гэж, хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заажээ.

Төлбөр барагдуулах гэрээний 2.4-т зааснаар “Т” ХХК нь төлбөрийг 2014.10.15 дотор төлөх /1хх 32-39/ үүрэгтэй бөгөөд хариуцагч нь хамгийн сүүлд 2015.08.28-ны өдөр төлөлт хийсэн үеэс гэрээний үүрэгт нэхэмжлэл гаргах гурван жилийн хугацааг тоолбол хөөн хэлэлцэх хугацаа 2018.08.28-ны өдөр дууссан, хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч нь хариуцагчтай уулзалт хийсэн, хариуцагч үүргээ зөвшөөрч байсан гэх тайлбараа нотлоогүй, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй, хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний үр дагавар нь үүргээс татгалзах эрхийг үүрэг гүйцэтгэгчид олгож байгаа учир нэхэмжлэгчийн шаардах эрх үгүйсгэгдэнэ.” гэж анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэхдээ гэрээний бусад нөхцөлийг анхаараагүй нь учир дутагдалтай болсон байна.

11.1.Талууд гэрээний 10.4-т “...компани төлбөрийг бүрэн барагдуулснаар дуусгавар болно” гэж зааснаас үзвэл зээлийн гэрээний ерөнхий хугацааг “зээлийг эргэн төлж дуусах хүртэл” гэх үйл явдлаар тодорхойлсон, нэхэмжлэгч тал гэрээний энэ нөхцөлийг шүүх хуралдаан дээр тайлбарлаж, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж мэтгэлцсэн байхад шүүх дүгнээгүй нь буруу болжээ. Зээлийн санхүүжилтийн эх үүсвэр, гэрээний зорилго, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд хөнгөлөлттэй зээл олгож, уг зээл нь заавал төлөгдөх талуудын тохиролцоо Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.3-т заасныг зөрчихгүй бөгөөд гэрээний хугацааг талууд тодорхой үйл явдлаар тогтоосон байна.

Гэрээнд өөр хугацаа буюу үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоосон хэдий ч нийтийн ашиг сонирхлыг харгалзан зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх ерөнхий хугацааг “зээлээ эргэн төлөх хүртэл” гэсэн үйл явдлаар тогтоосон нь гэрээ дуусгавар болоогүй болохыг нотолсон, улмаар гэрээний үүрэгт нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг өнгөрөөгүй гэж үзэв.

“Үүргийг биелүүлэх хүртэл” үйл явдлаар гэрээний хугацааг тогтоож байгаа талуудын харилцан тохиролцоо нь нийтийн ашиг сонирхол, гэрээний зүйл нь төрөөс олгосон санхүүжилт гэсэн онцлог нөхцөл байдлаас шалтгаалсан, уг хугацааг хоёр шатны шүүх анхаараагүй нь буруу байв.

11.2.Иймд хариуцагчаас даавууны үлдэгдэл төлбөр 1,548,459,849 төгрөг, хүү 109,856,087 төгрөг, алданги 30,121,249 төгрөг, нийт 1,688,437,186 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах хуулийн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

12.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг бүхэлд нь, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд прокурорын гомдлын зарим хэсгийг хангана. Энэ маргаанд хамааралгүй учраас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийг хэрэглэх байсан гэх прокурорын гомдол үндэслэлгүй. Түүнчлэн зохигч нь хөөн хэлэлцэх хугацааны талаар шүүх хуралдаан дээр мэтгэлцсэн, нэхэмжлэгч нь энэ талаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргаагүй учир хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн ажиллагаа хууль зөрчөөгүй ба хөөн хэлэлцэх хугацааны талаар мэтгэлцэх эрхийг хязгаарласан гэх прокурорын гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2024/00252 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2023/03439 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК-аас 1,688,437,186 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х-д олгосугай” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Т” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 8,600,136 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулсугай” гэж тус тус өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч, 41.1.14-т зааснаар прокурор хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас тус тус чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                                    ШҮҮГЧИД                                                         Н.БАТЗОРИГ

                                                                                                                  Н.БАЯРМАА

                                                                                                                   П.ЗОЛЗАЯА

                                                                                                                  Д.ЦОЛМОН