Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2020/ШЦТ/168

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О

Улсын яллагч Л.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц

Шүүгдэгч О.О нарыг оролцуулан Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.От холбогдох эрүүгийн 1925006490439 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

 

  1. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч О.О нь 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрээс хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн прокурорын газраас шүүгдэгч О.Оыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

 

 

 

 

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч О.О мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. О.Оын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-13-р хуудас/

 

2. Мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестэр ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 8-9-р хуудас/

 

3. Гэрч Б.Г-тын ...“Би Найз О.Оын гэрт буюу 6-9 дүгээр байрны 60 тоотод очоод байж байгаад гэрээс нь гараад наадмын талбай орж мансууруулах төрлийн ургамал хэрэглэсэн юм. О.О куртикний халааснаасаа гаргаж ирээд бид хоёр тамхи ороож татдаг цагаан өнгийн цаасанд ороож татсан. Тэгээд бид хоёр Калм нэртэй пабд суусан” гэсэн мэдүүлэг. /хх-н 31-р хуудас/

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 5110 дугаартай дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн “О.Оаас хураан авсан 20,82 гр гэж хаягласан 10,0273 гр жинтэй нунтаг ургамалд делта-9 тетрагидроканнабинол илрэв. Делта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтанд багтдаг” гэсэн дүгнэлт. /хх-н 21-22-р хуудас/

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 5108 дугаартай дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн “О.О” гэж хаягласан 100 мл хэмжээтэй шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илрэв. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтанд багтдаг” гэсэн дүгнэлт. /хх-н 27-28-р хуудас/

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 5109 дугаартай дүгнэлтэнд ...”Шинжилгээнд ирүүлсэн “Б.Г” гэж хаягласан 50 мл хэмжээтэй шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илрэв. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтанд багтдаг...” гэсэн дүгнэлт. /хх-н 24-25-р хуудас/

 

7. Шүүгдэгч О.Оын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-н 45-47-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Э дүгнэлтдээ: “О.О нь 2019 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрээс хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламжтай ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн биедээ хадгалсан, бусдад өгсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан О.Оын биед үзлэг хийсэн тэмдэглэл, мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн  эсэхийг шалгасан тэмдэглэл, шүүх шинжилгээний албаны дүгнэлт, гэрч Ганбатын мэдүүлэг, яллагдагчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мэдүүлгийг шалгасан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол зэрэг нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон байна. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Хохирол төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан цаас хоёр ширхэг, улаан саарал өнгийн сав, өвс мэт гэх зүйлийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, О.От авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах саналыг гаргаж байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц дүгнэлтдээ “Өмгөөлөгчийн хувьд хэргийн зүйлчлэл гэм буруугийн хувьд мэтгэлцэхгүй. Шүүгдэгчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй.  Улсын яллагчийн зүгээс хорих ялыг биечлэн эдлүүлэх санал гаргаж байна. Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллаж байгаа. Энэ гэмт хэргийн санкц нь 1 жилээс 5 жил хүртэлх хугацаагаар хорих ялын санкцтай мөн зорчих эрхийг хязгаарлах ялын санкцтай  байгаа. Одоогоор зорчих эрхийг хязгаарлах ял хэрэглэж эхлээгүй байгаа учраас хамгийн хүнд ялын төрөл буюу хорих ялын төрлийг улсын яллагч санал болгож байна гэж ойлгож байна. Энэ гэмт хэрэг нь гэмт хэргийн ангиллын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар хөнгөн зэргийн гэмт хэргийн ангилалд багтдаг. Энэ хэргийн хувьд тусгайлан ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал хамаарахгүй байна гэж харж байгаа. Хадгалсан болон бусдад өгсөн нь өөрөө энэ гэмт хэргийнхээ шинжид орсон. Харин хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар анх удаагаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн байдаг. Нэг л удаагийн үйлдэл. Өөрөө түүсэн газраа болон түүсэн өвсөө авч явж татсан газраа зааж өгдөг.  Өөрийн бэлтгэсэн зүйлээ бусдад татуулах гэж өгсөн үйл явдал байдаг. Түүнээс биш бусдад түгээн дэлгэрүүлэх, хор уршгийг бий болгох, нийгмийг уруу татах гэж өгсөн зүйл байхгүй гэж мөрдөн байцаалтын шатанд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ хэлдэг. Хууль тогтоогчид энэ гэмт хэргийн хор аюулын шинж чанар бусад бүх нөхцөл байдлыг тодорхойлоод энэ хэргийг хөнгөн зэргийн гэмт хэрэгт багтаасан. Мөн түүнчлэн энэ хэрэгт оногдуулах ялыг сонгох санкцтайгаар бий болгосон. 2020 оны 1 дүгээр сард Эрүүгийн хуулинд өөрчлөлт орсон тэгэхэд энэ гэмт хэрэг хөнгөн ангилалынхаа гэмт хэрэгт багтаад үлдсэн. Тэгэхээр хууль тогтоогч, хууль санаачлагч нар энэ гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж үзсэн. Тэгэхлээр бид энэ хэргийг хөнгөн гэмт хэргийнх нь хүрээнд ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэж байгаа. Өмнө бас анхан шатны шүүхээр ороод шүүгдэгчид ял оногдуулахгүйгээр тэнсэж байсан. Улсын яллагч ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нийгмийн аюулын хэр хэмжээг тодорхойлон ярьж байсан. Гэхдээ үүнийг хууль тогтоогч нь өөрөө хөнгөн гэмт хэргийн ангилалд багтааж оруулсан учраас бид нар хуулийг хэрэглэхдээ хүндрүүлэн хэрэглэх боломжгүй юм байна. Хэрвээ ингэх юм бол шүүгдэгчийн эрх зүйн байдал дордох юм болов уу гэж өмгөөлөгчийн хувьд харж байгаа. Энэ гэмт хэрэг 2019 оны 9 дүгээр сарын эхээр үйлдэгдсэн үүнээс хойш энэ хүн дахин ийм төрлийн гэмт хэрэгт холбогдсон буюу дахиж энэ өвсийг татсан уу гэдэг асуудал яригдана. Гэтэл тийм зүйл байхгүй.  Шүүгдэгч өнөөдөр би болчимгүй байдлаас бол ийм хэрэгт холбогдож байгаадаа маш их гэмшиж байна гэдэг. Би үүнийг үнэн хэлж байна, үнэхээр их гэмшиж байна гэж ойлгож байгаа. Энэ хүүхэд өнөөдөр дөнгөж 20 нас гарч яваа залуу хүүхэд, айлын ганц хүүхэд. Ах, эгч, дүүтэй гэдэг. Тэд нар нь ээжийнх нь төрсөн дүү нар нь хүүхдүүдтэйгээ байдаг юм байна лээ. Энэ хүүхдийн төрсөн эцэг нь байдаггүй, төрсөн ээжтэйгээ байдаг хүүхэд байгаа. Нэг удаагийн хөнгөн гэмт хэрэг үйлдэж байгаа үйлдэлд заавал нийгмээс тусгаарлаад хорих ял оногдуулвал энэ хүний цаашдын ахуй амьдрал, сурч боловсрох, ажиллах нөхцөл байдлыг бодолцож үзээсэй гэж хүсч байна. Дөнгөж амьдралын босго руу алхаж байгаа хүүхэд хорих ангид очихоороо нэг их хүмүүжээд гараад ирэх нь юу л бол. Хүмүүжүүлдэггүй гэж хэлэх гэж байгаа юм биш. Нийгэм энэ хүнийг яаж хүлээж авах уу, гэр бүл зохиох асуудал дээр хар толбо үлдэнэ. Шоронд орж байсан гэхээр манай нийгэм, ажил олгогч нар яаж хүлээж авдаг билээ гэх зэрэг байдлуудыг харгалзаж үзэж ял шийтгэл оногдуулж өгнө үү. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх гэсэн зүйл заалт байгаа боловч үүнийг хэрэглээчээ гэсэн хүсэлт тавихгүй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар тэнсэж үүрэг хүлээлгэж хязгаарлах албадлагын арга хэмжээ авч өгөөч гэсэн саналыг гаргаж байна. Тэнсэж болон албадлагын арга хэмжээ авах хугацааны хувьд санал дүгнэлт гаргахгүй. Үүнийг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан О.Оын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестэр ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Б.Ганбатын “Би Найз О.Оын гэрт буюу 6-9 дүгээр байрны 60 тоотод очоод байж байгаад гэрээс нь гараад Наадмын талбай орж мансууруулах төрлийн ургамал хэрэглэсэн юм. О.О куртикний халааснаасаа гаргаж ирээд бид хоёр тамхи ороож татдаг цагаан өнгийн цаасанд ороож татсан. Тэгээд бид хоёр Калм нэртэй пабд суусан” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 5110 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 5108 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 5109 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч О.О нь 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрээс хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, биедээ хадгалсан, бусдад өгсөн үйл баримт тогтоогдож байна.

 

                   О.О нь хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөлөх бодис, түүний түүхий эдийг худалдах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан бусдад өгсөн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

                   Шүүгдэгч О.От ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн цаас 2 ширхэг, улаан өнгийн тагтай, саарал өнгийн савны хамт 20.85 грамм өвс мэт зүйл зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.О нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О.Оыг Эрүүгийн хуулийн тусгай 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Оыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.От оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн цаас 2 ширхэг, улаан өнгийн тагтай, саарал өнгийн савны хамт 20.85 грамм өвс мэт зүйл зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

  6. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

   7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Ц.АЛТАНГАДАС