Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 0050

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Дд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                          Л.Э

Шүүгдэгч                                           Б.Д

               Шүүгдэгчийн өмгөөлөгч                Р.Ц

  Нарийн бичгийн дарга                  Э.Булгантамир нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Дд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Р.Ц нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн Ч овогт Б-н Д.

 

Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Ундрагын 18-02 тоот М.Л-н байшингийн цонхоор нэвтэрч эмээлийн мөнгөн тоноглолыг хулгайлан авч, 880.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Ундрагын 14-08 тоотод оршин суух С.М-н байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга 2 ширхэг, мөнгөний гахайнд байсан 50.000 төгрөг зэргийг хулгайлан 358.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Зураагийн 14-1 тоотод оршин суух Н.Л-н байшинд хууль бусаар нэвтрэн орж мөнгөн аяга, зургийн аппарат зэрэг эд зүйлийг хулгайлан авч 190.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 52-22 тоотод оршин суух Б.Ш-н гэрт хууль бусаар орж мөнгөн аяга, мөнгөн бугуйвч, цахилгаан хөрөө, 26 кг самар зэргийг хулгайлан 807.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Зураагийн 1-11 тоотод оршин суух Т.Ж-н байшинд хууль бусаар нэвтэрч монетан бөгж, мөнгөний гахайг хагалж 100.000 төгрөг зэргийг хулгайлж 310.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Баруун дэнжийн 10-02б тоотод оршин суух, Б.У-н байшинд хууль бусаар нэвтрэн орж “Хасээ” маркийн нөөтбүүк, LG маркийн гар утас зэргийг хулгайлан авч 430.000 мянган төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж баг баруун Дэнжийн 19-05 тоотод оршин суух Б.М-ын эзэмшлийн байшингийн вакум цонхоор нэвтэрч 32 инчийн зурагт, мөнгөн аяга, зэс аяга, микрофон, цахилгаан төгөлдөр хуур, Кэн брэндийн багаж хэрэгсэл зэрэг эд зүйл хулгайлж 1.265.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 14б-4 тоотод оршин суух Р.О-н байшинд хууль бусаар нэвтрэн орж “Dell” брэндийн зөөврийн компьютер, шаргал өнгөтэй эмэгтэй төмөр бугуйн цаг зэрэг эд зүйл хулгайлан 1.515.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 17а-2 тоотод оршин суух А.Ц-н байшинд хууль бусаар нэвтрэн орж 39 инчийн зурагтыг хулгайлан 400.000 төгрөгийн хохирол учруулж, нийт 6.155.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Ч овогт Б-н Д-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Д-ийг 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Дт энэ тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ял дээр, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх ялын хэмжээг 6 /зургаа/ жилийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Дт оногдуулсан 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Дийн  цагдан хоригдсон 22 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцож,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Доос нийт 2,967,000 төгрөг гаргуулж, хохирогч С.М Н.Л 150,000 төгрөг, Б.Ш-д 372,000 төгрөг, Б.У 150,000 төгрөг, Н.Б 945,000 төгрөг, А.Ц-д 400,000 төгрөг, Т. Жураа-д 210,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Ө-д 290,000 төгрөг, М.Б д 400,000 төгрөг тус тус олгуулж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж,

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц давж заалдах гомдолдоо:

 

“ ... Шүүгдэгч Б.Д нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдсэн 4 удаагийн үйлдэлтэй мөн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Орхон аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт ял сонсон яллагдагчаар татагдан шалгагдаж байна. Гэмт хэрэг тус бүрт нь ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоох Эрүүгийн хуулийн заалт байгаа хэдий ч шүүгдэгч Б.Дийн хувьд шийтгэх тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэгт дахин ял шийтгэж нэмж нэгтгэх тохиолдолд эрх зүйн байдал илт дордож, эдлэх хорих ялын хэмжээ өндөр тогтоогдох бодит байдал бий болоод байна.

Мөн шүүгдэгч Б.Д нь хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдгийг хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогоогүй гэж үзэж байна. Харин удаа дараа буюу 9 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгэж байгаа тохиолдолд хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдэг нь хугацааны хувьд урт хугацааг хамруулан ойлгох ёстой. Тиймээс шүүгдэгч нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдэг нь тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Хэрэв хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж гэм буруутайд тооцохоор бол байнга үйлдэж байгаа 9 үйлдлийг нь нэг шийдээд дараа нь үйлдсэн 4 үйлдлийг нь бас тус тусад нь шийдэх нь үндэслэлгүй бөгөөд шүүгдэгчийн эрх зүйн байдал илтэд дордохоор байна.

Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Орхон аймгийн Цагдаагийн газарт ял сонсон яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа /ял сонсгож, яллагдагчаар татсан 4 тогтоол хэрэгт авагдсан байгаа/ хэрэгтэй нь нэгтгэж нэг мөр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэн шийдэх боломж олгож өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Б.Д давж заалдах гомдолдоо:

“... Миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулна. Гэвч миний бие одоо хулгайлах гэмт хэрэгт Орхон аймгийн Цагдаагийн газарт шалгагдаж байгаа бөгөөд энэ хэргүүд нь шийтгэх тогтоол гарахын өмнө үйлдэгдсэн юм. Иймээс миний бие нь хийсэн хэргүүдээ нэг мөр шийдүүлэх хүсэлтэй байна. Тусад нь шийдүүлэхээр хорих ялын хэмжээ өндөр болох гэж байна. Иймээс миний хийсэн хэргүүдийг нэгтгэж шийдвэрлэж өгнө үү.

Миний аав Б хоёр гаргүй хөгжлийн бэрхшээлтэй хүн байдаг ба би аавыгаа асарч амьдардаг байсан. Миний хэргийг нэгтгэн шийдвэрлэж өгөхийг хүсье ... Хохирогч Н.Б-н гэрээс зурагт аваагүй. Бусад зүйлийг авсан. Намайг зурагт авсан гэж шийтгэх тогтоолд заасан үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Э  дүгнэлтдээ: “... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...“ гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Р.Ц нарын давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрүүдийн хооронд 9 удаагийн үйлдлээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Р.О, А.Ц нарын орон байр, Даваат багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн М.Л, С.М, Н.Л, Т.Ж нарын орон байр, Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Ш-н орон байр, Дэнж багийн нутагт дэвсгэрт байрлах иргэн Б.У, Б.М нарын орон байранд тус тус нэвтрэн орж, хууль бусаар эд зүйл хулгайлан бусдад нийт 6.155.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар анхан шатны үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх Б.Д-ийг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Б.Д нь “... миний үйлдсэн хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэж өгнө үү...” гэсэн, түүний өмгөөлөгч Р.Ц нь “... шүүгдэгч Б.Дийн хувьд шийтгэх тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэгт дахин ял шийтгэж нэмж нэгтгэх тохиолдолд эрх зүйн байдал илт дордож, эдлэх хорих ялын хэмжээ өндөр тогтоогдох бодит байдал бий болоод байна ... мөн шүүгдэгч Б.Д нь хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдгийг хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогоогүй гэж үзэж байна... “ гэсэн давж заалдах гомдлыг тус тус гаргажээ.

Орхон аймгийн Прокурорын газрын прокурор нь 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Б.Дийг 4 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар тус тусад нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан /3 дугаар хх 57-60/ байна.

Шүүгдэгч нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарахаас өмнө дээрх гэмт хэргүүдэд холбогдож яллагдагчаар татагдсан нь тогтоогдож байх боловч Монгол улсын Үндсэн хуульд заасан “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1-д заасан “Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй” гэсэн зарчмын дагуу Б.Дийг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй юм.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хүн гэмт хэрэг үйлдсэн нь “тогтоогдсон” байхыг шаардах тул энэ хэсэгт заасныг баримтлан түүнд ял оногдуулах боломжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2-т “... нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно ...” гэж заасан нь заавал нэгтгэнэ гэсэн ойлголт биш бөгөөд Б.Дт холбогдох эрүүгийн хэргүүдийг нэгтгэн нэг гэмт хэрэгт тооцож шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх ач холбогдолтойг үгүйсгэхгүй боловч түүний үйлдсэн гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх  боломжтойгоос гадна ийнхүү шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд заасан Шударга ёсны зарчимд нийцнэ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хулгайн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсний дараа дахин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын шатанд шалгагдаж байхдаа шүүгдэгч өөрийн үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа илчлэх, гэмт хэрэг илрүүлэхэд дэмждэг үзүүлж зарим үйлдлээ нэгтгэн шалгуулж, нэг яллах дүгнэлтээр хэргийг шийдвэрлүүлэх боломжтой байсан боловч энэ талаар хүсэлт, санаачилга гаргаагүй, хэргээ хүлээн мэдүүлээгүй байна.

Мөн Б.Д нь бусдын эд хөрөнгийг 9 удаагийн үйлдлээр цаг хугацааны хувьд давтамжтай үргэлжилсэн үйлдлээр хулгайлж, хулгайлсан эд зүйлээ бусдад зарж борлуулах, барьцаалан зээлдүүлэх газарт бусдаар барьцаалуулах зэрэг арга замаар олсон мөнгөө өөрийн хэрэгцээндээ зарцуулж байсан нь тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүх шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалсны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Түүнээс гадна анхан шатны шүүхийн ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тогтоосон хэм хэмжээнд нийцсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Р.Ц нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

             2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                             С.ЦЭЦЭГМАА

                                                                                           С.УРАНЧИМЭГ