| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
| Хэргийн индекс | 181/2021/03351/И |
| Дугаар | 001/ХТ2024/00079 |
| Огноо | 2024-04-23 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2024/00079
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2023/03798 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2024/00267 дугаар магадлалтай,
“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
“С” ХХК, “И и ү” ХХК-д тус тус холбогдох
Гэм хорд 74,335,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч “И и ү” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганболд, хариуцагч “С” ХХК-ийн өмгөөлөгч М.Жавхлан, хариуцагч “И и ү” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “И” ХХК нь хариуцагч “С” ХХК, “И и ү” ХХК нарт холбогдуулан гэм хорд 74,335,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
2.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2023/03798 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан “И и ү” ХХК-аас 74,335,800 төгрөг гаргуулж, “И” ХХК-д олгож, хариуцагч “С” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 529,629 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч “И и ү” ХХК-аас 529,629 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “И” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2024/00267 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2023/03798 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “И и ү” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
4.Хариуцагч “И и ү” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гараагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хоёр шатны шүүх хэргийн бодит байдлыг зөв тогтоож чадаагүй, хэрэгт ямар ч хамааралгүй этгээдэд холбогдуулан буруутай гэж шийдвэрлэсэнг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагчаар татагдсан “И и ү” ХХК нь тухайн талбайд үйл ажиллагаа хэзээ ч огт явуулж байгаагүй, өмчлөгч биш байхад өмчлөгч байсан, ашиглалт, үйлчилгээний гэрээ байгуулсан хугацаа нь дууссан байхад ашиглагч байна гэж буруу дүгнэн шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулийг өөр, өөрөөр тайлбарлан хэрэглэсэн. Анхан шатны шүүхээс Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8-д “хэрэглэгч буюу орон сууцны өмчлөгч нь өөрийн эзэмшилд байгаа шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар, үйлчилгээг хариуцан гүйцэтгэх үүрэгтэй” гэж, хуулийн 15.1.12-т өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид гарсан болон гарч болох осол, гэмтлийн талаар хангагчид мэдээлэх, шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх, усны хэмжих, хянах хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хариуцах” гэж тус тус заасныг /шийдвэрийн 6 дугаар тал/ үндэслэл болгон хариуцагч “И и ү” ХХК-ийг өмчлөгч биш байхад өмчлөлтэй холбоотой ямар ч нотлох баримт хэрэгт байхгүй байхад өмчлөгч гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн. Харин давж заалдах шатны шүүхээс хуулийн энэ зохицуулалтыг өмчлөгчөөс гадна эзэмшигч мөн хамаарахаар байна (магадлалын 5 дугаар тал) гээд өмчлөгч биш ч гэсэн эзэмшигч мөн гэж дүгнэн тухайн талбайд огт үйл ажиллагаа явуулж байгаагүй хариуцагч “И и ү” ХХК-д хариуцуулан хуулийг зөрүүтэй хэрэглэснийг хүлээн зөвшөөрөхгүй.
Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “... Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ...” гэж зааснаар гэм хор учруулсан этгээдийг анхан шатны шүүх өмчлөгч учраас мөн гэж, давж заалдах шатны шүүх эзэмшигч учраас мөн гэж зөрүүтэй дүгнэн гэм хор учруулсан этгээдийг зөв тогтоож чадаагүй алдаа гаргасан.
4.1.”С” ХХК болон “И и ү” ХХК-ийн хооронд байгуулагдсан ашиглалт, үйлчилгээний гэрээг давж заалдах шатны шүүх 2018.08.01-ний өдөр (магадлалын 5 дугаар тал 3.2-т), анхан шатны шүүх 2019.03.26-ны өдөр (шийдвэрийн 5 дугаар тал 10.3) байгуулагдсан байна гэж гэрээний харилцааг зөрүүтэй дүгнэсэн ба уг гэрээ нь өмчлөгч өөрчлөгдсөн цаг хугацаанд дуусгавар болсныг анхааран үзээгүй. Энэхүү гэрээ нь хэзээ ч байгуулагдсан байсан өмчлөгч өөрчлөгдсөн буюу 2020.12.22-ны өдөр дуусгавар болсон болно. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт одоо хэн эзэмшиж байгаа талаар шүүгчийн асуултад “И и ү” ХХК нь эзэмшиж, ашигладаггүй талаар маш тодорхой хариулт өгсөн байдаг. Ийм байтал “И и ү” ХХК ч биш түүний хувьцаа эзэмшигч хувьдаа өмчилж байсан үедээ байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэн шийдвэрлэснийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна.
4.2.Монгол Улсын Дээд шүүхийн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 001/ХТ2022/01273 дугаартай тогтоолоор “... Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө, ... уг гэм хорыг арилгахдаа гэм хорыг учруулахаас өмнөх байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зохицуулсан ...” гэж тухайн зүйл, заалтуудыг хэрхэн хэрэглэх талаар дэлгэрэнгүй, ойлгомжтой шийдвэрлэсэн тогтоол байна. Анхан болон давж заалдах шүүх улсын дээд шүүхийн хуулийг дэлгэрэнгүй, ойлгомжтой тайлбарласан энэхүү шийдвэрээс өөрөөр дүгнэн хэрэглэж хэрэг маргааныг буруу шийдвэрлэсэн гэж үзэж байна.
4.3.Нэхэмжлэгч өөрийн хохирол учирсан гэх эд хөрөнгийн эзэмшигч, шаардлага гаргах этгээд мөн болохоо нотолж чадаагүй байхад хохирлыг нэхэмжлэгчид олгон шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Эд хөрөнгө нь нэхэмжлэгчийн хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгө болохыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд өөрөө нотолж мэдүүлдэг, энэ талаар шүүхэд гаргаж өгсөн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул үнэлээгүй, эд хөрөнгө нь нэхэмжлэгчийн хөрөнгөнд бүртгэлтэй, түүний хөрөнгө болох талаар хэрэгт ямар ч баримт байхгүй, нэхэмжлэгчийн үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгө биш болох нь илэрхий байхад нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн байна гэж дүгнэн шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Мөн анхан шатны шүүхээс “...нэхэмжлэгч хохирол 74,335,854 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дээрх хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогдсон хэмжээгээр гаргуулахаар шаардсан боловч хариуцагч уг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан хэдий ч татгалзлаа баримтаар нотлоогүй ...” гэж дүгнэн шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Үнэлгээний тайлантай холбоотой шинжээч томилуулах тухай хүсэлтийг шүүх хангаагүй, хүлээн аваагүй мөртлөө хариуцагчийг татгалзлаа баримтаар нотлоогүй гэж дүгнэж байгаа нь талуудын эрх тэгш байх зарчмыг хангаагүй, нэг талд хэт давуу байдал олгосон гэж үзэхээр байна. Хохирол учирсан гэх эд хөрөнгүүд нэхэмжлэгчийн эзэмшилд байдаг, хөрөнгийн үнэлгээ зөвхөн нэг талын хүсэлтээр түүний сонгосон этгээдээр хийгдсэн, эрх бүхий этгээдээс шинжээчид хууль сануулан үнэлгээ хийгдээгүй, үнэлгээ хийсэн этгээд нь тусгай зориулалтын тоног төхөөрөмжид үнэлгээ хийх тусгай мэдлэг байхгүй байхад үнэлгээний тайланг үнэн зөв гэж дүгнэн шийдвэрлэсэнд гомдолтой байна.
4.4.Анхан шатны шүүхээс “..нэхэмжлэгч нь хоёр хариуцагчид холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан боловч шүүх хуралдаанд гэм буруутай этгээдээс нь учруулсан хохирлыг гаргуулна гэх тайлбар гаргасан тул дээрх бичгийн баримтууд болон хуульд зааснаар 74,335,800 төгрөгийн хохирол учирсанд хариуцагч “С” ХХК-ийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй, шалтгаант холбоо тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ...” гэж үзэн гэм буруугийн асуудлаар тусгай мэдлэг, бүхий эрх бүхий этгээдийн ямар ч дүгнэлт байхгүй байхад гэм буруу нь “И и ү” ХХК-тай холбоотой гэж ямар ч хамааралгүй этгээдтэй холбон дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Гэм буруугийн асуудлаар шинжээчийн дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлагатай гэж шүүх дүгнэн удаа дараа шинжээч томилогдсон боловч хариуцагч “С” ХХК-аас баримт гаргаж өгөөгүй, дүгнэлт гаргахад хангалттай нотлох баримт байхгүй тул дүгнэлт гаргаж чадаагүй байдаг. Гэтэл ус хэрхэн, хаанаас, ямар шалтгаанаар алдсан болох, ус алдсан тоног төхөөрөмж хэрэглэгч, хангагчийн хэнд хамааралтай болох нь огт тогтоогдоогүй, ямар ч дүгнэлт гараагүй, зайлшгүй тусгай мэдлэг шаардаж байхад шүүхүүд хариуцагч “И и ү” ХХК-ийг буруутгасныг хүлээн зөвшөөрөхгүй.
Иймд дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн хариуцагч “И и ү” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
5.Хариуцагч “И и ү” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д-ийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.03.28-ны өдрийн 001/ШХТ2024/00362 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХЯНАВАЛ:
6.Хариуцагч “И и ү” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д-ийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагч “И и ү” ХХК нь “...манай угаалтуурын уян хоолой цоорсны улмаас ус алдсан гэдэг нь ор үндэслэлгүй, “С” ХХК-ийн барилгыг анх ашиглалтад өгсөн үеийн цэвэр усны булангийн хаалтнаас ус алдсан, “И“ ХХК нь зээлийн үйл ажиллагаа явуулдаг компани атлаа оффисын өрөөнд байсан эд хөрөнгө нь ус алдсаны улмаас гэмтсэн, ашиглах боломжгүй болсон гэдэг байдлаар нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тайлбарладаг, ...өөрийн үйл ажиллагаатай огт хамааралгүй 2 хүний ор, халдаг сандал, хэвлийн гудас зэрэг эд хөрөнгийн хохирлыг шаардах эрхгүй, эдгээр эд хөрөнгийн өмчлөгч болох нь тогтоогдоогүй. Тодорхой хэмжээний ус алдсан байгаа боловч эд хөрөнгүүдэд хохирол учрах хэмжээний их ус алдаагүй...” гэж тус тус маргажээ.
10.Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримтыг тогтоохдоо болон маргааныг шийдвэрлэх эрх зүйн үндэслэлд Иргэний хууль болон Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэж адил дүгнэлт хийсэн байна.
Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаас хариуцагч “И и ү” ХХК-ийн “тус компани нь өмчлөгч биш байхад өмчлөгч гэж, ашиглалт, үйлчилгээний гэрээний хугацаа нь дууссан атал ашиглагч гэж хоёр шатны шүүх дүгнэсэн нь зөрчилтэй, ус алдсан шалтгаан бүрэн тогтоогдоогүй, хэний буруугаас нэхэмжлэгчид гэм хор үүссэн эсэхийг шүүх хуульд нийцүүлэн тогтоогоогүй, үнэлгээ гаргуулах хүсэлтийг хүлээн аваагүй, норсон эд зүйл нь нэхэмжлэгчийн өмчлөлийн зүйл гэдэг нь нотлогдоогүй, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг өмнө гарсан Улсын дээд шүүхийн тогтоолоос өөрөөр тайлбарласан” гэсэн гомдлоос “шүүхийн хууль хэрэглээ зөрүүтэй” гэх агуулгын хүрээнд хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн.
11.Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргаж өгсөн болон тэдгээрийн хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтын хүрээнд эдгээрийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж маргааны үйл баримтыг тогтоожээ.
12.Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч “И” ХХК нь “С” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний дагуу С дүүргийн *** дүгээр хороонд байрлах Б оффисын 601 тоотыг эзэмшиж, ашиглаж байсан үед 2021.09.12-ний өдөр өөдөөс харсан 607 тоотоос ус алдсаны улмаас өрөөнд байсан эрүүл мэндийн тоног төхөөрөмж норж эд хөрөнгөд хохирол учирсан үйл баримтын талаар зохигч маргаагүй.
12.1.Норсон зүйл буюу хөдлөх эд хөрөнгө нь “И” ХХК-ийн эзэмшилд байсан, энэ тохиолдолд гуравдагч этгээдийн хувьд түүнийг өмчлөгч гэж тооцох нь Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасантай нийцэх бөгөөд хариуцагч нарын “нэхэмжлэгч нь тухайн эд хөрөнгийн талаар шаардлага гаргах эрхтэй болохоо нотолж чадаагүй” гэсэн татгалзал үндэслэлгүй. Нөгөө талаар, нэхэмжлэгч тухайн тоног төхөөрөмжийг тус компанийн хувьцаа эзэмшигч Монгол улсын хилээр оруулж, улмаар захиран зарцуулах эрхийг компанид олгосон тухай баримт гаргасныг хариуцагч нар няцаагаагүй байна. Иймд нэхэмжлэгч гэм хорыг гаргуулахаар шаардлага гаргах эрхтэй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.
12.2.”С” ХХК нь Б оффисын барилгын ашиглалтыг хариуцаж тус барилгад байрлаж буй өрөөнүүдийн өмчлөгч нартай ашиглалтын үйлчилгээний гэрээ байгуулдаг, үүний дагуу 607 тоотын өмчлөгчтэй 2017.03.01-ний өдрөөс эхлэн 3 жил хүчинтэй үйлчлэх, гэрээг цуцлах саналыг бичгээр гаргаагүй бол анхны нөхцөлөөр дахин сунгагдсанд тооцохоор харилцан тохиролцож гэрээг байгуулсан, уг гэрээнд өмчлөгчийг “И и ү” ХХК гэж заасан, захирал Д.Нарантуяа компанийг төлөөлж гэрээ байгуулсан нь тогтоогдсон байна. Хариуцагч “И и ү” ХХК нь ашиглалтын үйлчилгээний гэрээний хугацаа дууссанаас хойш гэрээг цуцлах талаар саналаа бичгээр гаргаагүй, иймээс шүүх тухайн гэрээ нь гэрээнд заасны дагуу дахин сунгагдсан гэж үзсэнийг үгүйсгэх нөхцөл тогтоогдоогүй.
Үүнээс гадна анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 607 тоотын өмчлөгч, эзэмшигч биш талаар тайлбар гаргаж маргаагүй байх тул “И и ү” ХХК нь 607 тоотын өмчлөгч бөгөөд уг өмчлөлийн зүйлээ эзэмшиж байсан, энэ үед ус алдсан гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “И и ү” ХХК нь 607 тоотын өмчлөгч, түүнчлэн эзэмшигч биш гэх гомдол үндэслэлгүй байна.
13.“... Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө, ... уг гэм хорыг арилгахдаа гэм хорыг учруулахаас өмнөх байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заажээ.
14.Хоёр шатны шүүх хариуцагч “С” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “И и ү” ХХК-аас гэм хорыг гаргуулахдаа ус алдсан өдөр барилгын хамгаалагчаар ажиллаж байсан гэрч С.Мөнхсүлдийн “ ...өрөөний хаалгыг нээгээд бичлэг хийсэн, харахад ус алдсаны улмаас халуун усны уян хоолой задарсан байсан, “ гэх мэдүүлэг, 607 тоотод ус алдсан байдлыг бэхжүүлсэн сидид буулгаж бэхжүүлсэн үзлэгийн ... өрөөний угаалтуурын хойд хэсэгт байрлах уян хоолой гэх аваарын хаалтыг эхлээд хаахад хаагдахгүй ус алдаж байгаа, босоо шугамын улаан хаалтыг хаахад ус хаагдсаныг харуулсан тэмдэглэл болон зохигчийн тайлбар, хариуцагч “И и ү” ХХК-ийн хүсэлтээр шүүхээс томилогдсон Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын шинжээчийн дүгнэлт, хариуцагчийн хүсэлтээр дүгнэлт гаргасан зөвлөх инженер Э.Б-ны гаргасан дүгнэлт, бусад нотлох баримтыг харьцуулж, ус алдсан шалтгааныг 607 тоотод өрөөний угаалтуурын ар талд байрлах уян хоолой задарч ус алдсан, өмчлөгч бөгөөд эзэмшиж байсныхаа хувьд “И и ү” ХХК нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8, 15.1.12-т зааснаар өөрийн эзэмшилд байгаа шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар үйлчилгээг хариуцах, түүнчлэн эдгээрт гарсан гэмтэл болон гарч болох осол, гэмтлийн талаар хангагчид мэдээлэх, шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх, усны хэмжих болон хянах хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хариуцах үүрэгтэй гэж заасны дагуу гэм хорыг хариуцна гэж үзсэнийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч “И и ү” ХХК нь болгоомжгүй эс үйлдэхүй буюу үр дагаврыг мэдсэн, мэдэх боломжтой байсан гэм буруугийн хэлбэрээр бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан тул хуульд заасны дагуу гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
15.Нэхэмжлэгчийн үйл ажиллагаа явуулж байсан байранд хадгалагдаж байсан эрүүл мэндийн тоног төхөөрөмж усанд норсноос ашиглагдах боломжгүй болсон, үнэлгээний компани нийт 74,335,854 төгрөгөөр үнэлснийг нэхэмжлэгч үндэслэн хохирлоо мөнгөөр шаардсан, харин хоёр шатны шүүх бүхэлд нь энэ хэмжээгээр гаргуулсан нь учир дутагдалтай байна.
16.Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж зохицуулсан.
17.Нэхэмжлэгч “И” ХХК нь зээлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба “С” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний дагуу *** тоотыг оффисын зориулалтаар эзэмшихээр тохиролцсон атлаа уг өрөөнд түрээсийн зориулалтын бус зүйл, тэр тусмаа үнэ цэнэ бүхий эрүүл мэндийн тоног төхөөрөмжийг их хэмжээгээр, шалан дээр хураасан, мөн энэ талаар түрээслүүлэгч бөгөөд барилгын ашиглалтыг хариуцдаг “С” ХХК-д мэдэгдээгүй буюу гэрээний үүргээ зөрчсөн, аливаа эрсдэлээс хамгаалах арга хэмжээ аваагүйгээс хохирлын хэмжээ нэмэгдэхэд түүний хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Иймээс хариуцагч “И и ү” ХХК-ийн хариуцах гэм хорын хэмжээг бууруулах нь зөв бөгөөд учирсан хохирлын тал хувь буюу нийт 37,167,900 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь хууль зөрчихгүй.
18.Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2024/00267 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2023/03798 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан “И и ү” ХХК-аас 37,167,900 төгрөг гаргуулж, “И” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 37,167,900 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч “С” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад “529,629 төгрөг гаргуулж” гэснийг “343,789 төгрөг гаргуулж” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч “И и ү” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “И и ү” ХХК-ийн 2024.03.11-ний өдөр төлсөн 529,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН