Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2024/00083

 

 

Г.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Н.Баярмаа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2023/04155 дугаар шийдвэртэй,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 210/МА2024/00316 дугаар магадлалтай,

 

Г.Б-гийн нэхэмжлэлтэй,

Н-т холбогдох,

 

Н-ын 2020.08.14-ний өдрийн 142/26 дугаар хуулийн этгээдийн бүртгэлийг түдгэлзүүлэх тогтоол тухай, 2020.09.18-ны өдрийн 2828 дугаар төлбөр төлөгчийн гадаад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Г-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Г

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.Б хариуцагч Н-д холбогдуулан тус газрын 2020.08.14-ний өдрийн 142/26 дугаар хуулийн этгээдийн бүртгэлийг түдгэлзүүлэх тухай тогтоол, 2020.09.18-ны өдрийн 2828 дугаар төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2023/04155 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.14, 44.2.15-д заасныг баримтлан хариуцагч Н-ийн2020.09.18-ны өдрийн 2828 дугаар төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэлээс хариуцагч Н-ийн2020.08.14-ний өдрийн 142/26 дугаар хуулийн этгээдийн бүртгэлийг түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Г.Б-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Б-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н-ээс70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 210/МА2024/00316 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.11.17-ны өдрийн 102/ШШ2023/04155 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.3, 271.3.5-т зааснаар хариуцагч Н-д холбогдох Н-ын 2020.08.14-ний өдрийн 142/26 дугаар хуулийн этгээдийн бүртгэлийг түдгэлзүүлэх тухай тогтоол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2020.09.18-ны өдрийн 2828 дугаар төлбөр төлөгчийн гадаад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай Г.Б-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 17.2.2 дахь хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.4 дэх хэсэгт “Эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой ” гэж заасан үндэслэлээр гомдол гаргаж байна.

4.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн нэг дэх шаардлагаа (2023.11.17-ны өдөр) “Н-ын 2020.08.14-ний өдрийн 142/26 дугаар тогтоол, шийдвэр гүйцэтгэх газрын 2020.08.25-ны өдрийн 4-142/30202 дугаар албан бичгээр “П” ХХК-ийн гүйцэтгэх захирлын өөрчлөлтөд хориг тавьсныг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгоно уу” гэж тодруулсан. Гэтэл анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй, үүнийг давж заалдах шатны шүүх залруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байна. Тухайлбал, давж заалдах шатны шүүх магадлалын хянавал хэсгийн 4-д “Анхан шатны шүүх Н-ийн2020.08.14-ний өдрийн 142/26 дугаар хуулийн этгээдийн бүртгэлийг түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй, болгуулах тухай тогтоолыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.14-д заасантай нийцсэн байна. Нэхэмжлэгч тал шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт давж заалдах гомдол гаргаагүй” гэжээ. Хэдийгээр нэхэмжлэгч шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах учиртай.

            Шүүх хуралдааны явцад Улсын бүртгэлийн байгууллагын буруутай үйл ажиллагаа шийдвэр гүйцэтгэх байгууллагад хамааралгүй гэх тайлбар гаргасан нь тэмдэглэлд тусгагдсан. Улсын бүртгэлийн байгууллагын буруутай үйл ажиллагаа хэдий ч үүнийг залруулах боломжгүй, учир нь цахим санг шийдвэр гүйцэтгэлээс түгжсэн тул хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулах боломжгүй байна.

Г.Б нь П ХХК-ийн гүйцэтгэх захирлаас хасагдсан, гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаагүй болох нь дараах байдлаар нотлогдсон.

Н-ийн2020.09.09-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн саналд “Монголын олон улсын Арбитрын 2020.01.07-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр П ХХК-аас 167,493,615 төгрөгийг төлбөр авагчид олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч П ХХК-ийн үүсгэн байгуулагч Н.А, Ч.Б нар нь гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй" гэж, 2020.09.09-ний өдрийн төлбөр төлөгч Ч.Б-ийн мэдүүлэгт  “гүйцэтгэх удирдлага Г.Б нь 2009 онд ажиллаж байгаад тухайн онд ажиллахаа больсон. Энэ хүнд хамаагүй хэрэг болно” гэсэн.

Мөн төлбөр төлөгч П ХХК-аас Н-д хандсан албан бичгүүдэд П ХХК-ийн захирал Ч.Б гэсэн гарын үсэг, тамга тэмдэгтэй байна. Дээрх байдлаар төрийн байгууллагууд нэг нэгэн рүүгээ алдаагаа чихэж, Г.Б-гийн эрх ашгийг хохироож байгаа бөгөөд төрийн байгууллагууд хоорондоо харилцан уялдаа холбоотой ажиллах чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байна. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэхгүй орхигдуулсны улмаас П ХХК-д хамааралгүй Г.Б-д холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэвээрээ үлдвэл Г.Б нь өөрт хамааралгүй П ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотойгоор хохирсон үр дагавар үүснэ.

4.2. Эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой талаар.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон үндэслэлдээ “Энэ тогтоолыг Н-ээс гаргаагүй тул уг нэхэмжлэлийн хариуцагч биш байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.” гэжээ. Гэтэл 2020.09.14-ний өдрийн 1-142/33116 дугаар Ш, Н-ын албан бичгээр Г.Б-гийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх саналыг гаргаж, үүнийг нь ерөнхий шийдвэр гүйцэтгэгч хүлээн авсан байна. Ш газрын харьяа байгууллага нь Н бөгөөд энэ асуудлаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гомдол, хүсэлт гаргахад шийдвэрлүүлэхээр Н-д шилжүүлдэг.

Г.Б нь шийдвэр гүйцэтгэгчид хандан нэхэмжлэл гаргаагүй, харин тухайн байгууллагад хандан нэхэмжлэл гаргасан байхад хариуцагч нь биш гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Тийнхүү нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хариуцагчийг зөвтгөн дахин нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх талаар магадлалдаа тусгаагүй нь энэ асуудал эцэслэн шийдвэрлэгдсэн гэдэг агуулгаар  Г.Б-гийн эрх ашиг цаашид зөрчигдсөн хэвээр үлдэж болзошгүй нөхцөл байдлыг үүсгэсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь Н-ыг багтаасан нэг байгууллага бөгөөд Н-ээс гаргасан санал, үүнийг хүлээж авсан шийдвэр нь дараах байдлаар илэрхий хууль зөрчсөн, үндэслэлгүй болох нь тогтоогдоно. Үүнд: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан арга хэмжээг авахдаа үндэслэлээ заагаагүй, энэ нь баримтаар нотлогдоогүй, ямар учраас тус арга хэмжээг авч байгаа талаар тусгаагүй.  Мөн Г.Б-д гадаад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай мэдэгдээгүй. Г.Б 2023.04 дүгээр сард БНХАУ руу зорчихоор хил дээр очоод мэдсэн. Иймд дээрх үндэслэлээр гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т зааснаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Г-ийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.04.11-ний өдрийн 001/ШХТ2024/00437 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

ХЯНАВАЛ:

 

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Г-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хэргийг хянаад шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

8. Нэхэмжлэгч Г.Б хариуцагч Н-д холбогдуулан тус газрын 2020.08.14-ний өдрийн 142/26 дугаар хуулийн этгээдийн бүртгэлийг түдгэлзүүлэх тухай тогтоол, 2020.09.18-ны өдрийн 2828 дугаар төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоолыг тус тус хүчингүй тухай нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ, “... “С” ХХК дахь өөрийн эзэмшлийн 100 хувийн хувьцааг 2012.04.04-ний өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээгээр Ч.Б-д шилжүүлсэн. Мөн 2012.05.02-ны өдрийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр Г.Б-г тус компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж Ч.Б-ийг  захирлаар томилж, компанийн оноосон нэрийг П ХХК болгон өөрчилсөн боловч Улсын бүртгэлийн байгууллага Г.Б-г П ХХК-ийн гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдсөн талаарх бүртгэлийг системд оруулаагүй байна. Н-ын 2020.08.14-ний өдрийн 142/26 дугаар хуулийн этгээдийн бүртгэлийг түдгэлзүүлэх тухай тогтоолоор П ХХК-ийн бүртгэлийг түдгэлзүүлснээр бүртгэлд өөрчлөлт оруулаагүй алдааг засах боломжгүй болсон. Мөн Г.Б нь П ХХК-ийн гүйцэтгэх захирлаас хасагдсан, гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаагүй болох нь нотлогдсон байхад 2020.09.18-ны өдрийн 2828 дугаар төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоолоор Г.Б-гийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлж эрх ашгийг зөрчсөн.” гэж тайлбарласан.

 

9. Хариуцагч Н нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын олон улсын Арбитрын 2020.01.07-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр П ХХК-аас 167,493,617 төгрөг гаргуулан БНХАУ-ын Yun Tong Trade JSC-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад П ХХК-ийн гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч нарын лавлагаа авахад итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, эрх барих этгээдийн мэдээллийн санд Г.Б нь захирлаар томилогдсон бүртгэгдсэн байсан тул Г.Б-гийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх саналыг 2020.09.14-ний өдрийн 1-142/33116 дугаар албан бичгээр хүргүүлж Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2020.09.18-ны өдрийн 2828 дугаар тогтоолоор төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан.” гэж маргасан.  

 

10. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ: “... Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023.06.22-ны өдрийн 1/6111, 2023.07.20-ны өдрийн 4/6777 дугаартай албан бичигт Г.Б нь Ч.Б-д “С ” ХХК буюу өөрчлөгдсөн нэрээр П ХХК-ийг 100 хувийн хувьцааг шилжүүлж, хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөн бүртгэл хийгдсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэрээр хуулийн этгээдийн улсын бүртгэлд хориг тавигдсан учир хуульд зааснаар улсын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах боломжгүй талаар мэдэгджээ. Хариуцагч улсын бүртгэлд өөрчлөлт оруулах эрх түдгэлзүүлэх арга хэмжээг авах, уг арга хэмжээг авснаас хойш хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл алдаа, зөрчилтэй байсан нь баримтаар тогтоогдоогүй, ... төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх үндэслэлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1, 59.1.2, 59.1.3-т заасан эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн, хөрөнгөө нуун дарагдуулсан, төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй нөхцөл байдал хамаарна. Хариуцагч нь хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх арга хэмжээг авсан үндэслэл тогтоогдохгүй байх тул уг арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй....” гэж дүгнэлт хийжээ.

11. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “... Хариуцагч Н Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын олон улсын арбитрын 2020.01.07-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг биелүүлэх ажиллагааг хийж 2020.09.14-ний өдрийн 1-142/33116 дугаар албан бичгээр П ХХК-ийн гадаад зорчих эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хүргүүлсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.3.5-т шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн төлбөр төлөгч иргэний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх, сэргээх эрхийг ерөнхий шийдвэр гүйцэтгэгч хэрэгжүүлэхээр заажээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч 2020.09.18-ны өдрийн 2828 дугаар тогтоолоор Г.Б-гийнгадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн. Энэ тогтоолыг Н-ээс гаргаагүй тул уг нэхэмжлэлийн хариуцагч биш байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна....” гэж дүгнэсэн.

12.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй буюу тухайн төрлийн маргаанд оролцвол зохих этгээдийг бүрэн оролцуулаагүйгээс гадна нэхэмжлэгч шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг хэрэгжүүлсэн эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн тул хяналтын шатны шүүхээс хэрэгт буй баримтын хэмжээнд хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийг зөв хэрэглэсэн эсэх талаар дүгнэлт хийх, улмаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэв.

 

13. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх саналыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид, ахлах шийдвэр гүйцэтгэгч нь ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хүргүүлж шийдвэрлүүлэх журамтай байх ба нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан тус газрын 2020.08.14-ний өдрийн 142/26 дугаар хуулийн этгээдийн бүртгэлийг түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгох шаардлагаас гадна Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2020.09.18-ны өдрийн 2828 дугаартай төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй тухай нэхэмжлэл гаргасан тохиолдолд тухайн шийдвэрийг гаргасан этгээдийг оролцуулах эсэхийг шүүх тодруулах нь хууль зөрчихгүй юм. Нэхэмжлэгчид авсан тухайн арга хэмжээг Н болон Ш-ийн аль алиных нь санал, шийдвэрээр гаргасан тул хариуцах этгээдийг тодруулах боломжтой гэж үзнэ.

 

Түүнчлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт тус тус заасан журмын дагуу нэхэмжлэгч нь эрх бүхий этгээдэд буюу ахлах шийдвэр гүйцэтгэгчид, улмаар Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж хариу авч байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй.

 

Мөн нэхэмжлэгч Г.Б нь “2023.04.16-ны өдөр БНХАУ явахаар Замын-Үүд боомтод очоод төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоолын талаар мэдсэн. ... Н-д 3 удаа гомдол гаргасан. ... хариу нь байгаа, шүүхэд өгөөгүй” гэж тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ. Нэхэмжлэгч нь ахлах шийдвэр гүйцэтгэгчийн болон Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хэзээ хүлээн авсныг тодруулах нь хэрэгт ач холбогдолтой болохыг хоёр шатны шүүх анхаараагүйг дурдах нь зүйтэй.

 

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4, 167 дугаар зүйлийн 167.1.4-т тус тус нийцээгүй байна.

 

 Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлын “...давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлээгүй ....” гэсэн хэсгийг хангаж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь шаардлага, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээдэг бөгөөд шүүх талуудын гаргасан баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэнэ. Иймд энэ талаар зохигчдод тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, дүгнэлт хийсний эцэст шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2023/04155 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 210/МА2024/00316 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Г.Б нь 2024.03.13-ны өдөр 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       П.ЗОЛЗАЯА

                                                          ШҮҮГЧИД                                       Н.БАТЗОРИГ                

                           Н.БАТЧИМЭГ

                           Н.БАЯРМАА

                           Д.ЦОЛМОН