Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2024/00076

 

“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2023/03922 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2024/00265 дугаар магадлалтай,

“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

С.Б, Д.М нарт холбогдох

Гэрээний үүрэгт 154,934,247 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г-ын гаргасан хяналтын гомдлыг үндэслэн шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г, хариуцагч С.Б-ийн өмгөөлөгч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.“И” ХХК нь С.Б, Д.М нарт холбогдуулан гэрээний үүрэгт 154,934,247 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

2.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2023/03922 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч С.Б-с 154,934,247 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “И” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар С.Б-ийн өмчлөлийн Б дүүрэг *** хороо *** хороолол *** байр *** тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Д.М-ын өмчлөлийн Б дүүрэг * хороо * хороолол * байр * тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,366,370 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Б-ээс 1,296,170 төгрөг, хариуцагч Д.М-аас 70,200 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “И” ХХК-д олгож, нэхэмжлэгч нь гэрчээр Б-ийг оролцуулах хүсэлтээс татгалзсаныг дурдаж шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2024/00265 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2023/03922 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар С.Б, Д.М нарт холбогдох гэрээний үүргийн биелэлт 154,934,247 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай “И” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар “И” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382,622 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэх байдлаар шийдвэрлэх үүрэгтэй болохоос биш муу зээлийн ангилалд орохгүйн тулд дахин зээл авсан юм байна гэж таамаглах байдлаар нотлох баримтад тулгуурлахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон байна. “И” ХХК нь 2022.12.19-ний өдрийн зээлийн гэрээний дагуу зээлдэгч С.Б-ийн зээлийн өргөдөлд дурдсан Хаан банк дахь 5******** тоот дансанд 110,000,000 төгрөгийг 2022.12.19-ний өдөр шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан “И” ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна. Ийнхүү 110,000,000 төгрөгийг С.Б-т шилжүүлэн өгснөөр “И” ХХК нь түүнтэй байгуулсан зээлийн гэрээий үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд ямар нэгэн байдлаар дүр үзүүлсэн, зээл олгох зорилгогүй байсан зэрэг үйл баримт байхгүй болно. Зээлдэгч С.Б-ийн дансанд зээлийн дүн болох 110,000,000 төгрөг шилжин орсноор зээлдэгч нь тухайн хөрөнгийг өөрийн дураар захиран зарцуулах эрх нь нээгдсэн бөгөөд С.Б-ийн зээлээ зориулалтын дагуу захиран зарцуулаагүй байдал нь зээлдүүлэгч зээлийг хугацаанаас өмнө буцаан дуудах үндэслэл болохоос биш, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн “И” ХХК нь С.Б-ийг 2021.11.02-ны өдрийн зээлийг хааж, зээлийн гэрээний үүргээ биелүүлснийх нь дараа дахин зээл олгосон байтал Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс “И” ХХК-аас 2021 оны зээлийг 2022 оны зээлээр хаасан мэт буруу дүгнэсэн байна. Бодит байдал дээр С.Б нь “И” ХХК-ийн хөрөнгө оруулагч Б гэх БНСУ-ын иргэнээс зээл авч “И” ХХК-аас авсан зээлээ хаалгасан бөгөөд үүнийх нь дараа манай байгууллагаас дахин зээл олгосон. Хэдий Б нь манай компанийн хувьцаа эзэмшигч мөн боловч компанийн итгэмжлэлгүйгээр чөлөөлөх эрхтэй этгээд биш ба Б-ийн хийсэн үйлдлийг “И” ХХК-д шууд хамааруулж ойлгож болохгүй. Гэтэл хувьцаа эзэмшигч болон компанийг нэг этгээд мэтээр тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн нь Компанийн тухай хуулийн 9.2, 9.3-т заасныг зөрчсөн байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г-ын гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.04.04-ний өдрийн 001/ШХТ2024/00393 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгон, шийдвэрт өөрчлөлт оруулах хуулийн үндэслэлтэй байна.

7.Нэхэмжлэгч “И” ХХК, хариуцагч С.Б, Д.М нараас зээлийн гэрээний үүрэгт 154,934,247 төгрөгийг гаргуулах, барьцааны зүйлээс үүргийг хангуулах нэхэмжлэлийг гаргахдаа 2022.12.19-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээг нэхэмжлэлийн үндэслэлээ болгожээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “2021.11.02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 100,000,000 төгрөг зээлж, хүүгийн хамт 110,000,000 төгрөгийн төлбөр үүссэнийг төлж чадахгүй нөхцөл үүссэн, нэхэмжлэгчийн дарамт шахалтаар хувьцаа эзэмшигч Б зээл чөлөөлж, 110,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан, 2022.12.19-ний өдрийн зээлийн гэрээний 110,000,000 төгрөгийг ашиглаагүй, Б авсан, 2022.12.19-ний өдрийн зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус, нийлмэл хүүтэй зээл олгогдсон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

8.Анхан шатны шүүх хариуцагч С.Б-т холбогдох нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Д.М-д холбогдох нэхэмжлэлийг шийдвэрлээгүй байх ба давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл болж буй зээлийн гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар хууль зүйн өөр өөр дүгнэлт хийж, зөрүүтэй шийдвэр гаргасан нь хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэл болсон байна.

9.Хэрэгт байгаа баримтаас үзвэл, хариуцагч С.Б, Д.М нар “И” ХХК-тай 2021.11.02-ны өдөр 100,000,000 төгрөгийн зээлийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, 2022.12.19-ний өдөр хүүгийн хамт 110,000,000 төгрөгийг төлөхдөө мөн өдрөө “И” ХХК нь С.Б, Д.М нартай 110,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй нөхцөлөөр зээлэх, үүргийг хангуулахаар Д.М-ын өмчлөлийн Б дүүрэг *** хороо *** хороолол *** байр *** тоот, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, С.Б-ийн өмчлөлийн Б дүүрэг * хороо * хороолол * байр * тоот, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан, гэрээний дагуу 110,000,000 төгрөгийг хариуцагч нь авсан боловч “И” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Б-ийн дансанд уг мөнгийг шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан байна.

“И” ХХК нь гэрээний дагуу зээлийн мөнгийг зээлдэгчид шилжүүлсэн эсэх, талуудын хооронд гэрээний дагуу үүрэг үүссэн эсэх асуудал маргааны зүйл болжээ.

10.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “...эхний зээлийг хааж дараагийн зээл олгосон, нэхэмжлэгч байгууллагын хувьцаа эзэмшигч Б-с 110,000,000 төгрөгийг авсан өдөртөө зээлдэгч нь нэхэмжлэгч байгууллагад өмнөх зээлийн үүрэгт шилжүүлсэн, талуудын хооронд 2022.12.19-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу олгосон 110,000,000 төгрөгийг хариуцагч зориулалтын дагуу ашиглах боломжгүй байснаар гэрээний зорилго биелэгдээгүй, хариуцагч С.Б нь зээл авах хүсэл зориг байгаагүй, харин М-ны зээлийн муу ангилалд орохгүйн тулд гэрээ байгуулсан байх тул уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “дүр үзүүлэн хийсэн” хүчин төгөлдөр бус хэлцэл, дүр үзүүлсэн хэлцлийн талууд ямар нэгэн эрх зүйн үр дагавар гаргах буюу эрх, үүрэг хүлээхийг хүсээгүй байдаг тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийг шаардах эрхгүй, 2022.12.19-ний өдөр 110,000,000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан боловч уг зээлээр өмнөх 2021.11.02-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлсэн нь хүүг нэмж зээл олгосон шинжтэй болсон, харин уг хүчин төгөлдөр бус байх хэлцлээр халхлагдсан 2021.11.02-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргахад энэ шийдвэр саад болохгүй...” гэсэн дүгнэлтийг хийсэн.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл болж буй 2022.12.19-ний өдрийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн боловч 2021.11.02-ны өдрийн зээлийн гэрээг халхлагдсан хэлцэл гэж дүгнэж байгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлаагүйгээс гадна 2022.12.19-ний өдрийн гэрээ нь өмнөх 2021.11.02-ны өдрийн гэрээтэй холбоотой, талууд зээлийн гэрээг бичгээр байгуулсан болохыг анхаараагүйн улмаас магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

11.Нэхэмжлэгч нь 2022.12.19-ний өдөр гэрээ байгуулж, 110,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн нь өмнөх зээлийг төлөх зорилготой гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт буруу биш. Гэвч 2021.11.02-ны өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагч нь үндсэн зээл 100,000,000 төгрөг, хүү 10,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй ба 2022.12.19-ний өдөр хэрхэн төлөх талаар тохиролцож 2021.11.02-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэлт зоригоо илэрхийлсэн байна.

Зээл авсан талаарх талуудын зөвшилцөл, зээлдэгчийн хүлээсэн үүрэг тодорхой тогтоогдож байгаа нөхцөлд гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх боломжгүй бөгөөд 2022.12.19-ний өдрийн гэрээ нь өмнөх гэрээний үүргийг баталгаажуулж, тодорхой нөхцөлийг өөрчлөн тохирсон гэж үзнэ.

12.Анхан шатны шүүх зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т нийцжээ. Харин 2022.12.19-ний өдрийн зарим тохиролцоо хүчин төгөлдөр бус болохыг дүгнэж чадаагүйг залруулах боломжтой байна.

М-ны Ерөнхийлөгчийн 2018.07.23-ны өдрийн А-203 дугаар тушаалаар “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ыг баталж, тус журмын 1.3.6-д “Нийлмэл хүү гэж үндсэн дүн болон өмнөх хугацаанд бодогдсон хүүгийн нийлбэр дүнгээс тооцсон хүүгийн хэмжээг ойлгоно” гэж тодорхойлоод 5 дугаар зүйлийн 5.5-д “иргэнд нийлмэл хүүтэй зээл олгохыг хориглоно” гэж заажээ.

Нэхэмжлэлийн үндэслэл болох 2022.12.19-ний өдрийн зээлийн гэрээнд өмнөх зээлийн хүү 10,000,000 төгрөгийг нэмж, 110,000,000 төгрөгийг зээлэхээр тусгасан байх ба үүнээс 10,000,000 төгрөгт холбогдох хэсэг хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус байна. Гэрээний зарим хэсэг хүчин төгөлдөр бус байгаа нь зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй гэж үзэх нь Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасантай нийцнэ.

13.Иймд хариуцагч нараас үндсэн зээл 100,000,000 төгрөг, 2022.12.19-2023.10.16 хүртэлх хугацааны зээлийн хүү 38,099,178 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,835,068 төгрөг, өмнөх гэрээний дагуу төлбөл зохих хүү 10,000,000 төгрөг, нийт 154,934,246 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “И” ХХК-д олгож, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

Харин анхан шатны шүүх хариуцагч Д.М-д холбогдох нэхэмжлэлийг шийдвэрлээгүй орхигдуулсан учир шийдвэрт энэ талаар өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2024/00265 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2023/03922 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...С.Б-ээс...” гэснийг “...С.Б, Д.М нараас...” гэж, 3 дахь заалтад “...С.Б-ээс 1,296,170...” гэснийг “...С.Б, Д.М нараас 1,296,170...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч “И” ХХК-аас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.03.12-ны өдөр төлсөн 1,073,022 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

           

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Н.БАТЧИМЭГ

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Г.АЛТАНЧИМЭГ

         ШҮҮГЧИД                                                                   Н.БАЯРМАА

                                                                                                 П.ЗОЛЗАЯА

                                                                                                 Х.ЭРДЭНЭСУВД