Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/00769

 

 

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/00769

 

А.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2021/00752 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Б-ын хариуцагч Ч.Э, С.З нарт холбогдуулан гаргасан А.Б, Ч.Э нарын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулж, тус бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн Б ХХК-ийн 50 ширхэг буюу 50 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах, Ч.Э, С.З нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Б ХХК-ийн 50 ширхэг буюу 50 хувийн хувьцааг А.Б-д шилжүүлэхийг С.З, Ч.Э нарт даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Э, хариуцагч Ч.Э, С.З, хариуцагч С.З-ын өмгөөлөгч Э.Ж , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Ч.Э той бэлэглэлийн гэрээ байгуулан Б ХХК-ийн өөрийн эзэмшлийн нэг бүр нь 100 төгрөгийн үнийн дүн бүхий 50 ширхэг буюу 50 хувийн хувьцааг бэлэглэсэн. Ч.Э ыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн хувьцааг бусад этгээдэд худалдахгүй, арилжихгүй байх үүрэг хүлээлгэх мөн компанийн үйл ажиллагааг жигдрүүлэх, компанийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, хэвийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байх зэрэг үүргийг түүнийг биелүүлж чадах хүн гэдэгт итгэл хүлээлгэж, энэ талаар түүнтэй гэрээ байгуулсны үндсэн дээр өөрийн эзэмшлийн хувьцаагаа үнэ төлбөргүйгээр шилжүүлсэн. Мөн компанийн хувьцааг бусдад худалдахгүй, бэлэглэхгүй, өөр хүнд шилжүүлэхгүй, компанийг өр зээлд оруулахгүй хэмээн тохирч бэлэглэлийн гэрээгээ хийсэн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, ашигтай ажиллаж байсан компанийг алдагдалтай болгоод зогсохгүй компанийг их хэмжээний өрөнд оруулсан зэрэг хууль бус үйлдлүүдийг удаа дараа гаргасан. Ч.Э бидний хооронд байгуулсан гэрээгээ зөрчин 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 50 хувийн хувьцаагаа өөрийн дураар эхнэр болох С.З-д худалдсан. Компанийн хувьцааг гуравдагч этгээд буюу эхнэр С.Зруу шилжүүлснээс үүдэн компанид их хэмжээний санхүүгийн хохирлыг бий болгосон. Иргэн С.З нь Б ХХК-ийн Хаан банкны 5085218774 тоот данснаас 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 16 000 000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 21-ны өдөр Б ХХК-ийн 5085218785 дугаартай данснаас 228 000 мянган юанийг хувьдаа авч ашиглаад зогсохгүй хувьцаа шилжүүлэн авснаас хойш хугацаанд татварын 200 000 000 төгрөгийн өртэй болгосон. Мөн "С" ХХК-д 265 433 770 төгрөгийн, Э ХХК-д 117 711 527 төгрөгийн өр төлбөрийг тус тус бий болгож, компанийг дампуурах хэмжээнд буюу хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөлд хүргэсэн байна. Компанийг хохироосон тус хууль бус үйлдлүүдийн үр дүнд бий болсон ашгийг Ч.Э нь өөрийн эхнэрийн хамт хувьдаа завшиж, өөрт ашигтай байдлыг санаатайгаар бий болгосон гэж үзэх хангалттай үндэслэлтэй гэж үзэж байна. Дээр дурдсан Ч.Э ын бэлэглэлийн гэрээгээр хүлээсэн үүрэг, тохиролцоог зөрчсөн болон өөрийн эхнэртэй хамтран компаниас их хэмжээний мөнгө авч ашиглан хохироосон үйлдлүүд нь иргэн А.Б намайг ноцтой гомдоосон үйлдэл төдийгүй, компанийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байх, хэвийн ажиллуулах, ашигтай байх зэрэг бэлэглэлийн гэрээ байгуулах болсон тохиролцоог зөрчсөн гэж үзэж байна. Иймд зөрчигдсөн эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахаар тус шүүхэд хандан энэхүү нэхэмжлэлийг гаргаж, хариуцагч Ч.Э холбогдуулан бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн учир хуульд заасан журмын дагуу талуудын хооронд байгуулсан 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулж, тус бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн Баян тэс транк ХХК-ийн 50 хувийн хувьцааг А.Б-д буцаан шилжүүлэхийг даалгах, Тус хүчингүй болсон бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн Б ХХК-ийн 50 ширхэг буюу 50 хувийн хувьцааг С.З-д шилжүүлсэн дээр дурдсан гэрээнүүд нь хүчин төгөлдөр бус болох эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж хариуцагч Ч.Э, С.З нарт холбогдуулан тус этгээдүүдийн хооронд байгуулагдсан 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, бэлэг хүлээн авагч нь бэлгийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн учир хуульд заасан журмын дагуу талуудын хооронд байгуулсан 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах шаардлагыг хариуцагч Ч.Э холбогдуулан, Ч.Э, С.З нарын хооронд байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээнүүд нь хүчингүй хэлцлийн үндсэн дээр хийгдсэн байх тул тус гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Б ХХК-ийн 50 ширхэг буюу 50 хувийн хувьцааг А.Б-д шилжүүлэхийг С.З, Ч.Э нарт даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр Б ХХК-ийн 50 ширхэг буюу 50 хувийн хувьцааг иргэн надад шилжүүлсэн. Бидний хувьд тус бэлэглэлийн гэрээг байгуулах гол үндэслэлийг 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хийсэн хэлцлээр тодорхой тохиролцсон. Тус хэлцлээр миний бие А.Б-оос хувьцаа бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авч байгаагийн хувьд Б ХХК-ийн үйл ажиллагааг жигдрүүлэх, компанийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, хэвийн үйл ажиллагааг тасалдуулахгүй, хэвийн авч явах, хувьцааг гуравдагч этгээдэд худалдахгүй байх, шилжүүлэхгүй байх үүргийг хүлээхээр тохиролцсон байдаг. Миний бие дээр дурдсан 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэгч А.Б-ын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Хариуцагч С.З шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.З нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, Компани эрх шилжүүлэх гэрээний дагуу Б ХХК-ийн 50 хувийн хувьцааг худалдаж авч, хууль ёсны дагуу эзэмшиж байгаа. Ч.Э нь Б ХХК-ийн 50 хувийн хувьцааг эзэмшдэг байсан бөгөөд Ч.Э нь А.Б-той 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээ байгуулж тус компанийн 50 хувийн хувьцааг шилжүүлэн авч 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон байна. С.Знь Б ХХК-ийн 50 хувийн хувьцааг Ч.Э оос худалдан авч шилжүүлэн авсан бөгөөд А.Б-оос тус компанийн 50 хувийн хувьцааг аливаа байдлаар шилжүүлэн аваагүй болно. Түүнчлэн, А.Б-ын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурьдсан ...хувьцааг бусад этгээдэд худалдахгүй, арилжихгүй байх үүрэг хүлээх, мөн компанийн үйл ажиллагааг жигдрүүлэх, компанийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, хэвийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байх зэрэг үүргийг хүлээлгэсэн гэж тайлбарласан байх боловч Ч.Э нь А.Б-той 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээнүүдэд энэ талаар тохиролцсон зүйл байхгүй. Мөн С.З-ын хувьд 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, Компани эрх шилжүүлэх гэрээний дагуу компанийн 50 хувийн хувьцааг шилжүүлэн авсан цагаас хойш тус компанид ажиллаж байгаа, энэ хугацаанд А.Б-оос нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан шаардлагыг тавьж байсан зүйл огт байхгүй, компанийн аливаа эрсдэл болон ашгийн талаар үүрэг хүлээсэн этгээд биш бөгөөд Ч.Э той хуйвалдан С.З-ын эзэмшиж буй хувьцааг шилжүүлэн авах хууль бус ажиллагаа явуулж байна гэж үзэхээр байна. Түүнчлэн, компанийн хувьцаа эзэмшигч биш этгээдэд компанийн санхүүгийн болон бусад мэдээллийг өгөх, тус компанийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа, ашиг, алдагдал зэргийг тайлагнах үүрэг хуулиар хүлээгээгүй болно. Өнөөдрийн байдлаар Ч.Э нь тус компанийн 50 хувийн хувьцааг эзэмшиж байгаа бөгөөд Ч.Э ын хариу тайлбарт дурдсанчилан А.Б-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бол Ч.Э ын эзэмшиж буй 50 хувиас шийдвэрлэх боломжтой байна гэж үзэхээр байна. Ч.Э, С.Знар нь 2020 онд гэр бүл цуцалсан, энэ талаар А.Б нь мэдэж байгаа болно. Түүнчлэн Ч.Э нь компаний хөрөнгийг хууль бусаар зарцуулсан, компанид хохирол учруулсан учир хувьцаа эзэмшигчийн хувьд компанид учруулсан хохирлыг барагдуулахаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1, 280.3, 57 дугаар зүйлийн 57.1, 57.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ч.Э, С.З нарт холбогдуулан гаргасан А.Б, Ч.Э нарын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулж, тус бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн Б ХХК-ийн 50 ширхэг буюу 50 хувийн хувьцааг А.Б-д буцаан шилжүүлэхийг даалгах, Ч.Э, С.З нарын хооронд байгуулагдсан 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Б ХХК-ийн 50 хувийн хувьцааг А.Б-д шилжүүлэхийг С.З, Ч.Э нарт даалгахыг хүссэн нэхэмжлэгч А.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Б-оос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Хариуцагч Ч.Э ын хувьд нэхэмжлэгчийн өөрт нь холбогдуулан гаргасан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тайлбарыг шүүхэд өгсөн. А.Б-оос хувьцааг шилжүүлэн авсан энэхүү хувьцаа бэлэглэлийн гэрээгээр шилжиж ирсэн гэдгийг тухайн үед эхнэр байсан С.З мэдэж байсан. Тус хувьцааг С.З нь мэргэжил дээшлүүлэх сургуульд хамрагдах нөхцөл шаардлагыг биелүүлэх зорилгоор түр хугацаанд шилжүүлж өгөөч гэсэн хүсэлт тавсны дагуу шилжүүлэн өгсөн гэдгээ шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч тайлбарласан. С.З-ын нэр дээр А.Б-ын хувьцааг шилжүүлснээр бэлэглэлийн гэрээ байгуулах болсон үндсэн тохиролцоог зөрчсөн, энэ үйлдэл нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэл гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Энэхүү шаардлагын тухайд анхан шатны шүүх хуулийн хүрээнд талуудын маргаангүй буюу хариуцагчийн зөвшөөрч буй асуудал дээр зөвшөөрлийг батласан захирамж гаргах боломжтой байсан боловч хэргийн оролцогч нарын өгч буй тайлбаруудад дүгнэлт хийгээгүй, ямар үндэслэлээр Ч.Э ын өгч буй тайлбарыг үндэслэлгүй гэж буй шалтгааныг тайлбарлахгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. ...А.Б-ын хууль ёсны эзэмшлийн хувьцааг түүнд мэдэгдэлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлсэн буюу Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т заасан хүчингүй хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авсан хувьцааг гуравдагч этгээдийн эзэмшилд шилжүүлсэн нь хууль зөрчсөн хэлцэл болох үндэслэл болж байна. Мөн нэхэмжлэлийн үндэслэл болж буй 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээнүүд анх байгуулагдах үеэсээ гэрээний талууд хувьцааг худалдах-худалдан авах зорилгоор шилжүүлээгүй, түр хугацаанд улсын бүртгэлд хувьцаа ззэмшигч гэж С.З-ын нэр оруулах үүднээс хийгдсэн гэдэг нь талуудын тайлбараар тодорхой нотлогддог. Түүнчлэн эдгээр хэлцлүүдээр 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хийгдсэн хүчингүй бэлэглэлийн гэрээний үндсэн дээр Ч.Э руу шилжигдсэн хувьцааг С.З руу шилжүүлсэн байгаа учир Иргэний хуульд зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэх хангалттай үндэслэлтэй. Анхан шатны шүүхийн шийдвэр гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэл болгож үндэслэлүүдэд хууль зүйн талаас тодорхой тайлбар өгөөгүй атлаа тухайн гэрээний тал биш учраас маргаан бүхий гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй хэмээн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэрэг цугларсан нотлох баримтуудыг тухай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, дүгнэж шийдвэр гаргаагүй. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүх хурлаас өмнө цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хараат бусаар шийдвэрлэх үүрэгтэй байдаг. Нэхэмжлэгч А.Б нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Ч.Э той байгуулсан бэлэглэлийн гэрээ байгуулах болсон шалтгаан, хүлээх үүргийг тодорхойлсон талуудын гарын үсгээр баталгаажсан гэрээг хэргийн материалд нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргаж өгсөн. Уг гэрээний талууд гэрээнд заасан үүргүүдийг хүлээх зорилгоор бэлэглэлийн гэрээг байгуулсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Шүүх дээрх гэрээг зөвхөн нотариатын тамга тэмдгээр баталгаажаагүй учраас хүчингүй гэж үзэж байгаа нь хууль зөрчсөн дүгнэлт болсон. Нэхэмжлэгч 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээ нь хэргийн материалд эх хувиар авагдсан бөгөөд хуульд үүрэг хүлээсэн хэлцлийг нотариатаар батлуулснаар хүчин төгөлдөр болно гэсэн зохицуулалт байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд хариуцагч Ч.Э ын өгсөн тайлбараар өөрөө нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэдгээ хэлсэн. Үүнийг нотлох баримтуудаа өөрөө гаргаж өгсөн боловч хэргийн оролцогчийн өгсөн тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай талаас нь үнэлж дүгнэлгүй, хэт нэг талын эрх ашиг буюу хариуцагч С.З-ын эрх ашгийг хамгаалан, түүнд ашигтай байдлаар дүгнэлт гаргаж шийдвэрлэсэн байна. Мөн хэргийн материалд авагдсан А.Б-ын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн компанид хандсан хүсэлт, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны Б ХХК-аас хариу болгон хүргүүлсэн албан бичиг зэргээр нэхэмжлэгч нь хуульд нэхэмжлэл гаргасан гэдэг нь нотлогдож байгаа. Өөрөөр хэлбэл өөрийн эзэмшлийнх нь 50 хувийн хувьцаа Ч.Э ын нэр дээр байгаа гэдэгт итгэж байтал 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн албан бичгийг хүлээж аваад С.З руу хувьцаа шилжсэн, Ч.Э нь хоорондын хүлээсэн үүргээ зөрчсөн гэдгийг олж мэдсэн. Гэвч анхан шатны шүүх нотлох баримтын шаардлага хангасан эдгээр баримтууд буюу уг хэргийг хянан шийдвэрлэхэд нотолгооны чухал ач холбогдолтой баримтуудыг тухайн хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Тодруулбал хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтад тулгуурлаагүй, зөвхөн өөрийн үзэл бодлыг үндэслэл болгон дүгнэлт хийж шийдвэр гарган хууль бусаар нэхэмжлэгчийн гаргасан шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Ч.Э, С.З нарт холбогдуулан 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулж, тус бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн Б ХХК-ийн 50 ширхэг буюу 50 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах, хариуцагч Ч.Э, С.Знарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Б ХХК-ийн 50 ширхэг буюу 50 хувийн хувьцааг А.Б-д шилжүүлэхийг С.З, Ч.Э нарт даалгахаар шаардсаныг хариуцагч С.Зэс зөвшөөрч маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэж зохицуулсан байна.

 

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа болон маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Өөрөөр хэлбэл, хэргийн 5-12 дугаар тал дах 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээ, гэрээ болон талуудын тайлбарыг харьцуулан үзвэл шүүх хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй буюу зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлохгүйгээр талуудын хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасан бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Иймд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх тул шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй болно.

 

Иймд хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2021/00752 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 280 800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ