Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 0041

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                        Л.Э

Нарийн бичгийн дарга                 Э.Булгантамир нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Ад холбогдох эрүүгийн хэргийг прокурор Л.Э-н эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлтэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Чо овогт Б-ын А.

 

Шүүгдэгч Б.А нь 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Их залуу багийн 146-8 тоот хашааны гадна байсан төрсөн эцэг Б.Б-н өмчлөлийн 06-28 ОРА улсын дугаартай Тоёота Саксийд /Тоуоta Succeed/ маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан,

2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр П.Д, Б.Б нартай бүлэглэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг делта тетрагидроканнабинолын төрлийн бодис агуулсан ургамлыг Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт хадгалсан,

2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 31-ний өдрийн хооронд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг делта тетрагидроканнабинолын төрлийн бодис агуулсан ургамлыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн 146-8 тоотод болон биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолоор:

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад 2018 оны 10 дугаар сарын 27-ноос 31-нд сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Ч овгийн Б-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэрэг, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2, 2.1, 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар Б.Агийн цагдан хоригдсон 15 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр дүйцүүлэн эдлэх ялд нь оруулан тооцож эдлэх ялын хэмжээг 225 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тогтоож, оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.А-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш                 90 хоногийн хугацаанд төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар тэнсэнгийн хугацаанд согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аг тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосон хугацаанд хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, эсхүл торгох ялыг хугацаанд нь биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчийг тэнсэж, хязгаарлалт  тогтоосон  шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж,

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Л.Э эсэргүүцэлдээ:

“... Шүүх шүүгдэгч Б.Ад холбогдох хэргээс “2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 31-ний өдрийн хооронд Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг делта тетрагидроканнабинолын төрлийн бодис агуулсан ургамлыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу баг 14б-8 тоотод болон гэртээ хадгалсан” хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, ... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж дүгнэлт хийсэн атлаа ТОГТООХ хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт буюу гэмт хэргийн шинжгүй гэх заалттай давхар баримталсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн  хугацаагаар тэнсэж шийдвэрлэхдээ баримталбал зохих хуулийн заалтыг буюу Эрүүгийн хуулийн ерөнхий 7.1 дүгээр зүйлд заасан тэнсэх заалтыг баримтлалгүй шийдсэн байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг зөрчсөн байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Э дүгнэлтдээ: “...эсэргүүцлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна...шүүгчийн захирамжинд өөрчлөлт оруулах саналтай байна... ” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх прокурор Л.Эы эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ад холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Б.А нь 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн 146-8 тоот хашааны гадаа байсан өөрийн эцэг Б.Буянбаатарын өмчлөлийн 06-28 ОРА улсын дугаартай Тоёота Саксийд маркийн автомашиныг завших зорилгогүйгээр түүний зөвшөөрөлгүй авч явсан,

2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр П.Д, Б.Б нартай бүлэглэн Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг делта тетрагидроканнабинолын төрлийн бодис агуулсан ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт хадгалсан,

мөн 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 31-ний өдрийн хооронд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг делта тетрагидроканнабинолын төрлийн бодис агуулсан ургамлыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн 146-8 тоотод байрлах өөрийн гэртээ болон биедээ хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогдсон байна.

 

Анхан шатны шүүх тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн Б.Ад холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэснээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ.

 

Тодруулбал анхан шатны шүүх Б.Ад холбогдох хэргээс 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 31-ний өдрийн хооронд үйлдэгдсэн үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг үндэслэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн заалтыг давхар баримталсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг үндэслэн хэрэгсэхгүй болгох тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтална.

 

Харин “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийг баримтлах шаардлагатай тул прокурорын эсэргүүцэлд дурьдсан “...хуулийн заалтыг давхар баримталсан нь буруу...” гэх хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Түүнээс гадна шүүх хуралдааны тэмдэглэл /хх 112/ болон шүүх хуралдааны явцыг баталгаажуулсан дүрс бичлэгээс үзвэл шүүх хуралдаан даргалагч шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг “Шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж уншин сонсгож, шүүх хуралдаанд оролцсон прокурор, хэргийн оролцогч нарт шийтгэх тогтоолын үндэслэлийг тайлбарлаж өгсөн байна.

Гэтэл прокурор, хэргийн оролцогч нарт гардуулсан шийтгэх тогтоолын 3 дахь заалтад “Шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж “Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан” гэснийг бичилгүй орхигдуулжээ.

Шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийтгэх тогтоолын тогтоох хэсэг прокурор, хэргийн оролцогч нарт гардуулсан шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс зөрүүтэй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8-д заасан ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарч байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн ... бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэж заажээ.

Шүүгдэгч Б.А нь авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэрэг, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргүүдэд тус тус холбогдсон, өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хоёр өөр төрлийн гэмт хэрэгт холбогдсон атал шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

Иймд прокурорын эсэргүүцэлд дурьдсан “... баримталбал зохих хуулийн заалт буюу Эрүүгийн хуулийн ерөнхий 7.1 дүгээр зүйлд заасан тэнсэх заалтыг баримтлалгүй шийдсэн байна ... шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичив...” гэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 1.3, 39.7 дугаар зүйлийн 1.2, 39.8 дугаар зүйлийн 1.8, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дугаар зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Прокурор Л.Эы эсэргүүцэлд дурьдсан “...хуулийн заалтыг давхар баримталсан нь буруу...” гэх хэсгийг хүлээн авч, “...баримталбал зохих хуулийн заалт буюу Эрүүгийн хуулийн ерөнхий 7.1 дүгээр зүйлд заасан тэнсэх заалтыг баримтлаагүй...шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичив...” гэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

             4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                             С.ЦЭЦЭГМАА

                                                                                           С.УРАНЧИМЭГ