Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 0006

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Л.Э

Шүүгдэгч О.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.О-т холбогдох эрүүгийн 1925006490439 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, О.О

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч О.О нь 2019 оны 09 сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрээс хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч О.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Би энэ өвсийг хэрэглэдэггүй. Нүдэнд харагдахаар нь түүгээд авчихсан. Өвсний талаархи мэдээлэл яаж хэрэглэгдэг талаар сошиалаас мэдэж авсан байсан. Одоо дахин ийм зүйл хийхгүй маш сайн ойлгосон. Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Хөнгөн ял оногдуулна уу гэсэн мэдүүлэг,

 

-Гэрч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би Найз Оын гэрт буюу 6-09 дүгээр байрны 60 тооотод очоод байж байгаад гэрээс нь гараад Наадмын талбай орж мансууруулах төрлийн ургамал хэрэглэсэн юм. О.О куртикны халааснаасаа гаргаж ирээд бид хоёр тамхи ороож татдаг цагаан өнгийн цаасанд ороож татсан. Тэгээд бид хоёр Калм нэртэй пабд суусан гэсэн мэдүүлэг /хх 31 ху/

 

-Гэрч П.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Тухайн шөнө хөдөлгөөнт эргүүлийн цагдаа Эрдэнэбаяр, Учралсайхан нар зөрчил гаргасан гэх О гэдэг нэртэй хүнийг эрүүлжүүлэх баривчлах байранд авчирсан. Оыг хүлээн авахдаа биед үзлэг хийхэд нунтаг ургамал мэт зүйл гарч ирсэн гэж надад хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 35 ху/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5110 дугаар дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн “О.Оаас хураан авсан 20,82 гр” гэж хаягласан нунтаг ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн “О.Оаас хураан авсан 20.82 гр” гэж хаягласан 10,0273 г жинтэй нунтаг ургамалд дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahyrocannnabinol/ илрэв. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahyrocannnabinol/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай тухай конвенцийн жагсаалтанд багтдаг.

3. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлийг дүгнэлтийн хамт буцаав. Шинжилгээнд зориулж ирүүлсэн ургамал мэт зүйлээс 0.1 граммыг зарцуулсан болно гэсэн дүгнэлт /хх 21 ху/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5109 дугаар дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд “Батжаргал Ганбат ФБ98060837” гэж хаягласан шээс хэмжээний хувьд хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн “Батжаргал Ганбат ФБ98060837” гэж хаягласан 50 мл хэмжээтэй шээсэнд тетрагидроканнабинол /THC/ илрэв.

3. Тетрагидроканнабинол /THC/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвецийн жагсаалтанд багтдаг гэсэн дүгнэлт /хх 24 ху/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5108 дугаар дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн “О.О нь ФБ98060136” гэж хаягласан шээс хэмжээний хувьд хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн “О.О нь ФБ98060136” гэж хаягласан 100 мл хэмжээтэй шээсэнд тетрагидроканнабинол /THC/ илрэв.

3. Тетрагидроканнабинол /THC/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг гэсэн дүгнэлт /хх 27 ху/,

 

-Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтэнд:

1. Магадлуулагч О.О нь сэтгэцийн хувьд эрүүл, эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай.

2. Магадлуулагч О.О нь одоогоор сэтгэц нөлөөт эм болон мансууруулах боди донтох эмгэгийн шинжгүй байна гэсэн дүгнэлт /хх 86 ху/,

 

-Хэл загвар, дээж авсан тэмдэглэл /хх 7 ху/

-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-10, 12-13, 22, 25, 28, 47 ху/

-Эд мөрийн баримтаар тооцох тухай /хх 14 ху/

-О.Оыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 38, 40 43-44, 80-81 ху/

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх 45-46 ху/

              -Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 49 ху/

              -Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 18-ны өдрийн 1022 дугаартай шийтгэврийн хуулбар /хх 83-84 ху/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүгдэгч О.О нь 2019 оны 09 сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрээс хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, биедээ хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Би энэ өвсийг хэрэглэдэггүй. Нүдэнд харагдахаар нь түүгээд авчихсан. Өвсний талаархи мэдээлэл яаж хэрэглэгдэг талаар сошиалаас мэдэж авсан байсан. Одоо дахин ийм зүйл хийхгүй маш сайн ойлгосон. Хийсэн хэрэгтээ харамсаж байна“ гэсэн мэдүүлэг, гэрч Б.Ганбат /хх 31 ху, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5110, 5109, 5108 дугаартай, шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтүүд, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгаж хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч О.О-т Эрүүгийн хуулийн тусгай 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч О.О нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдлыг харгалзан хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэх боломжтой гэж үзлээ.

 

            Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн цаас 2 ширхэг, улаан өнгийн тагтай саарал өнгийн сав 1 ширхэг, 20.85 гр өвс мэт зүйл нь Орхон аймгийн цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа бөгөөд түүнийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-ыг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-т тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоож, энэ хугацаанд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч О.О нь тэнссэн хугацаанд шүүхээс хязгаарласан хязгаарлалтыг зөрчих, санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

 

            5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтаар хураагдсан Орхон аймгийн цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа цагаан өнгийн цаас 2 ширхэг, улаан өнгийн тагтай саарал өнгийн сав 1 ширхэг, 20.85 гр өвс мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА