Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2021/00752

 

 

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- тоотод оршин суух, Н овогт  А.Б / -ын нэхэмжлэлтэй,

хариуцагч- тоотод оршин суух, Ц овогт Ч-ын Э

хариуцагч- тоотод оршин суух, Б овогт С З / нарт холбогдох,

А.Б, Ч.Эод нарын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулж, тус бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн “Б т т” ХХК-ийн 50 ширхэг буюу 50 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах,

Ч.Э, С.З нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан “хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “компанийн эрх шилжүүлэх” гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах,

“Б Т Т” ХХК-ийн 50 ширхэг буюу 50 хувийн хувьцааг А.Бод шилжүүлэхийг С.З, Ч.Э нарт даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, хариуцагч Ч.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагч С.Зын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, түүний өмгөөлөгч Э. /, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Б 2020-10-29-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2018-09-06-ны өдөр иргэн Ч.Этой бэлэглэлийн гэрээ байгуулан Б Т Т ХХК-ийн өөрийн эзэмшлийн нэг бүр нь 100 төгрөгийн үнийн дүн бүхий 50 ширхэг буюу 50 хувийн хувьцааг бэлэглэсэн билээ. Ч.Эыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн хувьцааг бусад этгээдэд худалдахгүй, арилжихгүй байх үүрэг хүлээлгэх мөн компанийн үйл ажиллагааг жигдрүүлэх, компанийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, хэвийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байх зэрэг үүргийг түүнийг биелүүлж чадах хүн гэдэгт итгэл хүлээлгэж, энэ талаар түүнтэй гэрээ байгуулсны үндсэн дээр өөрийн эзэмшлийн хувьцаагаа үнэ төлбөргүйгээр шилжүүлсэн.

Гэтэл Ч.Э нь бэлэглэлийн гэрээ байгуулах болсон гол зорилго буюу түүнд хүлээлгэсэн үүргийг зөрчиж, түүнд итгэсэн итгэлийг маань буруугаар ашиглан, компанийн үйл ажиллагааг умартан хувийнхаа эрх ашгийг тэргүүнд тавьсан үйлдлүүдийг гаргах болсон. Тухайлбал Өвөрмонгол найзуудтайгаа хамтарч компанийг гадаадын хөрөнгө оруулалттай болгох бөгөөд түүнээс ногдол ашиг өгнө гэсэн боловч өнөөг хүртэл ярьсан хэлсэндээ хүрээгүй. Мөн компанийн хувьцааг бусдад худалдахгүй, бэлэглэхгүй, өөр хүнд шилжүүлэхгүй, компанийг өр зээлд оруулахгүй хэмээн тохирч бэлэглэлийн гэрээгээ хийсэн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, ашигтай ажиллаж байсан компанийг алдагдалтай болгоод зогсохгүй компанийг их хэмжээний өрөнд оруулсан зэрэг хууль бус үйлдлүүдийг удаа дараа гаргалаа. Тодруулбал, Ч.Э бидний хооронд байгуулсан гэрээгээ зөрчин 2019 оны 01 сарын 10-ны өдөр 50 хувийн хувьцаагаа өөрийн дураар эхнэр болох С.З-д худалдсан. Компанийн хувьцааг гуравдагч этгээд буюу эхнэр З руу шилжүүлснээс үүдэн компанид их хэмжээний санхүүгийн хохирлыг бий болгосон. Тухайлбал, иргэн З нь Б Т Т ХХК-ийн Хаан банкны 5085218774 тоот данснаас 2019 оны 11 дугаар сарын 25-ны өдөр 16.000.000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр “ Б Т Т” ХХК-ийн 50 дугаартай данснаас 228.000 мянган юанийг хувьдаа авч ашиглаад зогсохгүй хувьцаа шилжүүлэн авснаас хойш хугацаанд татварын 200.000.000 төгрөгийн өртэй болгосон. Мөн “С О" ХХК-д 265.433.770 төгрөгийн, “Э М” ХХК-д 117.711.527 төгрөгийн өр төлбөрийг тус тус бий болгож, компанийг дампуурах хэмжээнд буюу хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөлд хүргээд байна. Компанийг хохироосон тус хууль бус үйлдлүүдийн үр дүнд бий болсон ашгийг Ч.Э нь өөрийн эхнэрийн хамт хувьдаа завшиж, өөрт ашигтай байдлыг санаатайгаар бий болгосон гэж үзэх хангалттай үндэслэлтэй гэж үзэж байна. Дээр дурдсан Ч.Эын бэлэглэлийн гэрээгээр хүлээсэн үүрэг, тохиролцоог зөрчсөн болон өөрийн эхнэртэй хамтран компаниас их хэмжээний мөнгө авч ашиглан хохироосон үйлдлүүд нь иргэн А.Б намайг ноцтой гомдоосон үйлдэл төдийгүй, компанийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байх, хэвийн ажиллуулах, ашигтай байх зэрэг бэлэглэлийн гэрээ байгуулах болсон тохиролцоог зөрчсөн байна гэж үзэхээр байна. Иймд зөрчигдсөн эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахаар тус шүүхэд хандан энэхүү нэхэмжлэлийг гаргаж, хариуцагч Ч.Эод холбогдуулан бэлэг хүлээн авагч нь бэлэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн учир хуульд заасан журмын дагуу талуудын хооронд байгуулсан 2018-09-06-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулж, тус бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн Б Т Т ХХК-ийн 50 хувийн хувьцааг А.Бод буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ /хх-1-2/.

 

Нэхэмжлэгч 2021-01-11-ний өдөр нэмэгдүүлэн гаргасан шаардлагадаа: Миний бие Ч.Эод холбогдуулан бэлэг хүлээн авагч нь бэлэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн учир хуульд заасан журмын дагуу талуудын хооронд байгуулсан 2018-09-06-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулж, тус бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн Б Т Т ХХК-ийн 50 хувийн хувьцааг А.Бод буцаан шилжүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Энэхүү хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өгсөн бичгийн тайлбар, эрх бүхий байгууллагаас ирсэн хуулийн этгээдийн лавлагаа зэргээр А.Боос 2018-09-06-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр Ч.Эод шилжүүлсэн Б Т Т ХХК-ийн 50 ширхэг буюу 50 хувийн хувьцааг буюу нэхэмжлэлийн шаардлагын зүйл нь одоогийн байдлаар С.З гэх хүний нэр дээр бүртгэлтэй байгаа нь хэргийн материалд авагдсан баримт болон хариуцагчийн тайлбараар тодорхой болж байна.

Ч.Э нь нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдаж буй хувьцааг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдээр С.Зод шилжүүлсэн байна. Энэхүү Ч.Эод бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн хувьцааг бэлэглэлийн гэрээг байгуулах болсон хувьцааг гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй байх нөхцлийг ноцтойгоор зөрчиж, ямар нэг холбогдох зөвшөөрөлгүйгээр Зургаан-Одод шилжүүлсэн зөрчил гаргасан, тус этгээд нь компанийн хувьцааг шилжүүлэн авснаас хойш хугацаанд компанийн үйл ажиллагааг тасалдуулсан, хохирол учруулсан удаа дараагийн хууль бус үйлдлийг гаргасан.

Иймд Ч.Э нь компанийн хувьцааг гуравдагч этгээдэд шилжүүлсэн бэлэглэгчийг гомдоосон үйлдэл гаргасан учир бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаa гаргасан. Тус хүчингүй болсон бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн Б Т Т ХХК-ийн 50 ширхэг буюу 50 хувийн хувьцааг С.Зод шилжүүлсэн дээр дурдсан гэрээнүүд  нь хүчин төгөлдөр бус болох эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж хариуцагч Ч.Э, С.З нарт холбогдуулан тус этгээдүүдийн хооронд байгуулагдсан 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ /хх-160-161/.

 

Нэхэмжлэгч 2021-01-11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч нарт холбогдуулан тодруулж байна. Бэлэг хүлээн авагч нь бэлэгийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн учир хуульд заасан журмын дагуу талуудын хооронд байгуулсан 2018-09-06-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах шаардлагыг хариуцагч Ч.Эод холбогдуулан, Ч.Э, С.З нарын хооронд байгуулсан 2019-01-10-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээнүүд нь хүчингүй хэлцлийн үндсэн дээр хийгдсэн байх тул тус гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Б Т Т ХХК-ийн 50 ширхэг буюу 50 хувийн хувьцааг А.Бод шилжүүлэхийг С.З, Ч.Э нарт даалгах гэжээ /хх-163/.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Ч.Этой 2017 онд Б Т Т ХХК-ийг үүсгэн байгуулж, 2018-09-06-нд бэлэглэлийн гэрээгээр уг компаний эрхийг Ч.Эод шилжүүлсэн. Эдгээр хүмүүс хамаатан садан байсан бөгөөд нэхэмжлэгч А.Б нь өөр ажил эрхэлж байсан тул компаний үйл ажиллагаанд оролцох боломжгүй байсан тул хариуцагч Ч.Эод өөрийн эзэмшиж байсан 50 хувийн хувьцааг шилжүүлсэн. Ингэж шилжүүлсэн нь компаний үйл ажиллагааг хэвийн явуулах зорилготой байсан. Тиймээс 2018-09-06-ны өдөр үүрэг хүлээсэн хэлцэл байгуулсан. Ч.Э нь компаний хувьцааг бусдад шилжүүлэхгүй байхаар тохирсон байсан. Нэхэмжлэгч А.Б 2019 оны 11-р сард хүнд даацын автомашин худалдан авахаар болж зээл хөөцөлдөж Хаан банкинд хандаж, хамтран ажиллахаар болж гэрээ байгуулахаар хувьцаа эзэмшигчийн талаарх лавлагаа гаргуулахад Зургаан-Одод хувьцаа шилжүүлсэн гэж мэдэгдсэн. Хувьцааг буцаан авах талаар амаар хэлсэн боловч үр дүнд хүрээгүй тул хариуцагч Ч.Эыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар ноцтой гомдоосон гэж үзэж бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, 2019-01-11-нд С.З-д шилжүүлсэн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-р хүчин төгөлдөр бусд тооцуулах, Б Т Т ХХК-н хувьцааг буцаан шилжүүлэхийг хариуцагч С.З-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг дэмжиж байна гэв.

 

Хариуцагч Ч.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2018-09-06-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр Б Т Т ХХК-ийн 50 ширхэг буюу 50 хувийн хувьцааг иргэн надад шилжүүлсэн. Бидний хувьд тус бэлэглэлийн гэрээг байгуулах гол үндэслэлийг 2018-09-06-ны өдөд хийсэн хэлцлээр тодорхой тохиролцсон. Тодруулбал тус хэлцлээр миний бие А.Боос хувьцаа бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авч байгаагийн хувьд Б Т Т ХХК-ийн үйл ажиллагааг жигдрүүлэх, компанийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, хэвийн үйл ажиллагааг тасалдуулахгүй, хэвийн авч явах, хувьцааг гуравдагч этгээдэд худалдахгүй байх, шилжүүлэхгүй байх үүргийг хүлээхээр тохиролцсон байдаг. Миний бие дээр дурдсан 2018-09-06-ны өдрийн хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэгч А.Бын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ /хх-33/.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа. 2017 онд энэ компанийг байгуулж, А.Б, Ч.Э нар 50, 50 хувийн хувьцааг эзэмшиж байсан. Нэхэмжлэгч А.Бын хувьцаа шилжүүлэх зорилго нь компаний үйл ажиллагааг хэвийн явуулах байсан. Тиймээс хувьцааг бусдад шилжүүлэхгүй байх үүрэг хүлээсэн. Компаний хувьцааг бусдад шилжүүлэхдээ нэхэмжлэгчид мэдэгдэх үүргийг хүлээсэн байсан. А.Боос хувьцааг шилжүүлж авсныг эхнэр С.З мэдэж байсан. Тэрээр удирдлагын академид суралцахын тулд компаний хувьцаа эзэмшигч байх шаардлага тавьсан тул тухайн үед С.З-тэй гэр бүл байсан учир компаний 50 хувийн хувьцааг шилжүүлсэн. Энэ хувьцааг С.З-д зарах хүсэл сонирхол байгаагүй, мөн С.З компаний хувьцаа эзэмшигч болсноор компаний эрх хэрэгжүүлсэн талаар баримт байдаггүй. Нэхэмжлэгчийн итгэлийг эвдэж хувьцааг Зургаан-Одод шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэв.

 

Хариуцагч С.Зын итгэмжлэгдсэн төлөөлөгч 2021-01-20-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: А.Бын нэхэмжлэлтэй, Ч.Э, С.З нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч С.Зын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна. Хариуцагч С.З нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “Компани эрх шилжүүлэх гэрээ”-ний дагуу Б Т Т ХХК-ийн 50 хувийн хувьцааг худалдаж авч, хууль ёсны дагуу эзэмшиж байгаа. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Ч.Э нь Б Т Т ХХК-ийн 50 хувийн хувьцааг эзэмшдэг байсан бөгөөд Ч.Э нь А.Бтой 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “Бэлэглэлийн гэрээ”, “Эрх шилжүүлэх гэрээ” байгуулж тус компанийн 50 хувийн хувьцааг шилжүүлэн авч 100 хувийг хувьцааг эзэмшигч болсон байна.

С.З нь Б Т Т ХХК-ийн 50 хувийн хувьцааг Ч.Эоос худалдан авч шилжүүлсэн авсан бөгөөд А.Боос тус компанийн 50 хувийн хувьцааг аливаа байдлаар шилжүүлэн аваагүй болно. Түүнчлэн, А.Бын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурьдсан “...хувьцааг бусад этгээдэд худалдахгүй, арилжихгүй байх үүрэг хүлээх, мөн компанийн үйл ажиллагааг жигдрүүлэх, компанийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, хэвийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байх зэрэг үүргийг хүлээлгэсэн” гэж тайлбарласан байх боловч Ч.Э нь А.Бтой 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “Бэлэглэлийн гэрээ”, “Эрх шилжүүлэх гэрээ”-нүүдэд энэ талаар тохиролцсон зүйл байхгүй байна.

Мөн С.З нь хувьд 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “Компани эрх шилжүүлэх гэрээ”-ний дагуу компанийн 50 хувийн хувьцааг шилжүүлэн авсан цагаас хойш тус компанид ажиллаж байгаа, энэ хугацаанд А.Боос нэхэмжлэлийн үндэслэлд дурьдсан шаардлагыг тавьж байсан зүйл огт байхгүй, компанийн аливаа эрсдэл болон ашгийн талаар үүрэг хүлээсэн этгээд биш бөгөөд Ч.Этой хуйвалдан С.Зын эзэмшиж буй хувьцааг шилжүүлэн авах хууль бус ажиллагаа явуулж байна гэж үзэхээр байна. Түүнчлэн, компанийн хувьцаа эзэмшигч биш этгээдэд компанийн санхүүгийн болон бусад мэдээллийг өгөх, тус компанийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа, ашиг, алдагдал зэргийг тайлагнах үүрэг хуулиар хүлээгээгүй болно. Өнөөдрийн байдлаар Ч.Э нь тус компанийн 50 хувийн хувьцааг эзэмшиж байгаа бөгөөд Ч.Эын хариу тайлбарт дурьдсанчилан А.Бын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бол Ч.Эын эзэмшиж буй 50 хувиас шийдвэрлэх боломжтой байна гэж үзэхээр байна. Ч.Э, С.З нар нь 2020 онд гэр бүл цуцалсан, энэ талаар А.Б нь мэдэж байгаа болно. Түүнчлэн Ч.Э нь компани хөрөнгийг хууль бусаар зарцуулсан, компанид хохирол учруулсан учир хувьцаа эзэмшигчийн хувьд компанид учруулсан хохирлыг барагдуулахаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ /хх-177-178/.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019-01-11-ний өдөр Ч.Этой байгуулсан гэрээний дагуу компаний 50 хувийн хувьцааг шилжүүлэн авсан. Ч.Э нь А.Боос бэлэглэлийн гэрээгээр хувьцаа авсан бол С.З нь Ч.Эоос худалдах, худалдан авах гэрээний дагуу авч, компаний гүйцэтгэх захиралын үүрэг гүйцэтгэж байгаа. Хариуцагч Ч.Э нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа бол өөрийн эзэмшилд байгаа 50 хувийн хувьцааг нэхэмжлэгчид өгөх эрх нь нээлттэй байгаа. Харин компанид хохирол учруулсантай холбоотой хэрэг шүүхэд хянагдаж эхэлснээр нэхэмжлэгч А.Б, хариуцагч Ч.Э нар төрөл садангийн холбоотой тул нэхэмжлэгч энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Энэ компанийг үүсгэн байгуулсан цагаас хойш Зургаан-Од үйл ажиллагаанд оролцож байсан, тухайн үед С.З нь төрийн байгууллага болох гадаадын иргэн харьяатын газар ажиллаж байсан тул компаний хувьцаа эзэмшигчээр бүртгэгдээгүй. Мөн худалдах худалдан авах гэрээний дагуу 2019-01-11-ний өдөр улсын бүртгэлд хувьцаа эзэмшигчээр С.З бүртгэгдсэн байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа яригдана. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

                                                     

Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Ч.Эод холбогдуулан тэдгээрийн хооронд 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулж, тус бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн Б Т Т ХХК-ийн 50 ширхэг буюу 50 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах,

хариуцагч Ч.Э, С.З нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан “хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “компанийн эрх шилжүүлэх” гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах,

Б Т Т ХХК-ийн 50 ширхэг буюу 50 хувийн хувьцааг А.Бод шилжүүлэхийг С.З, Ч.Э нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ /хх-1-2, 160-161, 163/.

 

Нэхэмжлэгч А.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө бүрэн төлөөлөн оролцох эрхийг 2021-02-26-ны өдрийн бүртгэлийн 00 дугаар итгэмжлэлээр Н.А-т нэг жилийн хугацаатай /хх-204/,

хариуцагч Ч.Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө бүрэн төлөөлөн оролцох эрхийг 2021-02-26-ны өдрийн бүртгэлийн 00 дугаар итгэмжлэлээр С.Б-т нэг жилийн хугацаатай /хх-203/,

хариуцагч С.З нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө бүрэн төлөөлөн оролцох эрхийг 2021-01-12-ны өдрийн бүртгэлийнг 19 дугаар итгэмжлэлээр М.С-д нэг жилийн хугацаатай /хх-168/ тус тус олгосон байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” тул мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхыг шаарддаг нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн хүсээгүй зүйлийг шүүх шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар байхгүй.

 

Тиймээс нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхийн хүрээнд хариуцагчаар Ч.Э, С.З нарыг татсан байх бөгөөд хариуцагч Ч.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хариуцагч С.З нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэж, татгалзаж байгаа тохиолдолд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгждэг тул нэхэмжлэгч А.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар ...нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...компанийн хувьцааг бусдад худалдахгүй, бэлэглэхгүй, өөр хүнд шилжүүлэхгүй, компанийг өр зээлд оруулахгүй хэмээн тохирч бэлэглэлийн гэрээгээр хувьцаагаа шилжүүлсэн боловч Ч.Э нь дур мэдэн 50 хувийн хувьцааг эхнэр болох Сэмбээ овогтой Зургаан-Одод худалдсан, Ч.Э бэлэглэлийн гэрээгээр хүлээсэн үүрэг, тохиролцоог зөрчиж бэлэглэгчийг ноцтой гомдоосон” гэж,

хариуцагч Ч.Э нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүй компаний 50 хувийн хувьцааг бусдад шилжүүлсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж,

хариуцагч С.З ...хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу хувьцааг шилжүүлж авсан, Ч.Этой гэр бүл байгаад гэрлэлтээ цуцлуулснаар түүний компанид учруулсан хохиролтой холбогдуулан шүүхэд хандсан байхад хариуцагч Ч.Э нь нэхэмжлэгч А.Бын эхнэрийн ах учираас эдгээр хүмүүс ийм нэхэмжлэлийг шүүхэд гаргасан, 2019 оны 01-р сард хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгэгдсэн тул шаардлага гаргах хөөн хэлэлцэх өнгөрсөн...” гэж тус тус тайлбарлан маргасан. 

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Ч.Этой 2018-09-06-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулж, бэлэглэгч А.Боос бэлэг хүлээн авагч Ч.Эод “...өөрийн тавин хувийн өмчлөлийн Б Т  Т ХХК нэр бүхий ..тоот улсын бүртгэлийн дугаартай, ... тоот регистрийн дугаартай 10000 төгрөгийн үнэ бүхий компаний тавин хувийн 5000 төгрөгийн үнэ бүхий хувьцааг хариу төлбөргүй шилжүүлж байна. Бэлэглэж буй хувьцаа нь нэг бүр 100 төгрөгийн үнэ бүхий 50 ширхэг хувьцаа болно...” гэж дурдсан гэрээг тухайн өдөр Сүхбаатар дүүргийн тойргийн 151 тамганы дугаартай нотариатч гэрээний үнэн зөвийг гэрчилсэн байна /хх-121/.

 

Мөн 2018-09-06-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээнд эрх шилжүүлэгчээр А.Б, эрх хүлээн авагчаар Ч.Э нар тус тус гарын үсэг зурсан байх бөгөөд “...Баян тэс транс нэр бүхийн хоёр гишүүн бүхий аж ахуйн нэгжийн тавин хувийн эзэмших эрхийг эрх шилжүүлэн авагчид шилжүүлнэ, эрх шилжүүлэгч тал өөрийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны чиглэлийн тавин хувийг эрх шилжүүлэн авагчийн нэр дээр шилжүүлнэ...” гээд тухайн өдрөө гэрээний үнэн зөвийг тухайн өдөр Сүхбаатар дүүргийн тойргийн 151 тамганы дугаартай нотариатч гэрчилсэн /хх-122/ байх бөгөөд улсын бүртгэлийн гэрчилгээнд хувь нийлүүлэгч 1 хасагдаж, үүсгэн байгуулагчийн тоо 1 болж өөрчлөгдсөний бүртгэл 2018-09-07-ны өдөр хийгдэж /хх-72/, дээрх гэрээний дагуу А.Боос Ч.Эод Б Т Т ХХК-ийн 50 хувийн хувьцааг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрээ болон талуудын тайлбараар тогтоогдож, хэн аль нь маргаагүй.

 

А.Б, Ч.Э нарын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1заасан бэлэглэлийн гэрээ байгуулагдсан байх ба мөн хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.1.2-т бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн, бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийн, эсхүл түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан нөхцөлд, бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохоор шаардах эрхтэй гэж заасан.

 

Бэлэглэл гэдэг нь хэл зүйн утгаараа ямар нэг зүйлийг хэн нэгэнд үнэгүй өгөхийг ойлгох бөгөөд Иргэний хуулийн 276 дугаар зүйлд заасан хоёр талын бэлэг өгч авалцах тухай зөвшилцөл шаарддагаараа хоёр талт хэлцэл боловч үүсэх үүргийн тухайд зөвхөн бэлэглэгчид үүсэх тул нэг талт гэрээ тул бэлэглэлийн гэрээний агуулгын нэг тал бэлэг өгөх нөгөө тал үүнийг хариу төлбөргүй хүлээн авахыг зөвшөөрч хүсэл зоригоо илэрхийлсэн нь гэрээний гол нөхцөл юм.

 

Ийнхүү нэхэмжлэгч А.Б өөрийн эзэмшлийн Б Т Т ХХК-ийн 50 хувийн хувьцааг хариуцагч Ч.Эод дээрх гэрээний үндсэн дээр шилжүүлснээр Б Т Т ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь хариуцагч Ч.Э болсон байх бөгөөд тэрээр 2019-01-10-ны өдөр С.Зтой компанийн эрх шилжүүлэх тухай, хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулсныг Сүхбаатар дүүргийн тойргийн 05 тамганы дугаартай нотариатч гэрээний үнэн зөвийг гэрчилсэн /хх-56, 54/ байна.

 

Түүнчлэн Б Т Т ХХК-н хувьцаа эзэмшигч Ч.Э уг компанийн 50 хувийн хувьцааг С.Зод эзэмшүүлэх тухай хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг 2019-01-10-ны өдөр гаргаснаар /хх-53/ компаний дүрэмд өөрчлөлт орж /хх-57-62/, хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэл 2019-01-21-ний өдөр хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгэгдсэн /хх-48/ зэргээс дүгнэхэд хариуцагч Ч.Эыг “бэлэглэгчийг гомдоосон” гэсэн үндэслэл зааж, түүнтэй байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар шаардсан боловч Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д “бэлэглэгч бэлэг хүлээн авагчид гомдсон байх”, “бэлэг хүлээн авагч бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн байх” зэрэг урьдчилсан нөхцөлүүд хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдоогүй, нөгөө талаас бэлэг хүлээн авагч Ч.Э нь өөрийн эзэмшлийн зүйлээ өөрт олгогдсон эрхийн дагуу бусдад худалдах, шилжүүлэхийг буруутгах эрх зүйн үндэслэл мөн тогтоогдохгүй, хариуцагч С.Зод шилжүүлээд байгаа 50 хувийн хувьцаа нь нэхэмжлэгч А.Бынх болох нь мөн тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2018-09-06-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр бэлгийн оронд харилцан тооцох ямар нэгэн хариу үүрэг ногдуулаагүй байх тул бэлэглэлийн гэрээ хүчингүй байх нөхцөл тогтоогдохгүй, бэлгийг буцаан шаардах эрхийн тухайд бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэх байдал хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байх ба хариуцагч Ч.Э нь хариуцагч С.Зод худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшиж байгаа 100 хувийн хувьцааны 50 хувийг шилжүүлсэн үйлдэл нь бэлэглэгчийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн ноцтой үйлдэл гэж дүгнэх үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор гаргасан 2018-09-06-ны өдрийн огноотой “гэрээ” гэх баримтад худалдагчийг төлөөлж А.Б, худалдан авагчийг төлөөлж Ч.Э гэж гарын үсэг зурсан байх бөгөөд гэрээний үнэн зөв нь нотариатчаар гэрчлэгдээгүй /хх-10/ буюу энэ өдрийн огноотой бэлэглэл, компаний эрх шилжүүлэх гэрээнүүдийг Сүхбаатар дүүргийн тойргийн 151 тамганы дугаартай нотариатч гэрчилсэн буюу нэг өдөр байгуулагдсан гэрээнүүд байна.

 

Тухайн гэрээнд оролцогч нь худалдагчаар А.Б, худалдан авагчаар Ч.Э нар байх бөгөөд “...Б Т Т ХХК-н 50 хувийн хувьцааг гэрээний 2-т заасан нөхцөлөөр шилжүүлэх, худалдан авагч нь хувьцааг шилжүүлэн авч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ гэж, гэрээний 2-т худалдан авагч нь хувьцааг шилжүүлэн авсны дараа компанийн үйл ажиллагааг жигдрүүлэх, компанийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, хэвийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байж, шилжүүлэн авсан хувьцааг гуравдагч этгээдэд худалдахгүй, арилжихгүй, бэлэглэхгүй байх үүрэг хүлээнэ...” гэж худалдагч, худалдан авагчийн хоорондын тохиролцоо нь хариуцагч Ч.Э бэлэглэлийн гэрээнд үүрэг хүлээсэн гэх үндэслэл болохгүй.

 

Нэхэмжлэлийг хангахад хариуцагч Ч.Э нь нэхэмжлэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн нь тогтоогдсон байх шаардлагатай тул бэлэглэгч А.Быг бэлэг хүлээн авагч Ч.Э гомдоосон гэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул хариуцагч Ч.Эод холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч А.Б нь Б Т Т ХХК-н 50 хувийн хувьцаа иргэн С.Зод шилжсэн талаар Хаан банкнаас зээл хөөцөлдөж байхдаа буюу 2019 оны 11-р сард мэдсэн гэж тайлбарлаж, хэрэгт 2019-11-04-ний өдрийн огноотой Б Т Т ХХК-д гаргасан гараар бичсэн хүсэлт, 2019-11-18-ны өдрийн Б Т Т ХХК-н албан бичиг, Ч.Эын Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан гомдол мэдээллийг 2020-05-04-ний өдөр бүртгэж авсан баримтыг шүүхэд ирүүлсэн байх боловч хариуцагч С.З-ыг Б Т Т ХХК-н хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэх, түүнд 50 хувийн хувьцаа эзэмшүүлэх шийдвэрийг хариуцагч Ч.Э өөрөө гаргаснаар улсын бүртгэлд 2019-01-21-ний өдөр бүртгэл хийгдсэн байх тул Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3-т заасан шаардах эрхийн хугацаа өнгөрсөн байна.

 

Түүнчлэн хариуцагч Ч.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримтаар гаргасан Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020-06-09-ний өдрийн 102/ШШ2020/0 дугаартай шийдвэрт нэхэмжлэгчээр С.З, хариуцагчаар Ч.Э нар оролцсон байх бөгөөд өнөөдрийн маргааны зүйл болох Б Т Т ХХК-ийг хариуцагч Ч.Э 2017 онд өөрөө үүсгэн байгуулсан талаар тайлбар гаргасан байна.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлосон баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй тул нэхэмжлэгч хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй тул 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах хууль зүйн үндэслэлгүй байх тул хариуцагч Ч.Э, С.З нарын хооронд байгуулагдсан “хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “компанийн эрх шилжүүлэх” гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцох, Б Т Т ХХК-ийн 50 хувийн хувьцааг А.Бод шилжүүлэхийг С.З, Ч.Э нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг мөн хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

Учир нь хэлцэл гэж хэлцэл хийгч этгээдийн өөрийн хүссэн тухайн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэгдсэн хүсэл зориг, түүний илэрхийллийг ойлгох бөгөөд хэлцэл хийгч этгээдийн хүсэл зоригоос шууд шалтгаалах бөгөөд энэхүү хүсэл зориг, түүний илэрхийлэл хууль зүйн дагуу байх, түүний хүсэл зоригийг нөгөө тал хүлээн авсан байх, ингэснээр тэдний хүсэл зориг харилцан нийцсний үр дүнд аливаа гэрээ байгуулагдах учиртай.

 

Талуудын тайлбар болон хэргийн баримтаар нэхэмжлэгч А.Б өөрийн эзэмшиж байсан Б Т Т ХХК-ийн 50 хувийн хувьцааг хариуцагч Ч.Эод шилжүүлснээр хариуцагч Ч.Э өөрийн эзэмшлийн 100 хувийн хувьцааг хариуцагч С.Зод худалдах, хариуцагч С.З тухайн хувьцааг худалдан авах хүсэл зоригтой байсан нь, компаний хувьцаа эзэмшигчид компаний дүрэмд өөрчлөлт оруулж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт хүсэлтээ бичгээр гаргаснаар улсын бүртгэлд бүртгэл хийгдсэн нь Иргэний хуулийн 57 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэлд хамаарахгүй.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн гаргахдаа хариуцагч Ч.Э, С.З нарын хооронд хийгдсэн “хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “компанийн эрх шилжүүлэх” гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэх шаардлага гаргасан бөгөөд хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно гэдэг нь сонирхогч этгээд нэхэмжлэл гаргах бөгөөд хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байдаг бол гэрээгээр тохирсон хэлцлийн хэлбэрийг зөрчсөн хэлцлийг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр буюу тухайн хэлцэлд оролцогч талын нэхэмжлэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болно.

 

Иймд шүүх дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч А.Б, хариуцагч Ч.Э нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр байх бөгөөд бэлэглэгчийг бэлэг хүлээн авагч ноцтой гомдоосон гэх байдал нотлогдон тогтоогдохгүй, хариуцагч Ч.Э, С.З нарын хооронд байгуулагдсан компаний хувьцаа худалдах, худалдан авах, компаний эрх шилжүүлэх гэрээг тухайн гэрээ хэлцэлд оролцогч тал хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул нэхэмжлэгч А.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн 2020-10-29-ний өдөр төлсөн 140.400 төгрөг /хх-3-4/, 2021-01-12-ны өдөр төлсөн 140.400 төгрөг /х-162/, нийт 280.800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1, 280.3, 57 дугаар зүйлийн 57.1, 57.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч Цовогт Ч.Э/, Б овогт С. З нарт холбогдуулан гаргасан А.Б, Ч.Э нарын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулж, тус бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн Б Т Т ХХК-ийн 50 ширхэг буюу 50 хувийн хувьцааг А.Бод буцаан шилжүүлэхийг даалгах, Ч.Э, С.З нарын хооронд байгуулагдсан 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Б Т Т ХХК-ийн 50 хувийн хувьцааг А.Бод шилжүүлэхийг С.З, Ч.Э нарт даалгахыг хүссэн нэхэмжлэгч Н овогт А.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаарзүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Боос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280.800 /хоёр зуун наян мянга найман зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                     Д.ЯНЖИНДУЛАМ