Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Намсрайн Батзориг |
Хэргийн индекс | 181/2021/01501/и |
Дугаар | 001/ХТ2024/00096 |
Огноо | 2024-05-07 |
Маргааны төрөл | Даатгал, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 001/ХТ2024/00096
Э.Б-гийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2023/03675 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 210/МА2024/00333 дугаар магадлалтай,
Э.Б-гийн нэхэмжлэлтэй,
“М” ХК-д холбогдох,
Даатгалын нөхөн төлбөрт 163,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Э.Б , түүний өмгөөлөгч Э.М ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, түүний өмгөөлөгч Б.Т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Б хариуцагч “М ” ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 163,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2023/03675 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т заасныг баримтлан “М” ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт 163,200,000 төгрөг гаргуулахыг хүссэн Э.Б гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 973,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 210/МА2024/00333 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2023/03675 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “М” ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт 163,200,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Б д олгож, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч Э.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 973,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Б-д олгосугай.” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 973,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О-гийн хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.02.19-ний өдрийн 210/МА2024/00333 дугаар магадлалыг эс зөвшөөрч байна. Давж заалдах шатны шүүх Э.Б гийн “М” ХК-д холбогдуулан гаргасан даатгалын нөхөн төлбөрт 163,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна.
Давж заалдах шатны шүүх “Шинжээч “У” ХХК, “Ж” ХХК дүгнэлт гаргасан боловч энэ 2 дүгнэлтийг Монгол Улсын зөвлөх инженер О.Н гаргасан хоорондоо үг, үсгийн зөрүүгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй. Энэ 2 дүгнэлтэд “Барилгын суурь нь буруу хөрсөнд суусан, хөрсний болон гадаргуугийн уснаас хамгаалсан арга хэмжээ аваагүй, голын голдирол дээр барилга барьсан, барилга даах чадваргүй хөрсөнд суурийг шийдсэн, хөлдөлт овойлтыг тооцоогүй зэргээс шалтгаалан барилга бүрэн хагарч, хэв гажилтад орсон” гэх боловч “И” ХХК-ийн дүгнэлтэд дурдсан худгийн болон булгийн усны талаар дурдаагүй байна.” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
Тодруулбал, энэхүү иргэний хэргийг анхан шатны шүүх 2022.08.04-ний өдөр шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2022.10.19-ний өдрийн магадлалаар талуудын нотлох баримт бүрдүүлэх эрх хангагдаагүй гэж хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан. Анхан шатны шүүх хариуцагчийн хүсэлтийн дагуу шинжээчийн дүгнэлтийн зөрүүг арилгахаар “У” ХХК болон зөвлөх инженер О.Н нарыг шинжээчээр томилсон.
Зөвлөх инженер О.Н болон Ш.Ч нар “И” ХХК-ийн гаргасан дүгнэлтийг ашиглаж, нийцэл хийх байдлаар гаргасан.
“У” ХХК-аас Монгол Улсын Зөвлөх Инженер О.Д 2023.08.02-ны өдөр дүгнэлт гаргасан. Энэхүү дүгнэлтэд “Ж” ХХК-ийн гаргасан инженер геологийн дүгнэлтийг оруулсан буюу “И” ХХК, “Ж” ХХК-ийн дүгнэлтийг үндэслэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянах чиг үүргээ хэрэгжүүлэхгүй, хэргийн материал, шинжээч нарын дүгнэлттэй танилцахгүй үндэслэх болон эх сурвалж авсан хэсгийг хуулж ижил гаргасан мэтээр шийдвэр гаргасанд гомдолтой байна. Мөн дүгнэлтийн талаар магадлалд дурдсан шиг эргэлзээтэй ижил асуудал байна гэж үзсэн бол талуудаас тодруулж асуухгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Дүгнэлт гаргаж байгаа компаниуд нь ижил дүгнэлт гаргах ямар ч боломжгүй буюу “Ж” ХХК нь “И” ХХК-ийн гаргасан дүгнэлтэд дахин дүгнэлт гаргасан.
“У” ХХК нь барилгад шинжээчийн дүгнэлт гаргахдаа инженер геологийн дүгнэлтийг үндэслэсэн зэрэг нөхцөл байдал тодорхой байхад дүгнэлтүүдтэй танилцахгүйгээр ижил байгаа тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шинжээчийн 4 дүгнэлтийг харьцуулбал,
“И” ХХК амины орон сууцыг баригдахаас өмнө инженер геологийн судалгааг хийлгэж ул хөрсний физик-механикийн тооцооны үзүүлэлтүүдэд үндэслэн барилгын зураг төслийг зохиодог. Барилгын зураг төслийн дагуу барилгыг төлөвлөн барьснаар инженер геологийн нөхцөлийн улмаас барилгад үүсэж болох хэв гажилт суулт, овойлт гэх мэт эрсдэлүүдээс сэргийлэх боломжтой.
О.Н (“Ж” ХХК)-ийн дүгнэлтэд барилгын суурийг хөрсний болон гадаргуугийн уснаас хамгаалсан арга хэмжээ аваагүй, хөлдөлтийн гүн, халиа тошин үүсдэг физик-геологийн үзэгдэл үйл явцыг тооцоогүй нь харагдаж байна. Барилгын суурь буруу хөрсөнд суусан, хөрсний болон гадаргуугийн уснаас хамгаалсан арга хэмжээ аваагүй. Голын гольдрил дээр барилга даах чадваргүй хөрсөнд суурийн овойлтыг тооцоогүйгээс шалтгаалан барилга бүрэн хагарч хэв гажилтад орсон байна.
“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК үнэлж буй хөрөнгийн байрлаж буй хөрс цэвдэгтэй, намагтай байсан. Цэвдэгтэй хөрсөнд тохирсон технологиор суурийг хийгээгүй, дулаан тусгаарлалт муу хийсэн учир шалны халаалтын дулаан доош алдагдаж хөрсийг гэсгээж овойлт, суулт өгч суурь, хана зэрэг хөдөлгөөнд орж байшин эвдэрсэн.
“У” ХХК энэхүү барилгын байрлах талбайд барилгын инженер хайгуулын “Ж” ХХК-ийн хийсэн хөрсний геологийн судалгаа (ЗТ16-366)-аар барилгын суурь суусан хар өнгийн шаварлаг хөрс нь хүчтэй овойж үүсгэх хөрс болохыг тодорхойлсон дүгнэлт гарсан. Улирлын хөлдөлт гэсэлтийн улмаас өвөлдөө хөлдөж овойх, дулааны улиралд гэсэж суулт үүсгэх болсон нь барилгыг хэв гажилтад оруулах гол нөлөөг үүсгэсэн.
Дээрх дүгнэлтүүдээс магадлалд дурдсан хоорондоо үг, үсгийн зөрүүгүй дүгнэлт байхгүй. Харин дүгнэлтүүдээс анхнаасаа тухайн барилгыг хөрсний шинж чанарт тохирсон барилга барих эрсдэлээ тооцоогүй. Барилгын тухай хуульд заасан үүргээ зөрчсөнөөс буюу анх барилгыг барьсан этгээдийн буруутай үйлдлээс барилга ашиглах боломжгүй болсон гэдэг нь нотлогддог.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барилга барьж, Э.Б-д худалдсан этгээд гуравдагч этгээдээр оролцсон боловч хууль зөрчиж барилга бариагүй талаар нотлох баримтыг гаргаж өгөөгүй, шүүх хуралдаанд ч оролцоогүй. Харин нэхэмжлэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд “... Хугацааны хувьд барилгын компанид хандвал олж авах боломжгүй...” гэж тайлбарласан. Барилга барьсан этгээд Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийг мөрдөж ажиллах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүйгээс даатгалын компани буруутай болох үндэслэлгүй.
Давж заалдах шатны шүүх “... Учир нь уг гэрээний 7.2.13-т заасан нөхцөлийг даатгуулагч Э.Б д тайлбарлан өгсөн гэх баримт байхгүй, даатгалын зүйл болсон барилга нь гэрээний 7.2.13-т хамаарах нөхцөл байдал бий эсэхийг лавлаж тодорхойлох боломжтой байсан. Энэ ажиллагааг хийгээгүй.” гэж дүгнэсэн. Даатгалын компани мэргэжлийн оролцогчийн хувьд даатгуулагчтай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, ойлгомжгүй, тодорхойгүй нөхцөл байдлыг тайлбарлах үүрэгтэй ч энэ тохиолдол нь анхнаасаа Барилгын тухай хууль болон сууцны стандартыг зөрчиж баригдсан тул хохирлыг даатгалын эрсдэлд хамруулах боломжгүй юм.
Анхан шатны шүүх талуудыг мэтгэлцэх эрхийг хангаж, нотлох баримтыг тал бүрээс нь үнэн бодитой дүгнэсний үндсэн дээр хэргийг шийдвэрлэсэн. Гэвч давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаж, нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлээгүй, байхгүй нөхцөл байдлыг байгаа мэтээр дүгнэж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О-гийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.04.25-ны өдрийн 001/ШХТ2024/00499 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХЯНАВАЛ:
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О-гийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
7. Нэхэмжлэгч Э.Б хариуцагч “М” ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөр 163,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ, “... Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Овоот тосгон гудамжны 17/5 тоот хаягт байрлалтай, 136 м.кв талбайтай амины орон сууцыг “Голомт банк” ХК-ийн зээлээр худалдан авч “М ” ХК-тай Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ байгуулсан. Даатгагч амины орон сууцны үнэлгээг 163,200,000 төгрөгөөр тогтоосон. 2020.12.27-ны өдрөөс эхлэн байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр буюу хөрс овойж амины орон сууц өргөгдөж хагарч цуурсан. Амины орон сууцад учирсан хохирол нь хүний үйлдлээс болоогүй байгалийн хүчин зүйлээс шалтгаалсан ба газар хөдлөлийн чичирхийлэл болон механик үйлчлэлд хэсэгчлэн болон бүхэлдээ нурах нөхцөл бүрдсэн нь Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2021.03.18-ны өдрийн 02.07.383/188 дугаар дүгнэлтээр тогтоогдсон. Даатгалын гэрээнд заасны дагуу нөхөн төлбөрт 163,200,000 төгрөг гаргуулна.” гэж тайлбарласан.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Байгалын эрсдэлийн улмаас амины орон сууцанд хохирол учраагүй. Хөрсний шинж байдал өөрчлөгдөх нь байгалийн эрсдэл биш. Амины орон сууцыг барилгын зураг төсөлгүй, инженер геологийн судалгаагүй барьснаас механик үйлчлэлд хэсэгчлэн болон бүхэлдээ нурах нөхцөл бүрдсэн тул даатгалын нөхөн төлбөр 163,200,000 төгрөг олгохгүй.” гэж маргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд З.Ганцэцэг гуравдагч этгээдээр оролцож “... Амины орон сууцыг худалдахад ямар нэг доголдолгүй байсан. Амины орон сууцанд үүссэн цууралт нь газрын өөрчлөлт, их хэмжээний бороо орсны улмаас үүссэн...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг дэмжсэн тайлбар гаргажээ.
8. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “...шинжээч “И” ХХК “...тус талбайд байгалийн гэнэтийн үзэгдэл болох булаг сэргээгдэж амины орон сууцанд ус орж сууринд нэвчсэнээр хэв гажилтад орсон.” гэж, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь амины орон сууцны засварын зардал 170,136,800 төгрөг, үүнээс 3,231,700 төгрөг нь эд хогшлын хохирол болохыг тогтоосон ба ... үнэлж буй хөрөнгө байрлаж буй цэвдэгтэй хөрсөнд тохирсон технологиор байшингийн суурийг хийгээгүй, дулаан тусгаарлалт муу хийсэн учир шалны халаалтын дулаан доош алдагдаж цэвдэгтэй хөрсийг гэсгээж суурийн хөрсөнд овойлт, суулт өгч байшингийн суурь, хана зэрэг хийц хэсгүүд хөдөлгөөнд орж байшин эвдэрсэн...” гэж дүгнэсэн. Энэ хоёр дүгнэлтийн зөрүүтэй байдлыг арилгах зорилгоор шинжээч томилоход Монгол Улсын зөвлөх инженер О.Н (Ж ХХК) нь ...барилгын суурь нь буруу хөрсөнд суусан, хөрсний болон гадаргуугийн уснаас хамгаалсан арга хэмжээ аваагүй, голын гольдрил дээр барилгыг барьсан, барилга даах чадваргүй хөрсөнд суурийг шийдсэн, хөлдөлт овойлтыг тооцоогүй зэргээс шалтгаалан барилга бүрэн хагарч, хэв гажилтад орсон. ... барилгын суурийг зөв хөрсөнд шийдэх, инженер-геологийн судалгааны дүгнэлтийн дагуу зураг төслийг тооцож, барилгын талбайг гадаргуугийн болон хөрсний уснаас хамгаалсан зураг төслөөр хангах шаардлагатай.” гэж, “У” ХХК дүгнэлтдээ ...барилгын буурь хөрс болох хүчтэй овойлт үүсгэх хар өнгийн шавранцар ул хөрс нь хөрсний болон гадаргуугийн усны нөлөөгөөр усанд ханасан байдалтай, газрын гадаргуу усанд автсан намгархаг шинж төлөвтэй болсон зэргээс улирлын хөлдөлт, гэсэлтийн улмаас өвөлдөө хөлдөж овойх дулааны улиралд гэсэж суулт үүсгэх болсон нь барилгын хэв гажилтад оруулах гол нөлөөг үзүүлсэн. ...засвар хийх боломжгүй байгаа учир уг барилгыг бүрэн нурааж дахин барилга барих бол талбайн инженер геологийн судалгааны үндсэн дээр барилгыг төлөвлөн, хөрсний ус болон гадаргуугийн уснаас хамгаалсан арга хэмжээг тусгасан батлагдсан цогц зураг төслөөр барих шаардлагатай.” гэх дүгнэлтийг үндэслэн тухайн амины орон сууц баригдсан газрын хөрсний шинж чанар нь улирлын нөхцөлөөс шалтгаалан хөдөлгөөнд оршдог ба анх барилгын суурийг хөрсний онцлогт тохируулан шийдээгүй нь хохирол учрахад нөлөөлсөн. Энэ тохиолдолд даатгалын эрсдлийг гэрээнд зааснаар хариуцах үүрэггүй.” гэж дүгнэсэн.
9. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ: “... Шинжээч “И” ХХК амины орон сууцны зориулалттай хэв гажилтад орсон барилгын талбайн хойно байрлах худгийн ундарга ихэссэнтэй холбоотой 2020 оноос ус алдагдаж эхэлсэн. Энэ нь барилгын буурь хөрсөнд хүчтэй нөлөөлөх нөхцөл үүссэн”, мөн 2021.02.08-ны өдрийн 22/А-009 дугаар дүгнэлтэд “... амины орон сууцны талбайд байгалийн гэнэтийн үзэгдэл болох булаг сэргээгдэж улмаар ойр байрлах амины орон сууцанд урсан орж сууринд нэвчсэнээр хэв гажилт орсон. ...Булгийн ус нь байгалийн хөрсөнд нэвчиж усжсанаас дулааны улиралд барилгад нэмэлт суулт болон хүйтний улиралд хөрсний овойлт үүсгэдэг тул уг хөрсний шинж чанарт нөлөөлж ан цав үүсгэн эвдэрсэнтэй шууд нөлөө үзүүлсэн” гэж, харин шинжээч “У” ХХК, “Ж” ХХК дүгнэлт гаргасан боловч энэ 2 дүгнэлтийг Монгол Улсын зөвлөх инженер О.Н гаргасан, хоорондоо үг, үсгийн зөрүүгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй. Энэ 2 дүгнэлтэд “...Барилгын суурь нь буруу хөрсөнд суусан, хөрсний болон гадаргуугийн уснаас хамгаалсан арга хэмжээ аваагүй, голын голдирол дээр барилга барьсан, барилга даах чадваргүй хөрсөнд суурийг шийдсэн, хөлдөлт овойлтыг тооцоогүй зэргээс шалтгаалан барилга бүрэн хагарч, хэв гажилтад орсон” гэх боловч “И” ХХК-ийн дүгнэлтэд дурдсан худгийн болон булгийн усны талаар огт дурдаагүй байна. Иймд “И” ХХК-ийн дүгнэлт илүү үндэслэлтэй.
“М ” ХК нь даатгалын үйл ажиллагааг эрхлэх мэргэшсэн этгээдийн хувьд даатгалын хууль тогтоомж, гэрээний нөхцөлийг даатгуулагчид танилцуулах үүрэгтэй. Энэ үүргийн хүрээнд даатгалын гэрээний 1.2-т заасан “байгалийн эрсдэл”-д орох нөхцөл болон гэрээний 7.2.4-т заасан “гэрээнд тусгаагүй эрсдэл, шалтгааны улмаас учирсан хохирол”-д хамаарах нөхцөл байдлыг тайлбарлаж өгөөгүй байна. Хариуцагч “... алдаатай болон буруу зураг төсөл, загварыг ашигласан эсвэл чанарын шаардлага хангахгүй материал хэрэглэсэн, зураг төслийг өөрчилсөн” гэх үндэслэлээр даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсаныг буруу гэж үзнэ. 2020.12.27-ны өдрөөс газрын хөрс овойж, хөдөлгөөн бий болсноор даатгагдсан амины орон сууцанд эвдрэл гэмтэл бий болсон нь байгалийн хүчин зүйлээс шалтгаалсан...” гэж үзжээ.
11. Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Э.Б нь хариуцагч “М ” ХК-тай 2018.10.11-ний өдөр Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Овоот тосгон, гудамж 17/5 тоот хаягт байрлах, амины орон сууцыг 163,200,000 төгрөгөөр үнэлж, даатгагч “М” ХК-д даатгуулсан, даатгуулагч нь даатгалын хураамжид 195,840 төгрөгийг жил бүр төлж байсан, 2020.12.27-ны өдрөөс даатгалын зүйл болох амины орон сууцны үндсэн хийц, бүтээц хэв гажилтанд орж, ташуу, хөндлөн, нэвт хагарал цууралт их хэмжээгээр үүссэн, газар хөдлөлийн чичэрхийлэл болон механик үйлчлэлд хэсэгчлэн болон бүхэлдээ нурах нөхцөл бүрдсэн, нэхэмжлэгч даатгалын нөхөн төлбөр хүссэн өргөдлийн хамт холбогдох материалыг “М ” ХК-д гаргахад нөхөн төлбөр олгохоос татгалзсан, Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргахад даатгалын нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн үйл баримт тус тус тогтоогдсон.
12. Талууд даатгалын гэрээ байгуулагдсан болон даатгалын хураамж төлөгдсөн эсэх талаар маргаагүй, харин даатгалын зүйл болох нэхэмжлэгчийн амины орон сууц нурах нөхцөл бүрдсэн нь даатгалын гэрээнд заасан байгалийн эрсдлийн улмаас үүссэн даатгалын тохиолдол мөн эсэх талаар маргасан байна.
13. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн амины орон сууцанд байгалийн эрсдэлийн улмаас хохирол учирсан эсэх, хохирлын шалтгаан нөхцлийг тодруулах зорилгоор 3 удаа шинжээч томилж дараах дүгнэлтүүдийг гаргажээ.
13.1. “И” ХХК-ийн 2022.02.08-ны өдрийн 22/А-009 тоот дүгнэлтэд “...тус талбайд байгалийн гэнэтийн үзэгдэл болох булаг сэргээгдэж улмаар ундарч, ойр байрлах амины орон сууцанд урсан орж сууринд нэвчсэнээр хэв гажилтанд орсон ... булгийн ус нь барилгын суурийн ул хөрсөнд нэвчиж усжсанаас дулааны улиралд барилгад нэмэлт суулт болон хүйтний улиралд ул хөрсний овойлт үүсгэдэг тул ул хөрсний шинж чанарт өөрчлөлт орж барилгын сууринд хэв гажилт үзүүлэн амины орон сууцны чанарт нөлөөлж ан цав үүсгэн эвдэрсэнтэй шууд нөлөө үзүүлсэн байна...” гэж,
13.2. “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2022.06.08-ны өдрийн 278 тоот дүгнэлтэд “...үнэлж буй хөрөнгийн байрлаж буй хөрс нь цэвдэгтэй, намагтай хөрс байсан, цэвдэгтэй хөрсөнд тохирсон технологоор байшингийн суурийг хийгээгүй, дулаан тусгаарлалт муу хийсэн учир шалны халаалтын дулаан доош алагдаж цэвдэгтэй хөрсийг гэсгээж суурийн хөрсөнд овоолт, суулт өгч, байшингийн суурь, хана зэрэг хийц хэсгүүд хөдөлгөөнд орж байшин эвдэрсэн байна. ...” гэж,
14.3. Монгол Улсын зөвлөх инженер О.Н (“Ж” ХХК)-гийн “... Барилгын суурь нь буруу хөрсөнд суусан, хөрсний болон гадаргуугийн уснаас хамгаалсан арга хэмжээ аваагүй, голын гольдрил дээр барилгыг барьсан, барилга даах чадваргүй хөрсөнд суурийг шийдсэн, хөлдөлт овойлтыг тооцоогүй зэргээс шалтгаалан барилга бүрэн хагарч, хэв гажилтанд орсон байна “ гэж,
14.4. Монгол Улсын зөвлөх инженер А.Д (“У” ХХК)-гийн 2023.08.02-ны өдрийн 01/2023 тоот дүгнэлтэд “... барилгын буурь хөрс болох хүчтэй овойлт үүсгэх хар өнгийн шавранцар ул хөрс нь хөрсний болон гадаргуугийн усны нөлөөгөөр усанд ханасан байдалтай, газрын гадаргуу нэлэнхүйдээ усанд автсан намгархаг шинж төлөвтэй болсон байгаа зэргээс улирлын хөлддөлт, гэсэлтийн улмаас өвөлдөө хөлдөж овойх, дулааны улиралд гэсч суулт үүсгэх болсон нь барилгыг хэв гажилтад оруулах гол нөлөөг үүсгэсэн ...уг барилгыг бүрэн нурааж, уг талбай дээр дахин барилга барих бол талбайн инженер геологийн судалгааны үндсэн дээр барилгыг төлөвлөн хөрсний ус болон гадаргуугийн уснаас хамгаалсан арга хэмжээг тусгасан батлагдсан зураг төслөөр барих шаардлагатай. ... ” гэж тус тус дүгнэжээ.
15. Анхан шатны шүүх зөвлөх инженер О.Н , А.Д нарын гаргасан дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байх боловч эдгээр дүгнэлтэд “И” ХХК-ийн дүгнэлтэд дурдсан булгийн усны ундаргын талаар дурдаагүй байгааг анхаараагүй, “И” ХХК-ийн дүгнэлтийг хэрхэн үгүйсгэж байгааг шийдвэртээ заагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцээгүй байна.
16. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх алдааг залруулсан боловч “И” ХХК-ийн дүгнэлтийг илүү үндэслэлтэй гэж үзэхдээ зөвлөх инженер О.Н , А.Д нарын гаргасан дүгнэлтийг хэрхэн үгүйсгэж байгаа үндэслэлээ заагаагүй бөгөөд шинжээчийн дүгнэлтийг хэргийн бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байх тул магадлалд өөрчлөлт оруулна.
Мөн давж заалдах шатны шүүх даатгалын гэрээний 6.1.5-д заасан “даатгуулагчийн өөрийн хариуцах хэсэг нь даатгалын тохиолдол бүрт хохирлын 10 хувь байна” гэж тохирсон байгааг харгалзалгүй орхигдуулсан, даатгалын гэрээний нөхцлийг даатгуулагчид тайлбарлаж өгсөн эсэх талаар буюу талуудын маргаагүй асуудлаар дүгнэсэн нь үндэслэл муутай болсон байна. Гэрээний энэ нөхцөл нь агуулгын хувьд даатгуулагчийн гэм буруутай нөхцөлд л хэрэгжих боломжтой гэж үзэх нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д нийцнэ.
17. “И” ХХК-ийн дүгнэлтийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхаас гадна Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2021.06.11-ний өдрийн Д-12/02 тоот дүгнэлтээр хөрсний ус гарч, үерийн ус дайрсан талаар дүгнэсэн зэргээс үзэхэд даатгалын гэрээнд заасан байгалийн эрсдлийн улмаас даатгагдсан амины орон сууц хэсэгчлэн болон бүхэлдээ нурах нөхцөл бүрдсэн нь даатгалын тохиолдол бий болсон гэж үзэх үндэслэлтэй байна.
18. Гэхдээ барилгыг анх барихдаа хөрсний шинжилгээ хийлгээгүй, тухайн хөрсөнд тохирсон технологиор байшингийн суурийг хийгээгүй, барилгын суурийг хөрсний уснаас хамгаалах арга хэмжээ аваагүй болох нь зөвлөх инженер О.Н, А.Д нарын гаргасан болон “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн дүгнэлтүүдээр тогтоогдсон тул даатгалын тохиолдол бий болох нөхцөлд байдалд даатгуулагчийн гэм буруутай үйлдэл нөлөөлсөн, эрсдлийг нэмэгдүүлсэн нь тогтоогдсон байна.
Тодруулбал, Барилга, хот байгуулалтын сайдын 2005.09.08-ны өдрийн 78 дугаар тушаалаар баталсан барилгын норм ба дүрэм (нэг айлын сууц)-ийн 5.4-т “Сууцны барилгын суурийг төлөвлөхдөө барих газрын хөрсний БНбД 2.02.01-94-д заасан физик-механикийн шинж чанар (мөнх цэвдэгтэй хөрсөнд БНбД 2.02.01-94-г), гидрогеологийн горимыг харгалзах, мөн суурь болон газар доорхи инженерийн шугам сүлжээнд үзүүлэх хөрс ба хөрсний усны сөрөг нөлөөллийг харгалзан үзэхийн зэрэгцээ буурь хөрсний жигд суух нөхцөлийг хангасан байвал зохино” гэж заасныг баримтлалгүй барьснаас бий болох эрсдэлийг энэ маргааны хувьд өмчлөгч хариуцахаар байна.
Иймд Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д заасан даатгуулагч даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн бол нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно гэж зохицуулсныг тухайн маргаанд хэрэглэх үндэслэлтэй, хоёр шатны шүүх хэрэглэвэл зохих хэм хэмжээг анхаараагүй байна.
19. Талууд гэрээний 6.1.5-д “Даатгуулагчийн өөрийн хариуцах хэсэг нь даатгалын тохиолдол бүрт учирсан хохирлын 10 хувь байна.” гэж тохиролцсон тул нэхэмжлэгч Э.Б нь амины орон сууцны үнэлгээ 163,200,000 төгрөгийн 10 хувь буюу 16,320,000 төгрөгийн хохирлын эрсдлийг өөрөө хариуцах бөгөөд үлдэх хохирол 146,880,000 төгрөгийн хохирлын 50 хувийг буюу 73,440,000 төгрөг хариуцагч “М” ХК-аас гаргуулж нэхэмжлэгч Э.Б д олгож магадлалд өөрчлөлт оруулав.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 210/МА2024/00333 дугаартай магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2023/03675 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч “М ” ХК-аас 73,440,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Б д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 89,760,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Б гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 973,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М ” ХК-аас 525,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Б д олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О-гийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “М” ХК нь 2024.04.04-ний өдөр 972,950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА