Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 19

 

Х б-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаарр сарын 04-ний өдрийн 502 дугаар шийдвэртэй,

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, улсын бүртгэлийн 9016001007, регистрийн 2578697 дугаартай, Х б-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймаг, Улаангом сумын 6 дугаар баг, Тээврийн хороо, 5-28 тоотод байрлах, улсын бүртгэлийн 1511003044, регистрийн 4003756 дугаартай, “Дб” ХХК,

Хариуцагч: Увс аймаг, Улаангом сумын 6 дугаар баг, 5-28 тоотод оршин суух, 1960 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ60091992, З овогтой Ц-ний Д,

Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Оранж плаза, 305 тоотод байрлах, улсын бүртгэлийн 9081005051, регистрийн 8091099 дугаартай, “Зээлийн батлан даалтын сан”-д тус тус холбогдох, иргэний хэргийг зээлийн батлан даалтын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, М. зээлийн батлан даалтын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д /онлайнаар/, хариуцагч “Дб” ХХК-ийн захирал Ц.Д, хариуцагч Ц.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу зээлийн үндсэн зээлийн үлдэгдэл 33.321.340 төгрөг, зээлийн хүү 1.725.605,51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36.054,8 төгрөг, нотариатын зардал 32.000 төгрөг, нийт 35.115.000,31 төгрөгийг гаргуулах, мөн барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгө, орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга болон анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Зээлдэгч Ц.Д болон “Дб” ХХК нь Х бтай 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 1250017824 дугаартай зээлийн гэрээ байгуулан 50.000.000 төгрөгийг жилийн 9 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар, тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар авсан. Банк нь 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зээлдэгч “Дб” ХХК-ийн Х б дахь 5000957924 дансанд 50.000.000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.

Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 16.678.660 төгрөг, зээлийн хүүд 8.701.303,20 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 18.586,82 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан 1250017824 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 265 хоног хугацаа хэтрүүлээд байна.

Х б нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1250017824 дугаартай зээлийн гэрээгээр дараах хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд: 1. Увс аймаг Улаангом сум, 10 дугаар баг, Довны ферм хадлангийн талбайн урд байрлах, гэрчилгээний дугаар 1520002486, 5 га талбай бүхий жимс, чацаргана тариалах зориулалт бүхий газар,

2. Увс аймаг Улаангом сум, 6 дугаар баг, 5-28 тоотод байрлах, Чацарганы тос шүүс шахах болон савлагааны зориулалттай тоног төхөөрөмж,

3. Мөн хаягт байрлах 8х7 м.кв талбай бүхий хэмжээтэй, 2 өрөө, гэрчилгээний 000108354, улсын бүртгэлийн Ү-1520001861 дугаартай хувийн орон сууц,

4. мөн хаягт байрлалтай, гэрчилгээний 000154870, улсын бүртгэлийн Г-1520002486 дугаартай, 940.8 м.кв талбай бүхий газар зэргийг барьцаалсан. Мөн үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгох батлан даалтын гэрээний дагуу Зээлийн батлан даалтын сан нь зээлдэгчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 45.6 хувийн хэмжээнд хариуцлага хүлээхээр гэрээ байгуулсан.

Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэг болон 1250017824 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 33.321.340 төгрөгөөс 15.194.531,04 төгрөгийг Зээлийн батлан даалтын сангаас, үлдэх 18.126.808,96 төгрөг болон 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар зээлийн хүү 1.725.605,51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36.054,8 төгрөг, нийт 19.888.469,27 төгрөг, нотариатын зардал 32.000 төгрөгийг тус тус Д бХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.Д нараас гаргуулах. Зээлдэгч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны дээр дурьдсан хөрөнгүүдээс болон хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж, шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч “Дабуян” ХХК-ийн захирал Ц.Долгормаа, хариуцагч Ц.Д нар анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Манай компани нь жимс жимсгэнэ, хүнсний ногооны тариалалт, чацарганы үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Х бны Увс салбараас 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулан үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар 50.000.000 төгрөгийн зээлийг жилийн 9 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай авсан. Үүнээс хойш бид зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу сар бүр 1.100.000 төгрөгөөс 1.200.000 төгрөг төлж, үндсэн зээлд 16.678.660 төгрөг, зээлийн хүүд 8.71.303,20 төгрөг, нийт 25.379.963 төгрөгийн эргэн төлөлт хийж, үүргээ биелүүлж байсан. Манай компани одоо хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа боловч улс, эх орны нийгэм эдийн засаг хямарсантай холбоотойгоор, ард иргэдийн худалдан авалт буурч, компанийн борлуулалтын орлого эрс муудаж, зарлагаа нөхөх боломжгүй байдалд хүрсэн. Х бны Увс салбарт энэ талаар мэдэгдэж, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, сарын төлөлтийг багасгах, гэрээний хугацааг хойшлуулах зэрэг хүсэлтийг удаа дараа уулзаж, амаар болон бичгээр гаргаж байсан боловч хүлээж аваагүй. Зээлийн гэрээ байгуулахдаа батлан даалтын гэрээг давхар хийж манай зээлийг эрсдэлд орсон нөхцөлд батлан даалтын сангаас төлөгдөөгүй зээлийн 45.6 хувиар үүрэг хүлээхээр 3 талт гэрээ байгуулсан ба уг гэрээ өнөөдөр хүчин төгөлдөр байгаа болно. Зээлийн барьцаанд чацаргана тарих зориулалт бүхий 5 га газар, чацарганы тос, шүүс шахах зориулалттай тоног төхөөрөмж, хувийн орон сууц, болон 940.8 мв талбай бүхий хашааны газар зэргийг барьцаалсан боловч компаний болон бидний зүгээс барьцаа хөрөнгөөрөө биш орлогоороо төлж барагдуулах хүсэлтэй байна.

Зээлийн барьцаанд тавьсан эдгээр хөрөнгүүд нь манай компанийн үйл ажиллагаа явуулах үндсэн эх үүсвэр, өөрөөр хэлбэл бид чацарганы талбайд чацаргана, жимс жимсгэнэ тариалж, өөрийн хувийн орон сууцны нэг өрөөндөө тоног төхөөрөмжөө байрлуулан үйлдвэрлэл явуулж байгаа юм. Хэрэв манай эдгээр хөрөнгийг банкны зээлийн барьцаанд хурааж авбал компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрнэ. Хэдийгээр манай борлуулалтын орлого муудаж зээлийн гэрээний үүргээ зөрчсөн боловч зээлийг төлж барагдуулна. Нэхэмжилж байгаа үнийн дүн болон бусад шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Гол нь тухайн зээлийн эргэн төлөлтийн хэмжээг багасгаж өгнө үү” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаарр сарын 04-ний өдрийн 502 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч “Дабуян” ХХК, Ц.Д нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 18.126.808,96 төгрөг, зээлийн хүү 1.725.605,51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36.054,8 төгрөг, нотариатын зардал 32.000 төгрөг, нийт 19.920.469,27 /арван есөн сая есөн зуун хорин мянга дөрвөн зуун жаран ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х бинд олгож,

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.4, 460.5.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.3-т зааснаар хариуцагч Зээлийн батлан даалтын сангаас 15.194.531,04 /арван таван сая нэг зуун ерэн дөрвөн мянга таван зуун гучин нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х бинд олгож,.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2, 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч “Дабуян” ХХК, Ц.Д нарын зээлийн барьцаанд тавьсан 1. Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, Довны ферм хадлангийн талбайн урд байрлах, гэрчилгээний 0175404 дугаартай, 5 га талбай бүхий жимс, чацаргана тариалах зориулалттай эзэмших эрхтэй газар, 2. Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 5-28 тоотод байрлах,  8х7 м.кв талбай бүхий хэмжээтэй, 2 өрөө, гэрчилгээний 000108354, улсын бүртгэлийн Ү-1520001861 дугаартай хувийн орон сууц, 3. Мөн хаягт байрлах, гэрчилгээний 000154870, улсын бүртгэлийн Г-1520002486 дугаартай, 940.8 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газар, 4. Мөн хаягт байрлах чацарганы тос, шүүс шахах болон савлагааны зориулалттай тоног төхөөрөмжөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” хэсгийг хэрэгсэхгүй болгон,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Х бнаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 333.525 /гурван зуун гучин гурван мянга таван зуун хорин тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Дабуян” ХХК, Ц.Д нараас 257.552 /хоёр зуун тавин долоон мянга таван зуун тавин хоёр/ төгрөгийг, хариуцагч Зээлийн батлан даалтын сангаас 233.922 /хоёр зуун гучин гурван мянга есөн зуун хорин хоёр/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х бинд олгож” тус тус шийдвэрлэжээ.

Зээлийн батлан даалтын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан талбартаа: “Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаарр сарын 04-ний өдрийн 502 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Зээлийн батлан даалтын сан нь Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зээлийн батлан даалт гаргах замаар тэдний санхүүжилт авах боломжийг нь бүрдүүлэх зорилго бүхий Засгийн газрын оролцоотой үүсгэн байгуулагдсан ашгийн төлөө бус хуулийн этгээд юм.

Зээлийн батлан даалтын сан нь дээрх зорилгын хүрээнд Зээлдэгч Д бХХК-ийн Х бнаас авсан 50.0 сая төгрөгийн зээлийн 45.6 хувьд батлан даалт гаргаж, Д бХХК болон Хасбанктай 2014 оны 11 сарын 21-ний өдөр Батлан даалтын гурван талт гэрээ байгуулсан.

Батлан даалтын гэрээнд "Зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг зээлдүүлэгч өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай авсан тохиолдолд батлан даагч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх"-ээр заасан.

Батлан даалтын гэрээнд зээлдүүлэгч буюу Х б тодорхой нөхцөлүүдийг биелүүлснээр шаардах эрх үүсэхээр зохцуулсан. Үүнд:

Батлан даалтын гэрээний 1.6 "Зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг зээлдүүлэгч өөрийн журам, зааврын хүрээнд сануулах, мэдэгдэх хуудас өгөх, шаардах хуудас өгөх зэрэг арга хэмжээ авсан тохиолдолд батлан даагч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ.

Батлан даалтын гэрээний 3.2.3 "Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ биелүүлээгүй өдрөөс хойш 90 хоногийн дотор багтаж, зээлдэгчээр зээл төлүүлэхтэй холбоотой энэхүү гэрээний 1.6-д заасан арга хэмжээг авах, Батлан даалтын гэрээний 3.2.4 "Энэхүү гэрээний 3.2.3-т зааснаар зээл төлүүлэх арга хэмжээг авсанаа нотолсон баримтуудаа батлан даагчид хүргүүлэх,

Нэхэмжлэгч Х б нь дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй байгаа тул сангаас шаардах эрх үүсээгүй байна.

Зээлдэгч нь үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож нийт 32.0 сая төгрөгийн дүн бүхий газар, тоног төхөөрөмж, хашаа, байшин зэрэг хөрөнгүүдийг барьцаалсан бөгөөд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулаагүй байхад нэхэмжилж байгаа нь үндэслэлгуй байна. Учир нь Монгол Улсын Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д "Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ" гэж заасан. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулаагүй байгаа тул Зээлийн батлан даалтын сангийн хариуцах үүргийн хэмжээг тодорхойлох боломжгүй байгаа юм.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт "Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.4, 460.5.1 ...-т зааснаар хариуцат Зээлийн батлан даалтын сангаас 15.19.4531.04 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х бинд олгосугай" гэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д "... зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ", 460 дугаар зүйлийн 460.1 "Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ" заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэжээ. Мөн Зээлдэгчийн барьцаа хөрөнгө нь үүргийн гүйцэтгэлийг хангахад бүрэн хүрэлцэхүйц байхад батлан даагчид шууд хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй гэж үзэж байна .

Түүнчлэн анхан шатны шүүх нь хариуцагчд шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, хариуцагчийн шүүх хуралд оролцох, мэтгэлцэх эрхийг хангалгүй бичгээр тайлбар ирүүлээгүйг "нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд" тооцож, батлан даалтын гэрээнд дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 502 дугаар шийдвэрт хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж Иргэний хууль болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажилгааны тухай хуулиудын холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцүүлэн шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Х б нь хариуцагч “Д б“ ХХК, Ц.Д, Зээлийн батлан даалтын санд тус тус холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу зээлийн үндсэн зээлийн үлдэгдэл 33.321.340 төгрөг, зээлийн хүү 1.725.605.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36.054,8 төгрөг, нотариатын зардал 32.000 төгрөг нийт 35.115.000,31 төгрөгийг гаргуулах, мөн барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгө, орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэгт авагдсан зээлийн 1250017824 дугаартай гэрээгээр Да буян ХХК 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Х бны Увс аймаг дахь салбараас 50.000.000 төгрөгийг жилийн 9 хувийн хүүтэй зээл авахдаа мөн өдөр Зээлийн батлан даалтын сан, Х бны салбар, зээлдэгч Д бХХК-ний хооронд Батлан даалтын гурвалсан гэрээ байгуулагдсанаас 35.083.000 төгрөг төлөөгүй болох нь нэхэмжлэл, зохигчдын тайлбар, 1250017824 дугаартай зээлийн болон барьцааны гэрээнүүд, Батлан даалтын гэрээ зэрэг баримтуудаар мөн зээлийн батлан даалтын гэрээний 1.6-д заасан зээл төлөх үүргээ хариуцагч нь биелүүлээгүйгээс 90 хоногоос дээш хугацаа хэтэрсэнээс зээлдүүлэгч зээлээ төлөхийг зээлдүүлэгчид мэдэгдэх хуудас хүргүүлэн шаардаж байсан болох нь тус тус тогтоогджээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч болон хариуцагч “Дабуян” ХХК, Ц.Д нар хүлээн зөвшөөрсөн байна.

Харин хариуцагч Зээлийн батлан сан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч түүний давж заалдсан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь :

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтооон хугацаанд нэхэмжлэлийг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй”, мөн зүйлийн  72.3-т ” Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72-2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.

Анхан шатны шүүх Х бны Увс аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй “Д б“ ХХК, Ц.Д, Зээлийн батлан даалтын сан нарт тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-д 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гардуулан, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг тайлбарлан өгч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, хэрэв ирүүлээгүй бол үүсэх үр дагаварыг танилцуулан гардуулсан байна.

Мөн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр болох шүүх хуралдааны товыг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттогтох, М.Даваажав нарт тус тус мэдэгдсэн байна. /хэргийн 65-66 дугаар тал/

Гэтэл хариуцагч Зээлийн батлан даалтын сан дээрхи хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, хуулинд заасан үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдааны товыг хүлээн авсан мөртлөө шүүх хуралдаанд ирээгүй байна.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч Зээлийн батлан даалтын санг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, Зээлийн батлан даалтын сан, Х б, Д бХХК нарын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн байгуулсан батлан даалтын гэрээг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн байх бөгөөд дээрх шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар гаргасан зээлийн батлан даалтын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Зээлийн батлан даалтын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдол хангагдаагүй тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 233.922.66 төгрөг /хоёр зуун гучин гурав мянга есөн зуун хорин хоёр төгрөг, жаран зургаан мөнгө/-ийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаарр сарын 04-ний өдрийн 502 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зээлийн батлан даалтын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар зээлийн батлан даалтын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233.922.66 /хоёр зуун гучин гурав мянга есөн зуун хорин хоёр төгрөг, жаран зургаан мөнгө/-ийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “ шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.НЯМБАЯР

ШҮҮГЧИД                                          Н.МӨНХЖАРГАЛ

Д.ЖАМБАЛСҮРЭН