Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2019/00183

 

“Х банк” ХХК--ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 502 дугаар шийдвэр,

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 19 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч “Х банк” ХХК--ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Д-Б” ХХК-, Ц.Д-, ЗБДС-д холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу зээлийн үндсэн зээлийн үлдэгдэл 33 321 340 төгрөг, зээлийн хүү 1 725 605,51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36 054,8 төгрөг, нотариатын зардал 32 000 төгрөг, нийт 35 115 000,31 төгрөгийг гаргуулах, мөн барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгө, орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Н.Баяржавхлан, өмгөөлөгч Г.Нямхүү нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ, Б.Энхмандах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Долгормаа, нарийн бичгийн даргаар Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Ц.Д- болон “Д-Б” ХХК- нь “Х банк” ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 1250017824 дугаартай зээлийн гэрээ байгуулан 50 000 000 төгрөгийг жилийн 9 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар, тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар авсан.

Банк нь 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зээлдэгч “Д-Б” ХХК--ийн “Х банк” ХХК- дахь 5000957924 дансанд 50 000 000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 16 678 660 төгрөг, зээлийн хүүд 8 701 303,20 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 18 586,82 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан 1250017824 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 265 хоног хугацаа хэтрүүлээд байна.

“Х банк” ХХК- нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1250017824 дугаартай зээлийн гэрээгээр дараах хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:

1. Увс аймаг Улаангом сум, 10 дугаар баг, Довны ферм хадлангийн талбайн урд байрлах, гэрчилгээний дугаар 1520002486, 5 га талбай бүхий жимс, чацаргана тариалах зориулалт бүхий газар,

2. Увс аймаг Улаангом сум, 6 дугаар баг, 5-28 тоотод байрлах, Чацарганы тос шүүс шахах болон савлагааны зориулалттай тоног төхөөрөмж,

3. Мөн хаягт байрлах 8х7 м.кв талбай бүхий хэмжээтэй, 2 өрөө, гэрчилгээний 000108354, улсын бүртгэлийн Ү-1520001861дугаартай хувийн орон сууц,

4. Мөн хаягт байрлалтай, гэрчилгээний 000154870, улсын бүртгэлийн Г-1520002486 дугаартай, 940.8 м.кв талбай бүхий газар зэргийг барьцаалсан. Мөн үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгох батлан даалтын гэрээний дагуу ЗБДС- нь зээлдэгчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 45.6 хувийн хэмжээнд хариуцлага хүлээхээр гэрээ байгуулсан.

Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэг болон 1250017824 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 33 321 340 төгрөгөөс 15 194 531,04 төгрөгийг ЗБДС-гаас, үлдэх 18 126 808,96 төгрөг болон 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар зээлийн хүү 1 725 605,51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36 054,8 төгрөг, нийт 19 888 469,27 төгрөг, нотариатын зардал 32 000 төгрөгийг тус тус “Д-Б” ХХК-, хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.Д- нараас гаргуулна уу.

Зээлдэгч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны дээр дурдсан хөрөнгүүдээс болон хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж, шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Д-Б” ХХК--ийн захирал Ц.Долгормаа, хариуцагч Ц.Д- нар шүүхэд гаргасан тайлбартаа:

Манай компани “Х банк” ХХК-ны Увс салбараас 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулан үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар 50 000 000 төгрөгийн зээлийг жилийн 9 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай авсан.

Үүнээс хойш бид зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу сар бүр 1 100 000 төгрөгөөс 1 200 000 төгрөг төлж, үндсэн зээлд 16 678 660 төгрөг, зээлийн хүүд 871 303,20 төгрөг, нийт 25 379 963 төгрөгийн эргэн төлөлт хийж, үүргээ биелүүлж байсан.

Манай компани одоо хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа боловч улс, эх орны нийгэм эдийн засаг хямарсантай холбоотойгоор, ард иргэдийн худалдан авалт буурч, компанийн борлуулалтын орлого эрс муудаж, зарлагаа нөхөх боломжгүй байдалд хүрсэн. “Х банк” ХХК-ны Увс салбарт энэ талаар мэдэгдэж, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, сарын төлөлтийг багасгах, гэрээний хугацааг хойшлуулах зэрэг хүсэлтийг удаа дараа уулзаж, амаар болон бичгээр гаргаж байсан боловч хүлээж аваагүй.

Зээлийн гэрээ байгуулахдаа батлан даалтын гэрээг давхар хийж, манай зээлийг эрсдэлд орсон нөхцөлд батлан даалтын сангаас төлөгдөөгүй зээлийн 45.6 хувиар үүрэг хүлээхээр 3 талт гэрээ байгуулсан ба уг гэрээ өнөөдөр хүчин төгөлдөр байгаа болно. Зээлийн барьцаанд чацаргана тарих зориулалт бүхий 5 га газар, чацарганы тос, шүүс шахах зориулалттай тоног төхөөрөмж, хувийн орон сууц, болон 940.8 мв талбай бүхий хашааны газар зэргийг барьцаалсан боловч компаний болон бидний зүгээс барьцаа хөрөнгөөрөө биш орлогоороо төлж барагдуулах хүсэлтэй байна.

Зээлийн барьцаанд тавьсан эдгээр хөрөнгүүд нь манай компанийн үйл ажиллагаа явуулах үндсэн эх үүсвэр, өөрөөр хэлбэл бид чацарганы талбайд чацаргана, жимс жимсгэнэ тариалж, өөрийн хувийн орон сууцны нэг өрөөндөө тоног төхөөрөмжөө байрлуулан үйлдвэрлэл явуулж байгаа юм. Хэрэв манай эдгээр хөрөнгийг банкны зээлийн барьцаанд хурааж авбал компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрнэ. Хэдийгээр манай борлуулалтын орлого муудаж, зээлийн гэрээний үүргээ зөрчсөн боловч зээлийг төлж барагдуулна. Нэхэмжилж байгаа үнийн дүн болон бусад шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Гол нь тухайн зээлийн эргэн төлөлтийн хэмжээг багасгаж өгнө үү гэжээ.

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 502 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Дабуян ХХК, Ц.Д- нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 18.126.808,96 төгрөг, зээлийн хүү 1.725.605,51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36.054,8 төгрөг, нотариатын зардал 32.000 төгрөг, нийт 19.920.469,27 /арван есөн сая есөн зуун хорин мянга дөрвөн зуун жаран ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х банк” ХХК-инд олгож, Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.4, 460.5.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.3-т зааснаар хариуцагч ЗБДС-гаас 15.194.531,04 /арван таван сая нэг зуун ерэн дөрвөн мянга таван зуун гучин нэг/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х банк” ХХК-инд олгож, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2, 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч Дабуян ХХК, Ц.Д- нарын зээлийн барьцаанд тавьсан 1. Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, Довны ферм хадлангийн талбайн урд байрлах, гэрчилгээний 0175404 дугаартай, 5 га талбай бүхий жимс, чацаргана тариалах зориулалттай эзэмших эрхтэй газар, 2. Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 5-28 тоотод байрлах, 8х7 м.кв талбай бүхий хэмжээтэй, 2 өрөө, гэрчилгээний 000108354, улсын бүртгэлийн Ү-1520001861 дугаартай хувийн орон сууц, 3. Мөн хаягт байрлах, гэрчилгээний 000154870, улсын бүртгэлийн Г-1520002486 дугаартай, 940.8 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газар, 4. Мөн хаягт байрлах чацарганы тос, шүүс шахах болон савлагааны зориулалттай тоног төхөөрөмжөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгон,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Х банк” ХХК-наас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 333.525 /гурван зуун гучин гурван мянга таван зуун хорин тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дабуян ХХК, Ц.Д- нараас 257.552 /хоёр зуун тавин долоон мянга таван зуун тавин хоёр/ төгрөгийг, хариуцагч ЗБДС-гаас 233.922 /хоёр зуун гучин гурван мянга есөн зуун хорин хоёр/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х банк” ХХК-инд олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 19 дүгээр магадлалаар Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 502 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, ЗБДС-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар ЗБДС-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233.922.66 /хоёр зуун гучин гурав мянга есөн зуун хорин хоёр төгрөг, жаран зургаан мөнгө/-ийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч ЗБДС-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...ЗБДС- нь зээлдэгч “Д-Б” ХХК-- ийн “Х банк” ХХК-наас авсан 50.0 сая төгрөгийн зээлийн 45.6 хувьд батлан даалт гаргаж, “Д-Б” ХХК- болон “Х банк” ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Батлан даалтын гурван талт гэрээ байгуулсан.

Батлан даалтын гэрээнд “Зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг зээлдүүлэгч өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай авсан тохиолдолд батлан даагч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх”-ээр заасан.

Батлан даалтын гэрээнд зээлдүүлэгч буюу “Х банк” ХХК- тодорхой нөхцөлүүдийг биелүүлснээр шаардах эрх үүсэхээр зохицуулсан. Үүнд:

          1. Батлан даалтын гэрээний 1.6 “Зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг зээлдүүлэгч өөрийн журам, зааврын хүрээнд сануулах, мэдэгдэх хуудас өгөх, шаардах хуудас өгөх зэрэг арга хэмжээ авсан тохиолдолд батлан даагч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ”.

          2. Батлан даалтын гэрээний 3.2.3 “Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ биелүүлээгүй өдрөөс хойш 90 хоногийн дотор багтаж, зээлдэгчээр зээл төлүүлэхтэй холбоотой энэхүү гэрээний 1.6-д заасан арга хэмжээг авах”

          3. Батлан даалтын гэрээний 3.2.4 “Энэхүү гэрээний 3.2.3-т зааснаар зээл төлүүлэх арга хэмжээг авснаа нотолсон баримтуудаа батлан даагчид хүргүүлэх”

          Нэхэмжлэгч “Х банк” ХХК- нь дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй байгаа тул ЗБДС-гаас шаардах эрх үүсээгүй байна.

Мөн Зээлдэгч нь үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож нийт 32.0 сая төгрөгийн дүн бүхий газар, тоног төхөөрөмж, хашаа, байшин зэрэг хөрөнгүүдийг барьцаалсан бөгөөд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулаагүй байхад батлан даагчаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь Монгол Улсын Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д “Батлан даалтын гэрээгээр батлан даагч үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ” гэж заасан. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулаагүй байгаа тул ЗБДС-гийн хариуцах үүргийн хэмжээг тодорхойлох боломжгүй байгаа юм.

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.4, 460.5.1 ...-т зааснаар хариуцагч ЗБДС-гаас 15 194 531.04 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х банк” ХХК-инд олгосугай” гэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д "... зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 460 дугаар зүйлийн 460.1 “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ” заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэжээ. Мөн Зээлдэгчийн барьцаа хөрөнгө нь үүргийн гүйцэтгэлийг хангахад бүрэн хүрэлцэхүйц байхад батлан даагчид шууд хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй гэж үзэж байна .

Шүүх зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүсэн эсэхэд дүгнэлт хийхдээ нэг талын баримтыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Учир нь хэдийгээр зээлдүүлэгч болон зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн гэж шүүхийн өмнө тайлбарлаж байгаа ч батлан даагчийн өмнө энэ нөхцөл байдал нотлогдоогүй. Зээлдүүлэгч зээлдэгч нар нь 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 50 000 000 төгрөгийг жилийн 9 хувийн хүүтэйгээр 60 сар хугацаатайгаар зээлэхээр харилцсан тохиролцсон тухай “Зээлийн гэрээ” хавтаст хэрэгт авагдсан байна. Харин зээлийн эргэн төлөлтийн хуваарь нь хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна. Иймээс зээлдэгч зээлийг хэрхэн, ямар хуваарийн дагуу төлөх нь тодорхойгүй байна. Үүнтэй холбоотойгоор зээлдэгч зээл төлөх үүргээ хэрхэн зөрчсөн нь нотлогдохгүй байхад шүүх зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн гэсэн үндэслэлээр зээлдүүлэгч гэрээг цуцалж, батлан даагчаар нөхөх үүрэг хүлээлгэх үндэслэлтэй гэж нэг талын баримтад тулгуурлан дүгнэлт хийсэн нь хууль бус байна.

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, ЗБДС-гаас 15 194 531.04 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ. Харин анхан шатны шүүх шийдвэртээ улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг буруу шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх уг алдааг залруулаагүй байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч “Х банк” ХХК- нь хариуцагч “Д-Б” ХХК-, Ц.Д-, ЗБДС-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг, хохиролд 35 115 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч “Д-Б” ХХК-, Ц.Д- нар нь нэхэмжлэлийн үнийн дүн болон бусад шаардлагыг хүлээн зөвшөөрсөн боловч зээлийн эргэн төлөлтийн хэмжээг багасгуулахыг хүссэн тайлбар гаргажээ.

Хариуцагч ЗБДС- нэхэмжлэлийн хувийг авсан боловч шаардлагын талаар шүүхэд тайлбар, баримт гаргаж өгөөгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч “Х банк” ХХК--ийн Увс аймаг дахь салбар нь хариуцагч “Д-Б” ХХК-, Ц.Д- нарт 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 50 000 000 төгрөгийн, жилийн 9%-ийн хүүтэй зээл олгожээ. Мөн өдөр зохигч болон ЗБДС-гийн хооронд гурвалсан гэрээ байгуулагдаж, ЗБДС- нь зээлийн үлдэгдэл төлбөрийн 45.6 %-ийг батлан даасан байна.

Түүнчлэн, зохигч нь барьцааны гэрээ байгуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгө, тоног төхөөрөмж барьцаалжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааны төрлийг зөв тодорхойлж, Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар банкнаас зээл олгох гэрээгээр банк нь зээлдүүлэгчийн хувьд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. Мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

Зээлийн гэрээний үүрэгт үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдах үндэслэлтэй.

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1.-д зааснаар батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээдэг. Батлан даалтын гэрээгээр батлан даагчийн хүлээсэн үүрэг нь үүрэг гүйцэтгэгчээс үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүрэгт хамаарах бөгөөд батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээхээр мөн хуулийн 458 дугаар зүйлийн 458.3., 460 дугаар зүйлийн 460.1.-д заажээ.  

Үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй болох нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2.-т туссан байна.

Хариуцагч ЗБДС- нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан атлаа шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийнхээ дагуу мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй тохиолдолд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд маргааныг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар магадлалдаа тодорхой дүгнэсэн байна.

Анхан шатны шүүхэд тайлбар, нотлох баримт гаргаж, мэтгэлцээгүй асуудлаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдол гаргасан байх тул гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй.

Харин анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас нэхэмжлэгчид нөхөн гаргуулахдаа тооцооллын алдаа гаргасныг залруулах шаардлагатай болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлдэг ба улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адил зохицуулахаар заасан байна.

Нэхэмжлэгч “Х банк” ХХК- нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 333 922 төгрөг төлсөн байх ба уг мөнгийг шүүх улсын орлогод хэвээр үлдээсэн нь зөв боловч хариуцагч нараас 491 474 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь “нөхөн төлүүлэх” шаардлагад нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгөний хэмжээгээр хариуцагчаас уг төлбөрөө нөхөн төлүүлэх эрхтэй болохоос бус илүү авах эрхгүй юм.

Шүүх хэд хэдэн хариуцагчид нэхэмжлэлийн шаардлагад заасан үүргийг ногдуулж байгаа тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэхдээ хариуцагч тус бүрт ногдсон үүргийн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг дахин тооцоолох бус харин тухайн үүргийн хэмжээ нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэдэн хувь болж байгаагаар нөхөн гаргуулах дүнг тогтоох учиртай.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан зохицуулалт нь улсын тэмдэгтийн хураамж төлөх хувь хэмжээг тогтоох зорилготой ба хураамж төлсөн нэхэмжлэгчид уг төлбөрийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид нөхөн төлөлт хийхэд хамааралгүй учир шүүх тооцооллоос гадна хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзнэ.

Нэхэмжлэлийн үнийн дүн 35 115 000 төгрөг бөгөөд шүүх хариуцагч “Д-Б” ХХК-, Ц.Д- нараас 19 920 469 төгрөг, хариуцагч ЗБДС-гаас 15 194 531 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333 922 төгрөгийн 56,7%-ийг буюу 189 334 төгрөгийг хариуцагч “Д-Б” ХХК-, Ц.Д- нар, 43,3%-ийг буюу 144 588 төгрөгийг хариуцагч ЗБДС- нэхэмжлэгчид тус тус нөхөн төлөх үүрэгтэй.

Харин хариуцагч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахдаа шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээнд ногдох хураамжийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасан хувь, хэмжээгээр төлсөн нь зөв байна.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагч ЗБДС-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 19 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 502 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтаас “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т” гэснийг хасч”, “60.1.” гэснийг “60.1.-д” гэж, “257 552 \хоёр зуун тавин долоон мянга таван зуун тавин хоёр\” гэснийг “189 334 \нэг зуун наян есөн мянга гурван зуун гучин дөрвөн\” гэж, “233 922 /хоёр зуун гучин гурван мянга есөн зуун хорин хоёр\” гэснийг “144 588 /нэг зуун дөчин дөрвөн мянга таван зуун наян найман/” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 233 922,66 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН