Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 183

 

Г.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат, хохирогчийн өмгөөлөгч С.Одгариг, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 315 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 14 дүгээр магадлалтай, Г.Э-д холбогдох 201709000325 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбатын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Г-гийн Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшиж, их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Э-г албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-гаас 403,148,256 төгрөг гаргуулж хохирогч “А” ХХК-д олгохоор, Ч.Л-гийн эзэмшлийн 111,352,814 төгрөгийн үлдэгдэлтэй Худалдаа хөгжлийн банкны 403104172 тоот данс, 40,629,544 төгрөгийн үлдэгдэлтэй ХААН банкны 5055691327 тоот дансуудыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх, Ч.Л-д эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан мөрдөн байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилсэн Ч.Л-гийн Худалдаа хөгжлийн банкны 403104172 тоот дансанд байгаа 111,352,614 төгрөгийн хадгаламжийн үлдэгдэл, ХААН банкны 5055691327 тоот хадгаламжийн дансанд байгаа 40,639,544 төгрөгийн үлдэгдлүүдээс албадан гаргуулж хохирогч “А” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбарт хохиролд тооцон олгож, Ч.Л-гийн эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан мөрдөн байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шүүгдэгч Г.Э-д гэрч Ч.Л- 160,000,000 төгрөгийг өөрийн хадгаламжаа барьцаалан ХААН болон Худалдаа хөгжлийн банкнаас зээл авч өгсөн ба Г.Э- уг мөнгийг хэрхэн зарцуулсан, буцааж яаж олж өгч байгаа, түүний гэмт хэрэг үйлдсэн эсэх талаар гэрч Ч.Л- огт мэдээгүй, мэдэх боломжгүй, зээл өгч зээлээ буцаан авсан гэсэн нөхцөл байдал харагддаг. Энэ утгаараа Ч.Л- “гэрч” гэсэн нэр томьёогоор оролцогч болсон ба гэрчээс мөнгө гаргуулах үндэслэлгүй юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг гэмт хэрэг үйлдсэн хүн, этгээдэд хэрэглэхээр зохицуулсан байна. Мөн зүйлийн 5 дахь хэсэгт заахдаа гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж буюу дээрх мөнгийг гэмт хэрэг үйлдсэн хүн, этгээдээс гаргуулахаар зохицуулсан. Гэтэл Эрүүгийн хуулийн дээрх заалтуудыг давж заалдах шатны шүүх буруу хэрэглэж, нотлох баримтад үндэслээгүй өрөөсгөл дүгнэлт хийж, шүүгдэгч, гэрч нарын хооронд хуулийн дагуу хийгдсэн хэлцлийг үл хайхран гэрчээс хохирлын мөнгө албадан гаргуулахаар шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх гэрч Ч.Л-г гэмт хэрэгт хамтран оролцсон, гэмт хэрэг үйлдсэнийг мэдсээр байж мөнгийг авсан гэж дүгнээд албадан хураах заалт оруулсан болов уу гэж өмгөөлөгчийн зүгээс ойлгох гэхээр шүүгдэгчээс өөр сэжигтэн, яллагдагчаар тооцсон хувь хүн, этгээд байхгүй, шүүгдэгч, гэрч нарын хооронд хууль ёсны дагуу хэлцэл хийгдсэн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа юм. Гэрч Ч.Л-гийн мөнгө А компанийн дансанд орсон, гарсан нь Ч.Л-гийн зээлдүүлсэн мөнгө, гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө гэж төрлийн хувьд ялгах боломжгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч С.Одгариг хэлсэн саналдаа “...Шүүгдэгч Г.Э- нь Ч.Л-д шилжүүлсэн мөнгийг “А” ХХК-ийн борлуулалтын орлогоос авсан гэж мэдүүлсэн бөгөөд энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүгдэгч Г.Э- нь Ч.Л-гээс мөнгө зээлж авсан бол өөрийнхөө мөнгөөр буцааж төлөх ёстой. Гэтэл компанийнхаа борлуулалтын орлогоос авчихаад түүнийг өөрийн шударгаар олсон мөнгө гэж үзээд байгаа нь үндэслэлгүй юм. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ тухайн шүүгдэгчид хамаатай гэмт хэргийн замаар олсон хөрөнгийг шийдэх ёстой. Гэтэл гэрч Ч.Л- хадгаламжаа барьцаалан зээл авч өгөөд эргүүлээд шүүгдэгч Г.Э-гийн төлсөн мөнгийг гэмт хэрэгт хамааралтай гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Э- нь “А” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбарт борлуулагчаар ажиллаж байхдаа 2016 оны 08 дугаар сараас 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд борлуулалтын орлогоос 403,148,256 төгрөгийг завшсан гэмт хэргийн үйл баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Г.Э-гийн дээрх үйлдэл нь тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн “Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд уг зүйлийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болох “онц их хэмжээний хохирол учирсан” шинжээр мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан байжээ.

Харин шүүх хэргийг хянан шийдвэрлэх үед урьд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулиас хөнгөн ялтай шинэ хууль мөрдөгдөж эхэлсэн бөгөөд ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх зарчим Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 15 дугаар зүйлийн 1, үндэсний хууль тогтоомж болох 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд тусгагдсан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх зарчим, хэм хэмжээг баримтлан шүүгдэгч Г.Э-гийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т зааснаар зүйлчилж, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Г.Э-гийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан оногдуулсан ялыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Харин давж заалдах шатны шүүх энэ хэрэгт иргэний хариуцагчаар татагдаагүй, улмаар энэ хэргийн ажиллагаанд иргэний хариуцагчийн эрх, үүрэг эдэлж оролцоогүй, зөвхөн гэрчээр байцаалт өгсөн Ч.Л-гийн өмчлөх эрхэд халдаж, түүний эзэмшлийн данснаас Г.Э-гийн үйлдсэн гэмт хэргийн хохирлын зарим хэсгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийг зөрчсөн байх тул энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан хэсгийг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 315 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, түүнд өөрчлөлт оруулсан Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 14 дүгээр магадлалын заалтыг хүчингүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                        С.БАТДЭЛГЭР

                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН