Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 0012

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

О.От холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                                      Ц.М

Шүүгдэгч                                                       О.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Р.Ц

Нарийн бичгийн дарга                             Э.Булгантамир нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолтой, О.О-т холбогдох, эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Б овогт О-ын О,

 

Шүүгдэгч О.О нь 2019 оны 09 сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрээс хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Б овгийн О-ын О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-ыг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-т тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоож, энэ хугацаанд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч О.О нь тэнссэн хугацаанд шүүхээс хязгаарласан хязгаарлалтыг зөрчих, санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж,

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтаар хураагдсан Орхон аймгийн цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа цагаан өнгийн цаас 2 ширхэг, улаан өнгийн тагтай саарал өнгийн сав 1 ширхэг, 20.85 гр өвс мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж,

 

  Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Л.Энхтайван эсэргүүцэлдээ:

 

... Анхан шатны шүүх шүүгдэгч О.О-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэм хэмжээ, гэм буруугийн хэлбэр, сэдэл, хандлага, хор уршигийг арилгасан зэргийг эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзаж үзээгүй нь Эрүүгийн хуулийн зорилго, хууль ёсны зарчимд нийцээгүй байна. Учир нь шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэм буруугийн хэр, хэмжээ, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг болно.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон” байхаар, мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор...” мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршигийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тэнсэхээр... ” тус тус заасан байхад зөвхөн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдлыг харгалзана гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчил нь Монгол Улсын үндэсний эрх ашиг, тэр дундаа залуу үе, нийгмийн ухамсар, хүн амын эрүүл, аюулгүй байдалд хор хохирол үр дагавар нь үүсч байдаг тул тухайн төрлийн гэмт хэргийн хохирол, хор уршиг, үр дагаврыг нийтлэг эрх ашигт аюул учруулж болох нөхцөл байдлаар үнэлж дүгнэх учиртай.

Мансууруулах бодисын нийгэмд учруулж буй хор хохирлыг шүүх эрх мэдлийн байгууллагаас ял, хариуцлагыг адил тэнцүү, нэг мөр сонгож хэрэглэснээр төрийн бодлогын агуулга тодорхойлогдоно.

Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг шийтгэх тогтоолд өөр өөрөөр тайлбарлаж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг бэлтгэх хадгалах, худалдах төрлийн гэмт хэргийг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим, мөн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд үл нийцнэ.

Иймд Монгол улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.М дүгнэлтдээ:  Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

             

              Прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч О.О-т холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэр, хэргийн бүх ажиллагааг хянаж үзлээ.

 

Орхон аймгийн прокуророос шүүгдэгч О.О-ыг 2019 оны 09 сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрээс хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, биедээ хадгалсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч О.О-ын дээрх үйлдлийг   хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-ыг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.От тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоож, энэ хугацаанд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч О.О-т холбогдох хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцэхдээ прокуророос тогтоож, шүүхэд шилжүүлсэн үйл баримтанд нотлох баримттайгаар дурьдагдаж байгаа сэтгэцэд нөлөөт ургамалыг бусдад өгч буй О.О-ын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл эсэхэд дүгнэлт хийлгүй орхигдуулж шийдвэрлэсэн байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч О.О нь түүсэн өвсөө Б.Г-тэй хамт наадмын талбай руу орж цаасанд ороож татсан, Б.Г-ын шээснээс хар тамхины төрлийн бодис илэрсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон байна.

 

Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр ...“бусдад өгсөн” гэсэн шинжид хамаарч болох үйлдлийг орхигдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлж болохуйц нөхцөл байдал бөгөөд энэ ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй юм.

 

Мөрдөн байцаалтын болон прокурорын шатанд О.О-ын үйлдэлд ...бусдад өгсөн бол гэсэн шинж тогтоогдсон эсэх, уг үйлдэлд ял сонсгох, яллагдагчаар татах эсэх талаар ямар нэгэн шийдвэр гараагүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дээрх ажиллагааг хийж гүйцэтгүүлэхээр хэргийг прокурорт буцааж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын эсэргүүцэлийг хэлэлцэхгүй орхиж  шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Цаашид анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэхдээ гэмт хэрэг үйлдсэн ямар нөхцөл байдал байгаа,  хувийн ямар байдлыг харгалзан үзээд тэнсэх арга хэмжээ авах нь тохирсон гэж үзэж байгаа талаарх үндэслэлүүдээ тодорхой зааж дүгнэлт  хийж байхыг анхаарах шаардлагатай байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1. 3, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч О.Оын хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасугай.

 

            2. Прокурорын эсэргүүцлийг хэлэлцээгүй болохыг дурьдсугай.

 

            3. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч О.От авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            4.Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

               ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                             С.УРАНЧИМЭГ

                                                                                           С.ЦЭЦЭГМАА