Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 502

 

                           

    Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

      Нэхэмжлэгч: Х банкны нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: “Д” ХХК,

     Хариуцагч: х тоотод оршин суух, Ц-ийн Д,

     Хариуцагч: “З”-д тус тус холбогдох,

   Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу зээлийн үндсэн зээлийн үлдэгдэл 33.321.340 төгрөг, зээлийн хүү 1.725.605,51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36.054,8 төгрөг, нотариатын зардал 32.000 төгрөг, нийт 35.115.000,31 төгрөгийг гаргуулах, мөн барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгө, орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, М.А, хариуцагч “Д” ХХК-ийн захирал Ц.Д, хариуцагч Ц.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

    Нэхэмжлэгч Х банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус банкны Увс салбарын захирал Ю.Нэргүй шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Ц.Д болон “Д” ХХК нь Х банктай 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 1250017824 дугаартай зээлийн гэрээ байгуулан 50.000.000 төгрөгийг жилийн 9 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар, тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар авсан. Банк нь 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зээлдэгч “Д” ХХК-ийн Х банк дахь дансанд 50.000.000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 16.678.660 төгрөг, зээлийн хүүд 8.701.303,20 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 18.586,82 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан 1250017824 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 265 хоног хугацаа хэтрүүлээд байна. Хас банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1250017824 дугаартай зээлийн гэрээгээр дараах хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд: 1. жимс, чацаргана тариалах зориулалт бүхий газар, 2.  Чацарганы тос шүүс шахах болон савлагааны зориулалттай тоног төхөөрөмж, 3. Мөн хаягт байрлах 2 өрөө, хувийн орон сууц, 4. Мөн хаягт байрлалтай, газар зэргийг барьцаалсан. Мөн үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгох батлан даалтын гэрээний дагуу Зээлийн батлан даалтын сан нь зээлдэгчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 45.6 хувийн хэмжээнд хариуцлага хүлээхээр гэрээ байгуулсан. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэг болон 1250017824 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 33.321.340 төгрөгөөс 15.194.531,04 төгрөгийг Зээлийн батлан даалтын сангаас, үлдэх 18.126.808,96 төгрөг болон 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар зээлийн хүү 1.725.605,51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36.054,8 төгрөг, нийт 19.888.469,27 төгрөг, нотариатын зардал 32.000 төгрөгийг тус тус Д ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.Д нараас гаргуулах. Зээлдэгч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны дээр дурьдсан хөрөнгүүдээс болон хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж, шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү” гэжээ.  

     Хариуцагч “Д” ХХК-ийн захирал Ц.Д, хариуцагч Ц.Д нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Манай компани нь жимс жимсгэнэ, хүнсний ногооны тариалалт, чацарганы үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Х банкны салбараас 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулан үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар 50.000.000 төгрөгийн зээлийг жилийн 9 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай авсан. Үүнээс хойш бид зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу сар бүр 1.100.000 төгрөгөөс 1.200.000 төгрөг төлж, үндсэн зээлд 16.678.660 төгрөг, зээлийн хүүд 8.71.303,20 төгрөг, нийт 25.379.963 төгрөгийн эргэн төлөлт хийж, үүргээ биелүүлж байсан. Манай компани одоо хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа боловч улс, эх орны нийгэм эдийн засаг хямарсантай холбоотойгоор, ард иргэдийн худалдан авалт буурч, компанийн борлуулалтын орлого эрс муудаж, зарлагаа нөхөх боломжгүй байдалд хүрсэн. Х банкны салбарт энэ талаар мэдэгдэж, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, сарын төлөлтийг багасгах, гэрээний хугацааг хойшлуулах зэрэг хүсэлтийг удаа дараа уулзаж, амаар болон бичгээр гаргаж байсан боловч хүлээж аваагүй. Зээлийн гэрээ байгуулахдаа батлан даалтын гэрээг давхар хийж манай зээлийг эрсдэлд орсон нөхцөлд батлан даалтын сангаас төлөгдөөгүй зээлийн 45.6 хувиар үүрэг хүлээхээр 3 талт гэрээ байгуулсан ба уг гэрээ өнөөдөр хүчин төгөлдөр байгаа болно. Зээлийн барьцаанд чацаргана тарих зориулалт бүхий 5 га газар, чацарганы тос, шүүс шахах зориулалттай тоног төхөөрөмж, хувийн орон сууц, болон 940.8 мв талбай бүхий хашааны газар зэргийг барьцаалсан боловч компаний болон бидний зүгээс барьцаа хөрөнгөөрөө биш орлогоороо төлж барагдуулах хүсэлтэй байна. Зээлийн барьцаанд тавьсан эдгээр хөрөнгүүд нь манай компанийн үйл ажиллагаа явуулах үндсэн эх үүсвэр, өөрөөр хэлбэл, бид чацарганы талбайд чацаргана, жимс жимсгэнэ тариалж, өөрийн хувийн орон сууцны нэг өрөөндөө тоног төхөөрөмжөө байрлуулан үйлдвэрлэл явуулж байгаа юм. Хэрэв манай эдгээр хөрөнгийг банкны зээлийн барьцаанд хурааж авбал компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрнэ. Хэдийгээр манай борлуулалтын орлого муудаж зээлийн гэрээний үүргээ зөрчсөн боловч зээлийг төлж барагдуулна. Нэхэмжилж байгаа үнийн дүн болон бусад шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Гол нь тухайн зээлийн эргэн төлөлтийн хэмжээг багасгаж өгнө үү” гэжээ.

       Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Х банк нь хариуцагч “Д” ХХК, Ц.Д, З санд тус тус холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу зээлийн үндсэн зээлийн үлдэгдэл 33.321.340 төгрөг, зээлийн хүү 1.725.605,51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36.054,8 төгрөг, нотариатын зардал 32.000 төгрөг, нийт 35.115.000,31 төгрөгийг гаргуулах, мөн барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгө, орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

     1. Зээлдэгч буюу хариуцагч “Д” ХХК, Ц.Д нар Х банктай 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 1250017824 тоот “Зээлийн гэрээ” байгуулж, 50.000.000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 9 хувийн хүүтэй зээлж авсан байх ба мөн өдрийн, мөн дугаартай “Барьцааны гэрээ”, “Баталгаат ипотекийн гэрээ”-ээр зээлийн барьцаанд: 1. жимс, чацаргана тариалах зориулалттай эзэмших эрхтэй газар, 2. хувийн орон сууц, 3. өмчлөх эрхтэй газар, 4. чацарганы тос, шүүс шахах болон савлагааны зориулалттай тоног төхөөрөмж зэргийг тус тус барьцаалсан байна.

    Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т  заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хэдийгээр зээлийн гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дуусах боловч зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, эргэн төлөлт хийхгүй байгаа нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга зэргээр нотлогдож байх тул Хас банк гэрээг цуцалж, хариуцагч нараас үүргийн гүйцэтгэлийг хангуулах, мөн гэрээг цуцалснаас учирсан хохирол тус тус нэхэмжлэх эрхтэй байна.

     Хариуцагч “Д” ХХК, Ц.Д нар Х банкны нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардал нийт 19.920.469,27 төгрөг төлөх, барьцаа хөрөнгө болон бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч байгааг дурдах нь зүйтэй.   

     Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч “Д” ХХК, Ц.Д нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 18.126.808,96 төгрөг, зээлийн хүү 1.725.605,51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36.054,8 төгрөг, нотариатын зардал 32.000 төгрөг, нийт 19.920.469,27 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х банкинд олгож шийдвэрлэлээ.  

       Түүнчлэн хариуцагч нар сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2, 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч “Д” ХХК, Ц.Д нарын зээлийн барьцаанд тавьсан 1. жимс, чацаргана тариалах зориулалттай эзэмших эрхтэй газар, 2. хувийн орон сууц, 3. өмчлөх эрхтэй газар,    4. чацарганы тос, шүүс шахах болон савлагааны зориулалттай тоног төхөөрөмжөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.

     Харин нэхэмжлэгч “хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх боловч хариуцагч “Д” ХХК, Ц.Д нар зээлийн барьцаанд тавьснаас өөр ямар бусад эд хөрөнгөтэй, орлоготой болох талаар нотлох баримт хэрэгт ирүүлээгүй, барьцааны гэрээнд “Бусад орлого, хөрөнгө” барьцаалаагүй байна.  

      Нөгөө талаар, нэхэмжлэгч Х банк, хариуцагч “Д” ХХК, Ц.Д нартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдахдаа банкны зүгээс тэднийг үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд банкны шаардлагыг хангах боломжтой үнийн дүн бүхий эд хөрөнгийг барьцаалан авсан нь дээрх гэрээнүүдээс тогтоогдож байгаа бөгөөд гэрээгээр тохиролцоогүй, “Д” ХХК, Ц.Д нарын зээлийн барьцаанд барьцаалаагүй “бусад хөрөнгө, орлого”-оос шүүх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэж, нэхэмжлэлийн энэхүү хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.     

      2. 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Х банк, З сан, “Д” ХХК нарын хооронд “Батлан даалтын гэрээ” байгуулагдсан байх ба уг гэрээний 1.4, 1.5 дахь заалтаас үзэхэд З сан нь “зээлийн үлдэгдэл дүнгийн 45,6 хувь”-ийг батлан дааж, тухайн дүнд “зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардал, хохирол”-ыг зээлдүүлэгчийн өмнө хариуцахгүй байхаар, өөрөөр хэлбэл, зөвхөн зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 45,6 хувийг хариуцан зээлдүүлэгчид төлөхөөр талууд тохиролцжээ.

       Тухайн гэрээ нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.4, 460.5.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.3-т заастай нийцсэн байх тул гэрээний дагуу хариуцагч Зээлийн батлан даалтын сангаас үндсэн зээлийн үлдэгдэл 33.321.340 төгрөгийн 45,6 хувь буюу 15.194.531,04 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х банкинд олгох нь зүйтэй гэж үзлээ.

       Мөн хариуцагч З сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-д шүүх 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан танилцуулсан бөгөөд уг хариуцагч, түүний төлөөлөгч нараас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.4-т заасан 14 хоногийн дотор хариу тайлбар ирээгүй тул мөн хуулийн 72.3-т заасны дагуу “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд” тооцсон болохыг дурдах нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Х банкнаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 333.525 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д” ХХК, Ц.Д нараас 19.920.469,27 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 257.552 төгрөгийг, хариуцагч З сангаас 15.194.531,04 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 233.922 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.   

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч “Д” ХХК, Ц.Д нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 18.126.808,96 төгрөг, зээлийн хүү 1.725.605,51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36.054,8 төгрөг, нотариатын зардал 32.000 төгрөг, нийт 19.920.469,27 /арван есөн сая есөн зуун хорин мянга дөрвөн зуун жаран ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х банкинд олгосугай.

     2. Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.4, 460.5.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.3-т зааснаар хариуцагч З сангаас 15.194.531,04 /арван таван сая нэг зуун ерэн дөрвөн мянга таван зуун гучин нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х банкинд олгосугай.

      3. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2, 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч “Д” ХХК, Ц.Д нарын зээлийн барьцаанд тавьсан 1. жимс, чацаргана тариалах зориулалттай эзэмших эрхтэй газар, 2. хувийн орон сууц, 3. өмчлөх эрхтэй газар, 4. чацарганы тос, шүүс шахах болон савлагааны зориулалттай тоног төхөөрөмжөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

     4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Х банкнаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 333.525 /гурван зуун гучин гурван мянга таван зуун хорин тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д” ХХК, Ц.Д нараас 257.552 /хоёр зуун тавин долоон мянга таван зуун тавин хоёр/ төгрөгийг, хариуцагч З сангаас 233.922 /хоёр зуун гучин гурван мянга есөн зуун хорин хоёр/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х банкинд олгосугай.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Н.ГЭРЭЛТУЯА