Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2024/00080

 

 

“Х ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

        

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар       

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2023/04096 дугаар шийдвэр,            

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 210/МА2024/00245 дугаар магадлалтай    

“Х ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“У ” ХХК-д холбогдох

76,018,235 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,

4,502,477 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг            

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г , хариуцагчийн өмгөөлөгч Э , нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Х ” ХХК нь хариуцагч “У ” ХХК-д холбогдуулан 76,018,235 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 4,502,477 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2023/04096 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэг, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “У ” ХХК-аас 46,523,734 төгрөг гаргуулж, ”Х ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 29,494,501 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан ”Х ” ХХК-аас 4,035,036 төгрөг гаргуулж, ”У ” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 467,441 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ”Х ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 531,492 төгрөг, хариуцагч ”У ” ХХК-аас төлсөн 86,989 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ”У ” ХХК-аас 390,568 төгрөг гаргуулж, ”Х ” ХХК-д, ”Х ” ХХК-аас 79,510 төгрөг гаргуулж, ”У ” ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 210/МА2024/00245 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2023/04096 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 476 дугаар зүйлийн 476.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч “У” ХХК-аас 11,123,734 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 64,894,501 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж, 3 дахь заалтын “...390,568” гэснийг “157,180” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г ын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.01.31-ний өдрийн 210/МА2024/00245 тоот магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсгийг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна. Магадлалын хянавал хэсэгт “Талууд хамтран ажиллах гэрээг дуусгавар болгож байгаа нөхцөлд нэхэмжлэгч нь өөрийн хийсэн авто зогсоолын тохижилт болох харуул хамгаалалтын байр, машины дугаар таних болон төлбөр тооцоо авах систем, орох гарах хаалт, камер зэрэг эд хөрөнгөө хариуцагчаас шаардах эрхтэй. Эдгээр хөрөнгө нь хариуцагчийн эзэмшлийн бүрдэл хэсэг болсон гэж дүгнэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нь авто зогсоолын тохижилттой холбоотой гаргасан зардлыг хариуцагчаас шаардсан нь Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, харуул хамгаалалтын байрны зардал 28,000,000 төгрөг, камер суурилуулсан зардал 7,400,000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэжээ. “У ” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө болох 94 м.кв үйлчилгээний талбайг Тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, шилжилт хөдөлгөөн хийх зориулалтаар ажлын байр түрээслүүлж, түрээслэхээр харилцан тохиролцож “Х ” ХХК-ийн зүгээс 2019.04.25-ны өдөр 19/03 “Ажлын байрны түрээсийн гэрээ” байгуулсан. Тус гэрээний 4.5-д “гадна авто зогсоолтой холбоотой гарсан санхүүжилт, гадна авто зогсоолын төлбөртэй үйлчилгээ явуулсны ашгаа харилцан тэнцүү хуваана” гэж заасны дагуу түрээслэгч “Х ” ХХК-ийн зүгээс хариуцагчаас зөвшөөрсөн талбайд тааруулан, өөрийн хөрөнгөөр, мэргэжлийн байгууллагаар зураг төслийг нь гаргуулан харуул хамгаалалтын байр болон камержуулсан болно. 2021.02.28-ны өдөр “Р ” ХХК-аар 28,000,000 төгрөгөөр “У ” авто зогсоолын гадна харуул хамгаалалтын байрыг зохиогчийн зургийн дагуу хийж гүйцэтгүүлж төлбөр тооцоог нь хийсэн. Мөн гадна харуул хамгаалалтын байрны талбайн хэмжээ, зориулалтад тааруулан Н.Өсөхбаяр гэх хувь хүнээс 2021.03.21-ний өдөр 7,400,000 төгрөгөөр зогсоолын камер, камерын нэмэлт хэрэгсэл авч, төлбөр тооцоог нь хийсэн. Харин “Р ” ХХК-аар хийлгэсэн гадна хамгаалалтын байр болон камер, камерын нэмэлт хэрэгслүүдийг хариуцагч “У ” ХХК-ийн зүгээс өнөөдрийг хүртэл буюу 3 жил гаран хугацаанд ашигласнаас гадна өөрсдийнх нь зөвшөөрсөн талбайн хэмжээнд зориулан хэлбэр хэмжээг нь гаргаж хийсэн, суурилуулсан тул өөр газар зориулалтын дагуу ашиглах боломжгүй болно. /камер, камерын нэмэлт хэрэгслийн хувьд баталгаат хугацаа нь дууссан, мөн эвдэрч гэмтсэн байгаа болно/ Өөрөөр хэлбэл, “Х ” ХХК-ийн гадна авто зогсоолын харуулын байрыг ашиглалтад оруулахад гаргасан 28,000,000 төгрөг камер, камерын нэмэлт хэрэгслийг худалдаж авахад зарцуулсан 7,400,000 төгрөгийг хохиролд тооцон хариуцагч талаас гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Тиймээс 245 тоот магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2024.04.04-ний өдрийн хуралдааны 001/ШХТ2024/00392 тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1,172.2.2-т заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г ын хяналтын журмаар гаргасан гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч “Х ” ХХК нь хариуцагч “У ” ХХК-д холбогдуулан нийт 76,018,235 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... талууд 2019.04.25-ны өдөр 19/03 дугаар ажлын байрны түрээсийн гэрээг 5 жилийн хугацаатай байгуулж, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж байсан ч хариуцагч талаас удаа дараа гэрээ цуцлах шаардлага тавьж, хаалга цоож эвдсэн тул 2022 оны 4 сард  түрээсийн байрнаас гарсан. Гэрээний 4.5-д зааснаар харуул хамгаалалтын байр бариулсан зардал 28,000,000 төгрөг, гадна авто зогсоолын камер 7,400,000 төгрөг,  нэмэлт материалын зардал  2,500,960 төгрөг,  2021 оны 4 сараас  2022 оны 2 сар хүртэл  гадна авто зогсоолын төлбөртэй үйлчилгээнээс авах ёстой ашиг 35,461,013 төгрөг, ашиглаагүй талбайд илүү  төлсөн түрээсийн төлбөр 2,656,262 төгрөгийг хариуцагчаас гаргуулна, ... авто зогсоолд хийсэн зүйлсийг “У ” ХХК ашиглаж байгаа” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлаа “...“Х ” ХХК-ийн ашиглаж байсан талбайг “У ” ХХК  өөрийн хэрэгцээнд ашиглах шаардлагатай болсноос гэрээг цуцлах мэдэгдэл хүргүүлж байсан, ... 35,461,013 төгрөгийн тухайд цаг тухай бүрд нь тооцоог нийлж байсан, баримттай тул одоо ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй, ... хамгаалалтын байр, машины дугаар таних бүрэн систем, замын тэмдэглэгээг ямар үнээр авах тухай болон суурилуулах тухайгаа манай талд мэдэгдээгүй, зөвшөөрөл аваагүй, ... өөрийнх нь өмч тул салгаж авах эрхтэй, авахад нь саад учруулаагүй...” гэж тайлбарлаад  “...2022.05.04-ний өдөр байрыг чөлөөлсөн ба түрээсийн төлбөрийг энэ хүртэлх хугацаанд төлөх үүрэгтэй тул  4,502,477 төгрөгийг гэрээний 4 дэх хэсэгт заасны дагуу  гаргуулна” гэж  сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан.

7. Анхан шатны шүүх  үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна. 

7.1. Шүүх нэхэмжлэгч “Х ” ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 46,523,734 төгрөгийг “У ” ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэхдээ “... талуудын хооронд  байгуулагдсан түрээсийн цуцлагдсан, ...гэрээний 4.5 дахь заалтаар түрээсийн байрны гадна авто зогсоолын төлбөртэй үйлчилгээг хамтран эрхлэх, ажилчдын цалин, урсгал зардлыг хасч тооцон ашгийг тэнцүү хуваахаар тохирсон,  “У ” ХХК-ийн эзэмшлийн газар дээр “Х ” ХХК өөрийн зардлаар авто зогсоолын хаалт, камер зэргийг гүйцэтгэсэн, улмаар талууд өдөр бүрийн орлогын тооцоог хийдэг байсан ба ...авто зогсоолын төлбөр тооцоо хийсэн баримтаар “Х ” ХХК нь нийт 11,123,734 төгрөгийн авлагатай тул үүнийг авах ёстой ашигт тооцож хариуцагчаас гаргуулах,  ... нэхэмжлэгч нь “Р ” ХХК-тай байгуулсан 2021.02.28-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээгээр гадна харуул хамгаалалтын байрыг бариулж, хөлс 28,000,000 төгрөг төлөхөөр тохирсон ба ажил хүлээлцэх актаар ажлын үр дүнг хүлээлгэн өгч, төлбөр тооцоог дуусгасан, түүнчлэн гадна зогсоолын камер, суурилуулалтад 7,400,000 төгрөг төлсөн нь баримтаар тогтоогдсон тул хангах үндэслэлтэй,  харин нэмэлт материалын зардалд 2,500,960 төгрөг зарцуулсан гэсэн баримт нь хэрэгт хамааралгүй” гэж дүгнэсэн байна. Илүү төлсөн төлбөрийг шаардсан хэсэгт “...түрээслүүлэгч 94 м.кв талбайг түрээслүүлэхээр тохирсон боловч “Х ” ХХК-д 58 м.кв талбайг түрээслүүлсэн, бусад 36 м.кв талбайд Авто тээврийн үндэсний төв үйл ажиллагаа явуулсан, түрээслүүлсэн нь баримтаар тогтоогдох тул  хариуцагчийг илүү хэмжээгээр түрээсийн төлбөр авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлгүй” гэж үзжээ.

7.2.  Хариуцагч “У ” ХХК -ийн түрээсийн төлбөр 4,502,477 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлээс 4,035,036 төгрөгийг “Х ” ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэхдээ “...талууд түрээсийн төлбөр тооцооны талаар 2022.03.15-ны өдөр тооцоо нийлж баталгаажуулснаас хойш 58 хоногийн дараа байрыг чөлөөлсөн тул энэ хугацааны түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй” гэж дүгнэсэн байна.

8. Давж заалдах шатны шүүх хариуцагч талаас гаргасан гомдлоор хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа ”...талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн, харин энэ гэрээний 4.5 дахь хэсэгт талууд түрээсийн байрны гадна авто зогсоолын төлбөртэй үйлчилгээг хамтран эрхэлж, ажилчдын цалин, урсгал зардлыг хасч тооцон ашгийг тэнцүү хуваахаар тохиролцсон харилцаа нь хамтран ажиллах гэрээний шинжийг агуулсан байхад  шүүх уг эрх зүйн харилцааны төрлийг зөв тодорхойлж чадаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулж дүгнэх боломжтой, ... хариуцагчаас 11,123,734 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт нийцжээ” гэж дүгнээд “...талууд хамтран ажиллах гэрээг дуусгавар болгож байгаа нөхцөлд нэхэмжлэгч нь өөрийн хийсэн авто зогсоолын тохижилт болох ...зэрэг эд хөрөнгөө хариуцагчаас шаардах эрхтэй. Эдгээр хөрөнгө нь хариуцагчийн эзэмшлийн газрын бүрдэл хэсэг болсон гэж дүгнэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нь авто зогсоолын тохижилттой холбоотой гаргасан зардлыг хариуцагчаас шаардсан нь Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт заасантай нийцээгүй” гэсэн үндэслэлээр үндсэн нэхэмжлэлээс харуул хамгаалалтын байрны зардал 28,000,000 төгрөг, камер суурилуулсан зардал 7,400,000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. 

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г ын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг “... шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр хангах нь зүйтэй гэж үзлээ.

10. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд  “У ” ХХК нь “Х ” ХХК-тай 2019.04.25-ны өдөр 19/03 дугаар ажлын байрны түрээсийн гэрээ байгуулж, Баянгол дүүргийн III хороо, Дунд голын гудамж, “У ” ХХК-ийн байрны 94 м.кв талбай бүхий үйлчилгээний талбайг 5 жилийн хугацаатай түрээслүүлэх, түрээслэгч 1 м.кв талбайг 20,000 төгрөгөөр буюу сарын 1,880,000 төгрөгийг төлөхөөр тохирч, “У ” ХХК нь “Х ” ХХК-д гэрээ цуцлах мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн, түрээслэгч 2022.05.04-ний өдөр түрээсийн талбайг чөлөөлсөн үйл баримт тогтоогдсон.

Нэхэмжлэгч нь  түрээсийн талбайд үйл ажиллагаа явуулахаас гадна хариуцагчийн эзэмшлийн талбайн авто зогсоолын тохижилт болон үйл ажиллагаанд хамаарах тоног төхөөрөмжийг өөрийн зардлаар хийж гүйцэтгэсэн ба энэ нь гэрээний 4.5 дахь хэсэгт зааснаар “түрээсийн байрны гадна авто зогсоолын төлбөртэй үйлчилгээг хамтран эрхлэх, ажилчдын цалин, урсгал зардлыг хасч тооцон ашгийг тэнцүү хуваахаар тохирсон”-той холбоотой байна.

10. Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас авто зогсоолын төлбөртэй үйлчилгээнээс авах ёстой ашиг гэж 35,461,013 төгрөг шаардсанаас  11,123,734 төгрөгийг хариуцагчаас  гаргуулахаар  шийдвэрлэсэн нь хэргийн баримтад тулгуурласан байх бөгөөд зохигч энэ тухайд гомдол гаргаагүй.

Харин харуулын байрны 28,000,000 төгрөг болон камертай холбоотой 7,400,000 төгрөгийн шаардлагыг хоёр шатны шүүх өөр өөрөөр шийдвэрлэсэн байх бөгөөд хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.5-д заасны дагуу “гадна авто зогсоолтой холбоотой гарсан санхүүжилт, зогсоолын төлбөртэй үйлчилгээ явуулсны ашгийг харилцан тэнцүү хувааж авна” гэсэн зохицуулалтыг давж заалдах шатны шүүх хамтран ажиллах гэрээний шинжийг агуулсан байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. 

Хэргийн баримтаар талуудын хооронд үүссэн хамтран ажиллах гэрээний харилцаа дуусгавар болсон нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3-т зааснаар үлдэх хөрөнгийг талуудад хуваарилах боломжтой буюу хамтран ажиллахад оруулсан нэхэмжлэгчийн гаргасан хөрөнгө болох 28,000,000 төгрөгийн харуул хамгаалалтын байр, камертай холбоотой 7,400,000 төгрөг, нийт 35,400,000 төгрөгийг талууд харилцан тэнцүү хуваах үүрэгтэй тул 17,700,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хамтран ажиллах гэрээний агуулгад нийцнэ. Иймд хариуцагч “У ” ХХК-аас нийт  28,823,734 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Х ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 210/МА2024/00245 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2023/04096 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 476 дугаар зүйлийн 476.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч “У ” ХХК-аас 28,823,734 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Х ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 47,194,501 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн 3 дахь заалтын “...390,568 төгрөг” гэснийг “...302,069 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 334,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Х.ЭРДЭНЭСУВД  

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                        ШҮҮГЧИД                                                     Н.БАТЗОРИГ

                       Н.БАТЧИМЭГ

                                                                                              Д.ЦОЛМОН