Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/00402

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/00402

 

 

 

 

А.Б-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2021/03705 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч А.Б-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ч.Э-, С.З- нарт холбогдох,

А.Б-, Ч.Э- нарын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох,

Ч.Э-, С.З- нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох,

БТТ ХХК-ийн 50 хувийн хувьцааг Ч.Э-, С.З- нарт А.Б-од буцаан шилжүүлж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагч С.З-, түүний өмгөөлөгч Э.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: А.Б-, Ч.Э- нарын хоорондын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох,

Ч.Э-, С.З- нарын хоорондын 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох,

БТТ ХХК-ийн 50 хувийн хувьцааг А.Б-од буцаан шилжүүлж өгөхийг даалгах.

1.2  Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:

А.Б- нь 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Ч.Э-той бэлэглэлийн, гэрээ байгуулан БТТ ХХК-ийн өөрийн эзэмшлийн нэг бүр нь 100 төгрөгийн үнийн дүн бүхий 50 ширхэг буюу 50 хувийн хувьцааг түүнд бэлэглэсэн. Ч.Э-од бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн хувьцааг бусад этгээдэд худалдахгүй, арилжихгүй байх, компанийн үйл ажиллагааг жигдрүүлэх, компанийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, хэвийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байх зэрэг үүргийг хүлээлгэж, энэ талаар түүнтэй гэрээ байгуулсны үндсэн дээр өөрийн эзэмшлийн хувьцаагаа үнэ төлбөргүйгээр шилжүүлсэн. Гэтэл Ч.Э- нь бэлэглэлийн гэрээ байгуулах болсон гол зорилго буюу түүнд хүлээлгэсэн үүргийг зөрчиж, түүнд итгэсэн итгэлийг буруугаар ашиглан, компанийн үйл ажиллагааг умартан хувийнхаа эрх ашгийг тэргүүнд тавьсан үйлдлүүдийг гаргах болсон. Өвөрмонгол найзуудтайгаа хамтарч компанийг гадаадын хөрөнгө оруулалттай болгох бөгөөд түүнээс ногдол ашиг өгнө гэсэн боловч хэлсэндээ хүрээгүй. Мөн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, ашигтай ажиллаж байсан компанийг алдагдалтай болгоод зогсохгүй компанийг их хэмжээний өрөнд оруулсан. Ч.Э- гэрээгээ зөрчин 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 50 хувийн хувьцаагаа эхнэр С.З-од худалдсанаас үүдэн компанид их хэмжээний санхүүгийн хохирлыг бий болгосон. С.З- нь БТТ ХХК-ийн Хаан банкны 5085218774 тоот данснаас 2019 оны 11 дугаар сарын 25-ны өдөр 16 000 000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Баян тэс транс" ХХК-ийн 5085218785 дугаартай данснаас 228,000 мянган юанийг хувьдаа авч ашиглаад зогсохгүй хувьцаа шилжүүлэн авснаас хойш хугацаанд татварын 200,000,000 төгрөгийн өртэй болгосон. Мөн СО ХХК-д 265,433,770 төгрөгийн, ЭМ ХХК-д 117,711,527 төгрөгийн өр төлбөрийг тус тус бий болгож, компанийг дампуурах хэмжээнд буюу хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөлд хүргээд байна. Компанийг хохироосон тус хууль бус үйлдлүүдийн үр дүнд бий болсон ашгийг Ч.Э- нь өөрийн эхнэрийн хамт хувьдаа завшиж, өөрт ашигтай байдлыг санаатайгаар бий болгосон.

А.Б- нь Ч.Э-той хамтарч 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр БТТ ХХК-ийг байгуулсан. БНХАУ-ын иргэн, хуулийн этгээдтэй харилцаж чадах, тэднийг сайн ойлгож чадах бизнесийн хамтрагч олж БТТ ХХК-ийн үйл ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай болсон. Бид хөрөнгө оруулагч хайсан боловч ....танай хуулийн этгээдийн удирдлага их солигддог юм байна. Хоёр хувьцаа эзэмшигчтэй юм байна шүү дээ...нэг хүн нь эрх мэдлээ аваад харилцана гэвэл хөрөнгө оруулалт оруулна... гэсэн. Ингээд өөрийн хувьцааг Ч.Э-од шилжүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдалд орсон юм. Ч.Э-той тохиролцсон миний тохиролцоо бол БТТ ХХК-ийн ашигт үйл ажиллагааг нэмэгдүүлэх, гуравдагч этгээд хөрөнгө оруулалт авч, үйл ажиллагаа өргөжсөний дараагаар хувьцааг буцаан авах байсан. Бэлэглэлийн гэрээ болон эрх шилжүүлэх хийх болсон шалтгаан нь компанийг хувьцааг гагцхүү шилжүүлсэн бүртгэлийг улсын бүртгэлд хийлгэхийн тулд хийсэн юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм. Мөн Ч.Э-, С.З- нарын байгуулсан гэрээ тул хүчин төгөлдөр бус гэжээ.

 

2. Хариуцагч Ч.Э-ын тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нь 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр БТТ ХХК-ийн 50 ширхэг буюу 50 хувийн хувьцааг иргэн Ч.Э- надад шилжүүлж гол үндэслэлийг тодорхой тохиролцсон. А.Б-оос хувьцаа бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авч байгаагийн хувьд БТТ ХХК-ийн үйл ажиллагааг жигдрүүлэх, компанийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, хэвийн үйл ажиллагааг тасалдуулахгүй авч явах, хувьцааг гуравдагч этгээдэд худалдахгүй байх, шилжүүлэхгүй байх үүргийг хүлээсэн. Батболдын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрнө. Хөрөнгө оруулалт авахын тулд дүр үзүүлсэн хэлцэл байгуулсан.

Ч.Э- би С.З-той гэр бүлийн харилцаатай байсан. А.Б-оос авсан БТТ ХХК-ийн 50 хувийн хувьцааг С.З-оос авах нь зүйтэй гэжээ.

 

3. Хариуцагч С.З-ын тайлбарын агуулга:

Ч.Э-оос 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээгээр БТТ ХХК-ийн 50 хувийн хувьцааг худалдаж авч, хууль ёсны дагуу эзэмшиж байгаа. А.Б-оос тус компанийн 50 хувийн хувьцааг аливаа байдлаар шилжүүлэн аваагүй. С.З- нь 50 хувийн хувьцааг шилжүүлэн авсан цагаас хойш тус компанид ажиллаж байгаа, энэ хугацаанд А.Б-оос нэхэмжлэлийн үндэслэлд дурьдсан шаардлагыг тавьж байсан зүйл огт байхгүй. Ч.Э- нь тус компанийн 50 хувийн хувьцааг эзэмшиж байгаа бөгөөд А.Б-ын нэхэмжлэлийг зөвшөөрч байгаа бол түүний 50 хувиас шийдвэрлэх боломжтой. Ч.Э- нь С.З-од худалдсан хувьцаагаа буцаан авахаар А.Б-той үгсэн хувилдаж байна. Ч.Э-, С.З- нарын хооронд байгуулагдсан 2019 оны 01 дүгээр сарын 10- ны өдрийн хэлцэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр хэлцэл юм.

 

4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.8, 56.1.10, 56.5-т заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул хариуцагч С.З-, Ч.Э- нарт холбогдох,

2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А.Б-, Ч.Э- нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн болон эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох,

2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Ч.Э-, С.З- нарын хооронд байгуулагдсан хувьцаа худалдах, худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох,

БТТ ХХК-ийн 50 хувийн хувьцааг А.Б-од буцаан шилжүүлж өгөхийг Ч.Э-, С.З- нарт даалгах тухай нэхэмжлэгч А.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдал, нотлох баримт, тэр дундаа хэргийн оролцогчийн тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөхгүйгээр хийсвэрээр хэргийг шийдвэрлэсэн.

А.Б-, Ч.Э- нь нарын хамтран байгуулсан гэх БТТ ХХК-д гадаадын хөрөнгө оруулалтыг авах, хөрөнгө оруулагч нартай харилцах шаардлагатай байсан тул хуулийн этгээдийн хувьцааг нэг эзэмшигчтэй гэх, нэг удирдлагатай гэх бүртгэл үүсгэх шаардлагатай болсон байдаг. Энэ хүрээнд А.Б-, Ч.Э- нар нь 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гэрээ гэх баримтыг үйлдэж талуудын үндсэн тохиролцоог баталгаажуулсан. Бэлэглэл нь бэлэглэгчээс хөрөнгийг бэлэг хүлээн авагчийн өмчлөлд хариу төлбөргүйгээр өгнө. А.Б-, Ч.Э- нарын байгуулсан гэрээ гэх баримтаас харвал Ч.Э-ын нэр дээр БТТ ХХК-ийн хувьцааг шилжүүлсэн бүртгэлийг үүсгэхийн тулд хийсэн талаар бичигдсэн. Ч.Э- нь А.Б-оос шилжүүлэн авсан гэх хувьцааг бусдад худалдан борлуулах, арилжих, бэлэглэх эрхгүй байх талаар зааж, хувьцааг буцаан өгөх талаар талууд тохиролцсон. Энэ талаарх Ч.Э-ын тайлбарыг анхаараагүй.

5.2. Хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд:

Бэлэглэлийн гэрээ, худалдах худалдан авах гэрээ, арилжааны гэрээ зэрэг нь иргэний хуульд зааснаас харвал хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байна.

Талууд хувьцааны өмчлөлийг шилжүүлэх зорилгогүйгээр бүртгэл хийлгэх зорилгоор гэрээг хийсэн. Ч.Э- нь А.Б-ын хувьцааг цувчуулах зорилгоор эхнэр С.З-ын нэр дээр шилжүүлсэн. Энэ нь А.Б-ын зөвшөөрөлгүй Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д 56.1.10-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч Ч.Э- тайлбар гаргаагүй.

7. Давж заалдах гомдолд хариуцагч С.З- гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

1.1. Нэхэмжлэгч А.Б-, Ч.Э- нарын хоорондын 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох

1.2. Ч.Э-, С.З- нарын хоорондын 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох.

1.3. БТТ ХХК-ийн 50 хувийн хувьцааг А.Б-од буцаан шилжүүлж өгөхийг хариуцагч нарт даалгахаар шаардсаныг хариуцагч Ч.Э- хүлээн зөвшөөрч, С.З- эс зөвшөөрч маргажээ./1хх1-2/

 

2. Маргаанд хамааралтай дараахь үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон.

2.а. БТТ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс тус компанийн 50 хувийн хувьцааг А.Б-, 50 хувийн хувьцааг Ч.Э-, 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 100 хувийн хувьцааг Ч.Э- эзэмшиж байсан болон 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 50 хувийн хувьцааг Ч.Э-, 50 хувийн хувьцааг С.З- нар тус тус эзэмших болсон нь тогтоогдсон.

/1хх 48-49/

2.б. 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр А.Б-ыг хувьцаа эзэмшигчээс чөлөөлж, А.Б-ын тус компанийн 50 хувь буюу 5,000 төгрөгийн хувьцааг Ч.Э-од шилжүүлэх агуулгатай бэлэглэлийн гэрээ хэрэгт авагдсан./1хх119-123/

 

Зохигч Ч.Э-, А.Б- нарын хооронд хийгдсэн бичгийн гэрээ авагдсан байна. Уг гэрээнд Ч.Э- нь хувьцааг шилжүүлэн авсны дараа компанийн үйл ажиллагааг жигдрүүлэх, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, хэвийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байх, шилжүүлэн авсан хувьцааг гуравдагч этгээдэд худалдахгүй, арилжихгүй, бэлэглэхгүй байх үүрэг, худалдагч А.Б- гэрээгээр тохирсон хувьцааг худалдан авагч Ч.Э-ын эзэмшилд компанийн эрх шилжүүлэх гэрээ болон бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлэн өгөх үүрэг хүлээсэн байна. Уг гэрээ нь компанийн эрх шилжүүлэх гэрээ, бэлэглэлийн гэрээ нь энэхүү гэрээний салшгүй хэсэг байхаар заажээ. А.Б-, Ч.Э- нарын хоорондын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээг дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болох тухайд, түүний үр дагаврыг арилгах буюу БТТ ХХК-ийн 50 хувийн хувьцааг А.Б-од буцаан шилжүүлэх үндэслэлийн талаар хэлцэл хийсэн тал болох хариуцагч Ч.Э- маргаангүй байна.

 

2.в. Ч.Э-, С.З- нарын хоорондын 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээгээр тус компанийн 50 хувийн хувьцааг С.З-од шилжүүлэхээр тохиролцжээ. /1хх11-12/ Уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулагдсан хүчин төгөлдөр бус хэлцэл гэх нэхэмжлэлийг хариуцагч С.З- эс зөвшөөрч маргаж байна.

 

3. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаантай, маргаангүй харилцааг зөв тодорхойлж чадаагүй, нотлох баримтыг зөв үнэлээгүй байна. Энэ талаар нэхэмжлэгч талын гаргасан шүүх хэргийн бодит нөхцөл байдал, нотлох баримт, тэр дундаа хэргийн оролцогчийн тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөхгүйгээр хийсвэрээр хэргийг шийдвэрлэсэн гэх /5.1/ гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

3.а. Хэрэгт авагдсан А.Б-, Ч.Э- нарын 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн БТТ ХХК-ийн 50 хувийн хувьцааг бэлэглэх нэртэй гэрээ, түүнийг дагалдуулан байгуулсан хавсралт гэрээний агуулгыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлд зааснаар үгийн шууд утгаар тайлбарлан, зохигчдын тайлбартай харьцуулан үнэлэхэд уг гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэх нөхцөл тогтоогдсон.

 

Иргэний хуулийн 276 дугаар зүйлд заасан бэлэглэлийн гэрээгээр эд хөрөнгийг хариу төлбөргүй шилжүүлэх үүрэг үүсдэг. Гэтэл талууд шилжүүлэн авсан хувьцааг гуравдагч этгээдэд худалдахгүй, арилжихгүй, бэлэглэхгүй байхаар хязгаарласан нөхцөл тохиролцсон нь бэлэглэлийн буюу өмчлөлд шилжүүлэх шинжийг агуулаагүй, дүр үзүүлсэн, эрх зүйн үр дагавар буюу бэлэглэх үр дагаврыг үүсгээгүй хэлцэл тул хүчин төгөлдөр бус юм.

 

Дүр үзүүлж хийсэн хэлцэлд талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзэлгүй бодит үр дагавар үүсгэхэд чиглээгүй. Иймд уг хэлцэл хийсэн үеэс хүчин төгөлдөр бус байна.

 

3.б. Түүнчлэн, Ч.Э- 50 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг зөвшөөрсөн тайлбар гаргасан тул нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг хангах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцнэ. Иймд нотлох баримт буюу хэргийн оролцогчийн тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөгүй гэх давж заалдах гомдлыг хангав.

 

4. Харин давж заалдах гомдлын хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Ч.Э-, С.З- нарын хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзээгүй гэх гомдол үндэслэлгүй. Учир нь Ч.Э-, С.З- нарын хийсэн хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэлд хамаарахгүй юм. С.З- нь Ч.Э-оос хувьцаа шилжүүлэн авах үед улсын бүртгэлд бүртгэгдсэн компанийн баримт бичгээр хувьцаа эзэмших эрхтэй байсан.

 

Ч.Э-ын нэр дээр бүртгэлтэй хувьцааг худалдаж авсан С.З- Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар уг хувьцааг захиран зарцуулах эрх бүхий этгээд гэж Ч.Э-ыг үзэх боломжтой байсан. Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсоор хувьцааг олж авсан С.З-оос 50 хувийг шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй юм. Иймд С.З-од холбогдох нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлээс А.Б-, Ч.Э- нарын 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн БТТ ХХК-ийн 50 хувийн хувьцааг бэлэглэх нэртэй гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, БТТ ХХК-ийн 50 хувийн хувьцааг А.Б-од буцаан шилжүүлэхийг хариуцагч Ч.Э-од даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох Ч.Э-, С.З- нарын хоорондын 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, хариуцагч С.З-оос 50 хувийн хувьцааг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон агуулгаар шүүхийн шийдвэрт агуулга, найруулгын өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2021/03705 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А.Б-, Ч.Э- нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн болон эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, БТТ ХХК-ийн 50 хувийн хувьцааг А.Б-од буцаан шилжүүлэхийг хариуцагч Ч.Э-од даалгаж,

нэхэмжлэлээс үлдэх хэсэг болох 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Ч.Э-, С.З- нарын хооронд байгуулагдсан хувьцаа худалдах, худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, хариуцагч С.З-оос 50 хувийн хувьцааг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...үлдээсүгэй. гэснийг ...үлдээж, хариуцагч Ч.Э-оос 140,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Б-од олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Ш.ОЮУНХАНД